Хайх зүйлээ бичнэ үү

5 мин

Оймсоо тайлахаас өмнө Л.Наранбаатар хэн байв?

Ажил, амьдралын түүхээс нь харахад шазруун, амбийцтай нөхөр аж.



Төрийн ордны их танхимаас хонгил руу чирэгдэж, гартаа гавтай ачигдсан анхны хүн Л.Наранбаатар боллоо. Эдийн засгийн форумыг хааж, индэрт үг хэлж байсан УИХ-ын дарга руу оймс шиддэг энэ залуу хэн бэ? Согтуу байсан гэх. Сонгууль ойртсоноос болж мэдрэл нь муудсан л гэх. Аль нь ч байг, ажил амьдралын түүхээс нь харахад архи амсаагүй байсан ч оймсоо тайлаад шидэж мэдэх шазруун амбийцтай, хаа явсан газраа өөрийгөө илэрхийлсээр ирсэн нөхөр байх юм. 

“Гложекс майнинг консалтинг групп” ХХК-ийн ерөнхий захирал, эрдэс баялгийн эдийн засагч Л.Наранбаатар. АН-ын ҮЗХ-ны гишүүн. Намынхаа эрх барих дээд байгууллагад Дархан-Уул аймгийг төлөөлдөг. Үндэсний сурын харваагаар 28 жил хичээллэж байгаа.

 Л.Наранбаатар Шарын голын уурхай дагасан жижиг тосгонд экскаваторчны гэр бүлд төрсөн. Одоо 37 настай. Тэрбээр есөн хүүхэдтэй айлын зургаа дахь хүү. Гэрээсээ ганцаараа их сургууль төгсөж, дээд боловсрол эзэмшсэн. Багаасаа уурхайн ашиглалтын инженер болохыг мөрөөдөж байсан боловч ээжийнхээ зөвлөгөөг дагаж ШУТИС-ийн Уул уурхайн инженерийн сургуульд шинэхэн нээгдээд байсан Эдийн засаг, менежментийн ангид элсэж, дөрвөн жил онц дүнтэй сурчээ. Хөдөлмөрийн гараагаа төрөлх Шарын голын уурхайгаасаа эхэлж, экскаваторчны туслахаас дэвшин мастераар ажиллаж байж. Удалгүй эхнэрээ даган Улаанбаатарт суурьшсан ч магистрын төлбөрөө дийлэлгүй КТМС-ыг орхиж байсан. 2003 онд “Айвенхоу майнз”-ын “Оюутолгой” төсөлд өрөмдлөгийн туслах ажилчнаар орж, Өмнөговьд жил хүрэхгүй хугацаанд ажилласан. Өрмийн машины хошуу том чулуу руу орохоороо хэсэг чимээ нь намсаад ирдэг байж. Яг ийм үеүдийг ашиглан өдөр бүр англи хэлний сурах бичигтэй “ноцолдсоор” бие даан хэл сурчээ. Л.Наранбаатар тэнд гэр бүлээ тэжээж чадах хэмжээний цалин авдаг байсан ч нэгэн өдөр Марк гэх дээд мэргэжилгүй австрали даргынхаа өөрийг нь шөвөгдөж хэлсэн үгнээс болж нойргүй хонож. Ганц өөрийг нь дээд боловсролтой болгох гэж аав, ээж нь бүхнээ зориулсан байтал биеэрээ дүүрэн шивээстэй, эрдэм ном үзээгүй гадаад нөхрийн дор ажиллаж байгаа нь харамсалтай санагджээ. Тэгээд л хүнс зөөдөг машинд суугаад харьчихсан. Улаанбаатарт буцаж ирээд мэргэжлээрээ ажиллах боломжийг хайв. “Монголын алт” компани уул уурхайн инженер, эдийн засагч ажилд авна гэж зарласан байна.

Ингээд 70 мянган төгрөгийн цалинтай ажилд орсноосоо хойш таван жилийн дараа өөрийг нь ажилд авч байсан Удирдах зөвлөлийн нэгэн гишүүн нь болж амжжээ. Л.Наранбаатар сэтгүүлч Б.Ганчимэгт өгсөн ярилцлагадаа “Тэр хүртэл явахдаа би албан тушаалд огтхон ч тэмүүлээгүй. Зөвхөн хариуцсан ажлаа маш сайн хийхийг л хичээсэн. Хамгийн гол нь мэргэжилдээ сонирхолтой болохоор кайфтай амьдарсан. Яг тэр тавхан жилийн дотор Цагаан суваргын зэс молибдений орд, Нарийн сухайтын нүүрсний төсөл, Элдэвийн нүүрсний уурхай, Коксжуулах үйлдвэрийн төсөл, Цементийн үйлдвэрийн төсөл, шохойн чулууны үйлдвэр барих том том ажлуудын суурь тавигдсан. Хоёрдугаарт, Думаагийн Содном гуай яг тэр компанид эдийн засгийн зөвлөх байсан. Намайг үнэхээр чанасан байхгүй юу. Би залуу насандаа, өсөж дэвжих үедээ маш мундаг хүний гараар шүүгдсэн нь миний амьдралын түүхийн ёстой нэг дурсгалтай сайхан үе гэж боддог юм. Үүгээрээ би бахархдаг. Өнөөдрийн хувьд Наранбаатар өөрийн гэсэн үзэл бодолтой, өөрийн гэсэн тэмүүлэлтэй болоход тэр компанид ажиллаж байсан хүмүүсийн, тэр хамт олны хүсэл тэмүүлэл асар их нөлөө үзүүлсэн” гэжээ.

