Мэрилин Монро, Одри Хэпбүрн нарын амьдралд байсан ижил төстэй зүйлс
Тэд өөр өөрийн өнгө аяс, загвар, дүр төрхийг холливудийн алтан үеийн түүхнээ мөнхөлж чадсан чадварлаг жүжигчид билээ.
Гоо үзэсгэлэн, авъяас чадвараараа гайхагдсан бүсгүйчүүд бүх цаг үед олны анхаарлыг татсаар ирсэн. 20-р зууны хамгийн алдартай 2 эмэгтэй болох өөр өөрийн өнгө аяс, загвар, дүр төрхийг холливудийн алтан үеийн түүхнээ мөнхөлж чадсан Мэрилин Монро, Одри Хэпбүрн нарыг танихгүй хүн үгүй. Тухайн цаг үеийн хэвлэлүүдэд тэднийг маш ялгаатай, өөр өөрийн гэсэн хурц араншинтай байсныг бичдэг байсан бол эдгээр түүхэн эмэгтэйчүүд тун адилхан талуудтай болохыг "Weekly Times" онцолж байна.
Хүнд хэцүү хүүхэд нас
Мэрилин Монрогийн хүнд бэрх хүүхэд насыг мэдэхгүй хүн үгүй. Ээж нь сэтгэцийн өөрчлөлттэй, архи, согтууруулах ундаа ихээр хэрэглэдэг байснаас Монрог хутгалах гэж ч оролдож байжээ. Аав нь аль эрт орхиж сураг тасарснаас ямар ч орлогогүй ядуу зүдүү амьдралыг туулав. Тэр энэ бүхнийг өсвөр насандаа тийм ч амархан хүлээн авсангүй. Хоёр ч удаа амиа хорлох гээд бүтэлгүйтэв. Нэр алдарт гарсныхаа дараа өгсөн ярилцлагадаа Монро “Би сургуульдаа өмсөх ганцхан даашинзтай байснаас маш их ичдэг, өөрийгөө ичгэвтэр байдлаар мэдэрдэг байж билээ. Хоол хүнс тэр бүр байхгүй учир бусдын хаясан талхаар ч хооллох үе байсан” гэжээ.
Одригийн бага нас түүнийг бодвол илүү нууцлаг байлаа. Одри Голландын язгууртны гэр бүлд төрсөнд ч бага насанд нь Дэлхийн 2-р дайн болж, ядуурал өлсгөлөнд нэрвэгджээ. Тэр хэт өлсгөлөн өссөн учир нарийхан бэлхүүстэй болсон гэх нь ч бий. Нагац ах, төрсөн ах хоёр нь хорих лагерт хоригдсон тул байнгын сэтгэл зүйн дарамттай явах болж мөн хоёр ч удаа амиа хорлохоор оролдож байсан гэх яриа байдаг аж.
Өсвөр нас-Завгүй өдрүүд
Тэд өсвөр насандаа амиа хорлохоор завдаж байсан ч энэ бүхнийг өөрийн хүчээр даван туулж чаджээ. Маш завгүй хичээллэж, дугуйланд ч явдаг байв. Монро хоолны мөнгөө хэмнэн бүжгийн дугуйланд бүртгүүлж, жүжигчний дамжаанд суралцаж, баллетаар ч хичээллэв. Одри баллетаар хичээллэхийн зэрэгцээ дугуйландаа багшлах болж Лондонгийн Их сургуулийн Бүжгийн академид тэтгэлэгтэйгээр суралцах эрх авчээ.
Загвар өмсөгчийн гараа
Монро 1946 онд “Blue Book Modeling” агентлагт загвар өмсөж байсан бол, Одри 1948 онд гэр бүлдээ туслахын зэрэгцээ бүжгийн сургалтаа үргэлжлүүлэхийн тулд цагаар загвар өмсөж эхэлжээ.Тэд нэгэн цаг үед амьдарч байсан ч төдийлөн дотно байсангүй. Харин 1962 онд АНУ-ын Ерөнхийлөгч Жон Кэннидигийн төрсөн өдрийн үдэшлэгт Монро "Happy birthday Mr. President" дууг дуулсан бол дараа жил нь Одри дуулсан нь олны чихээс хол тойрчээ. Энэ тухайд Одри "Монро үнэхээр ялдам байсан шүү. Миний хувьд энэ жил ахин баяр хүргэхийг хүссэн хэдий ч тэр үгүй болж дээ" гэж нэгэн ярилцлагадаа өгүүлжээ.
