Хайх зүйлээ бичнэ үү

12 мин

Өрнө дорно: Вьетнам орноор аялсан тэмдэглэл

Вьетнам орноор аялахаас өмнө таны мэдэх ёстой бүх зүйл энд бий.


Миний судалснаар Монголоос Вьетнам хүрэх үндсэн хоёр боломж бий. Эхнийх нь Бээжин, Хонконг зэрэг агаарын тээвэр хөгжсөн хотуудын аль нэгээр дамжин Сайгон, эсвэл Ханой руу нисэх. Харин хоёр дахь боломж хямд, сонирхолтой ч цаг хугацаа шаардахын дээр Хятадаас галт тэрэгний тасалбар худалдан авах гэсэн амаргүй шалгууртай нүүр тулна. Эхлээд Бээжинд галт тэргээр хүрч, тэндээсээ Вьетнам руу шууд нисэх нь зардал хийгээд ая тухын хувьд XIII хороололд байрлах Вьетнамын элчинд 45 мянган төгрөг төлөөд 15 хоногийн хугацаатай нэг удаа нэвтрэх визийг өдөрт нь авах боломжтой. Харин арай урт хугацаатай болон нэгээс дээш удаа нэвтэрэх виз хүсвэл үнэ өсч, виз дарагдах хугацаа сунана.

Вьетнам улс нь газар нутгийн хувьд хойноосоо урагшаа 1600 км урт сунан тогтсон өвөрмөц хэлбэртэй, хойд захад нь нийслэл Ханой, өмнөдөд нь хамгийн том хот Сайгон нь орших тул эхлээд аль нэгд нь хүрээд нөгөө рүү нь автобус, эсвэл галт тэргээр аялан, зам дагуух хотуудыг үзэж сонирхох нь Вьетнамд очсон жуулчдын сонгодог маршрут. 

Хэдийгээр газар нутгийн хэмжээ харьцангуй жижигтэй ч Вьетнам бодсоноос “том” улс. Жишээ нь өвөлдөө Ханойд 15 градусын дулаантай, зуны хүйтэн өдөр шиг байхад өмнөдөд нь температурын зүү нэмэх 30-ийг заана. Хойд ба төв хэсэг нь уулархаг бол, далайн эрэг ба өмнөд нутаг нь нам дор газраас тогтоно. Газарзүйн тогтоц хүмүүсийн аж амьдрал нь ч хойноосоо урагшаа, урдаасаа хойшоо аажмаар өөрчлөгдөнө. 

Хэдийгээр нэг намын тогтолцоотой боловч Вьетнам улс 1990-ээд оноос эдийн засаг, улс төрийн реформуудыг хэрэгжүүлснээр хамгийн хурдацтай өсч буй эдийн засгуудын нэг болж, олон улсад үүд хаалгаа нээснээр аялал жуулчлал эрчимтэй хөгжиж буй бөгөөд жилд найман сая жуулчин хүлээн авдгаараа бүс нутагтаа Тайландын дараа хоёрт орно.

Вьетнам мөнгөн тэмдэгт нь дон. Нэг доллар 21.300 донтой тэнцэнэ. Зуун доллар солиулаад л саятан болно гэсэн үг. Ихэнх үйлчилгээний газрууд нь доллараар үйлчилэх тул донгүй болчихвол эксчэнж хайж хөлөө өвдтөл алхах шаардлагагүй. Авах юмны үнээ төгрөгөөр авахыг хүсвэл ард талын тэгийг хасаад л бодоход болно. Ная гаруй сая хүн амтай, хөгжиж буй улс болохоор амжиргааны өртөг хямд. Таван долларт өглөөний цайтай буурчийн газар ядах юмгүй олно. Магадгүй үүнээс ч хямдыг. Гудамжны хоол нь 1500 төгрөгрөгөөс эхлэх бөгөөд дунджаар дөрвөөс таван мянга. Сүши гэх мэт арай чамин хоолыг бол арван мянгад багтаана. Тамхи нь нэг доллар орчим бол 1500 төгрөгөөр шил шар айраг аваад уучихна. Харин аятайхан тохижилттой уушин газруудад бол 3000 төгрөг. Мэдээж хэрэг манайх шиг үнэ нь хязгааргүй руу тэмүүлсэн тансаг газрууд ч бий. Таны л сонголт. 

