Хайх зүйлээ бичнэ үү

Европыг “Madame The Glam Monaco” тэмцээнд Монголыг төлөөлж явах мисс Г.Оюунгэрэлтэй өрнүүлсэн ярилцлагыг хүлээн авна уу.

Загварын салбарт олон жил ажилласан туршлагатай загвар өмсөгчийн хувьд та салбарынхаа хөгжилд хэр сэтгэл хангалуун явдаг вэ? Азид гаргасан амжилтаа ахиулж Европ руу тэмцээнд явах гэж байгаа гэж сонссон юм байна? 

Загварын салбарт 15 жил тасралтгүй ажилллаж байгаагийн хувьд салбар маань ямар замналаар, хэрхэн хөгжиж байгаа тухай дотроо бодож явдаг зүйл надад олон бий. Баярлуулахаар бас бухимдуулахаар зүйлийн аль аль нь байна. Чадал, чансаатай, хүчирхэг загвар өмсөгчид нэг дор олноор гарч ирсэн 2000 оны эхэнд дотоодын дизайнерууд маань яг үнэндээ хүчтэй байсангүй. Харин өнөөдөр дизайнерууд маань хүчирхэгжиж, хэрэглэгчид дотоодод урласан хувцсыг дуртайяа өмсөх болж. Энэ бол их том дэвшил. Өөрөөр хэлбэр загвар өмсөгч, дизайнер, зурагчин гэх мэт энэ салбарт ажиллаж буй уран бүтээлчдийн эцсийн зорилго бол хувцас борлуулах. Нөгөө талаар шинэ залуу загвар өмсөгчид маань үнэхээр хүчтэй, золбоолог гарч ирж байгаад сэтгэл хангалуун байгаа. Мэдээж дотоодын зах зээл маань тийм ч том биш учраас бид гадагшаа зах зээлээ тэлэх тухай байнга бодож, төлөвлөж, мөрөөдөж ирсэн. Энэ удаагийн миний оролцох “Madame The Glam Monaco” бол Европ руу гарах том гарц. Би хувьдаа загвар өмсөгчийн карьераа ахиулах том боломж гэж харж байгаа. 

Европын загварын ертөнц шинэ, содон Ази төрхийг байнга эрэлхийлж байна. Өнөөдөр тансаг зэрэглэлийн бүтээгдэхүүн үйлчилгээний зах зээлийн үндсэн хэрэглэгчид нь Азиуд болж байна. Тиймээс энэ зах зээл рүү бид хүссэн хүсээгүй анхаарал тавих ёстой. 

Европын зах зээлд Монгол загвар өмсөгчдийн өрсөлдөх давуу тал юу байх бол? 

Монгол загвар өмсөгчдөд миний ажигласнаар, сондгой содон ялгарч чаддаг нэг том давуу тал бий. Энэ нь бидний биеийн хэлбэр бас төрх. Бид Ази гэж европчуудын ойлгодог хэлбэр дүрснээс ондоо. Жишээ нь, миний бие европ стандарттай, яг таг Ази царайнаас арай өөр. 

Энэ удаагийн тэмцээн болох Монако улс миний хувьд өмнө нь очиж байгаагүй шинэ газар, нөгөө талаар загварын томчууд бүгд ирэх учраас үнэхээр догдолж, бас бэлтгэлээ маш сайн хангахыг хичээж байна. 

Нөгөө талаар бидний соёл бол маш том өрсөлдөх давуу тал. Би сүүлийн финалын тоглолт дээр монгол үндэсний бүжгийг үндэсний хувцастайгаа, уртын дуун дээр бүжиглэх гэж байгаа. Аль болох Европчуудын өмнө нь харж, мэдэрч байгаагүй монгол хувцас, хэрэглэлээр анхаарлыг нь татах зорилготой байна. 

Монголын загвар өмсөгчдийг олон улсын түвшинд зуучилдаг мэргэжлийн агентлагийн эрэлт хэрэгцээ өндөр байгаа гэж боддог. Энэ тухай бодлоосоо хуваалцаач? 

Тэгэлгүй яахав. Бидэнд дотооддоо моделиудаа өндөр түвшинд бэлтгэх боломж, чадавхи нь байна. Эргээд энэ салбарыг ашигтай бизнес утгаар нь харж хөрөнгө оруулалт хийгээд, мэргэжлийн түвшинд удирдаж явах баг дутаж ирснийг манай салбарынхан бүгд хүлээн зөвшөөрнө. Гадагшаа мэргэжлийн загвар өмсөгч нийлүүлдэг, өндөр хэлцлүүд хийдэг ажлыг хүний наймаа хийх гэж байгаа мэтээр хардаг, ойлгодог хүмүүс ч бий. Гол нь дэлхий ийм хурдтай хөгжиж байхад бид хэдий болтол хэдэн биенээ муулаад шинэ санал санаачлагыг дарж суух вэ? Нэг том брэндийн нүүр царайгаар нэг загвар өмсөгчөө сонгуулж чадахад л орж ирэх мөнгөн дүнгээс гадна улсаа сурталчлах соёлын том элемент болно. Загварын салбараа бид өргөн утгаар харах цаг болсон. Монгол дизайнерууд ч гадагшаа гарах хүсэл мөрөөдөлтэй, авъяастай. Яагаад энэ тал дээр бодлогын дэмжлэг байдаггүй юм бэ л гэж их бухимддаг. Тамирчдад санхүүжилт олгодог шигээ яагаад гоо сайхны олимпод оролцож байгаа, улсынхаа нэрийг гаргаж байгаа загвар өмсөгч, миссүүдээ дэмждэггүй юм бэ? 

