Хайх зүйлээ бичнэ үү

12 мин

Сурвалжлага: Монголын жүдогийн ирээдүйн аваргууд энд бэлтгэгдэж байна

Эрч хүч, эр зориг гэгч нь Улаанбаатарын зүрхэн тушаа орших Спортын төв ордны “Жүдо” академид “буцлан” байна билээ.


Жүдод дуртайг гадарладаг эрхлэгч маань саяхны нэг өдөр “Чамайг жүдочин болгодог юм бил үү” гэхэд нь намайг “явуулж” байна л гэж бодсон. Гэтэл даалгавар өгөх гээд л тэгж байж. Монгол хүүхдүүд жүдогоор хэрхэн хичээллэдгийг сурвалжлах даалгавар юм л даа. Ингэж би анх удаа Спортын төв ордонд очиж үзэх нь. Өмнө нь хэдэн ч удаа Спортын ордны урдуур, хойгуур алхсан юм бүү мэд, тоогоо алдсан биз. 2008 оны Бээжингийн олимпоос монгол хүн анх удаа алтан медаль хүртсэний дараа жүдод сонирхолтой болсон билээ. Жүдог үзэх болсон “луужин” минь Түвшинбаяр аварга  байлаа. Миний одоо зорьж очих газарт дараа дараагийн хэчнээн “Түвшинбаяр аварга” байгааг та, би хэн ч үл мэднэ. 

Улаанбаатар хотын зүрхэн тушаа орших Спортын төв ордны өнгө будгийг саяхан шинэчилж зассан бололтой, нүүрээ угаасан хүүхэд шиг цэмцийх аж. Дөрвөн давхар, ягаан барилгын төв хаалгаар ормогцоо зүүн гар тийш эргээд угтах хонгилоор хэд алхахад жүдочдын бэлтгэлийн заал угтана. Үүдэн хэсэгт уртаас урт модон шүүгээ үргэлжилж, зааланд цагаан, цэнхэр жүдогийн өмсгөлтэй, хөл нүцгэн нас насны хүүхдүүд “ярайтал” эгнэнэ. Тэд багш буюу сэнсэйнхээ зааврын дагуу бүхнийг хийнэ. Томоо гэгчийн заал тэр чигтээ улаан, шар өнгө алагласан зөөлөвч бүхий шалтай. Хичээллэгсэд энэ шалаа “татами” гэх агаад хоймортоо Монгол Улсын төрийн далбаа, Кано Жигорогийн хөргийг залж, “Хамтын хүч Амжилт” хэмээн дурайтал бичсэн пайз өлгөжээ. 

Бага насны сахилгагүй шар хүү цагаан өмсгөлтэйгөө бэлтгэл хийхээр татами дээр гарчээ. Тэр бусад ах, эгч нараа дуурайн дасгал, хөдөлгөөнөө тун эвлэгхэн хийж гарлаа. Гүйж, харайж, өнхөрч, үсэрч дэвхрээд л...Хормын дотор хамаг хөлс нь урсаад эхлэв. 

Түүнийг Н.Толун гэдэг. Гурван настай энэ хүү хоёр ахынхаа хамт “Жүдо” академид явдаг аж. Одоохондоо тэр Олимпийн тухай, Түвшинбаяр аваргын тухай ч сайн мэдэхгүй. Зүгээр л “дасгал хийдэг нь гоё” гэж байна. Мөрөөдөл нь том тэрэгний жолооч болох гэсэн шүү. Гэхдээ л тэр сэнсэйтэйгээ мэндлэх, нэгнээ хүндлэх, дасгалаа чин сэтгэлээсээ хийх зэрэг жүдоч хүнд байх учиртай анхан шатны дэгийг аль хэдийнэ сурчихсан гээч. 

“Жүдо” академи таван наснаас нь эхэлж хүүхдийг сургадаг ч зарим эцэг эхийн хүсэлтээр гурав, дөрвөн настнуудыг хүлээн авдаг байна. Энэ зааланд ойролцоогоор 100 хүүхэд байна гэж тооцоход бараг 40 хувь нь 2008 оны олимпоос хойш төржээ. МУГТ, Хөдөлмөрийн баатар Н.Түвшинбаяр аваргын ялалт Монголын хүүхэд, залуусыг жүдогийн ертөнц рүү соронздож, жүдогийн олон дугуйлан үүд хаалгаа нээжээ. Эдгээр дугуйлангийн нэг нь Монголын жүдогийн холбооны дэргэдэх “Жүдо” академи юм. 2009 оноос хойш тасралтгүй найман жилийн турш идэвхтэй үйл ажиллагаагаа үргэлжлүүлэн буй тус академид энэ жил 300 гаруй суралцагч, хоёр ээлжээр хичээллэж байна. Академийн суралцагчид долоо хоногийн дөрвөн өдөрт, нэг удаад 2 цаг орчим бэлтгэл хийдэг. Сургалт эхлэлээсээ төгсгөл хүртэл дүрэм журмын дагуу үргэлжилдэг нь хүүхдийг багаас нь эмх цэгцтэй, дүрэм журамтай, ахмад үеэ хүндэлдэг, тууштай болгох суурь хүмүүжлийг олгодог гэдгийг Г.Бат-Эрдэнэ багш онцолсон.

