Хайх зүйлээ бичнэ үү

Монголын жүдо бөхийн үндэсний шигшээ багийнхан эх орондоо ирлээ.

Өнөөдөр Монголын жүдо бөхийн шигшээ багийнхан эх орондоо ирлээ. Энэ үеэр МУГТ, Олимпийн мөнгөн медальт, Дэлхийн аварга Д.Сумъяагийн багш МУГТ, дасгалжуулагч Х.Эрдэнэт-Одтой цөөн хором ярилцлаа.

-Манай Жүдо бөхийн үндэсний шигшээ багийнхан мундаг амжилт үзүүлээд ирлээ. Халуун баяр хүргэе. Та сэтгэгдлээсээ хуваалцана уу? 

-Сэтгэл маш их өндөр байна. Бид 6 медаль хүртлээ. Жүдо бөх сайн хөгжсөн орнуудын хувьд ч энэ бол өндөр үзүүлэлт. Гурван сая хүн амтайгаа харьцуулаад үзсэн ч өндөр амжилт. Түүхэндээ анх удаа ийм олон медаль нэг дор авсан. Манай жүдогийн холбоо болон ард түмний минь дэмжлэг туслалцаа байсан. Та бүхэндээ баярлалаа. 

-Тамирчид амжилт гаргахад хамгийн их нөлөөлдөг зүйл нь юу байдаг вэ? 

-Спортын амжилт бол ерөөсөө л хөдөлмөр. Хэр хөдөлмөрлөж чадна, тэр хүн амжилтанд хүрдэг. Бидний хувьд бэлтгэл, сургуулилалтаа маш сайн базаасан. Бэлтгэлийн төлөвлөгөө маань ч маш сайн зохисон байна. Мэдээж хүмүүсийн дэмжлэг туслалцаа сайн байлаа. Сэтгэлзүйн хувьд дэмжлэг маш чухал. Олон зүйл бүрдэж байж л медаль хүртэнэ дээ. 

-Таны шавь Д.Сумъяа маш хүнд барилдаан хийж, алтан медаль хүртсэн. Монголчууд бүгд харсан, баярласан, бахдсан. Өрсөлдөгчөө ялах тэр агшинд таниас ямар сайхан сэтгэл хөдлөл гарав аа?

-Маш хүнд барилдаан болсон. Та бүхэн ч харсан байх. Хажууд нь хараад, зөвлөөд сууж байгаа би хүртэл цуцаж байгаа байхгүй юу. Тэгэхээр тамирчны хувьд бол тэр барилдаан хүнд хэцүү даваа байсан. Үзэж байсан хүмүүс ч давхар цуцсан байх. Эмоци гэдэг дандаа сэтгэлээс гардаг болохоор тухайн үедээ мэддэггүй. Сүүлд нь өөрийгөө хардаг. Бид нар ерөнхийдөө дагаад л “барилдчихдаг” шүү дээ. Би 2008 он хүртэл шигшээ багийн тамирчин байсан. Зодог тайлсныхаа дараа дасгалжуулагч болоход Сумъяа маань 18 настай, жүдогоор хичээллээд хоёр жил болж байсан. Багш шавийн барилдлагатай болоод 10-аад жил болж байна даа, бид хоёр.

-Энэ жилийн ДАШТ-д Монгол Улсын Ерөнхийлөгч, Монголын Жүдо бөхийн холбооны тэргүүн Х.Баттулга биечлэн очиж, баг тамирчдаа дэмжсэн. Энэ дэмжлэг манай жүдочдод их нөлөөлсөн болов уу?

-Өө тэгэлгүй яах вэ. Энэ удаад Монгол Улсын Ерөнхийлөгч Баттулга, ОХУ-ын Ерөнхийлөгч Путин гээд л жүдо бөх сонирхдог олон улсын Ерөнхийлөгч нар ирж, үзсэн. Дээрээс нь тамирчдаа дэмжиж, сэтгэлийн хувьд дэм өгөхөөр очсон. Яг үзэгчдийн суудалд тамирчдаа үзээд, дэмжээд суухад бидэнд маш сайн сэтгэлийн дэмжлэг болсон. 

-Та бүхнийг дараа дараагийн томоохон тэмцээнүүд хүлээж байгаа. Хамгийн ойрын тэмцээнүүдээ дурдвал?

-Энэ жилийн хамгийн гол тэмцээн Дэлхийн аварга байлаа. Бид амжилттай оролцоод ирлээ. Жүдо бөхийн холбооноос гаргасан хуваарийн дагуу тэмцээнүүд явагдаж байгаа. Одоо 10-аад хоногийн дараа Гранпри байгаа, Эмиратат гранд сламын тэмцээн хүлээж байна. Тэмцээнүүддээ оролцоод явна даа. 

 


Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
2
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.