Холливудийн "It Girl"
Одригийн 1963 оны “Roman Holiday” кино гарснаар түүний дур булаам төрх олон хэвлэл, сэтгүүлийг чимж байсан бол Монрогийн анхны кино “Niagara” 1952 онд нээлтээ хийхэд хэвлэлүүд Монрогийн талаар шуугих болов. Тэд хэн хэн нь холливүүдийн “IT Girl” байв.
“Breakfast at Tiffany”-гийн Молигийн дүр
Найруулагч Трүмэн Капоте “Breakfast at Tiffany” кино зохиолоо бичихдээ Молигийн дүрд Монрог тоглуулна гэж байсан ч Монро тоглох боломжгүй болжээ. Ингээд та бидний сайн мэдэх тус алдарт бүтээл Одригийн дүрээр мөнхөрсөн юм.
Хагас өнчин гэр бүл
Монрогийн аав багад нь орхисон бол Одригийн аав Жозеф Рустон 6 настай байхад нь салж сураг тасарчээ. Одри аавтайгаа 12 жилийн дараа уулзан, аавыгаа гэж хүлээн зөвшөөрч насан эцэс хүртлээ хайрласан гэдэг.
Гурван удаагийн гэрлэлт
Монро 16 настайдаа Жамес Догнити гэх бизнесмен залуутай гэрлэсэн боловч эцэстээ нөхөр нь түүнийг жүжигчин болох мөрөөдлөө хаяж, гэрийн үйлчлэгч болбол таарна гэж үзэх болсноор хосууд хоёр тийшээ болжээ. 2 жилийн дараа Монро Жое ДиМаггио гэх залуутай гэрлэсэн ч мөн л эхнэрийнх нь нэр алдар өөрийнхөөс нь давахыг харж тэсэлгүй 9 сарын дараа салахаар шийдсэн аж. Хожим Монро амьдралынхаа 4 жилийг зохиолч Артур Милертэй холбосон ч мөн л аз жаргалтай байсангүй, Монрогийн сэтгэл зүрх улам их ганцаардаж, илүү их тунгаар эм тариа хэрэглэх болжээ.
Одри 20 настайдаа Мэл Феррертэй гэр бүл болсон ч мөн л дэлхий даяар түгэх нэр алдар нь түүний нөхөрт таалагдсангүй. Феррер түүнийг байнга шалгааж, агенттайгаа ярихыг нь ч хориглох болсноор хоёр тийшээ болохоос өөр арга байсангүй. 1960 онд Одри Андрей Дотти гэх эмчтэй гэр бүл болсон ч удалгүй харилцаа нь хөрөх болов. Гэсэн ч Одри салж чадсангүй. Учир нь тэр хүүтэй болсон байлаа. Ингээд бүтэн 13 жилийн дараа хүүгээ хангалттай өсөж том болсон гэж үзсэнээр гэрлэлтээ цуцлуулжээ. 1980 онд Одри жүжигчин Роберт Волдерстой гэрлэв. Амьдралынхаа эцсийн өдрүүдийг жинхэнэ хайртайгаа өнгөрүүлсэн нь тэр байв. Хосууд 1993 онд Одриг насан өөд болтол хамт амьдарсан юм.
Маш их уй гуниг...
Дэлхий даяар нэр алдар нь түгж, амтай бүхэн ярьж, сонин хэвлэлүүдэд тэдний өнөөдөр юу хийсэн тухай нь бичиж, шүтэн бишрэгчдийн хайр талархлын захидал өдөр шөнөгүй хөвөрсөөр байсан ч Монро, Одри хэн хэн нь тийм ч аз жаргалтай амьдралыг үзсэнгүй. Монрогийн өсвөр насны сэтгэцийн ужиг байн байн хөдлөх болж, ухаан балартахдаа тайвшруулах эм их хэмжээгээр хэрэглэх болов. Монро Жонни Хаядад үнэн сэтгэлээс хайртай байсан ч гэр бүл болох тохиол учирсангүй. Жонниг нас барснаас хойш сэтгэцийн гүн хямралд орж амиа хорлохоор оролдох нь ихсэв. Тэр байнгын эмчийн хяналтад оржээ. Одригийн хувьд түүний уй гуниг олны өмнө төдийлөн нээгдсэнгүй. Тэр амжилт бүтээл дагуулсан он жилүүддээ үргэлж хэн нэгнээр дутагддагаа илэрхийлдэг байв. 1960 онд Одри ахин хоёр ч удаа амиа хорлохоор завдсан гэх яриа ч бий.