Энд цугларсан 100 орчим хүүхэдтэй хамт 5 багш  хичээллэж байв. Гурван настай балчраас эхлээд 20 орчим насны залуус дасгал, сургуулилалтаа тун идэвхтэй, эрчимтэй хийх нь бахархалтай. Тойрог үүсгэн гүйн бие халаахаас гадна далны, хөл гарын дасгал, нумарсан, эргэлдсэн хөдөлгөөн хийхийг харахад дунд сургуулийн биеийн тамирын хичээлээс арай хүнд санагдана. Дасгал, сургуулилалтын үеэр залхуурсан, багшийн зааварчилгаанаас ангид хээв нэг алхах бага насны хүүхэд мэр сэр харагдана лээ. Гурав, дөрвөн настай эдгээр багачууд одоохондоо учраа сайн олоогүй бололтой. Гэсэн ч үсэрч харайх, өнхрөхдөө хэнээс ч илүү эвлэгхэн хөдөлнө. Дуртай хөдөлгөөнөө хийчихээд хүндэвтэр, хэцүү дасгал хөдөлгөөний үеэр залхуурдаг нь илт. Багш нар нь багачуудаа тааваар нь хичээллүүлдэг юм билээ. Тэднийг яагаа ч үгүй эрт жүдогоос залхаахгүйн тулд тэр биз ээ. 

Жүдо нь “Өрсөлдөгчийнхөө хүчийг ашиглан ялалтанд хүрэх” гэсэн утгатай аж. Анх Япон улсын иргэн Кано Жигоро, жюү-жицү хэмээх тулааны урлагаас сайн талыг нь тусган авч 1898 онд жюү-до бөхийн төрлийг үндэслэн гаргажээ. Жюү гэдэг нь уян хатан, зөөлөн гэсэн утгыг агуулдаг бол До нь зам, мөр гэсэн утгатай. Уян хатан, зөөлөн арга замаар өрсөлдөгчийнхөө хүчийг ашиглан ялах боломж байдгийг жюү-до-гоор илэрхийлдэг байна. “Гарьд магнай” кинонд Далайцэрэн өвдөг шороодсоныхоо дараа дийлсэнгүйдээ ихэд санаа зовнин хоёр хуруугаараа газар ухаж “Очир ах аа, миний бяр дуусчихаж” гэхэд “Бяр дуусна гэж байдаггүй юм. Харин энэ удаа чиний сэтгэлийн тэнхээ алга болчихлоо. Энэ барилдаан чамд их сургамж боллоо доо” гэх яриа гардгийг үзсэн хэн бүхэн санах биз ээ. Хэн хүчтэй нь бус ухаантай, тэсвэртэй, сэтгэлийн тэнхээтэй нь ялдаг бичигдээгүй хууль их спортын нууц аж. 

Манай улсад 1970-аад оны эхэн үеэс жүдогийн хөгжил эхэлсэн ч богино хугацаанд эрчимтэй хөгжиж байна. 1980 оны Москвагийн олимпоос Ц.Дамдин мөнгө, Р.Даваадалай хүрэл, 1996 оны Атлантагийн олимпоос Д.Нармандах хүрэл медаль, 2004 оны Афины олимпоос Х.Цагаанбаатар хүрэл медаль хүртсэн амжилттайгаар 2008 оны наймдугаар сарын 14-нийг угтсан жүдогийн монгол түүх. Харин энэ өдөр монголчуудын хувьд, Монгол Улсын хувьд түүхэнд тод томруунаар тэмдэглэгдэх чухал агшин тохиосон билээ. Монгол хүн анх удаа олимпоос алтан медаль хүртсэн гайхалтай мөч. Жүдогийн -100 кг-ийн жинд Монгол Улсын тамирчин Н.Түвшинбаяр, Казахстан улсын тамирчин А.Житкеевтэй финалд барилдаж, таван минутын турш эхнээсээ барилдааныг гартаа авч, ваза-ари, хоёр юүко үнэлгээгээр ялалт байгуулсан. Монголын өнцөг булан бүрт уухайлсан, баярласан, хөөрсөн, омогшсон ард түмний дуун тэнгэрт хадаж байлаа. Энэ өдрөөс хойш есөн он улирч, Монголын жүдочдын амжилт улам бүр батжин, дэлхий дахин монголчуудыг хүчтэй өрсөлдөгч гэдгийг хүлээн зөвшөөрчээ. 

