Хайх зүйлээ бичнэ үү

6 мин

Конорын бензин дуусаж, “Зууны шоу” тарлаа

Тиймээ, бид хэдэн сар хэвлэл мэдээллээр сурталчилсан, нэрлэж байсан шиг “Зууны тулаан” үзээгүй.


Дэлхий нийтийн анхаарлыг татаж, бараг хүн бүрийн ярианы сэдэв болоод байгаа мэргэжлийн боксын ялагдалгүй их аварга Флойд Мейведер холимог тулааны UFC холбооны хоёр жингийн аварга Конор МакГрегор нарын тулааны цаг боллоо. Бөмбөрцөг дэлхий эргэх ээ болив уу гэлтэй нам жим болж, цагийн зөрүү огт хамаагүй бүгд цэнхэр дэлгэцийнхээ өмнө суужээ.

Мэргэжилтэн шинжээчид энэ тулаан хэрхэн явагдах талаар олон таамаг гаргасан. Юуны өмнө тоглолтын талаарх мэдээ гарч эхлэснээс хойш мэргэжлийн боксын оргилд зогсож, таван бүсийн эзэн болсон Флойд боксынхоо дүрмээр Конорт ялагдана гэж байхгүй гэж бүгд үзэж байв. Гэвч удалгүй зохион байгуулагчид, бооцооны газруудын хичээл зүтгэлээр МакГрегор бэлтгэл тун сайн байна, боксын дэлхийн аваргатай бэлтгэл хийж байгаад нам цохиж унагаалаа зэрэг яриа шуугиан гарч, Конорт бооцоо тавих хүний тоо эрс өссөн. Тэр байтугай тэднийг үнэн шударгаар үзэлцэнэ гэдэгт ч итгэхгүй хүмүүс олширч, хэн хэнээ гомдоолгүй тэнцэнэ гэж ярих болсон. Хэн ялснаас үл хамааран Флойд нийт шагналын мөнгө 400 сая ам.доллар, Конор 137 сая орчим авах тул ялахын тулд хичээж зүтгэх хэрэггүй мэт. Гэвч энэ хоёр тамирчин өөртөө дэндүү хайртай хүмүүс тул ялагдахыг хэзээ ч хүсэхгүй. Гэхдээ ялгаатай нь Мэйведер өөрийн талбайд өөрийн спортоор тулалдахаас гадна бүх цаг үеийн шилдэг боксчин хэргэмтэй. Тиймээс итгэл төгс л ялахгүй бол оноогоор ялсан ч түүний нэр хүнд унана. Харин Конор эхний хоёр үед л уначихгүй бол, ядаж 6 үе бүтэн тоглоход л ялсан мэт л хүмүүст үнэлэгдэх байв. За тэгээд Мэйведер бүр ялагдчих юм бол боксчдыг нүдэхэд хялбар юм гэж итгэсэн холимог тулааныхан бараг тэр чигээрээ бокст шилжээд ирэх магадлалтай.

Ингээд тамирчид рингэн дээр гарч ирлээ. Хэвлэлийн хурал дээр арслан бар мэт байсан ирланд залуу биеэ барьж, анхаарлаа төвлөрүүлж байсан бол Флойд усандаа байгаа загас мэт чөлөөтэй байна. Гэхдээ Конор жингээ тавиад Флойдоос хамаагүй том харагдана.
Шүүгч Роберт Берд тоглолтыг эхлүүллээ.

Эхний үеийг Конор авсан. Түүний дороос өлгөж цохисон цохилт Флойдын эрүүнд тусаж, хүчтэй байсан бол хүнд цохилтод ч оруулж болохоор байлаа. Тэр байтугай октагонд байгаа мэт гараа ардаа барин, өрсөлдөгчөө тохуурхаж амжсан.

МакГрегор өрөлтөө баруун, зүүн солин, урагш хатган, дайрах ч Флойд тулааныг хурцатгах огт бодолгүй, хүчээ үрэхгүй хамгаалсаар байна. Хоёрдугаар үеийн дараагаас Конорын биеэ барьсан байдал алга болжээ. Түүнийг дэмжигчдийн царайд ялж магадгүй гэсэн итгэлийн найдвар бага зэрэг төрсөн бол эхний хоёр үед л төрсөн.

Гуравдугаар үед ч Конор дажгүй харагдана. Гэхдээ амьсгал нь дээшилж, цуцаад эхлэв үү гэлтэй. Холимог тулаанд дээд тал нь 5 үе л тулалддаг. Харин Конор ихэнх тулаанаа эхний 3 үед дуусгаж байсан. Тэгэхээр бензин нь дуусаж байгаа юм биш биз. МакГрегор байн байн Флойдийн дагз руу цохиод байсан тул шүүгч сануулга өгч байлаа. Флойд ч өөрөө эргээд Конорыг ардаа гаргаад байгаа тул ийм нөхцөлд бокст яадгийг мэдэхгүй ирланд залуугийн гар хар аяндаа яваад байна.

