Хайх зүйлээ бичнэ үү

6 мин

Ахаас дүүд илгээх захидал | Ургаж буй бүхэнд атаархнам


Ургаж буй бүхэнд атаархнам. Миний байхгүй ирээдүй түүний мэдэлд байгаад, төсөөлөлд нь, мөрөөдөлд нь, ургаж буй түүнд бас атаархана. Улайм цайм таван хуруугаа гозойлгочихоод “Би дөрван настай” хэмээн хэнбугай ч үнэмшмээр эгдүүтэй хөөрхөн харцаараа итгүүлж дөнгөдөг дүү маань энэ жил сургуулийн босго алхав аа. “Үлгэрт гардаг гүнж нар бүгдээрээ ухаантай, сайхан сэтгэлтэй байдаг болохоор би ийм “юм”-тай болох гээд сургуульд явж байгаа” хэмээн ярих тэрбээр 2008 оны тавдугаар сарын 7-нд буюу Их Британийн хатан хаан Мэри Моденагийн насан эцэслэснээс яг 300 жилийн дараа миний ээжийн анхны ач нь болж ирсэн юм. Эл өдөр 100 мянган охин дэлхийд мэндэлсэн гэх бөгөөд тэдний чухам хэд нь гүнж болохоор шулуудсан юм, хэн мэдлээ. XXI зууны эхэн үе гэдэг дэлхийд шинээр мэндлэх “сахиусан тэнгэр”-үүдэд чухам тохиромжтой мөч хэмээн Стивен Хокин бичсэн байдаг юм. Нийгмийн хөгжил чухам хааш, юуны зүг хөвөрч буйг мэдэхгүй ч хаанаас ирснээ барим, тавим санагалзаж буй ажээ, бид. Харин мөнөөх тодорхойгүй байгаа ирээдүй нь хүсээд байх зүйлээр дутмаг, нэг тийм робот маягийн, “жинхэнэ хүн” өсөж, торних боломжгүй гэдэгт зөрүүд Хокин итгэдэг. Хүн хүнээрээ байх хамгийн сүүлийн боломжит үед дүү Т.Одончимэг маань мэндэлсэн ажээ. 

Хоёр хүүтэй айлын гурав дахь нь болж мэндэлсэн учраас гэр бүл дэх миний байр суурь парламентын сөрөг хүчний өнцгөөс хэтэрдэггүй байв. Харин тэр маань охины мөрөөсөл болсон манайх гэдэг айлд ёстой л гүнжийн дайтай эрх мэдэлтэйгээр ирсэн юм даа. Аав минь амьд сэрүүндээ яг түүн шиг бяцхан гүнжийг өвөр дээрээ суулган, эрхлүүлэхийг хүсдэг байв. Гурван хүүтэй байхын жаргал ч, зовлон ч бас бий хойно. Том хүүгийнх нь гэргийн хэвлийд долоон сартай ураг бойжиж байх зуур, өвөө болохоор зэхэж байсан аав минь тэнгэрийн орныг зорьсон. Магадгүй тэсгэл алдаад, тэр гүнжийн дүрээр бидэндээ эргээд ирсэн байх гэж бид итгэдэг.

Ээж маань эрэгтэй хүүхэд өсгөх жорыг гурвантаа туршсан, бас ч гэж багагүй туршлага хуримтлуулсан байтлаа охин ачаа хэрхэн өсгөх тухайд дам сонссоноос цаашгүй байлаа. Тийм болохоор ахад, бас бэр эгчид маань зөвлөх, туслахдаа маруухан, гэхдээ л тэрхүү бяцхан гүнжтэй хатан хааны байрнаас бус эгчийн, зарим үед асрагч эхийн ёсоор дотночлон харилцаж буй юмдаг. Харин охидыг бол шоглож явснаас өөр намтаргүй түүний аав, бас авга ах нь хэмээгдэгч хоёр эрийн хувьд эмэгтэй хүнтэй харилцах харьцаа нь цоо шинэ шатанд гарсан явдал болов оо. Бидний багадаа тоглож асан “Болтрон”, ногоон өнгөтэй хуванцар цэрэг, үрлэн сумтай буу байдаг асан тоглоомын тавиурт барби, бамбаруушны чихмэл сэлт байраа эзэлснээр тэр дархан эрхээ баталгаажуулсан.  