Хичнээн хямдхан санагдсан ч, юу ч худалсаж авсан хямдруулахыг хичээ. Таван минут хүлээхэд л үнэ нь гурав дахин буурах вий. Хэрвээ буурахгүй бол дараагийнх руу нь алх. Барууны хөтөч цахим хуудсуудад Виетнамыг нэг ам метр дэх луйвраараа дэлхийд тэргүүлнэ гэж тодорхойлсон байна билээ. Жуулчлал хөгжсөн газруудад ажиллаж амьдарч байгаа вьетнамчуудын ихэнх нь англиар ярьж чадна. Үгүйдээ тоогоо мэднэ. Дэлхийд хамгийн алдаршсан вьетнам хүнс болох фо шөлийг бид сайн мэднэ. Вьетнам хоол цагаан будааны гурил, цагаан будаа олон төрлийн байцаа болон элдэв янзын навчнууд (тэр дундаа гааны навч) ба махнаас тогтоно. Хоол хийхдээ амтлагч халуун ногоо бараг л хэрэглэхгүй бөгөөд бэлэн болсон хоолоо үйлчлүүлэгч цитрус, соёо болон чили соусаар амтлах нь их. Мөн шарж хуурсан хоол цөөхөн. Японы дараа орох эрүүл хоолтой гэдэг нь ч нэг их зөрүүгүй үг байх. Гэхдээ мэдээж тэр хэрээрээ сул, муулбал үлбэгэрдүү амттай санагдсан. Харин урагшлах тусам халуун ногооны хэрэглээ нэмэгдэнэ. Надад өмнөдийн хоол илүү таалагдсан.

Мэдээж хэрэг, бүс нутгийнхаа заншлаар энэ мэтээс гадна нохой, матар, мэлхий, могойн махнуудтай хоол ч таарна. Харин шавьж хүнсэндээ хэрэглэлэдэггүйгээрээ Камбож, Тайландаас ялгарах байх. 
Францын колони байх үедээ вьетнамчууд кофений соёл болон багетийг өвлөн авчээ. Вьетнам кофе хатуу экспрессо дээр молоко нэмснээр бүтнэ. Харин халуун үед бол түүн рүүгээ нэг том мөс чулуудаад мөстэй кофе. Сонирхолтой нь Хятадтай харьцуулахад цайны соёл тийм ч өргөн дэлгэр биш. Мөстэй жасмин цай л элбэг. Цайг халуун бүлээнээр ууж заншсан бидэнд тэр нь тийм ч таатай биш. 

Вьетнамд хамгийн өргөн хэрэглэгддэг тээврийн хэрэгсэл бол мотоцикль. Тэр дундаа бидний нэрлэж заншсанаар мопед. Монгол хүн морины нуруун дээр төрж, өсөөд, өөд болдог бол вьетнам хүн мопедний суудал дээрээ төрж, өсөн, насыг бардаг болов уу гэлтэй. Сайгон мэтийн том хотуудын уулзвар дээр овоорох мопедтой олон хүмүүс эгээ л барианаасаа гарахааар дүүхэлзэх наадмын морьдыг санагдуулна. Морь монголчуудын хувьд зөвхөн тээврийн хэрэгсэл биш, амьдралын салшгүй нэгэн хэсэг бол энд мотоцикль ч тийм үүрэгтэй. Жишээ нь мотоциклийнхээ ард жижиг чиргүүл зүүгээд л хөдөлгөөнт гуанз, цайны газар, кофе шоп ажиллуулж орхино. Маш энгийн жижиг, дунд бизнес. Албан ёсны такси бий ч нийтийн тээврийн ачааны багагүйг моточикльчид л гүйцэтгэнэ. Хэрвээ ийм төрлийн тээврийн хэрэгсэл сонгохоор бол суухаасаа өмнө үнээ тохирхийг сануулъя. Тохирсон ч гэсэн буулгах үедээ илүүг авах гэх вий. Инээгээд, анх тохирсон үнээрээ төлбөрөө төлөөрэй. Тоолж барамгүй их мотоцикольтонгууд замын цагдаа ба гэрлэн дохионы дутагдалтай хослоод замын хөдөлгөөн нь анх ирсэн хүнд там мэт санагдана. Гэхдээ осол аваартай нэг их таараад байхгүй. Хамтдаа амьдраад сурчихсан улс болохоор тэр биз. Гэрлэн дохиогүй уулзварааар гарах тохиолдолд хөдөлгөөн хэзээ ч татрахгүй тул зориглоод л алхах хэрэгтэй.

