Хайх зүйлээ бичнэ үү

4 мин

UB LIFE Жагсаалт: Соёл судлаач Д.Индрагийн санал болгох 10 ном

Монгол хүний оюуны соёлын тухай хамгийн сайн мэдлэг өгөхүйц номуудыг соёл судлаач Дашбалбарын Индра санал болголоо.


Оюун ухаант хүн төрөлхтөн буй болсон цагаасаа эхлэн соёлыг бүтээж ирсэн. Монгол хүний оюуны соёлын тухай хамгийн сайн мэдлэг өгөхүйц номуудыг, орчин цагийн соёлын бүтээлүүдийн хамт соёл судлаач Дашбалбарын Индра залуустаа санал болгож байна.

1. “Монголын Нууц Товчоо”

Монголын түүх, уран зохиол, соёл сэтгэлгээ гээд монгол хүн байхын утга учир, чинадын нууцыг гагцхүү энэ номоос ойлгож ухаарна гэж боддог. Монгол хүн бүрийн унших ёстой ном яах аргагүй “Монголын Нууц Товчоо” билээ. 

2.  “Огторгуйн цагаан гарьд” Л.Хүрэлбаатар

Төвдөч эрдэмтэн эрхэм багш Л. Хүрэлбаатарын “Огторгуйн цагаан гарьд” ном нь дорно дахины ард түмний уран сайхны сэтгэлгээ, буддын гүн ухаан, түүх, уран зохиол, яруу найргийн онолын талаар туурвисан 10-аад зохиолыг орчуулан эрдэм шинжилгээний тайлбар хийж гаргасан нь төвд судлал болон утга зохиолын гайхамшигтай бүтээл болон үлдсэн юм. Шар сонины үгээр бичигдээгүй тул уншихад бэрх ч ухаарч чадваас нэн хэрэгтэй бүтээл болно.

3.   "Гэгээнтэн" Г. Мэнд-Ооёо

Монгол ахуй, соёл, сэтгэлгээний олон нарийн мэдлэг мэдээллийг агуулсан, монгол хэлний уран яруу хэл найруулгатай “Гэгээнтэн” романыг уншиж судлахыг та бүхэндээ санал болгож байна. Монголчуудын оюуны соёлын дархлаагаа хэрхэн хамгаалж, нандигнаж ирсэн бодит түүхийг эндээс олж мэдэх боломжтой. 

4.“Сайн, сайхны тухай захидлууд” Д.С.Лихачев 

Зөвлөлтийн нэрт эрдэмтэн, академич Д.С.Лихачев залуу үеийнхэнд хандсан захидалдаа, эх орны тухай, эх оронч үзлийн тухай мөн хүн төрөлхтний хамгийн агуу оюунлаг үнэт зүйлсийн тухай, хүрээлэн буй орчны гоо сайхны тухай, залуусын ёс суртахуун, гоо зүйн боловсролын тухай өгүүлдэг.

5. “Цас” Орхан Памук

Туркийн алдарт зохиолч Нобелийн шагналт Орхан Памукийн “Цас” роман нь номын санд заавал байх ёстой номын нэг гэж боддог. Байгалийн гоо үзэсгэлэн, хайр дурлал, шашинд чин сэтгэлээсээ итгэхийн утга учрыг яруу найрагчийн зүрх сэтгэлээр  дамжуулан гаргаж чадсан бүтээл юм. 

6. “Цаг хугацааны гуниг буюу орон зай дахь дүрсүүд” О.Дашбалбар

Хамгийн хайртай яруу найрагч, хамгийн хайртай хүн болох хайрт аав Очирбатын Дашбалбарын 1995 онд гаргасан энэхүү номд маш их хайртай. Уншигч хүний хувьд аавыг бүтээлдээ аливаа зүйлийг өнгөтөөр амьд буй мэтээр дүрслэн харуулах чадвар, тансаг мэдрэмж, энэрэн хайрлах сэтгэлийг нэн тэргүүнд оруулдаг сэтгэлийг нь маш их хүндэлж хайрладаг билээ. Унших бүрт шив шинэхэн байж чаддаг бүтээл.

