Хайх зүйлээ бичнэ үү

7 мин

“Монголчуудын хураангуй түүх” номоос онцлох сонирхолтой 10 баримт

“Монсудар” хэвлэлийн газраас И.Я.Коростовецийн “Монголчуудын хураангуй түүх” номыг шинээр эрхлэн гаргажээ.


“Монсудар” хэвлэлийн газраас И.Я.Коростовецийн “Монголчуудын хураангуй түүх” номыг шинээр эрхлэн гаргажээ. Энэхүү номын зохиогч И.Я.Коростовец нь 1912 оны 8 дугаар сараас 1913 оны 5 сар хүртэл Монгол дахь Оросын бүрэн эрхт төлөөлөгчөөр ажиллаж байсан бөгөөд түүний өдрийн тэмдэглэлээр “Монголд өнгөрүүлсөн 9 сар” нэртэй ном орчуулагдан гарсан байдаг.

1. Да лам Цэрэнчимэд

...Халх тусгаар тогтнолоо хадгалж үлдэхийн тулд хятадуудтай байлдах нь дээр гэж үзэж байна. Өвөр Монгол, Зүүн Монголын боолчлолын үнээр Халх эрх чөлөөгөө олж авсны оронд бүх монголчууд хамтдаа үрэгдсэн нь дээр. Монголчууд ядуу зүдүү, харанхуй бүдүүлэг боловч эрх чөлөөнд дуртай, хятадуудын боол байснаа оросуудынх болохыг хүсэхгүй....

Да лам Г.Цэрэнчимэд

2. “Шинэ толь” сонины тухай 

...1913 оны хоёрдугаар сард “Шинэ толь” сонины анхны дугаарыг бид хэвлүүлж чадлаа. Сонины редактор Цэвээн Жамсранов монголчуудын амьдралын үнэн зөв тусгал байхыг бэлгэдэн энэ нэрийг бодож олсон байв. Монголчууд дээлийнхээ энгэрт юмуу, гутлынхаа түрийнд авч явж уншиж байхад тохиромжтойг нь бодож тус сониныг нимгэн дэвтэр хэлбэртэй гаргах болсон энэ сонин 10 копейкийн үнэтэй байлаа. Эхний дугаарын агуулгыг үзвэл: Дэлхийн бөмбөрцгийн тухай, ертөнцийн тив хэсгүүдийн тухай, тэрчлэн аянга цахилгаан гэж юу болох бөмбөрцөг дээрх төр улсуудын тухай, засаглалын хэлбэрүүдийн тухай, мөн соёл, соёлжилтын хэв маягийн тухай, Орос Монголын гэрээ болон Петербургт Монголын элч төлөөлөгчдийг хүлээж авсан тухай, дэлхийн бөмбөрцөг дээрх амьдралын тухай, арьсны өнгө, шашин шүтлэгийн тухай, хүний амь амьдралын цаг хугацааны тухай өгүүлжээ. 

Цэвээн Жамсранов (Жамсрангийн Цэвээн)

3. Гандангийн дэнж

... Хотын бүх хэсгүүдээс өндөрт орших Гандангийн дэнж бол сүм, дуганууд болон шашны сургууль, лам нарын орон байраар дүүрсэн газар бөгөөд булан тохой, муруй тахир гудамж талбайгаар хуваагдсан Хятад, Төвөд, хийц холимог байшин барилгуудын бөөгнөрөл ажээ. Лам хуваргууд хурал номдоо сууж шашны сургуульдаа ном зааж судар шастираа бясалгана. Гандан хийдийн гортиг руу эмэгтэй хүн орох нь маш ховор, эл журмыг зөрчвөл хатуу харгисаар занчиж шийтгэнэ.  

4. Цуу яриа

... Монголчууд бүсгүй хүний тухайд атгаг, буруу зөрүү бодолтой байдаг байна. Саяхан цэл залуу Засагт хан сүйт бүсгүй нь охин биеэрээ байсан болохоор түүнийг эхнэр болгохоос татгалзсан гэсэн яриа тархсан байлаа.

