Дэлхийн самбочид Монголын Ерөнхийлөгчийг челленжэд дуудлаа
Тэрбээр “Буухиаг самбо бөхийн дэлхийн аварга, Монгол Улсын Ерөнхийлөгч, ноён Халмаагийн Баттулгад шилжүүлж байна” гэж зарласан.
ОХУ-ын самбочид интернетээр #спортфишка челленжийн аян явуулж эхлээд байгаа билээ. Энэхүү буухиа аяны гол зорилго нь хүүхэд багачуудыг спортоор хичээллүүлэх, тэр дундаа самбо бөхөд дуртай болгох бөгөөд алсын зорилго нь самбо бөхийг олимпийн хөтөлбөрт багтаах үйлс юм. #спортфишка буухианд хэн нэг нь самбо бөхийн мэх хийж, олон түмэнд толилуулаад дараагийн хүнээ нэр зарлан дуудаж, буухиаг гардуулан өгдөг. Спорт фишкад тамирчдаас гадна ОХУ-ын дуучин Григорий Лепс, хошин шогийн "Уральские пельмени" нэгдэл зэрэг олон алдартан нэгдээд байна.
Фёдор Емельяненко, Михаил Мартынов, Александр Михайлин нарын алдарт тамирчид ч оролцсон.
Самбо бөхийн #спортфишка буухиа аян үргэлжилсээр Монгол Улсад удахгүй ирэх нь. ЗХУ-ын гавьяат тамирчин, дэлхийн 4 удаагийн аварга, ЗХУ болон Европын олон удаагийн аварга Владимир Япринцев хамгийн сүүлд буухианд нэгдэж, залуу тамирчдын өмнө мэх хийж үзүүллээ. Өөрийн мэхээ “хамгийн самбо мэх” гэж тодорхойлсон Владимир Геннадьевич Япринцев буухиагаа Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгад шилжүүлсэн юм. Тэрбээр “Буухиаг самбо бөхийн дэлхийн аварга, Монгол Улсын Ерөнхийлөгч, ноён Халмаагийн Баттулгад шилжүүлж байна” гэж зарласан.
Дэлхийн самбочид манай Ерөнхийлөгчийг дархан мэхээ толилуулж, дараа нь хэнд буухиагаа шилжүүлэхийг хүлээж байна.