“Жүдо” академи 11 багштай ба тэр дунд япон багш ч бий. Монгол хэлээр тун цэвэрхэн ярьдаг энэ хүнийг Юүки Такахаши гэдэг. Харахад ч монгол хүнтэй төстэй. Монголд ажиллаж, амьдраад гурван жил болж байгаа бөгөөд түүнд энд амьдрах сайхан санагддаг гэсэн. Монгол хүний жүдогоор барилдаж буйг анх хараад л Монголд ирэхийг хүссэн аж. Цаашдаа монгол хүүхдүүдэд чаддаг зүйлээ зааж, Монголын жүдогийн хөгжилд өөрийн хувь нэмрээ оруулах хүсэл зорилготой байгаагаа Ю.Такахаши бидэнтэй хуваалцлаа. 

Тэрбээр “Япон хүүхдүүд жүдогоор хичээллэхдээ хэлсэн үгийг сайн сонсож, дуулгавартай, томоотой байдаг. Харин монгол хүүхдүүд хөдөлгөөнтэй, сахилгагүй. Гэхдээ бэлтгэлээ хийхдээ сэргэлэн цовоо, эрч хүчтэй байдаг” гэж онцолсон. 

Бэлтгэл, сургуулилалтын үеэр “го, року, шичи, хачи” гэж нэгэн зэрэг чангаар тоолох хүүхдүүдийн дуу заалаар цангинана. Энэ нь багш нэгээс дөрөв хүртэлх тоонд дасгал хийлгэсний дараа хүүхдүүд “тав, зургаа, долоо, найм” гэж үргэлжлүүлэн дасгалаа бүрэн гүйцэтгэж буйн илрэл. Суралцагчдын хэр удаан хичээллэж, хэддүгээр түвшинд байгааг нь бүсээр нь ялгах боломжтой. Анхлан суралцагчид цагаан бүс бүсэлж эхлээд шар, улбар шар, ногоон өнгийн бүс бүслэн зэрэг ахисаар хар бүстэй болдог байна.     

Бээжингийн олимпоос хойш 2012, 2016 оны олимп бүрээс монголчууд жүдогийн төрлөөр медаль хүртсээр л байна. Бидний амжилтын буухиа үргэлжилж, залуу, эрч хүчтэй тамирчид шинээр гарч ирж буйг тив дэлхийн томоохон тэмцээн уралдаанаас харсаар байгаа билээ. Эдгээр амжилтын гол түлхүүр нь 2006 онд Монголын жүдогийн холбооны ерөнхийлөгчөөр сонгогдсон Х.Баттулгын тамирчдаа гэсэн сэтгэл зүрх, хичээл зүтгэл гэдгийг шигшээ багийнхан болон багш, дасгалжуулагчид нь хэлж байсан юм. 

Дэлхий биднийг хүлээн зөвшөөрснийг батлах бас нэгэн үйл явдал хэдхэн хоногийн өмнө болоод өнгөрлөө. ОХУ-ын Владивосток хотод болсон Дорнын эдийн засгийн III чуулганы үеэр Японы Ерөнхий сайд Шинзо Абэ Монгол, Оросын Ерөнхийлөгчдийг Японд урьж, жүдогийн үзүүлэх тоглолт хийхийг уриалсан нь дэлхийн нийтийн хэвлэл мэдээллийнхний анхаарлыг татаад авсан. Жүдогийн эх орны Ерөнхий сайдын урилга шүү дээ. 

“Жүдо” академийн багш, энэ спорттой холбогдоод 20 гаруй жил болсон Г.Бат-Эрдэнэ “Манай академийнханд хоёр том зорилго бий. Нэгдүгээрт, хүүхдүүдээ эх оронч үзэлтэй, ах захаа хүндэлдэг, нэгэндээ туслах сэтгэлтэй, нийгэмд хэрэгтэй, сайн хүн болгон төлөвшүүлэх явдал юм. Мөн жүдог зөвөөр таньсан шинэ үеэ бэлдэх зорилготой” гэсэн. 