7. “Жийдаан Богдын намтар”

Түүнийг Равжаа хутагтын анхны дүр гэлцэх нь бий. Буддын шашинтай хүн бүр лам хутагтын түүх намтар хийгээд буддын шашны мөн чанар, ертөнцийг үзэх үзлийн талаар энгийн бөгөөд сонирхолтой бичигдсэн номыг олж унших хэрэгтэй. Жийдаан Богдын намтар үүнд тусална гэдэгт итгэлтэй байна.

8. “Монгол бөөгийн шашин” О. Пүрэв 

Энэ номыг Монгол хүн бүр унших ёстой гэж боддог. Язгуурын шүтлэг болох Бөө мөргөлийг шинжлэх ухааны үүднээс, шашин болох талаас нь О.Пүрэв гуай маш энгийнээр олон талтай тайлбарласан байдаг. Энэхүү номоос зөвхөн бөө мөргөлийн талаар биш буддын шашин бөө мөргөлтэй хэрхэн нийлэгжиж ирсэн талаар сонирхолтой бөгөөд олон баримт дээр тулгуурлан бичсэн болно. Шашныг бид мухар сүсгээр бус мөн чанарых нь үүднээс судалж шүтэх ёстой билээ.

9. “Монгол бэлгэдэл зүй” С. Дулам

Өдөр тутмын амьдрал хийгээд баяр наадам, тайлга тахилга гэх мэт бүх зан үйл нь өөрийн гэсэн бэлгэдлийг агуулж байдаг. Нүүдлийн соёлтой монгол орны хувьд бэлгэдэлт сэтгэлгээ болвоос оршихуйн үндэс бөгөөд оюуны соёлын гол тулгуур ойлголт нь юм. Энэ бүхнийг танин мэдсэнээр монгол хүний үнэт зүйл оршин тогтнож ирсэн нарийн учрыг ойлгох боломжтой. Энэхүү 4 боть бол айл бүрийн хойморт байх ёстой ном юм. 

10.   “Соёлын түүх гэж юу вэ?” Питер Бёрк

Англи хэлт ард түмний төдийгүй Европ, Ази, Өмнөд Америкийн эх газрууд дахь соёлын түүхийн өнгөрсөн, одоод дүн шинжилгээ хийж ирээдүйн чиг хандлагыг тодорхойлсон ном юм. Соёл судлал, урлаг судлалын чиглэлээр сурч байгаа залууст хэрэгтэй бүтээл гэж үзэж болно.

 

Хамгийн их уншилттай
1
2024.03.17
“Монгол түйрэн” маргааш ирнэ гэж БНСУ-д анхааруулав
2
2024.03.09
Миягино дэвжээг хаах шийдвэр гарчээ
3
2024.03.11
“Оскар”-ын түүхэн дэх 13 эвгүй явдал
холбоотой мэдээ
1
9 цагийн өмнө
Жүжигчин И Дон Ук-ийн Vogue сэтгүүлд авхуулсан халуухан зургууд
2
9 цагийн өмнө
Японд насанд хүрэгчдийн живх хүүхдийн живхнээс илүү борлуулалттай байна
3
10 цагийн өмнө
Таны ордыг илэрхийлэх кинонууд: Melancholia, Suspiria, Bande à Part
санал болгох
1
10 цагийн өмнө
Таны ордыг илэрхийлэх кинонууд: Melancholia, Suspiria, Bande à Part
2
11 цагийн өмнө
Өнөө цагийн сэтгэл татам жүжигчдийн нэг Сидней Свинигийн тухай 19 баримт
3
15 цагийн өмнө
Рөүзийг амьд үлдээсэн Титаникийн "хаалга" 718,750 доллараар зарагджээ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
2
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.