Жон Леннон, Йоко Оно хоёрын хамт өгсөн ХАМГИЙН АЛДАРТАЙ ярилцлага


  |     2017-08-17 21:01   |     10874
  2017-08-17 21:01   |     10874

Урлагийн ертөнц дэх хамгийн алдартай хосуудын нэг Жон Леннон, Йоко Оно нар одоогоос 48 жилийн өмнө бал сараа тэмдэглэж байлаа. Тэд дэлхий ертөнцөд өөрсдийн гэсэн өнгө аясыг хэдийн мэдрүүлээд байсны адил хамтын амьдрал, гэрлэлт нь ч багагүй шуугиан дагуулаад байсан үе. Хосууд Амстердамын таван одтой зочид буудалд 8 өдрийн турш “Энх тайвны хэвтээ жагсаал” хийн бал сараа тэмдэглэсэн юм.  “Peace in Bed” гэж нэрлэсэн тус үзүүлбэрт Жон, Йоко хоёр өргөн орон дээр унтлагын хувцастайгаа хэвтээд дэлхийд энх тайвныг хэрхэн бүтээж болох талаар тун нухацтайгаар ярилцаж байв. Шууд бичлэгийн үеэр Леннон гитараа аваад “Give Peace a Chance” дуугаа зохиосон нь  удалгүй хит болж, энх тайвны төлөөх нөлөө бүхий дууны нэг гэгдсээр байгаа билээ. Алдарт хосын модернист үзүүлбэр дэлхий нийтийн анхаарлыг татаж байв. Яг энэ үед буюу 1969 онд алдарт хосууд BBC-ын сэтгүүлч Давид Вигт өгсөн ярилцлагыг орчуулан хүргэж байна. 


 
-Өдрийн мэнд. Сүүлийн үед хувь хувийн ажлаа хамтдаа хийх боллоо. Та хоёр юуг хүсэж тэмүүлж байна вэ? 

Жон: Энх тайвныг л хүсэж байна. Бид хамтдаа үүний төлөө чадах бүхнээ хийх болно.

-Амстердамд хийж буй энэ удаагийн үзүүлбэрээрээ бусдад юуг хэлэхийг хүсэж байна вэ?

Жон: Би бусдад “Йоко Жон хоёр бол яг л салхи. Хэнд ч харагдахгүй, гэхдээ тэд дэргэдүүр нь өнгөрөхөд модод найгана.” гэж хэлэхийг, үзүүлэхийг хүсдэг. Дэлхийн өнцөг булан бүрээс бидэнд захидал ирдэг юм. Нэг залуу “Та хоёрын Амстердам дахь үзүүлбэрээс болоод би нислэгээ хойшлууллаа. Би энх тайвны төлөө үсээ ургуулна” гэж бичсэн байсан. Бид эсэргүүцлээ илэрхийлж дэлгүүрийн цонх хагалах биш, энх тайвны төлөө үсээ ургуулж эхэлж байна шүү дээ. Энэ бол нөлөөллийн үр дүн юм. Хүмүүс ёс суртахуунтай, хүнлэг байж чадахгүй юм бол, хэн ч бусдын үсийг шүүмжлэх эрхгүй. Энх тайвны төлөө үсээ ургуулах, энх тайвны төлөө орондоо хэвтэх нь үсэрч цовхчих хурц тэмцэхээс илүү хүчтэй гэдгийг хүмүүс ойлгоосой гэж хүсэж байна.  

-Гэхдээ үсээ ургуулах юм уу, орондоо хэвтэх нь эерэг нөлөөлөл үзүүлж байгааг яаж мэдэх юм бэ? Тэгснээс гэрээсээ гарч илүү идэвхтэй зүйл хийх нь дээр гэж олон хүмүүс үзэж байна шүү дээ. 

Жон: Энэ чинь идэвхтэй үйлдэл шүү дээ. (Йокод хандан) Чи түүнд хэлэх үү?
Йоко: (инээмсэглэнгээ) Мэдээж энэ бол тун идэвхтэй үйлдэл юм. Бусад хүмүүс бидний үйлдлээс урамшиж байна гэдэг өөрөө энэ ажлын минь үр дүн юм. Өөрөөр хэлбэл, “Хөөх, тэднийг хараач. Ичмээр юм. Би ч тэднээс илүүг чадна” гэж бусдад бодогдуулж байхад л боллоо. 

-Маш олон хүмүүс бид ч бас чадна гээд олон хоног гэртээ энх тайван зарлавал улс орон яах бол?

Йоко: Энэ бол энх тайван тэмцэл. Биднийг хараад биднээс илүүг хийхээр зориг шулуудан гарч байгаа хүмүүс их байх тусам улсад хэрэгтэй шүү дээ. 