Дүү маань их л дотогшоо хүн болж төлөвшиж байгаа санагддаг юм. Зарим үед Хокины бичсэнтэй санал нийлэх үе гардаг нь, өнөөгийн хүүхдүүд бие биенээсээ их л хол өсөж буйтай холбоотой байх. Бид бол нэг гудамжныхаа найзуудтай хамт “шороо идэж”, хашаа болгоны хүүхдүүдтэй нар жаргатал дэггүйтдэг байв. Харин өдгөө болохоор өглөө, өдөр, үдшийн алинд ч гудамжинд хамт тоглож яваа хүүхдүүд харагдахаа байчихаж. Энэ нь эцэг эх нь гэрийнхээ түлхүүрийг хүзүүнд нь зүүж өгөөд ажилдаа явж зүрхэлдэг, тэр хэрээр эргэн тойрныхондоо итгэдэг үе дуусаж буйтай, зурагт, компьютер, ухаалаг гар утас зэргээр хүүхдийг сатааруулах “шид” олон болсонтой холбоотой байх.  Тийм болохоор миний дүү ганцаардал дунд, гэртээ байх том хүмүүсийн тойронд л өндийж байна. Ярианы сэдэв нь том хүнийрхүү талдаа. Ээж, аавынхаа гар утасны бүтцийг тэднээс ч дутахгүй мэддэг, компьютер асаагаад тоглоомоо гаргаж дөнгөдөг, гэр бүлийн элдэв маргаан болоход өөрийн болон бусдын эрх ашгийг хамгаалах зорилготой үг хэлж чаддаг болжээ. Ердөө таван нас хүрч яваа хэрнээ Н.Энхбаяр гэж ямар хүн болохыг, яагаад тэр зурагтаар олон гарах болсны учрыг мэдэхээр асуулт тавьж зүрхэлдэг. Энэ хэрээр үеийнхэнтэйгээ харилцахаас цааргалах талдаа.

Түүний эмээ буюу миний ээж бага ангийн багш. Энэ жил анх удаа сургуульд орж байгаа дүүд маань Хичээлийн шинэ жилийн нээлтэд ахлах ангийн сурагчийн хамт хонх жингэнүүлж, Есдүгээр сарын нэгэн болсныг зарлах үүрэг ногдсон юм. Харин тийм олон хүн өөр рүү нь харж байхыг урьд үзээгүй, мөн гэртээ ч ганцаараа байхыг илүүд үздэг дүү маань тэрхүү хүндтэй үүргийг гүйцэтгэж дуусталаа доош тонгойж явсан хэмээн орой нь ээж, аав нь зэмлэж байхыг сонслоо. “Би даараад байсан юм, маргааш очоод тэр хонхыг нь ахиад дуугаргачихъя” хэмээн өөрийгөө өмөөрч байна, тэр. “Сүүлийн үеийн хүүхдүүд хичээл дээр их томоотой байх болжээ, бие биетэйгээ нийлж дүрсгүйтэх нь ч багассан байна” хэмээн ээж маань хааяа ярьдаг. Бяцхан гүнж маань хүнийрхүү нийгэмд, хүнээс хол өсөж байгаад нь харамсах сэтгэл төрөх боллоо. Гэр бүл гэх цомхон, бараг вакуум гэмээр орчинд хүмүүжиж байгаа нь хайран.

