Хайх зүйлээ бичнэ үү

4 мин

У.Хүрэлсүхээс хүлээх ганцхан гавьяа


 

УИХ-д өчигдөр өргөн барьсан Ж.Эрдэнэбатын Засгийн газрыг огцруулах бичиг сураг ч үгүй байх сар гаруйн өмнөөс дараагийн Ерөнхий сайдын нэр тодорхой болсон билээ. Халагдах өргөдлөө өгчихөөд байгаа Шадар сайд У.Хүрэлсүх шинэ Засгийн газрыг ч тэргүүлж, намын удирдлагаа ч авахаар эрс хөдлөв. Үйл явдлын хурд, нөхцөл байдлыг ажихад түүний төлөвлөгөө тун удахгүй биеллээ олох нь тодорхой болж байна. Ийнхүү эрх барьж буй улс төрийн намын дарга бөгөөд Ерөнхий сайд гэсэн стандарт сэнтийд У.Хүрэлсүх очиж, МАН-д томоохон хөдөлгөөн өрнөхийг бид харах болох нь.         

Одоогоос найман жилийн өмнө Ерөнхийлөгчийн 2009 оны сонгуульд ялагдсаны дараа МАН буюу тухайн үеийн МАХН-д болж өнгөрсөн үйл явдлыг одоогийн МАН-д ид өрнөж буй үйл явдалтай адилтгах сонирхол ялангуяа АН-ын зүгээс илэрч эхэллээ. Н.Энхбаяр МАН-аас МАХН-ыг тусгаарлаж, гурав дахь хүчний орон зайг эзэлсэн нь АН-д сонгуулийн буян хишгээ хайрласаар ирсэн. МАН-ыг хагалан бутаргах шалтаг бүрийг АН өлгөн авч хөөргөддөг нь гэм биш зан. Засгийн газрыг огцруулахаар санал нэгдсэн хөдөлгөөн яваандаа М.Энхболд, У.Хүрэлсүхийн хооронд эвлэршгүй тэмцэл дэгдээн, үр дүнд нь МАН хагаран бутрах боломжтой ч энэ нь хэнд нь ч ашиггүй хувилбар гэдгийг эл хоёр эрхэм, ялангуяа М.Энхболд өнгөрсөн найман жилийн түүхээс яс махаараа мэдэрсэн гэдэгт найдъя. Тэгээд ч хорин настай, хонгор зүстэйгээсээ улс төрийн нам бараадсан У.Хүрэлсүх үе солигдох торгон агшин өөр рүү нь эргэхийг эс андан, үйл явцад улс төрийн ёс зүйтэй хандах бэлтгэлтэй байгаа биз ээ. Тиймээс энэхүү хөдөлгөөнийг МАН-д уламжлагдан ирсэн үе солигдох үйл явц хэмээн эрүүлээр сэтгэхийг урьтал болгоод үзье.

МАН-ын 30 гишүүн гарын үсэг зурсан, УИХ-ын гишүүн Т.Аюурсайханаар авторлагдсан Засгийн газрыг огцруулах бичгийн ам бүл ойрын 14 хоногийн хугацаанд өөрийн болон өрөөлийн бүлгээс багаар бодоход 10 гишүүнээр нэмэгдэх тооцоо бий. МАН-аас Т.Аюурсайхан, Б.Батзориг, О.Батнасан, Б.Баттөмөр, Х.Болорчулуун, Ж.Ганбаатар, Д.Гантулга, Ц.Гарамжав, Ц.Даваасүрэн, Д.Дамба-Очир, Б.Жавхлан, Г.Занданшатар, Х.Нямбаатар, М.Оюунчимэг, Л.Оюун-Эрдэнэ, Ш.Раднаасэд, Д.Сарангэрэл, Я.Содбаатар, Г.Солтан, Д.Сумъяабазар, А.Сүхбат, Д.Тогтохсүрэн, Н.Учрал, Ч.Хүрэлбаатар, Д.Цогтбаатар, С.Чинзориг, Л.Элдэв-Очир, Б.Энх-Амгалан, Ж.Энхбаяр, Л.Энхболд нарын 30 гишүүн гарын үсэг зурсан бөгөөд санал хураах чуулганы хуралдаан дээр Н.Энхболд, Д.Лүндээжанцан, Ц.Нямдорж, Д.Тэрбишдагва, Ө.Энхтүвшин нар эдгээр 30-тай нэг кноптой байхаа илэрхийлсэн сурагтай. Үүнээс харахад Засгийн газрыг огцруулах явдлаар улбаалан МАН-ын удирдлагад У.Хүрэлсүхийн команд ирэхийг хүлээн зөвшөөрөгсөд нь зөвхөн залуус төдийгүй ахмад улстөрчдөөр эгнээгээ тэлсэн байх дүр зураг харагдаж байна.

 Өмнөх Засгийн газрын бялуу хуваарилалтаас горьдсон ч гомдож хоцрогсдын даага нэхэх санаархал М.Энхболдын үеийг У.Хүрэлсүхийнхээр солих түүхэн үйл явдал энэ намрын “халуун” өдрүүдэд өрнөхөд чухал гишгүүр болж буй нь ойлгомжтой. 30 гишүүний хэд нь шинэ Засгийн газраас сайдын суудлаар шагнагдахыг харах нь ердөө цаг хугацааны л асуудал. Сүүлийн 25 жилд 15 Засгийн газар огцрохыг үзсэн монголчууд албан тушаалын бялуу хуваарилалтын шалтгааныг одоо ойлгохтойгоо болсон.

Улс төрийн том намд үе солигдох торгон мөч айлчилж байхад бялуу зэрэг ч “яамай” гэе. Гэвч гарын үсэг болгоныг сайдын суудлаар шагнах аваас үе солигдсоны хэрэг гарахгүй. Тиймээс олон нийт У.Хүрэлсүхээс ганцхан зүйлийг л хүлээж байгаа. Нэг Засгийг нөгөөгөөр солилоо гэхэд МАН сонгуулиар амалсан мэргэжлийн Засгийн газраа байгуулбал, төрийн албыг тэрбум тэрбумаар наймаалдгаа У.Хүрэлсүхийн үед таслан зогсоож чадвал болох нь тэр ээ. Хэрэв ярьж хэлж байгаа шигээ 60 тэрбумын хэрэг явдлын эсрэг тууштай ажиллаж чадвал сүүлийн 25 жилд 15 Засгийн газар огцруулж, тэр бүрт албан тушаал наймаалан санхүүжиж сурсан АН, МАН-ын улс төрд “У.Хүрэлсүхийн үе” хэмээн онцлох ганцхан гавьяа ирээдүйд энэ л болж үлдэнэ. Эдийн засагт эерэг өөрчлөлт гаргасан, У.Хүрэлсүхийн “цэргүүд” эх орон, ард түмнээ бодож, үнэнч шударгаар ажилласан, мэргэжлийн Засгийн газар байгуулагдаасай билээ.  

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
14 цагийн өмнө
Кино тэмдэглэл: "Amélie” ба хувь тавилан
2
18 цагийн өмнө
Амралтын өдрүүдийн зурхай IV.27-IV.28
3
18 цагийн өмнө
23 настай Фил Фоден Премьер лигт 50 гоолын босго давлаа
санал болгох
1
20 цагийн өмнө
Японы амьтны хүрээлэн усны үхрээ үнэндээ эмэгтэй байсныг 7 жилийн дараа мэджээ
2
Уржигдар
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
3
3 өдрийн өмнө
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
14
32
20
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.