Хайх зүйлээ бичнэ үү

5 мин

У.Хүрэлсүхийн галт тэрэг хөдөллөө



Эмэгтэйчүүдийн сэтгүүлд үргэлж шивнэдэгчлэн эрчүүд бол хэзээд хүүхдээрээ байдаг нь худлаа биш бололтой. Хүүхэд бол эмзэг. Тэгэхээр тэд ч бас ийм. Бүр туршлагатай улстөрч байсан ч эгзэг нь таарвал хүүхэд шиг эмзэглэчихдэг аж. Найруулагч Баатартай утсаар ярьсан бичлэг нь олон нийтийн сүлжээгээр цацагдсан явдал Шадар сайд У.Хүрэлсүхийг нэн түвэгтэй байдалд оруулж дөнгөлөө. 

Засгийн газрын Шадар сайд сайн дураараа өргөдлөө өгч энгийн хүн болж хувираад, гудамжнаас сайн үйл бүтээх гэж буй гэсэн сураг ажиг олон хоног ужгирч сааралгүй биеллээ олов. У.Хүрэлсүх танхимаасаа татгалзаад зогсохгүй Засгийн газрыг унагах, Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатыг албанаас нь огцруулах, МАН-ын дарга М.Энхболдод хариуцлага хүлээлгэх гээд олон тооцоо төлөвлөн ажлын хамт олноосоо явахаар шийдсэн нь үнэн аж. Үнэмлэхүй олонхиороо эрх барьж буй намын нэгэн тод дүр төрх, нийгмийн тольд өөрийн гэсэн ааш араншингаараа элдэв нөлөөгүйгээр тусаж сурсан улстөрч ийн огцом эмзэг алхсан нь юуных вэ? Засгийн ажилд гар нийлээгүйнх үү, намын хэрэгт сэтгэл хоёрдсоных уу?

Утасны яриа. Орчин үеийн хүмүүсийн утасны яриа гэж хог болсон өнөө үед танилууд юу эсийг хөнгөхөн чалчиж болох ч Шадар сайд У.Хүрэлсүхийн гэх тэрхүү бичлэгт өгүүлж буйгаар бол, Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөгч намын Тулга ах ялалт байгуулсан гавьяаны тал нь У.Хүрэлсүхийн зүтгэлээр бий болсон мэт. Энэхүү ноцтой магтаал талархлыг найруулагч Баатар хэлж буй нь сонсогдоно. У.Хүрэлсүхийн зүгээс яриаг дуусгах, эрчийг нь сулруулах гэсэн ородлого гаргаж байгаа нь үг болоод хоолойн өнгөөс анзаарагдана. Ярилцагч “Херо” Баатар, У.Хүрэлсүх нар уг бичлэгийг нууц ажиллагаа явуулах эрх бүхий байгууллага улс төрийн зорилгоор тараасан гэж хардаж байгаа. Шадар сайд албан тушаалаасаа чөлөөлөгдөх өргөдөлдөө Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатыг улс төрийн бохир үйл ажиллагаа явуулж байгаа учраас хамтран зүтгэх итгэл үнэмшилгүй болж байгаагаа учирласан нь ч үүнтэй холбоотой болов уу. Гэвч МАН-ын гишүүдийн хувьд У.Хүрэлсүхийг “урвагч Топор” хэмээн зүхэх болов. Ийнхүү намынхаа эсрэг урвагч, тагнуулч болон хувирчихаад буй нь төдийгөөс өдий хүртэл сайн муугаараа дуудуулан байж “мужик” нэр олж авсан эрийн хувьд байж боломгүй шившиг. Шадар сайд байснаас мужикаараа үлдсэн нь дээр байсан юм. Одоо аль ч үгүй болж мэдэх эрсдэлтэй улс төрийг У.Хүрэлсүх өөрөө эхлүүллээ.  

60 тэрбум. Энэ бичлэг цацагдаад жил гаруй хугацаа өнгөрч буй боловч Ерөнхийлөгчийн сонгуулиар гэнэт өндөрт гарч, энэ өдрүүдэд эрчээ аван давшилж байна. Урт настай, удаан түүхтэй эд бололтой. Тэр бичлэгийг хийх үед байсан, байгаагүйгээрээ МАН дотоодын эрэл хайгуулд дэмий л шатаж эхэллээ. Эвлүүлэг мөн бишээр хөөцөлдөх нь эмгэнэлтэй. Үнэндээ хэн байсан, хэн хэлсэн, хэн хэрэгжүүлсэн, эсвэл хэрэгжүүлэх гэж байсан нь улиг домог. Энэ бол Монголын өнгөрсөн 20 гаруй жилийн бохир улс төрийг эвлүүлсэн баримтат цомог бөгөөд ганц МАН гэлтгүй АН-ын санхүүжилтийн зарчмыг илчилсэн бодит бичлэг мөнөөс мөн билээ. 