Дөрөвдүгээр үеэс Конорын хөдөлгөөн удааширч, цуцаад эхэллээ. Гэсэн ч Мэйведер идэвхтэй дайрах бодолгүй байна. Өрсөлдөгчөө цуцсаныг мэдэж байгаа ч хүлээсээр. Энэ бол түүний тактик.

Тавдугаар үеийн сүүл хэсгээс Мэйведер тоглолтыг удирдаж эхэлсэн ч дуусгаж чадсангүй. Конор гүрийсээр. Юу ч хийж мэдэх эвгүй өрсөлдөгчөөсөө Флойд болгоомжилж байна.

6-р үеийг мэдээж Флойд авсан. Конор юм болоогүй мэт царайлан, инээв ч, тэр ялахгүй гэдэг нь үнэнч бишрэгчдэд нь ч тодорхой боллоо.

Долоодугаар үеэс Флойд урагш яван, довтолж, угсраа янз бүрийн цохилт хийн, илт давамгайлсан. Аль эртнээс ингэж чадах байсан ч Конорт бокс тоглож, өөрийгөө харуулах боломж олгож байсан нь илт.

Наймдугаар үе Мэйведерийн бүрэн давамгайлал. Конор юм хийхийг оролдовч тун их ядарсан байна.
Есдүгээр үеийн эхэнд МакГрегор бүсэлхийнээс доогуур хориотой цохилт хийсэн ч тусыг эс олов. Түүний хөл гуйвж, унах дөхөж байсан ч ямар ч гэсэн үе дуустал тэслээ. Гэхдээ богинохон амралтаар сэргэх болов уу. Харин Флойд дахиад 10 үе тоглосон ч бэлэн мэт, нас чацуу мэт л байх аж.

Аравдугаар үед бүх юм дууссан. Тулаан дууслаа, шоу дууслаа. Флойд ирланд залууг үлдэн хөөж, нүдэж байх үед шүүгч Роберт Берд тоглолтыг зогсоосон. Уг нь дахиад жаахан хүлээсэн бол Конор газар унахад ойрхон байлаа. Их мөнгө төлж тулаан үзсэн үзэгчдэд Конорын унахыг харуулчихсан бол шоу бүрэн утгаараа болох байсан ч Роберт Берд шүүгч болохоос шоу хөтлөгч биш билээ.

Ингээд бүгд баяртай, энэ өдрийн шоу дууссан. Шал арчаагүйдээ Конор баяртай, залуу одыг болгож өгсөндөө Флойд баяртай, их мөнгө олсондоо зохион байгуулагчид баяртай, аварга нь ялсанд боксчид баяртай, холимог тулааныг сурталчилж чадсандаа UFC баяртай. Ёстой л нөгөө амар сайхан жаргажээ гэж дуусдаг үлгэр мэт болж өнгөрлөө.

Тиймээ, бид хэдэн сар хэвлэл мэдээллээр сурталчилсан, нэрлэж байсан шиг “Зууны тулаан” үзээгүй. Бид ч тийм тулаан болно гэж хүлээгээгүй. “Сарын тулаан“ гэж нэрлэхэд хэцүү энэ тулаанд Флойд ирланд залууд боксоос юу сурсан, олсон бүхнээ гаргах боломжийг бүрэн дүүрэн өгсөн. Тэгээд дараа нь өөрийнхөө дуусгамаар байсан үед тулааныг дуусгасан. “Эхний хоёр үед түүнийг хийж чаддаг бүх зүйлээ хийг гэж бодсон. Миний бодож байснаас хамаагүй илүү байлаа” гэж Флойд өгөөмрөөр хэлсэн.

Ингээд элдэвтэй ирланд залууг UFC холбооны ээлжит тулаандаа гарахыг нь хүлээе. Харин Флойд дахиж хэзээ ч рингэнд гарахгүй гэдгээ мэдэгдсэн. Аргагүй шүү дээ, тэр мэргэжлийн бокст 50 тулалдаж, 50 ялсан түүхэн рекорд амжилт тогтоосон. Асар их мөнгө ч оллоо, дахиж рингэн дээр гарах хэрэг байхгүй.

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
2019.01.02
Дэлхийн хамгийн агуу тулаанч эмэгтэй Аманда Нуньес
2
2019.01.01
Видео: Флойд япон "жаалыг" зодоод 9 сая доллар авлаа
3
2018.12.31
Мейведер өшиглүүлэх болгондоо 5 сая доллар авна
санал болгох
1
16 цагийн өмнө
Японы амьтны хүрээлэн усны үхрээ үнэндээ эмэгтэй байсныг 7 жилийн дараа мэджээ
2
Уржигдар
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
3
3 өдрийн өмнө
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
22
43
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.