Жон: Вьетнам Америкийн дайнаар бодож үзье. Цэрэг эрс бүгд долоо хоног орондоо хэвтлээ гэж бодъё. Тэгвэл тэд яах бол? Бүтэн долоо хоног хэвтэж байгаа хүмүүс юу болж байна, бид цаашид яах билээ гэх зэргээр дайн тийм ч хэрэгтэй биш талаар бодож эхэлнэ. Айдас түгшүүр, хурцадмал байдал зогсох болно. 

-Хэрвээ үнэхээр манай улсад дайн дэгдэж зэр зэвсэг барин тулалдах болвол та дайнд оролцох уу? Эх орныхоо төлөө дайн хийх үү? 

Жон: Би дайтахгүй. Нөхцөл байдал яаж эргэхийг хэлж мэдэхгүй байгаа ч дайрахгүй байх. Би өмнө нь хэлсэнчлэн дайны эсрэг үзэл баримталдаг. 

-Жон, ахин асууя. Та амьдралаас юу хүсдэг юм бэ?

Жон: Энх тайван, эрх чөлөө. Ердөө л энэ. 

-Танд ямар нэг зүйл тохион, энэ хорвоог орхивол  таныг хүмүүс хэрхэн дурсах бол?

Жон: Дайныг эсэргүүцэгч нэгнээр дурсагдахыг хүсэж байна. 

-Агуу дуучин гэдгээс ч илүүгээр үү? 

Жон: Тиймээ, тийм байгаасай. 

-Та амьдралаа шинээр эхлэхээр болвол өнөөдрийнх шигээ байх байсан болов уу? Яг л одоогийнх шигээ Битлзийн Жон Леннон хэвээр байх уу?

Жон: Тийм ээ. Эргэлзэхгүй байна. Ялангуяа Йокогийн хувьд үнэхээр “тийм”. Тэр бол миний бүх зүйл. 

-Йоко таныг юугаараа хамгийн их татсан бэ?

Жон: (чангаар инээнгээ) Тэр миний сэтгэлийн дарамт юм шүү дээ. 

Йоко: Надад ч бас түүнтэй танилцахад гайхмаар хачин байсан шүү. Тэр яг л намайг, өөрийг минь хувилаад, илүү сайжруулаад тавьчихсан хувилбар шиг санагддаг. Би өмнө нь бүхнийг ганцаар хийж, ганцаар амьдарч, ганцаардал миний сэтгэлд бугшчихаад байлаа. Харин Леннонтой хамт байх нь бүхнийг илүү амар хялбар мэт санагдуулдаг. Би аз завшаанд төдийлөн итгэдэггүй ч миний амьдралын хамгийн том аз тэр байсан л гэж хэлмээр байна. 

Хайр бол яг л мод шиг. Үндэс сайтай байх юм бол цас шуурга, аянгат бороонд ч үлдэж, улам дэлбээлэн ургадаг. Йоко бид хоёрын хайр яг л мод шиг. Би түүнийхээ ундаалах ус, гэрэлт нар. Харин тэр миний хөрсөнд дэлбээлэх хайрын ургамал. 

-Жон Леннон 

-Жон, та сүүлийн үед илүү амар тайван, намуухан харагдах болсон. Хурц ширүүн зантай хүнд юу ингэж нөлөөлөв өө?

Жон: Нэг зүйл нөлөөлсөн гэвэл тэр гарцаагүй Йоко. Тэр миний зүрх сэтгэлд үргэлж нуугдан байсан өөрийг минь нээн гаргасан. Үүнээс өмнө надад нэг л зүйл дутуу, хоосон, хөндий санагддаг байсан. Харин тэр…Йоко... Гайхмаар хэрэг шүү. 

-Та амьдралынхаа энэ үеийг хэрхэн тодорхойлох вэ?

Жон: Тийм ээ. Би амьдралынхаа хамгийн жаргалтай үед байна. 

-Та сүүлд Энэтхэгт очсон тухайгаа яриач? 

Жон: Огт танихгүй газар очоод, бясалгаж оюун ухаанаа цэгцлэх сайхан байсан. Гол нь харуусах хэрэггүйг ойлгосон. Би хааяахан “татчихдаг” байсандаа ч харамсдаггүй шүү. Энэтхэг явахаасаа яг өмнө нь Йокотой танилцсан юм. Тэнд очоод маш удаан бодсон хэр нь л эргэн ирээд Йокод ухаан алдталаа дурлачихсан. 

-Та одоо согтууруулах зүйл хэрэглэдэг үү?

Жон: Үдэшлэгийн үеэр хэн нэгэн шаардахгүй л бол би одоо виски ч амсдаггүй. Хэрэгтэй болохоор биш би хүсэхгүй байгаа учраас л больсон. 