Унгарын Будапештад саяхан болж өндөрлөсөн ДАШТ-нд Монгол Улс 1 алт, 1 мөнгө, 4 хүрэл медаль хүртэж 126 орноос гуравдугаарт эрэмблэгдсэн нь жүдогийн ертөнц дэх монголчуудын орон зайг дэлхийд шинэчлэн зарлав. МУГТ М.Уранцэцэг “Саяхныг хүртэл бид жүдо бөх өндөр хөгжсөн орнуудын тамирчидтай хамтарсан бэлтгэл хийхийг гуйж, санал болгодог байсан бол одоо эсрэгээрээ тэд бидэнд санал тавьдаг болсон” гэсэн юм. 

Жил ирэх тусам жүдогоор хичээллэх хүүхэд, залуусын тоо нэмэгдэж байгаа аж. Тиймээс тус академийнхан “Мөнхийн үсэг”, “Тэмүүлэл” гэсэн хоёр салбараа нээжээ. Цаашид дүүрэг бүрт салбараа нээх зорилготой ажиллаж байна.

2010 оноос энэ академид суралцаж байгаа Батбаатарын Намуунбаяр хэлэхдээ “Манай аав, ахтай ярилцаж байгаад намайг жүдогоор хичээллүүлэх болсон. Манай ах сая Дэлхийн аваргын 73 кг-ын жинд хүрэл медаль хүртсэн. Ахаараа үргэлж бахархаж, хүндэлж явдаг. Жүдогоор хичээллэснээр жудагтай, ахмад хүмүүсээ хүндэлдэг, ёс журамтай болдог. Хэцүү зүйл нь бэртэл гэмтэл авах юм даа. Би 60 кг-ын жинд барилддаг. Өнгөрсөн сард Чили улсруу Өсвөрийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд явж, оролцоод ирсэн. Байр эзэлж чадаагүй ч гэсэн маш том туршлага болсон. Насанд хүрэгчдийн болон залуучуудын улсын аваргад оролцох томоохон зорилго тавьчихсан байгаа” гэлээ.

Түүний нагац ах нь Будапештын ДАШТ-ээс хүрэл медаль хүртсэн Г.Одбаяр. Ахынхаа тухай нүд нь гялалзаад,  бахархалтайгаар ярих энэ хүү ч хожим улсынхаа нэрийг өндөрт өргөх болов уу. Учир нь түүнд итгэл найдвар, хичээл зүтгэл байгаагаас гадна хурцлаад, ирлээд өгөх үе үеийн гайхамшигт тамирчид бий.

Биднийг тэнд байх зуур хүүхдээ дагуулсан эцэг эх, эмээ өвөө нарын цуваа ер тасарсангүй. Нэг хэсэг нь шинээр бүртгүүлж байхад нөгөө хэсэг нь хүүхдүүдээ хичээллэхийг харан сууна. Ихэнх эцэг эхчүүд хүүхдээ эрэмгий дайчин, эрүүл саруул, биеийн хөгжил сайтай болгохын тулд жүдогоор хичээллүүлдэг гэнэ. Хүүхдээ багаас нь спортын замналд оруулахыг зорьдог нэгэн ч бий. Хэдхэн жилийн дараа хүүгээ, охиноо тив дэлхийн тэмцээн, олимпийн наадамд өрсөлдөхөөр явахад нь дээлийнх нь захыг мушгиад суух нь дамжиггүй. Цаг наргүй хичээл зүтгэл, бэлтгэл сургуулилалт, урсгасан хөлсний үнэ цэнэ аав ээжийн хүүг ард түмний бахархал болгон алдаршуулдаг. 

М.Түвшинбаяр “Би том болоод Олимпийн аварга болох мөрөөдөлтэй. Аав ээждээ хэлж өнгөрсөн жилээс жүдогоор хичээллэж эхэлсэн. Нэг ч удаа бэлтгэлээ тасалж байгаагүй. Би Түвшинбаяр аваргаар бахархдаг” гэж “гялс” ярьчихаад татами руугаа гүйгээд явчихав. Тэр дараачийн олимпийн аварга М.Түвшинбаяр ч байж магадгүй.