Монгол язгууртан эмэгтэйчүүд 

5. Эх дагина Дондогдулам хатны талаар 

... Эх дагина алтан хээ угалз бүхий тансаг дээл, том том сувдан хэлхээ чимэглэлтэй өндөр шовгор малгай өмссөн байв. Хувилгааны хатанг ийм ойрхон зайнаас анх удаа харж байгаа минь байсан бөгөөд тэрээр бүх Монгол бүсгүйчүүдийн нэгэн адил бов бор царайтай нүүрний төрх нь ихээхэн зөв, гялалзсан хурц нүдтэй залуухан эмэгтэй байлаа. Эх дагина намхан ширээ рүү дөхөж ирээд аальгүй маягаар инээмсэглэн аягатай цай тавагтай амттан барив. Би түүнийг нь авч жаахан тээнэгэлзсэнээ час халуун шингэнээс балгалаа. Санаанд нь таарч нийцээгүй ноёдод хор өгдөг үүрэг түүнд ногджээ гэж бодмоор.

Дондогдулам хатан 

6. Монголчуудын хоол хүнс 

Монгол айлын жирийн хоол хүнс нь өөх, гурил, сүүтэй хольж чанасан шахмал цай, арвай ч юмуу, шар будаа, бяслаг, тараг байдаг. Арай чинээлэг хэсэг нь хонины мах хэрэглэх бөгөөд тэгэхдээ шарж биш дандаа чанаж хэрэглэнэ. Монголчууд юу ч хамаагүй эрээ цээргүй идэж уух бөгөөд бүр үхсэн малынхаа зовлогыг хүртэл иднэ. Мах идэхдээ хутга хэрэглэж, махаа амандаа хийн уруулынхаа наахнуур болгоомжтой агаад чадмагаар огтлон иднэ. Монголчуудын хоолондоо хэрэглэдэг цорын ганц ногоон нь зэрлэг  сонгино байдаг. Хүнсний ногоог зөвхөн энд суурьшсан орос хятадууд л тарина. Сахар тансаг хэрэглээнд тооцогдох агаад нүүдэлчдийн ахуй амьдралд ховор тааралдана. Энэ бүх идээгээ бэлтгэдэг, хадгалдаг сав суулгаа хэзээ ч угаадаггүй.

7. И.Я. Коростовец Монгол айлд зоог барьсан нь

...Ван хатан хоёр бид гурвыг хашааныхаа хаалганы гадна угтан авлаа. Час улаан өнгийн тансаг хоргой ууж дээрээ манайхны сурвалжит авхай нарын гоёлтой төстэй шар өнгийн алчуур нөмөрсөн биерхүү, царайлаг энэ хатан жижиг жижиг сувдан цацагтай товгор хүрээ бүхий өндөр бортого хэлбэртэй онцгой содон малгайтай байх аж. Далай вангийн хатны хоёр хацарт монгол эмэгтэйчүүд хятад хүүхнүүдийн адил ихэд хорхойсдог энгэсгийн ягаан толбо ягаарч харагдана. Эздийн эргэн тойронд зогсож байсан зарц, шивэгчингүүд бидэнтэй хамт гэрт оров. Гэрийн ердийн байдлаас ялгаатай нь гэвэл шалан дээр намхан ханз зассан явдал байлаа. Хэдэн үг солилцож, нэг хундага шоу цзю, нэг аяга айраг уусны дараа чанасан хонины мах, шахмал цай, гүзээтэй элбэг дэлбэг идээ будаанд оров. Савхаар болон гараар авч идэх хооронд ван хааяа нэг ямар нэгэн гэдэс гүзээний төрлийн зүйлээс савхдаж аван надад өглөө. 

8. Өргөө хотын талаар 

Оршин суугчид нь эрээвэр хураавар бүтэцтэй энд тэндээс ирсэн олон гэмт этгээдүүдтэй хэдий ч Өргөөд гэмт хэрэг бага гарна. Энэ нь буруу зөрүү явдалтнууд цөөхөн байдгийн улмаас биш харин хэрэгтнүүд нуугдахад хэцүү мөн Хятад, Монголын эрүүгийн хууль тогтоомж нь харгис хатуу байдгаас шалтгаалдаг гэж үзэж болно. 