Зүүн өмнөд азийн бусад улсуудын адил вьетнамчуудын амьдрал гудамжиндаа өнгөрнө. Гэрийнхээ үүдэнд сандал тавиад ресторан паб, лангуу тавиад дэлгүүр, багаж хэрэгсэл тавиад засварын газар нээчихнэ. Эсвэл зүгээр л өглөөдөө мотоцикольдоо толь, сандал ачиж гараад л харагдсан газраа толио өлгөөд үсчин. Сонирхолтой нь үсчингүүд нь чих ухах үйлчилгээ ч үзүүлнэ. Бүр тусгай багаж, гэрэлтэй. Нэгэнт ийм тул вьетнам хүний идэвхитэй амьдралд бүхэлдээ гудманд өнгөрнө. Үүл дарга Сингапурын хотын даргын гэрийг харчихаад “Та ийм умгар юманд амьдардаг юм уу?” дуу алдсан, нөгөөх нь “Өө яах вэ, зөвхөн унтахад хэрэг болдог юм” гэж хариулсан юм гэдэг. Нээрээ л эндхийнхний гэр унтахад л хэрэг боллох аж. Ингэж гудаманд хамтдаа амьдраад сурсан улс хамтарч байхаас ч яах билээ дээ.

Хэрвээ та Вьетнам орноор хойноос урагш аялахаар шийдсэн бол аялла нийслэл Ханойгоос эхлэх болно. Харин Ханой дахь аяллаа  “Old Quarter” буюу хуучин дүүргээс нь эхлэх нь зүйтэй. Энэ бол Ханойн хамгийн хуучны барилгууд хадгалагдаж үлдсэн хэсэг бөгөөд жуулчдын үзэх ёстой үзвэр үйлчилгээний төвүүдийн ихэнх нь хуучний дүүрэгт, эсвэл түүнтэй ойр байрлана. Энгийн гудамжны хоолон дэрүүд, хямдхан нийтийн буурчийн газруудаас эхлээд орон орны хоолнууд, дэгжин ресторан пабууд , орон нутгийхний өвөрмөц амьдрал, хүнсний болон бараан захууд, жуулчдаад зориулсан дэлгүүрүүд гээд эндээс та Ханойгоос хайсан бүхнээ олно. Бага зэрэг бохир, хуучин, гэхдээ л нэг тийм дулаахан, бас сэтгэл татам уур амьсгалтай газар. Мэдээж хэрэг нутгийнхнаасаа дутахгүй олон гадныхантай.

Дайн дажны хөлд түмэнтээ нэрвэгдсэн болоод ч тэр үү, Ханойд өнө эртний барилга байшин түүхэн дурсгал олон бус. Хувьсгалын, дайны гэх мэтээр баатарлаг эх орончдын харийн дайсны эсрэг хийсэн тэмцлийн түүхийг харуулсан музейнүүд л олон.

Гэхдээ тэд тийм ч сонирхолтой санагдаагүй. Вьетнам үндэстний зовлон бэрхшээлийн шалтгаан болж байсан Барууны империалистуудын үр сад вьетнам залуустай зэрэгцэн музей үзэх нь хоржоонтой.

