Хайх зүйлээ бичнэ үү

4 мин

Монголын ипотекийн корпорацийн тухай ХҮН БҮРИЙН мэдэх ёстой 4 зүйл

Монголын ипотекийн корпораци буюу МИК-ийн тухай та арай буруу бодож явдаг байж мэдэх юм. Тэгвэл дараах баримтууд танд зөв, цэгцтэй ойлголт авахад тань туслах болно.


Монголын ипотекийн корпораци буюу МИК-ийн тухай та арай буруу бодож явдаг байж мэдэх юм. Тэгвэл дараах баримтууд танд зөв, цэгцтэй ойлголт авахад тань туслах болно. Танд ойлгомжтой байлгах үүднээс мэдээллийг асуултанд хариулах байдлаар бэлтгэлээ.

1. Монголын ипотекийн корпораци зээл өгдөг байгууллага уу?

Монголын ипотекийн корпораци бол зээл өгдөг байгууллага  БИШ. Дахиад хэлье. МИК бол иргэдэд орон сууцны ипотекийн зээл олгодог байгууллага биш. Тэгвэл тэд юу хийдэг юм бэ гэж үү? Одоо би танд маш энгийнээр тайлбарлах гээд үзье.

МИК нь ипотекийн хөнгөлөлттэй хүүтэй зээлийн үйл ажиллагааны хүрээнд олгогдсон зээлийн хөрөнгийг банкуудаас худалдан авч үнэт цаасжуулдаг байгууллага юм. МИК-ийн үйл ажиллагааг Эдийн засагч Ч.Хашчулуун маш энгийн жишээгээр тайлбарласан байдаг:

“Банкинд 100 сая төгрөг байлаа гэж бодъё. Бат, Дорж хоёр тэр банкинд очоод зээл авъя гэсэн хүсэлт тавилаа. Банкинд байгаа мөнгө тэр хоёрт зээл өгөөд дуусна. Гэтэл маш олон хүнд байрны зээл авах хэрэгцээ байгаа. Банкуудын мөнгө тэдний эрэлтийг хангаж дийлэхгүй. Энэ асуудлыг дэлхий нийт шийдчихсэн. Өмнө олгосон зээлийг багцлан үнэт цаас болгож дахин эргэлтэд оруулаад мөнгө босгодог гарц бий. Ингэж байж дараагийн айлуудад зээлийн боломж олддог. Дэлхийн улс орнуудын зах зээлд олон жил ашигласан өвөрмөц тогтолцоо л доо. Улс орнууд энэ тогтолцоог ашиглаж аль болох олон хүнийг бага хүүтэй орон сууцаар хангадаг. Энэ үүргийг Монголд МИК гэдэг газар гүйцэтгэдэг”

2. Монголын ипотекийн корпорацийн үндсэн зорилго, үүрэг чиглэл нь юу вэ?

Тэдний хийдэг үндсэн ажил нь хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас гаргаж, банкуудыг эх үүсвэрээр хангах юм.

“Монголын Ипотекийн Корпораци ОССК” ХХК нь 2006 оны 10 дугаар сарын 6-ны өдөр Монголбанк, Анод банк, Голомт банк, Зоос банк, Капитал банк, Капитрон банк, Монгол шуудан банк, Хаан банк, Хас банк, Худалдаа хөгжлийн банк, Улаанбаатар хотын банкны оролцоотойгоор байгуулагдсан. Санхүүгийн зохицуулах хорооноос 2013 оны 12 дугаар сарын 16-нд хөрөнгө итгэмжлэн удирдах үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл авч Хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас гаргасан билээ. Бусад орны зах зээлд МИК-тэй адилхан үйл ажиллагаа явуулдаг нэг биш, нэлээн хэдэн компаниуд ч байдаг аж.

Үнэн хэрэгтээ МИК-ийн гол зорилго нь Монгол Улсын хүн амыг орон сууцаар хангах, орон сууцны санхүүжилтийн урт хугацаат тогтолцоог хөгжүүлэх үүднээс санхүүгийн зах зээлийн хэрэгслүүд ашиглан дотоод гадаадын зах зээлээс дунд болон урт хугацааны санхүүжилт татан нэмэгдүүлэх замаар ипотекийн анхдагч зах зээлийг дэмжих, хоёрдогч зах зээлийг хөгжүүлэх юм.

Энэ нь юу гэсэн үг вэ?

Банкуудын иргэдэд олгосон зээлийг МИК худалдан авч, тэдгээр банкууд ахин иргэдэд зээл олгох эх үүсвэртэй болно гэсэн үг юм. Хэрвээ МИК тэр зээлүүдийг худалдан авч банкуудыг хөрөнгийн эх үүсвэртэй болгохгүй бол банкинд байгаа хөрөнгө цөөн хэдэн иргэдэд л зээл болоод дуусна гэсэн үг шүү дээ.

3. Ипотекийн зээлээр орон сууц авсан иргэдийн тоо огцом өсөхөд МИК ямар үүрэг гүйцэтгэсэн бэ?

2008 оны байдлаар Монголд ипотекийн зээлээр орон сууц авсан хүний тоо 16522 байсан. Энэ үед өндөр хүүтэй, бага хугацаатай зээлүүд олгогддог байв.

Харин "МИК" ОССК байгуулагдаж, Монголд хоёрдогч зах зээлийн суурь тавигдсанаар ипотекийн зээлийн хүү багасч, хугацаа нэмэгдсэн.

2017 оны 6 сарын байдлаар энэ тоо 91916 болтлоо өссөн. Үүнд 2013 онд хэрэгжүүлж эхэлсэн 8 хувийн ипотекийн зээлийн хөтөлбөр чухал үүрэг гүйцэтгэсэн бөгөөд энэхүү хөтөлбөрийг Монголбанк, МИК болон банкууд хамтран хэрэгжүүлсэн юм.

 

4. Ипотекийн зээлийг яагаад өмнөх жилүүдийнх шиг олон хүнд өгөхгүй байна вэ?

2013 оны 6 сард эхэлсэн 8 хувийн ипотекийн зээлийн хөтөлбөрийн анхны санхүүжилтийг Монголбанкнаас банкуудад олгосон билээ. Тэр хөрөнгөөр банкууд иргэдэд зээл олгож, орон сууц худалдан авах боломжийг нь хангаж өгсөн гэсэн үг юм. Тэгвэл нэг хэсэг банкууд иргэдэд “8 хувийн зээл зогссон” гэх мэдээллийг өгч байсан. Үнэн хэрэгтээ зээл зогссон биш харин иргэдийн зээлийн эргэн төлөлтөөр зээл олгогдож, санхүүжилтийн хүрээ хумигдсан байгаа юм. Тийм учраас өмнөх жилүүдийнх шиг зээл хүссэн иргэн бүрт зээл олгох боломж хомс болсон гэсэн үг.

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
2019.01.03
Сэтгэл гутралын хамгийн хор хөнөөлтэй 5 нуугдмал шинж тэмдэг
2
2019.01.02
НӨАТ-ын буцаан олголтоо авахын тулд АНХААРАХ 6 зүйл
3
2019.01.02
2019 онд өөрийгөө илүү хайрлаж, үр бүтээлтэй байхад тань туслах 10 зөвлөгөө
санал болгох
1
15 цагийн өмнө
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
2
Уржигдар
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу
3
3 өдрийн өмнө
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
36
38
29
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.