Шадар сайд У.Хүрэлсүх Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатад хаягласан өргөдөлдөө төрийн албыг үнэлж зарсан 60 тэрбумын хэргийг хаацайлж байгаатай эвлэрч чадахгүй гэдгээ мэдэгджээ. 60 тэрбумын хэрэг нь эвлүүлэг мөн, бишийн хэрүүл жил гаруй үргэлжилсний дараа л нэг юм арай гэж У.Хүрэлсүхийн үзэн ядах сэтгэл гэнэт бадарсан нь хачирхалтай. Хэрэв найруулагчтай ярьсан бичлэг нь задраагүй бол 60 тэрбумыг огцом үзэн ядаа ч уу, үгүй ч үү. 

У.Хүрэлсүх энэ удаа урвагчаар тодорч ичсэндээ 60 тэрбумын эсрэг хөдөллөө. Нэгэнт түүний хувьд шийдвэрээ гаргасан тул энэ мэт учир шалтгааныг нь хаяад, сайн үйлийн төлөөх урам зоригт нь амжилт хүсэх хэрэгтэй. Арваад жилийн өмнө нэгэн томоохон улстөрч Солонгост ажилладаг ах, эгч нарынхаа явуулсан мөнгөөр л том байшинд сууж, том машин унаж байгаагаа түгдэрч ээрэлгүй тасхийтэл хариулсан байдаг. Тэгвэл энэ удаа хэдэн арван тэрбумаар яригдах авлигын өгөө авааг төрийн хэргээс бүрмөсөн холдуулах том галт тэрэг МАН-аас эхлэн хөдлөх болтугай. Тэрхүү галт тэрэгний жолоог У.Хүрэлсүх атгахыг ч байг гэх газаргүй. 

Шадар сайд У.Хүрэлсүхийн ирээдүйг МАН-аас ангид, бүр тодруулбал Ерөнхийлөгч Х.Баттулгатай үгсэн хуйвалдах замаар улс төр хийх явдал мэтээр таамаглах хүмүүс байна. Ийм байлгахыг ганцхан нөгөө найруулагч л хүссэн байж магад. МАН-ын одоо болон ирээдүйн амьдралд тод үүрэг, хариуцлагатай оролцох, тодорхой манлайллыг байнга бий болгосоор байх ёстой гэдгээ У.Хүрэлсүх сайн мэддэг. Цэргийн хуаран, нам хоёр түүнд аз ёндоонд сохроор итгэхгүй байх хат суулгасан байх учиртай. Хэрэв тэр ээлжээ ирсэн гэж үзвэл “Женко”-гийн найруулагчтай найруулагчгүй өөрийнхөө улс төрийг өөрийнхөө өнгөн дээр, намынхаа бодлогыг бат сахин хийнэ гэсэн бодолтой явсан болов уу. Харин утасны бичлэг л түүнийг жаал хүүхэд шиг эмзэг огцом алхам хийхэд хүргэж орхисноос биш...

МАН-ын их хурал аравдугаар сарын эхээр болох сураг байна. Энэ их хурлаар У.Хүрэлсүхийн “амьд” яриа намын олон түмэнд хүрнэ. Түүний галт тэрэг хаа хүрэх нь 2020 оны сонгууль хүртэлх улс төрийн нэгэн содон өнгө байх нь гарцаагүй болов.

 

Хамгийн их уншилттай
1
2024.03.17
“Монгол түйрэн” маргааш ирнэ гэж БНСУ-д анхааруулав
2
2024.03.09
Миягино дэвжээг хаах шийдвэр гарчээ
3
2024.03.11
“Оскар”-ын түүхэн дэх 13 эвгүй явдал
холбоотой мэдээ
1
1 цагийн өмнө
Монголын багууд 3х3 сагсан бөмбөгийн Азийн цомын эхний тоглолтдоо хожлоо
2
2 цагийн өмнө
4 дүгээр сарын цаг агаарын урьдчилсан мэдээ
3
3 цагийн өмнө
Баасан гарагийн 15 цагаас эхлээд хүмүүсийн ааш хоёр дахин сайхан болдог
санал болгох
1
5 цагийн өмнө
Зүгээр л тухла | М Харилцагчийн төвийн онцлох 4 зүйл
2
Өчигдөр
Таны ордыг илэрхийлэх кинонууд: Melancholia, Suspiria, Bande à Part
3
Өчигдөр
Өнөө цагийн сэтгэл татам жүжигчдийн нэг Сидней Свинигийн тухай 19 баримт

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
43
10
21
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.