Ханойтой танилцаж дууссан бол Вьетнамын бахархал Халонг Бэй, олон ястны өлгий Са Па хоёр луу аялах хэрэгтэй. Аялал жуулчлалын агентлагууд энд тэндгүй болохоор аялал захиалах хялбар. Гол нь үнээ л тохирох. Жишээ нь бид Халонг Бэй явах аяллыг 65 доллараас 55 болгож хямдруулаад овоо наймаалцлаа гэж бодож байтал аялалд хамт хамрагдсан Белги залуу 45 хүртэл бууруулсан байх жишээтэй. Халонг Бэй нь Ханойгоос зүүн зүгт 145 километрийн зайд байрлах далай доороос ургасан шохойн чулуун уулс, жижиг арлуудаас бүрдсэн эрэг юм. Тэдгээр олон арван шовх ногоон оройнуудын дундуур усан онгоцоор аялах нь харамсахааргүй туршлага. Нэг өдрийн аяллаас гадна нэг усан онгоцон дээрээ, эсвэл сармагчины арал дээр хоноглох мэтийн сонголтууд бий. Халонг Бэйг үзэхэд нэг өдөр үндсэндээ хангалттай. Харин гадна дотны жуулчидтай усан онгоц дээр партидахыг хүсвэл нэг, эсвэл нэлээн хэд хонох аялал захиалаарай. Харин Са Па нь Ханойгоос баруун хойд зүгт 360 километр зайд, уулсын дунд байрлах үндэсний цөөнхүүдийн оршин суудаг жижиг хот бөгөөд ойр хавиар нь үелсэн тариалангийн талбайнуудад хэдэн зууны өмнөх амьдралын тэр л хэв маягаараа амьдран суугаа олон ястнуудын тосгодоор явган аялал хийх боломжтой. Явган аяллынхаа төгсгөлд тариачин айлын гэрт хоноглох боломж ч бий.

Вьетнамын хамгийн том хоёр хот нь Ханой, Сайгон бол бусад томоохон хотууд нь ихэвчлэн энэ хоёрынхоо хооронд байрлана. “Хааны нийслэл” гэгдэх Хюэд Ханойгоос унтлагын автобусаар арваад цаг явж хүрэх бөгөөд Вьетнамын сүүлийн династи болох Нгуен династийн ордон, хаадын булшийг үзэж болно. Хааны ордон нь ерөнхий хэлбэрийн хувьд хориотой хоттой төстэй санагдана. Хюэгээс урагш хагас өдөр яваад ЮНЕСКО-гийн өвд бүртгэгдсэн Хойан хэмээх жижиг хотод хүрнэ. Голын хоёр эргийн дагуу барьсан хуучны барилгууд энэ хотын гол чимэг болжээ. Францын колончлогчид ирэхээс өмнө Хойан хэмээх жижиг хотод хүрнэ. Голын хоёр эргийн дагуу барьсан хуучны барилгууд энэ хотын гол чимэг болжээ. Францын колоничлогчид ирэхээс өмнө Хойан, Сайгон хоёрын голд Вьетнамын хамгийн сайхан далайн эргүүд байдаг гэх На Тран (Оросууд Нячанг хэмээн дуудна) буй. На Траны онцлог нь оросууд. Вьетнамын өөр аль ч хотоос илүү олон оросуудыг та эндээс олж харахаас гадна үйлчилгээний газруудын дийлэнх нь орос хэлээр мэдээллээ бэлтгэнэ. Мөн орос, армян, украин хоолны газрууд хаа сайгүй. На Тран орчимд матрын аж ахуй төвлөрдөг бололтой. Хэд алхаад л матрын эсвэл могойн арьсан эдлэлүүдтэй таарна.

