Хайх зүйлээ бичнэ үү

6 мин

Тэд бидний тухай: Сонгуулиас сарын өмнөх Монголын “сүйрлийн” нөхцөл байдал

“Nikkei Asian Review” сэтгүүлийн Дайсүкэ Харашима Монголын сонгуулийн өмнөх нөхцөл байдлын талаар нийтлэл бичсэнийг хөрвүүлэн хүргэж байна.


Тэд бидний тухай

“Nikkei Asian Review” сэтгүүлийн Дайсүкэ Харашима Монголын сонгуулийн өмнөх нөхцөл байдлын талаар нийтлэл бичсэнийг хөрвүүлэн хүргэж байна.  

Улаанбаатарын урд хэсэгт байрлах 18 давхар орон сууц цагтаа аятайхан барилга байв. Харин одоо 1940-өөд онд баригдсан уг сууц юу юугүй нурах гэж байгаа мэт харагдана.  “Хэзээ энийг нураах юм бол? Шинэ байранд орох юмсан” хэмээн тэндхийн давчуу, хүйтэн байруудын нэгэнд амьдардаг Энхбаатар ярилаа.

Хоёр жилийн өмнө Монгол Улсын Засгийн газраас ийм хуучин барилгуудыг нурааж, оронд нь шинээр барилга барихаар шийдвэрлэжээ. Тэдний төлөвлөснөөр, төсөлд ялсан компани өөрийн зардлаар барилгыг буулгаж, шинээр барих бөгөөд дууссан цагт нь улс зардлыг нь барагдуулна. Гэвч Монголын ч, тендерт ялсан компанийн ч “халаас” хоосорсноос барилгын ажил зогсчээ. Төслийг өөр компаниуд авахаар оролдсон ч бүтсэн нь үгүй. Ингээд тэр барилгыг хэзээ нураах нь тодорхойгүй болов.   

Шинээр барих нь нэн эргэлзээтэй болсон учраас өнгөрсөн сард хуучин барилгуудын заримыг нь өнгөцхөн засаж, гадна талыг нь будахаар шийдсэн байна. Эрх баригч Ардчилсан нам АСЕМ-ын зочдод сайхан харагдуулах гэж ингэлээ хэмээн шинжээчид үзэж буй. Би Энхбаатарын барилгыг харахаар очиход Ардчилсан намыг дэмжигч бололтой нэг эмэгтэй зураг авахуулсангүй.

Энэ сарын 29-нд болох сонгуулиар парламентын гишүүдтэй нь холбоотой дуулианаас үүдэн нэлээд шүүмжлүүлсэн Ардчилсан болон Ардын нам эн тэнцүүхэн өрсөлдөх таамагтай буй. Аль нам ялахаас үл хамааран шинэ Засгийн газрын хувьд төсвөө өөд нь татаж, эдийн засгаа сэргээх нь гол ажил байх болно.                                                           

Энхбаатар насаараа энэ байрандаа амьдарчээ. Шинэ барилга баригдахаар түүний гэр бүлд орон сууц өгөхөөр амалсан ч хэзээ баригдах нь тодорхойгүй учир эхнэр, таван хүүхэдтэйгээ 7 ам метр өрөөнд чихэлдэхээс өөр аргагүй болжээ. Цоргоноос нь халуун ус гоождоггүй гал зуух, 00-ийн өрөөгөө бусад айлтай хуваалцана. Жижигхэн сууцандаа зурагт, угаалгын машинтай ч усанд орох аргагүй. Өвөлдөө хасах 20-40 градус хүйтрэх үед байрандаа байж суухын аргагүй болдог гэнэ.

Энхбаатарынхан умгар өрөөндөө долуулаа багтахаа больсон учраас сургуулийн өмнөх насны гурван хүүхдээ нийслэлээс 50 км-ийн зайд байх жижигхэн сууринд айлд байлгаж байгаа аж. Тэд сүү зарж, өдөрт 15 мянган төгрөг олдог. Барилгын нураан барих хүртэл байраа түрээслэх, зээлийн барьцаанд өгөх эрхгүй учир халуун ам бүлээрээ нэг дээвэр дор амьдрах өдрийг хүлээхээс өөр арга түүнд үгүй.  

Зэс, нүүрс ба бусад ашигт малтмалын баялаг нөөц нь Монголын орлогын гол эх үүсвэр. Ийм ч утгаараа тус улс зах зээлийн савлагаанд нэн түрүүнд өртдөг. 2008 оны санхүүгийн хямралаар зэсийн үнэ эрс унаснаас удаах жил нь тус улсын ДНБ 1.3 хувиар агшсан түүхтэй. Харин дараахан нь уул уурхайн бүүм эхэлж, 2011-2013 онд тус улсын эдийн засаг хоёр оронтой тоогоор илэрхийлэгдэх хувиар тэлсэн. Гэвч 2014 онд түүхий эдийн үнэ дахин унаж, эдийн засгийн өсөлт саарав. Монголын ДНБ өнгөрсөн онд 2.3 хувиар өссөн бол энэ онд ердөө 0.8 хувиар өснө гэж Дэлхийн банк тооцоолжээ. 