-Пол Маккартни “Их Британи Битлзийн эсрэг байна” гэж хэлсэн. Та санал нэгдэж байна уу? Танай хамтлаг нэр алдарт хүрэхээсээ өмнө сөрөг хандлагатай тулгарч байв уу? 

Жон: Битлз яг л британи хүүхэд шиг өссөн дөө. Их Британид гэр бүлийнхэн нь хүүхдээ элэг барих байдаг л зүйл. Хүүхэд өсч том болоод эцэг эхдээ хэн болохоо харуулах ёстой. Үүнийхээ адил улс биднийг яг л эцэг эх шиг хамгаалсан. Тэд бидний нүүр лүү алгадсан ч өөр хэн нэгэн бидэн рүү гар далайсан бол тэд зогсоож чадах байсан. 

-Та хийж байгаа бүх зүйлдээ нухацтай ханддаг уу?

Жон. Чимххэн давс шиг гэх үү дээ. Одоо үед амьдралд мөрдөх хэрэгтэй гэсэн ишлэлээс их юм алга. Гэтэл амьдрал бол аз жаргалтай байх хэрэгсэл төдий зүйл. Тиймээс хэрхэн аз жаргалтай байх талаараа л нухацтай авч үздэг.

-Жон, та Францын нэгэн хэвлэлд өгсөн ярилцлагадаа өөрийгөө “Би бол бурхан” гэж хэлсэн. Үнэнээсээ хэлсэн үү? 

Жон: Үнэнээсээ л…

-Та бурхан гэж үү?

Жон: Бид бүгд бурхан гэсэн утгаар хэлсэн юм. Христын шашинд “Диваажин дотор чинь бий” гэж хэлсэн. Энэтхэгт бол Зэн будда ч мөн ялгаагүй ийм үзлийг сургадаг. Шашин бүрд юу гэж хэлэхээс үл хамаараад бүгд ижил утгатай. Бид бүгд л бурхан. Гэхдээ бид чөтгөр, бурхан аль аль нь байж чадна. Аль нь вэ? гэдгийг өөрөө л шийднэ. Диваажин бидний дотор байдаг учраас л олж харах хэцүү байдаг байх.

-Та үхлийн дараах амьдралд итгэдэг үү?

Жон: Ямар ч эргэлзээгүйгээр итгэдэг.

-Таныг ингэж их итгэхэд юу нөлөөлсөн бэ?

Жон: Бясалгалын үеэр би ганцаардлын хүчийг бага сага ойлгосон. Нэг шидтэй хүнээс хүмүүс асууж л дээ. Та цагаан шулам уу, хар уу? гэж. Тэр хариуд нь “Тийм их ялгаа байна уу?” гэсэн юм.  Үүнтэй л ижил. 

-Амьдрал таны хувьд юу вэ? Та насан эцэслэтлээ амьдрахыг хүсэж байна уу? Танд маргааш үхэх, өндөр наслах ялгаатай юу?

Жон: Би Йокотой хамт насан туршдаа амьдрахыг хүсэж байгаа ч үхлээс айхгүй байна. Үхэх мөчид юу мэдрэхээ хэлж чадахгүй ч би итгэхгүй байгаа учраас түүнд бэлэн байна. Яг л нэг машинаас буугаад өөр машинд суухтай л ижил юм уу даа.
 
Энэ ярилцлагаас 11 жилийн дараа Жон Леннон шүтэн бишрэгчдээ буудуулан нас барсан юм. Маргааш өдөр нь Йоко олон нийтэд хандан нөхрийнхөө төлөө залбирахыг хүсээд түүнтэй хамт өнгөрүүлсэн дурсамжтайгаа хамт насан эцэслэхээ амлаад өнөөг хүртэл ганц бие амьдарч байгаа билээ.  

Эх сурвалж: Beatlesinterviews.org



Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Архинаас гарсан 10 алдартан

Ингээд олон жил архи амсаагүй “цоо эрүүл” алдартнуудтай танилцацгаая.

  2017-10-17 03:12

МУГТ Н.Түвшинбаяр 2020 онд ОЛИМПОД биш УЛС ТӨРД өрсөлдөнө

Тэрбээр УИХ-ын 2016 оны сонгуульд өрсөлдсөн боловч ялагдсан билээ.

  2017-10-16 04:30

13-ны Баасан гараг буюу алдартнуудын сүүлчийн 13 гэрэл зураг

Тэдний зарим нь үхэл ойрхон байгааг мэдэрч байгаа бол нэг хэсэг нь огт төсөөлөлгүй явж байлаа.

  2017-10-13 04:38