Энэ мэтээр босоо тэнхлэгийн дагуу нэг хотоос нөгөө хот руу унтлагын автобусаар зорчиход зайнаасаа хамаараад 10-20 доллар. Мөн Ханойгоос Хойан орох автобусны тасалбар авлаа гэхэд та автобусаа Хюэ дээр сэлгэх тул Хойан хүрэх тасалбартай ч Хюэ таалагдвал автобусны компанидаа хэлээд шууд автобусаа сэлгэлгүй нэг өдөр Хюэд үлдээд, маргааш нь Хойан орохоос тасалбараа хойшлуулчихаж болно. Аялал жуулчлалын салбараас олон хүн хоолоо олж иддэг болохоор энд бүх зүйл тун уян хатан. Маргааш өглөөний автобусны тасалбараа шөнө унтахынхаа өмнө худалдан авсан ч болно. Унтлагын автобуснаас гадна Ханой Сайгоныг холбож, голын хотууд дээр зогсох галт тэрэг ч бий. Гэхдээ тасалбар нь автобустай харьцуулахад нэлээд өндөр үнэтэй. Харин адал явдалд дуртай нэгэн бол шуудхан Ханой юм уу Сайгооноос мотоцикль худалдаж аваад л бүх хотоор нь зорччих боломжтой. “Хуучин мотоцикль 250 долларт зарна” гэсэн зар энд таарна. Аяллаа дуусгаад ийм зар тавиад л зарчихна. Ийн тэнүүчлэх аялагчид ч нэг бус таарна. Цаг нартай, техникийн дөртэй бол тун ч зугаатай туршлага.

Ингээд эцэст нь Сайгон. Хойноос урагшлахын хэрээр цаг агаар дулаарч, хоолны халуун ногоо нэмэгдэхийн хэрээр бүх зүйл илүү задгай чөлөөтэй болж буйг та анзаарна. Жишээлбэл Ханойд буудлын гадаа таарсан эрчүүд “Хатагтай хэрэггүй биз” гэж асуух  бол Сайгонд хатагтай нар өөрсдөө л ирнэ. На Транаас эхлээд задгай пабуудад сууж байхад л дэргэд ирсэн жуулчид өвс татаад эхэлнэ. Мэдээж хэрэг энэ бүхний туйл нь Сайгон. Ханойг даруухан хөдөөний охинтой зүйрлэж болох бол Сайгоны задгай хувцасласан хотын хадагтатай зүйрлэж болно. Намуухан орчинд дуртай хүмүүст Ханой, Хойан, Хюэ таалагдах бол зугаацах дуртай нэгэнд На Транг, Сайгон тохиромжтой.

Вьетнам орон Лаос, Хятад, Камбож улсуудтай хиллэнэ. Дээр дурдсанчлан Ханойгоос төмөр замаар Хятад орж болохоос гадна унтлагын автобусаар хорин цаг яваад Лаосын нийслэл Вьентьян орно. Тэгэхээр таны Вьетнамаар аялсан аялал Ханойд дуусах аваас автобусны тасалбар аваад л Лаос орж болно. Лаос улс манайтай харилцан визгүй зорчих гэрээтэй. Харин Сайгоноос зургаан цаг автобусаар яваад Камбожийн нийслэл Пномпеньд хүрч эсвэл найман цаг явж Мекөнг мөрний эрэг дээрх хилийн бячан суурин Чо Док ороод тэндээсээ Мекөнг мөрнөөр завиар бүтэн өдөр явж Пномпеньд хүрэх маршрут ч бий.

Цаг, мөнгөнд гарзтай, ая тух муутай боловч сонирхолтой аялал гэж зөвлөсөн байна билээ. Танд амжилт хүсье.

Амарсанаагийн Амармэндийн аян замын тэмдэглэл

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
2019.01.11
2018 оны шилдэг 10 Солонгос кино
2
2019.01.11
Хүүхдэд заавал сонсгох шилдэг 10 сонгодог хөгжмийн бүтээл
3
2019.01.10
Playlist: Гэртээ харих замдаа сонсох 13 дуу
санал болгох
1
6 цагийн өмнө
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино
2
Өчигдөр
Салалтыг даван туулж буй хүн бүрийн сонсох ёстой 11 хатуу үнэн
3
Өчигдөр
Айлын ганц болон том, дунд, бага хүүхдүүдийн 9 ялгаатай чанар

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
0
0
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.