Хайх зүйлээ бичнэ үү

5 мин

Премьер лигийн дасгалжуулагчид залуудаа ямар тоглогч байсан бэ 1

Арсен Венгер хөлбөмбөгчийн хувьд онцгой тодорсон юм байхгүй.


Дэлхийн хамгийн сонирхолтой лиг гэгдээд байгаа Английн хөлбөмбөгийн Премьер лигийн шинэ улирал эхлээд хоёр тойрог өнгөрлөө. Энэ лигийг сонирхолтой болгож байгаа гол зүйл бол дасгалжуулагч нар. Бөмбөрцгийн ихэнх шилдэг мэргэжилтэн энд цугласан тул Премьер лигийг “Дасгалжуулагч нарын ДАШТ” гэж ч нэрлэдэг болсон. Моуриньо, Конте, Гвардиола, Венгер гээд л томчууд Будант Альбионд ухаан чадлаа уралдуулж байгаа. Ингээд энэ мэргэжилтэн дасгалжуулагч нар ид залуудаа ямар хөлбөмбөгчид байсныг эргэн нэг санацгаая. Эхний хэсэгт Английн том 6 багийн дасгалжуулагчдыг авч үзье.

“Челси” Лондон
Антонио Конте

Италийн Леччед 1969 оны долоодугаар сарын 31-нд төрсөн Конте 1985-2004 онд ногоон талбайд тоглосон. Төвийн хагас хамгаалагч.
Тоглож байсан хамгийн том баг- “Ювентус” (Турин, Итали, 1991-2004)
Хамгийн том шагнал- Аваргуудын лигийн аварга 1995/96

Шигшээ баг- 21 тоглож, 2 гоол оруулсан. 1994 оны ДАШТ-д 2 тоглосон бол 2000 оны Европын АШТ-д 3 тоглохдоо нэг гайхалтай сайхан гоол оруулсан. Энэ хоёр тэмцээнд Скуадра адзура мөнгөн медаль хүртсэн.
“Лечче”-д хэдэн жил тоглоод “Юве”-д элсэж, Италийн 5, Италийн Цомын 1, Италийн Супер цомын 3 удаагийн аварга болж, Аваргуудын лиг, УЕФА-гийн Цом, Интертото цомд тус бүр нэг удаа түрүүлсэн. 1990-өөд оны сүүлээр багийнхаа ахлагч болсон. Нэг үгээр хэлэхэд тун сайн хөлбөмбөгч байсан билээ.

“Тоттенхэм Хотспур” Лондон
Маурисио Почеттино

Аргентиний Мурфид 1972 оны гуравдугаар сарын 2-нд төрсөн. 1988 онд мэргэжлийн хөлбөмбөгч болж, 2006 онд зодог тайлсан. Төвийн хамгаалагч.
Тоглож байсан хамгийн том баг- “Эспаньол” (Испани, 1994-2000, 2004-2006)
Хамгийн том шагнал- Испанийн Цом (1999/2000, 2005/06)

Шигшээ баг- 1991 оны залуучуудын ДАШТ-д багийн ахлагч байсан. Үндсэн шигшээтэй цуг 2002 оны ДАШТ-д оролцсон. Шигшээ багт нийт 20 тоглож, 2 гоол хийсэн.
Маурисио Почеттино тодорч товойхгүй ч тогтвортой тоглодог хөлбөмбөгч байсан. “Эспаньол”-д байхдаа “Реал”, “Барса”-тай өрсөлдөн, хоёр ч цом хүртсэн. 2001 онд “Пари Сен Жермен”-д Интертото цом авсан. 2006 онд Испанийн цомыг хүртээд зодог тайлсан.

“Манчестер Сити”
Хосеп Гвардиола

1971 оны нэгдүгээр сарын 18-нд Испанийн Сантпедорт төрсөн. 1988-2006 онд хөлбөмбөг тоглосон. Төвийн хагас хамгаалагч.
Тоглож байсан хамгийн том баг- “Барселона” (1990-2001)
Хамгийн том шагнал- Аваргуудын лигийн аварга 1991/92

Шигшээ баг- Испанийн шигшээд 47 тоглохдоо 5 гоол оруулсан. 1992 оны олимпийн аварга (6 тоглолт, 1 гоол, шилдэг тоглогчийн шагнал). 1994 оны ДАШТ-д 2 тоглож, 1 гоол оруулсан, 2000 оны Еврод 4 удаа талбайд гарсан. Мөн Каталоны шигшээ багт 7 удаа тоглосон.
Гвардиола найдвартай тоглолтоороо талбайн төвийг эзэгнэдэг, техник сайтай, талбайг сайн хардаг, оновчтой дамжуулалт хийдэг тоглогч байсан. “Барса”-д 16 цом хүртээд Италийн “Брешиа”-д шилжсэн. Дараа нь “Рома”, Катарын “Аль-Ахли”, Мексикийн “Дорадос”-т тоглож байгаад зодог тайлсан.