9. Монгол бүсгүйчүүдийн хувцаслалтын талаар 

... Эмэгтэйчүүдийн хувцасны гол ялгаа нь мөнгө, шүр, оюу шигтгээ, унжуурга, элдэв чимэглэл бүхий этгээд сонин хийц хэлбэртэй үс толгойн чимэг нь юм. Үс гэзэгнийхээ заслыг бат бэх, гялгар цалгар байлгахын тулд тусгай түрхлэг түрхэнэ. Язгууртан хатагтай нар эхнэр үсэндээ сувдан унжуурга зүүнэ. Монгол бүсгүйчүүд хятад эмэгтэйчүүдийн адил оо энгэсэг түрхэх дуртай бөгөөд нүүрэндээ тэр бүхнээ нэлээд зузаан нялна. Моодны тухайд Бээжин гэдэг монголчуудын хувьд ямагт л Парис гэсэн үг байсаар ирсэн бөгөөд Хятадын жижиг бараа, торго дурдан, хатгамал, алт мөнгөн эдлэл тэргүүтэн нь Монголд маш ашигтай борлуулагддаг байжээ. Сүүлийн жилүүдэд, ялангуяа оросуудын эзлэн түрэмгийлэл, Зөвлөлтийн суртал ухуулгын улмаас монголчууд бүр эмэгтэйчүүд нь хүртэл европ маягаар хувцаслах болов. Ингэж европжсон гадаад төрх байдалтай монголчуудыг эдүгээ зөвхөн Москвад юм уу, гадаадад төдийгүй бүр Өргөөд ч хүртэл олонтоо харж болно. 

10. Монголчуудын зочломтгой зан чанарын талаар

Монголчууд маш зочломтгой зантай, ихэс дээдэс ч бай, ядуу бадарчин ч бай, аян замын хэн бүхний өмнө хаалга үүд нь нээлттэй байдаг болой. Ийм зочломтгой байдаг нь улс орны байгалийн нөхцөл байдал, хүн зон ховор хомс, байр сууц бараг байдаггүйгээс улбаатай. Та, Монгол орноор аялан явж байхдаа танихгүй айлын гадаа буулаа гэхэд эзэн нь таныг “Сайн байна уу?” хэмээн угтаж, саатаж амрахыг, хэрэв үд хэвийсэн байх аваас хонож тухлаад явахыг санал болгоно гэдэгт итгэлтэй байж болно. Та тэр саналыг нь хүлээн авч, бохир заваан гэр орноос нь сэжиглэхгүй аваас таныг галынхаа дэргэд олбог дээр суулгаж цай юм уу, айргаар дайлна. Аянчин дайраад өнгөрнө гэдэг говийнхны нэгэн хэвийн амьдралд болж буй том үйл явдал, шинэ сонин зүйлийн талаар сонсох завшаан байдаг, учир нь аз жаргал дүүрэн энэ Монголд саяхныг хүртэл цахилгаан утсан холбоо ч, сонин сэтгүүл ч байсангүй. Монголчуудын энэ зочломтгой зан заншил нь ядуу гуйлгачин байдал, хэрмэл тэнүүлч амьдралыг өөгшүүлсэн сөрөг талыг ч агуулж байлаа. Монголд олон тооны ядуу зүдүү лам нар байх агаад тэдний хөрөнгө гэвэл ердөө л хоол идэх модон тагш, нохойноос хамгаалах хоёр таяг байдаг ажээ. Энэ лам нар хамаг амьдралаа эргэл мөргөлөөр өнгөрүүлж, сүм хийд, хаад ноёдын орд өргөөгөөр хэсүүчлэн явна.

Өргөө

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
2019.01.11
2018 оны шилдэг 10 Солонгос кино
2
2019.01.11
Хүүхдэд заавал сонсгох шилдэг 10 сонгодог хөгжмийн бүтээл
3
2019.01.10
Playlist: Гэртээ харих замдаа сонсох 13 дуу
санал болгох
1
7 цагийн өмнө
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
2
Өчигдөр
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу
3
3 өдрийн өмнө
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
38
22
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.