Хайх зүйлээ бичнэ үү

4 мин

Humans of Ulaanbaatar: Харийн нутагт Монгол оюутнууд

Бодит байдал хүмүүсийн боддогоос өөр байдаг.


Мэдлэг чадвараа дээшлүүлж, улс эх орондоо хэрэгтэй хүн болохоор гадаадын улс оронд шамдан суралцаж буй эрч хүчтэй, ухаалаг залуучууд бидний ирээдүй билээ. Анх төсөөлөн очсон бүхэн өөрөөр эргэж, бидний төсөөлдөггүй олон хэцүү зүйлтэй нүүр тулдаг ч "гадаад оюутнууд эх орныг минь надаар л төсөөлөн харна" гэх сайхан бодолтойгоор хичээн шамддаг залуучуудын төлөөлөлтэй бид уулзлаа.

О.Ариунзаяа / 20 настай

Би Бостоны их сургуульд Бизнесийн удирдлага, улс төрийн чиглэлээр суралцдаг. Тэнд анх очиж суралцахад манайхаас ялгаатай, хэцүү бэрх юм шиг санагдаагүй. Учир нь миний сурч байсан Улаанбаатарын Америк сургуулийн хичээл заах арга барил, шалгалт гээд ихэнх зүйл нь Америк сургуультай тун төстэй байсан болохоор асуудал тулгараагүй. Хүүхдүүд гадаадад очиж сурна гэхээр маш олон найзтай, үдэшлэг цэнгээнд их оролцдог, кинон дээр гардаг шиг оюутны амьдралыг төсөөлж очдог. Гэхдээ тийм байдаггүй. Харин ч ганцаардах үе их гардаг. Гэхдээ ганцаардлыг би зөв гэж боддог. Хүн ганцаараа байснаар өөртэйгөө ярилцаж, жинхэнэ өөрийгөө олж авах боломжтой болдог. Ганцаараа байхдаа л өөрийгөө ганцаардаж байна гэж боддог ч олон хүн дунд байхад ч ганцаарддаг шүү дээ. Гэрээсээ хол явахад ганцаардах үе маш их гарна. Гэхдээ үүнийг битгий буруугаар хүлээж аваарай. Өөрөө өөртэйгөө байж сурна гэдэг хамгийн зөв зүйл. Ганцаараа байснаар дотоодоосоо аз жаргал, тав тухтай зүйлийг мэдэрч болно. Гаднаас хайх биш өөрөөсөө хайж сурсан нь, өөрөө өөрийгөө ойлгож, ганцаардлыг зөвөөр ашиглаж байгаа минь гадаадад суралцахад олж авсан том зүйл юм.

Б.Ариунзаяа / 24 настай

Аялал жуулчлалын менежмент чиглэлээр Франц улсын Анже их сургуульд магистрын зэрэг горилон суралцаж байна. Миний сурдаг сургууль төвөөсөө алслагдмал жижигхэн хотод байдаг. Олон улсаас хүүхдүүд ирж суралцдаг ч би сургуулийнхаа ганц Монгол оюутан нь. Анх онгоцноос буухдаа л хүн бүхэнтэй мэндэлмээр тийм сайхан мэдрэмжээр дүүрэн байна байх гэсэн төсөөлөлтэй очсон. Гэхдээ бодит байдал өөр байсан ч би тэнд улсаа төлөөлөн байгаа ганц оюутан гэж бодохоор хүн бүхэнтэй аль болох нээлттэй харьцахыг, идэвхтэй байхыг хичээдэг. Монгол улсын тухай төсөөлөл, мэдлэг бага байдаг болохоор би тэдэнд аль болох тайлбарлаж, эерэг төсөөлөл буулгахыг хичээдэг. Ганцаардах, уйтгарлах үе их байлаа ч хойш суулгүй идэвхтэй, бусадтай сайхан харилцаатай байх нь чухал. Гадаадад хүмүүс эх орныг минь биднээр л төсөөлөн харна шүү дээ.

О.Есүжин / 21 настай

Би Манчестерийн их сургуульд барилга, хот төлөвлөлтийн чиглэлээр суралцдаг. Англи улсын боловсролын систем, хичээл заах арга барил их чанга хатуу болохоор маш их хичээл зүтгэл гаргах шаардлагатай болдог. Тухайн улсад төрж, өссөн, эх хэлээрээ хичээлээ үзэж байгаа хүүхдүүдтэй өрсөлдөнө, зэрэгцэнэ гэдэг хэцүү ч би хичээлээ сайн хийж, үүнээс гадна олон сонирхолтой дугуйлан, арга хэмжээнд идэвхтэй оролцдог. Улаанбаатарын Америк сургуульд янз бүрийн олон дугуйлан, өөрийгөө хөгжүүлэх сонирхолтой арга хэмжээ их зохион байгуулдаг байсан болохоор энд ирээд тэр бүхнээс хоцролгүй идэвхтэй явдаг болсон. Би салса бүжиг, солонгос хэл, бокс, сайн дурын ажил гээд олон зүйлд хамрагддаг. Энэ бол өөрийгөө тал талаас нь хөгжүүлэх, бас юунд илүү сонирхолтойгоо мэдэж авах том боломж.

Э.Отгонмөнх / 22 настай

Би Сибирийн хуулийн дээд сургуульд суралцдаг. Орос улсад суралцахаар хүмүүс нэг л тийм архи дарсанд дуртай болдог мэтээр боддог. Гэхдээ тийм биш. Харин ч биеэ зөв авч явах, хүмүүстэй зөв сайхан харилцах гээд олон зүйлд суралцдаг. Би сургуульдаа олон улс үндэстний хүмүүстэй суралцаж, хамт амьдардаг. Бид бүгд нэг тогооноос хоолоо иддэг. Нэг цагт босч, нэгэн зэрэг жагсаалдаа гардаг. Ямар ч үндэстэн байлаа гэсэн бид бүгд хүн юм гэдгийг л бидэнд маш сайн ойлгуулж өгсөн. Тэнд чи ямар улсаас ирсэн, хэний хүү байх хамаагүй. Бусадтай яаж харилцана, чамтай яг тэгж л харилцана. Яг үүн шиг бүх хүмүүс гарал угсаагаар биш хүн гэдэг талаас нь харж, харилцдаг байгаасай гэж их хүсдэг дээ.

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
4 өдрийн өмнө
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
2019.01.04
Женнифер Энистоны шилдэг эшлэлүүд
2
2019.01.03
Дэлхийг өөрчилсөн 10 суутны өвөрмөц гарын үсэг
3
2019.01.03
BBC Radio Монгол уран бүтээлч Бодьхүүг онцолж, дуунуудыг нь эгшиглүүлжээ
санал болгох
1
3 өдрийн өмнө
Netflix-ийн хамгийн их хандалттай "3 Body Problem" цувралын тухай 8 баримт
2
2024.04.11
Сэтгэл зүйчид хандах цаг нь болжээ гэдгийг батлах 7 шинж тэмдэг
3
2024.04.10
Хүмүүсийн дахиж хэзээ ч үзэхгүй гэж ам тангараг өргөсөн 15 аймшгийн кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
0
1
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.