Тэрбээр 2008 онд “Монголын алт” компаниас гарч, техник эдийн засгийн үндэслэл буюу ТЭЗҮ хийдэг үндэсний компани байгуулахаар шийдсэн нь “Гложекс”. Түүний “Гложекс” уул уурхайн тэсрэлтийн жилүүдэд маш их амжилт олж, чадварлаг 100 гаруй монгол инженер, эдийн засагчдыг нэгтгэсэн томоохон групп болон өссөн байдаг. 

“Гложекс”-оо өндийж эхэлмэгц Л.Наранбаатар улс төр хөөх болжээ. Түүний сонголт АН байв. Тэрбээр 2013 онд Дархан-Уул аймгийн АН-ын хорооны даргаар сонгогдсон удаатай. Гэвч түүний улс төр дэх карьерыг дэмжих “сайн ах” байгаагүй тул Н.Мөнхдаш, түүний ах Н.Мягмардаш нар албан тушаалаа эргүүлэн авсан. Өөрийг нь Дашууд дарамталж байгаа бичлэгийг хэвлэлийнхэнд сонсгож байсан нь тухайн үедээ багахан дуулиан тарьж байлаа. Л.Наранбаатар Дархан-Уул аймгийн АН-ыг шинэчлэх хөдөлгөөнийг байгуулан тэмцэж байсан боловч сүүлдээ АН-ын дарга З.Энхболдыг огцруулах тэмцэл болж хувирав. З.Энхболд Дашуудыг АН-ын хорооны удирдлага гэж үздэг бөгөөд УИХ-ын 2016 оны сонгуульд Дарханы тойрогт нэр дэвших Л.Наранбаатарын горьдлогыг үл хэрэгсдэг аж. Энэ бол яагаад З.Энхболд руу оймсоо чулуудсаныг нь тайлах улс төрийн шалтгаан. 

Л.Наранбаатар Монгол дахь эдийн засгийн томоохон форумуудыг идэвхтэй зохион байгуулагч гэдэг өнцгөөс харвал сая болж өнгөрсөн "Монголын эдийн засгийн форум-2016" арга хэмжээний үеэр ёсгүй аашилсан нь бас хачирхалтай л өнцөг. Тэрбээр уул уурхайн салбарт гадаадын хөрөнгө оруулалтыг татах зорилготой “Соаl Mongolia”, “Invest Mongolia”, “Metals Mongolia” чуулгануудын гол зохион байгуулагч нь юм. Уул уурхайгаас хамааралтай эдийн засгийн салбарын томоохон тоглогчийн хувьд хямрал, дампуурал нүүрлэсэн энэ үед “алуурчныг” олж шийтгэх хүсэл нь Л.Наранбаатарыг оймсоо тайлж чулуудахад хүргэв. Яаж оночихоогүй юм. Тэр чинь улсын мэргэн харваач Лүндэг агсны хүү шүү дээ. Л.Наранбаатар есөн настайгаасаа харвасан гэж байгаа. Нэг их онилолгүй чулуудсан нь яамай.  

УИХ-ын даргын талыг баримтлагчдын тайлбарлаж байгаагаар бол, З.Энхболд Тавантолгойн талаар эх оронч үгээ хэлж байх яг тэр агшинд Л.Наранбаатар хорсолтойгоор бээлий шиджээ. З.Энхболдын хувьд том улстөрч учраас оймс биш, бээлий шидүүлсэн байх нь нэр төрд нь цэвэр ажээ. 

 

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
7 цагийн өмнө
Дэлхийн номын өдрөөр санал болгох ЕСӨН шинэ ном
2
8 цагийн өмнө
QUIZ: Та шүдний талаар хэр мэдлэгтэй вэ?
3
9 цагийн өмнө
Г.Доницетийн "ДУРЛАЛЫН УНДАА" хошин дуурийг үзэх 5 шалтгаан
санал болгох
1
12 цагийн өмнө
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино
2
Уржигдар
Салалтыг даван туулж буй хүн бүрийн сонсох ёстой 11 хатуу үнэн
3
Уржигдар
Айлын ганц болон том, дунд, бага хүүхдүүдийн 9 ялгаатай чанар

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
2
0
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.