Энэ өдөр төлөвлөгөөний дагуу зөвхөн хэвтээ барилдаанд зориулсан дасгал, сургуулилалт хийв. Суралцагчид хоёр цаг орчим бэлтгэл сургуулилалтаа хийсний дараа бүгд эгнэн сууж, “Багшаа болон ахмад үеэ хүндэлнэ. Өрсөлдөгчөө болон багийн хамт олноо хүндэлнэ. Жүдо бөхийн ёс жаягийг чандлан биелүүлнэ. Сайн тамирчин, сайн хүн болохын төлөө бүх хүч чадлаа дайчилна. Хулгай хийж, худлаа ярихгүй” хэмээн уриагаа хэлж багшдаа, өөр хоорондоо мэхийн хүндэтгэл үзүүлснээр бэлтгэл өндөрлөлөө. Тэдний үйл хөдлөл, нэгэнтэйгээ харилцах нь хүртэл дэг ёстой харагдана лээ. Намайг Г.Бат-Эрдэнэ багштай ярилцах зуур “Өнгөрсөн удаад шүдээ эмнэлэгт үзүүлж яваад бэлтгэлдээ ирж чадсангүй” хэмээн нэг суралцагч өөрийн биеэр ирж хэлээд, уучлалт гуйгаад явсан нь энэ спорт хүүхдийг хэрхэн хариуцлагатай болгож буйн илэрхийлэл мэт.

Зургадугаар ангийн сурагч Л.Мишээл жүдогоор хичээллээд нэг жил болж байгаа гэнэ. Бэлтгэл дууссаны дараа түүнтэй ярилцахад “Би жүдогоор хичээллээд уян хатан болоод л байгаа. Бэлтгэлээ байнга хийгээд байхаар огт ядардаггүй. Миний хамгийн хүндэлж, биширдэг жүдогийн тамирчин бол Францын Тедди Ринер, Монголын Н.Түвшинбаяр аварга. Би жүдогоор хичээллэхийн хажуугаар чөлөөт цагаараа ном унших дуртай” гэв. Л.Мишээл жүдогийн бэлтгэлдээ явах тун ч их сонирхолтой юм билээ. “Цаашдаа ч би жүдогоороо хичээллэнэ ээ” гэж ам бардам хэлчихээд гадаа хүлээж байгаа аав руугаа гүйхээрээ гарч одлоо. 

Том тэрэгний жолооч болох хүсэлтэй Толун маань ч ёсолгоогоо хийгээд, уриагаа хэлж, багшдаа мэхийгээд хоёр ахтайгаа заалнаас гарч одов. Одоохондоо тэр бэлтгэлийнхээ үнэ цэнийг бүрэн гүйцэт ойлгоогүй ч цаг хугацаа өнгөрөхийн хэрээр Олимпийн тухай, Түвшинбаяр аваргын тухай хэнээс ч илүү мэддэг болно. Тэр цагт том тэрэг барих хүсэл нь тив дэлхийн томоо гээчийн аварга болох мөрөөдлөөр солигдохыг үгүйсгэх аргагүй юм. 

Эрч хүч, эр зориг гэгч нь Улаанбаатарын зүрхэн тушаа орших Спортын төв ордны “Жүдо” академид “буцлан” байна билээ. Нээрэн л хананд өлгөөтэй байх “Илүү сайхан Монголын төлөө” гэх үгийн биелэл эдгээр хүүхдийн хичээл зүтгэл, хөлсний үнэ цэнэд оршин байх шиг.

Хамгийн их уншилттай
1
2024.02.23
Шибатаяма ояката: Хакүхог дэвжээ удирдах чадваргүй гэж үзсэн
2
2024.02.25
Бүсгүйчүүдэд үзэн ядагддаг 9 төрлийн залуу
3
2024.03.09
Миягино дэвжээг хаах шийдвэр гарчээ
холбоотой мэдээ
1
2018.10.24
Фото сурвалжлага: Shiseido-гийн нүүр будалтын бүтээгдэхүүн дахин төрж ТЭСРЭЛТ ХИЙЛЭЭ
2
2018.10.24
Монголын дээд боловсролын салбарт япончууд 5 ТЭРБУМ төгрөгийн буцалтгүй тусламж үзүүллээ
3
2018.10.04
Оюуны ялгаатай хөгжилтэй хүмүүс ажилладаг кофе шоп нээгджээ
санал болгох
1
20 цагийн өмнө
Саналын хайрцаг руу будаг асгаж, шатаахыг завдсан иргэдэд эрүүгийн хэрэг үүсгэжээ
2
22 цагийн өмнө
АНУ-ын номын сангууд номын төлбөрийн оронд муурын зураг авахыг зөвшөөрчээ
3
4 өдрийн өмнө
Эрчүүдийн зүрх сэтгэлд хамгийн гүн тусах 22 романтик кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
35
11
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.