“Ливерпуль”
Юрген Клопп

1967 оны зургаадугаар сарын 16-нд Германы Штутгарт хотод төрсөн бөгөөд тоглогчийн замнал нь 1987-2001 онд үргэлжилсэн. Баруун хамгаалагч, төвийн довтлогч.  
Тоглож байсан хамгийн том баг- “Майнц” (1990-2001)
Хамгийн том шагнал- Ер нь шагнал, цом аваагүй л дээ.

Шигшээ баг- Германы шигшээгийнхээ тоглолтыг зурагтаар л харсан.
Хамгаалалт, довтолгооны алинд ч тоглох универсал хөлбөмбөгч байсан ч Клопп жинхэнэ Бундеслигт нэг ч тоглож үзээгүй. Харин хоёрдугаар лигт 325 удаа тоглосон нь энэ лигийн рекорд амжилт. 52 гоол хийсэн нь лигдээ 2-т бичигдэх амжилт. Германы Цомын тэмцээнд 16 тоглож, 5 гоол, 1 оновчтой дамжуулалт бүртгүүлсэн. “Майнц” багийн нэг тоглолтод 4 гоол оруулсан цорын ганц тоглогч. Хөлбөмбөг тоглож байхдаа Франкфуртын их сургуулийг дүүргэж, Кёльн хотын их сургуулиас мэргэжлийн дасгалжуулагчийн лиценз авсан.

“Арсенал” Лондон
Арсен Венгер

Францын Страсбург хотод 1949 оны аравдугаар сарын 22-нд төрсөн. 1969-1981 онд мэргэжлийн хөлбөмбөгч байсан хүн. Төвийн хамгаалагч.
Тоглож байсан хамгийн том баг- “Страсбур” (1978-1981)
Хамгийн том шагнал- Францын аварга (1978/79)

Шигшээ баг- Зүүдэнд нь ч ороогүй.
Венгер хөлбөмбөгчийн хувьд онцгой тодорсон юм байхгүй. 24 настайдаа анхны гэрээгээ “Мюциг” хэмээх багтай байгуулж байв. Мэргэжлийн боловч хэний ч мэдэхгүй багуудаар хэссэний эцэст 1978 онд “Страсбур”-т орж чадсан. 191 см өндөр төвийн хамгаалагч Арсен энэ багт 3 жил тоглохдоо 12 тоглолтод оролцсон. Гэхдээ Францын аварга болоод амжсан.

“Манчестер Юнайтед”
Жозе Моуриньо

Португалийн Сетубалд 1963 оны нэгдүгээр сарын 26-нд төрсөн. 1980-1987 онд төвийн хагас хамгаалагчийн байрлалд тоглож байсан.
Тоглож байсан хамгийн том баг- “Белененсеш” (Португал,1982/83)
Хамгийн том шагнал- Мөрөөдөх үе бол байсан.

Шигшээ баг- Энэ талаар харин бодож ч байгаагүй.
Моуриньогийн хөлбөмбөгчийн замнал тун богинохон. Угийн ухаалаг хүн тул амжилт гавьяа гаргахгүйгээ мэдээд хорин хэдэн насандаа л зодог тайлсан. 1980-1982 онд “Риу Аве”-д тоглож, “Белененсеш”-д уригдсан. Том баг биш ч бас гэж хэд хэдэн цомтой. 1982 “Белененсеш” хоёрдугаар лигт тоглож, Моур талбайд 16 удаа гарч, 2 гоол оруулсан ч баг нь дээд лигт орж чадсангүй. Ингээд л Жозе дахин өөр хэд хэдэн багт тоглосны эцэст 1987 онд цагаа дэмий үрэхээ болихоор шийдэн, зодог тайлсан.
Үргэлжлэл бий...

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.03.30
Fla ээлжит нэгэн “дисс” дуугаа цацлаа
холбоотой мэдээ
1
2019.01.04
Тони Кроосын амьдралын дүрэм буюу түүний тухай 17 баримт
2
2019.01.03
Роналду Инстаграмд 150 сая дагагчтай анхны хүн боллоо
3
2019.01.03
Талбайд тоглогчидтой цуг гардаг хүүхдүүд хэдийг төлдөг вэ
санал болгох
1
3 өдрийн өмнө
Netflix-ийн хамгийн их хандалттай "3 Body Problem" цувралын тухай 8 баримт
2
2024.04.11
Сэтгэл зүйчид хандах цаг нь болжээ гэдгийг батлах 7 шинж тэмдэг
3
2024.04.10
Хүмүүсийн дахиж хэзээ ч үзэхгүй гэж ам тангараг өргөсөн 15 аймшгийн кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
48
13
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.