БНХАУ, ОХУ-ын завсарт хавчигдсан газарзүйн байршил нь худалдааны цөөн хамтрагчтай, Хятадаас хамааралтай болох нөхцөл болсон. БНХАУ Монголын экспортын 80, импортын 30 хувийг бүрдүүлдэг юм. Монгол Өмнөд Америкийн орнуудтай харьцуулахад бага хэмжээний түүхий эд олборлодгоос гадна Хятадын эдийн засгийн хөгжил удааширч, дэд бүтцийн төсөл цөөрч байгаа нь эдийн засгийн уналтад нь нөлөөтэй. Хятадын нүүрсний дотоод зах зээлийн нийлүүлэлт эрэлтээсээ давуу байгаа учраас ойрын хугацаанд хоёр улсын нүүрсний худалдаа нэмэгдэхгүй болов уу.

Монголын эдийн засгийн гэнэтийн уналтын илрэл хаа сайгүй. Чингисийн талбайн хажууханд баригдаж дуусаагүй 25 давхар барилга харагдана. Угтаа барилгын ажил нь хоёр жилийн өмнө эхэлсэн гэнэ лээ. Үүний зэргэлдээ өөр нэг “араг ясан” барилга харагдсан. Парламентын гишүүний хамаатных гэх уг барилга “хаягдаад” бүр дөрвөн жил болжээ.

Саяхан л дүүрэн хүнтэй байдаг байсан ресторанууд одоо хоосорчээ. Япон хоолны тансаг рестораны үйлчлүүлэгчдийн тоо "пиг" байсан үеийнхээсээ 60 хувиар цөөрсөн гэж эзэн нь ярьсан.

Гадаад бондын өрөө хэрхэн барагдуулах нь Монголын толгойг өвтгөсөн бас нэг асуудал. Засгийн газар 2017-2018 онд төлөх ёстой 2.1 тэрбум ам.доллараа өгч чадах, эсэх нь эргэлзээтэй. Төрөөс нь хэмнэлттэй бодлого хэрэгжүүлж байгаа гэсэн ч энэ онд зардал нь орлогоо бас л давах таамагтай байна. Дахин бонд гаргаж, төсвийн орлогоо бүрдүүлж чадахгүй бол Монгол дампуурч магадгүй.  

Заагийг арилгах нь

Орлогын тэгш бус байдал бол Монголын маш том асуудал. Ажил ирэн хөдөөнөөс хотыг зорьсон малчид ноорхой гэрт амьдарч, таксины жолооч, барилгын туслах хийдэг. Нийслэлийн 1.4 сая хүний талаас илүү нь ийм маягаар амьдарч, арай гэж өл залгуулна.  

Эдгээр хороололд цахилгаан хангамжаас өөр нийтийн үйлчилгээ гэх юм байхгүй. Оршин суугчид нь нэг литр усыг нэг төгрөгөөр авна. Энд өдрийн цагаар архи уух нь бараг л энгийн үзэгдэл.

Хүүхдийн цэцэрлэгийн багш Болормаа гэр хороололд амьдраад гурван жил болжээ. 400 мянган төгрөгийн цалин нь нүүрс, түлээ авахад л хүрдэг аж. Ингээд бусад зардлаа нөхөхийн тулд заримдаа хамаатан, танилуудаасаа мөнгө зээлэхэд хүрдэг хэмээн тэрбээр ярилаа. Болормаа “Ирэх сонгуулийн дараа юу ч өөрчлөгдөхгүй. Төр юу ч хийхгүй дээ” гэв.

Энэ зуур өөр нэг баримт хэлье. Жил бүр жилийн нэг сая ам.доллараас илүү орлоготой монголчуудын тоо 1000 орчмоор нэмэгдэж байгаа. Эдгээр хүн парламентын гишүүн, нөлөө бүхий улстөрчдийн тусламжтайгаар ийм мөнгө олж байгаа гэж хүмүүс үздэг.

Гэхдээ эерэг өөрчлөлтүүд байхгүй биш, бий. Уул уурхайн “акул” “Рио Тинто” Оюутолгойн далд уурхайн бүтээн байгуулалтыг эхлүүлэхээр болсныг өнгөрсөн сард зарласан. Мөн Японтой байгуулсан эдийн засгийн хамтын ажиллагааны гэрээ ирэх сард хэрэгжиж эхэлнэ. Ингэснээр Японоос орж ирэх хөрөнгө оруулалт нэмэгдэх найдлага байгаа юм.  

Харин энэ хугацаанд “Засгийн газар түүхий эдийн үнэ хэзээ эргэн өсөхийг хараад л суух байх даа” гэж нэг хүн ярьж билээ.

 

Хамгийн их уншилттай
1
2024.03.17
“Монгол түйрэн” маргааш ирнэ гэж БНСУ-д анхааруулав
2
2024.03.09
Миягино дэвжээг хаах шийдвэр гарчээ
3
2024.03.11
“Оскар”-ын түүхэн дэх 13 эвгүй явдал
холбоотой мэдээ
1
2018.07.03
Дэлхийн шилдэг нийтлэл: Япончуудын түрээсийн гэр бүлийн зах зээл
2
2018.05.09
Америк залуус 500,000 долларын төлөө Монголд амьд үлдэхээр тэмцэлдэх "Alone" шоу цацагдана
3
2017.10.31
Дэлхийн шилдэг нийтлэл | 65 нас
санал болгох
1
11 цагийн өмнө
Зүгээр л тухла | М Харилцагчийн төвийн онцлох 4 зүйл
2
Уржигдар
Таны ордыг илэрхийлэх кинонууд: Melancholia, Suspiria, Bande à Part
3
Уржигдар
Өнөө цагийн сэтгэл татам жүжигчдийн нэг Сидней Свинигийн тухай 19 баримт

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
34
29
44
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.