Мэргэшсэн агентлаг байгуулагдаад моделиуддаа ч гэсэн хатуу шаардлага тавиад, хууль эрхзүйн асуудлуудыг нь цэгцлээд явахад энэ салбарт маш их боломж байна. Яг үнэндээ өнөөдөр Монголын загварын салбарт хууль эрхзүйн зохицуулалт алга. Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг зөрчих гэх мэт асуудлууд зөндөө байхад хэн ч асуудал болгож ярьдаггүй. Үүнийгээ хэлэх зоригтой хүн ч алга. Бие хаа, зүс царай сайтай эмэгтэйг доромжлох шалтгаан нийгэмд олон байгаа учраас айдаг байх. Өөрөөр хэлбэл манай салбар зөв голдрилдоо орж амжаагүй байна. Оруулахын төлөө дор бүрнээ хичээх хэрэгтэй. 

Загвар өмсөгч бол залуу насны ажил. Нөгөө талаар чадалтай, чансаатай загвар өмсөгчид нь хүнтэй суумагцаа таг болдог. Хүнтэй суухдаа ихэвчлэн мөнгөтэй хүнийг сонгодог гээд нийгэмд элдвээр хэлэгдэх шалтгаанууд байдаг юм болов уу?

Мэдээж алдаа оноо байлгүй яахав. Загварын салбар луу орохдоо хүн бүр өмнөө өөр өөр зорилго тавьдаг байх. Нөгөө талаар бидний амьдрал хүний нүдэн дээр ил байдаг нь гоочлуулах гол шалтгаан болдог. Гэр бүлийн салалт, тогтворгүй амьдрал зөвхөн бидний биш дэлхий нийтийн асуудал болж байна. Гэхдээ энэ салбарыг өнгөлж явсан зарим хүмүүс гэр бүлийн тогтворгүй байдалтай холбоотой асуудалд орооцолдсон нь нэг үхрийн эвэр доргивол мянган үхрийн эвэр доргино гэдэг нь болсон. Үнэндээ бид нар өнөөдөр нэг салбарыг нэг юм уу хэсэг бүлэг хүмүүсийн амьдралын хэмнэлээр дүгнэж болохгүй. Мэдлэгтэй, чадалтай, мөрөөдөлтэй маш олон хүн байна. Шинэ залуу үе үнэхээр мэргэжлийн мундаг гарч ирж байна. Мэргэжлийн ажлыг нь хувийн амьдралтай нь хольж хутгахаа л болимоор байна. Хүний л амьдрал юм чинь юу ч тохиолдож болно. 

Хүнтэй суугаад алга болчихдог гэдэг өмнөх асуулт маань эрчүүдийн мөн чанартай илүү холбогдох байх. Өөрийн тань хувьд сүүлийн жилүүдэд гэр бүлийн амьдралдаа чухал ач холбогдол өгсөн гэж бодож байна? 

Монгол эр хүний эзэн нь юмаа мэдэж, эрэг нь усаа хашина гэдэг сэтгэлгээтэй холбоотой байх. Мэдээж эхнэрийнхээ ажлыг олны өмнө биеэ гайхуулах гэж харж байгаа бол тайзан дээр гарахыг нь зөвшөөрөөд хэрэггүй шүү дээ. Хүний хандлагын л асуудал. Миний хань намайг загвар өмсөгч байхад л авч суусан, цаашид загвар өмсөөд явахад ч дургүйцээд байх юм байхгүй. Загвар өмсөгч бол мэргэжил гэдгийг хүлээн зөвшөөрдөг учраас. Энэ удаагийн Монакод болох тэмцээнд ч хань маань найдвартай түшиг, тулгуур болж надтай хамт явж байгаа. Хүний охин үрийг авч суучихаад хүсэл мөрөөдлийг нь хааж бооно гэдэг бол сайн эрийн шинж биш байх аа. 

Та загварын салбарын маркетингийн чиглэлээр Солонгост мастераа хамгаалсан гэсэн. Энэ чиглэлээрээ ажилласан уу? 

Би фэшн маркетинг хийж байгаа нь энэ гээд өнгөрсөн хугацааны ажлуудаа айхтар дөвийлгөөгүй ч яг энэ чиглэлдээ хийж бүтээж яваа. Katya Zol-ийн Нью-Йоркийн загварын шоун дээр яг энэ чиглэлээрээ ажилласан. Сүүлд UB City клубын сурталчилгааны ажлыг хариуцаж хийлээ. Яривал багагүй ажил бий. 

“Madame the Glam Monaco” тэмцээнээс ямар хүлээлттэй байна вэ?

Миний хувьд шинэ ертөнц. Гэхдээ Азийн зах зээлд хуримтлуулсан туршлага маань бусдаас дутахгүй өрсөлдөх боломжийг олгоно гэдэгт итгэлтэй байна. Өөрт байгаа бүхий л боломжоо ашиглаж, Монгол гэдэг нэрийг загварын салбарын нөлөө бүхий хүмүүсийн анхаарлын төвд оруулахыг л хүсч байна даа. 


Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
17
33
12
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (1)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

LUCY 2022.02.27 185.225.234.140

Сайн мэдээ! Энэ нь Засгийн газраас COVID 19-ийн санхүүгийн нөлөөлөлд өртсөн хүн бүрт ECT BANKS-аар дамжуулан жижиг, дунд бизнест 50,000-90,000 ам.долларын дэмжлэг үзүүлэх санхүүгийн буцалтгүй тусламж үзүүлж байгааг олон нийтэд мэдээлэх зорилготой юм. Сонирхсон өргөдөл гаргагч нь support@ectbanks хаягаар хүсэлтээ илгээнэ. .com Би АНУ-аас ирсэн Люси боловч Европт амьдардаг

0 Хариулах