Залуу эцэг, эхчүүд цаг үе нэг л биш болж буйг мэдэрч эхэлснээр хүүхдээ багаас нь хөгжүүлэх талд анхаарах болсон байна. Түүний ээж, аав хоёр л гэхэд охиноо төгөлдөр хуур, балетийн дугуйланд хамруулах, арван нас хүрэхээр нь англи хэлний сургалттай сургуульд шилжүүлэх тухай ярьж эхлэв. Тэр хэрээр багаас нь том хүн шиг хандах, үүрэг хариуцлага ногдуулах тал ажиглагддаг. Харин энэ зуур дүүгийн минь “далавч”-ийг л битгий тасадчихаасай гэж би хувьдаа хүсдэг. Аав нь түүнд “Гүнж гэдэг мэргэжил байдаггүй юм аа” хэмээж урмыг нь хугалсан сурагтай. Хүүхэлдэйн кино үзэх цагаас нь хумсалж, гэрийн даалгавар сэлтээр бөмбөгдөх болж. Үүний нөлөө ч байж мэднэ, тэр маань том хүн болоход л жигтэйхэн яардаг болов.

Авга ахынх нь хүүхэд болох гурав, нэг ойтой хоёр ч дүү түүнд бий. Бас түүний ээж удахгүй маамуулах гэж байгаа. “Би гурван дүүтэй юм чинь том аниа... сургуульд явдаг том хүн болсон...” гэж л ярина. Өөрөө гүнж болчихоод дүүгээ “гүнжийн дүү, жижигхэн гүнж” болгоно л гэнэ. Бодит амьдралын бүхий л хориг цээрээс даван, жинхэнэ хязгааргүй мөрөөдөх эрх чөлөө нэвт ханхалдаг үнэ цэнэтэй мөчөөр тэр бялхаж буй. Хүүхэд насны цагаан дэггүйтэлд л хууль үйлчилдэггүй болохоор орчлон бүхэлдээ түүний мэдэлд байна. Үггүйгээр харилцаж, хайрлуулж, томчууд бидний хүчлээд ч ой ухаандаа зураглаж чадахгүй үлгэрийн мэт бодол, төсөөлөлдөө итгээд л. Бохир нийгмийн бараан тоосыг тоож наахгүй бардам амьтан ч бол доо.

Гэвч өглөө сэрэх бүртээ тэр маань “өтөлж” буй. Хэтэрхий хэрсүү ярианаас нь гэгээн шид нь цухас цухсаар арилаад ч байх шиг. Чиний гэгээн бодол, төсөөлөл үгүй учраас л “том хүн”-ий амьдрал уйтай байдаг юм. Энэ амьдрал биднээс тийм ч ихийг хүсдэггүй юм аа гүнж минь, чи өөрөө л бэлэг шүү. 

2012 он. 

Хамгийн их уншилттай
1
2024.03.17
“Монгол түйрэн” маргааш ирнэ гэж БНСУ-д анхааруулав
2
2024.03.09
Миягино дэвжээг хаах шийдвэр гарчээ
3
2024.03.11
“Оскар”-ын түүхэн дэх 13 эвгүй явдал
холбоотой мэдээ
1
14 цагийн өмнө
Жүжигчин И Дон Ук-ийн Vogue сэтгүүлд авхуулсан халуухан зургууд
2
15 цагийн өмнө
Японд насанд хүрэгчдийн живх хүүхдийн живхнээс илүү борлуулалттай байна
3
15 цагийн өмнө
Таны ордыг илэрхийлэх кинонууд: Melancholia, Suspiria, Bande à Part
санал болгох
1
15 цагийн өмнө
Таны ордыг илэрхийлэх кинонууд: Melancholia, Suspiria, Bande à Part
2
17 цагийн өмнө
Өнөө цагийн сэтгэл татам жүжигчдийн нэг Сидней Свинигийн тухай 19 баримт
3
20 цагийн өмнө
Рөүзийг амьд үлдээсэн Титаникийн "хаалга" 718,750 доллараар зарагджээ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
1
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.