Хайх зүйлээ бичнэ үү

5 мин

"Алганы хээ" романы зохиолч Б.Эрхэмбаярын санал болгох 10 ном

Зохиолч Балтсүхийн Эрхэмбаяр UB.LIFE-ийн уншигчдад дараах номуудыг санал болгож байна.


"Алганы хээ", "Тасдаж үл болох сарнай" зэрэг номуудын зохиолч Балтсүхийн Эрхэмбаяр UB.LIFE-ийн уншигчдад дараах номуудыг санал болгож байна.

1.  Л.Түдэв Оройгүй сүм

Шарын шашны талаар маш гүнзгий судалгаан дээр үндэслэн бичсэн нэрт зохиолчийн энэ номонд хүн гэдэг амьтан үйлийн үрийг тойрох аргагүй болохыг харуулдаг. Ядуу ардын хүү Санж цаст Төвдийн оронд ном сурахаар явж шашны номын оргилд хүрэх боловч атаач хүмүүсийн уршгаар түүний насан бүтээл болох сүмээ бариулж дуусгалгүй цөлөгдөнө.

2. Шидэт хүүрийн үлгэр

Дорно дахинд ихэд түгсэн бурхны шашны сэдэвт сургаалт зохиолуудын нэг нь “Шидэт хүүрийн үлгэр” юм. Анх Энэтхэг улсад зохиогдсон энэ зохиол Төвдөөр дамжин Монголд дэлгэрчээ. Монголчууд хэдэн зууны туршид энэхүү үлгэрийг зүйл бүрээр ярьж, хэлэлцэхдээ зан заншил уламжлал, суртахуунаа шингээн баяжуулсаар ардын аман зохиолын шинжтэй болгож, "Монголын" гэх өвөрмөц хувилбарыг ч бий болгосон байна. Олон сургамжит үлгэрээс бүтэх уг номыг би үе үе уншдаг. Унших бүр надад амьдралын утга учрын талаар шинэ ухаарал бий болгодог гайхалтай ном.

3. Габриель Гарсиа Маркес “Тахлын үеийн дурлал” 

“Зуун жилийн ганцаардал”-аараа Маркес Нобелийн шагнал хүртсэн ч энэхүү “Тахлын үеийн дурлал” ном түүний хамгийн хайртай роман нь байсан гэдэг. Энэхүү номын гол баатар анх дурласан бүсгүйгээ 50 гаруй жил хүлээдэг. Амьдралд байж боломгүй мэт санагдах олон гайхалтай үйл явдал уран санаагаар дүүрэн зохиолыг би анх швед хэл дээр уншсан боловч дутуу дулимаг уншсан байх гэж одоо хүртэл эргэлзсээр буй тул саяхан эх хэлнээс нь шууд Монгол руу орчуулсан номыг шимтэн уншиж байна. 

4.  Вольтер “Кандид буюу өөдрөг үзэл”

Эртний ч гэж хэлж болох гүн ухаанч В.Скотын энэхүү номыг шимтэн уншдаг. Зовлон зүдгүүр бол амьдралын нэг хэсэг түүнд сөхрөөгүй хүн л жинхэнэ амьдралын сайхныг мэдрэх боломжтой гэх гүн ухаан үнэртсэн энэ ном үнэхээр агуу зохиол.

5. М.А.Шолохов “Дөлгөөн Дон”

Октябрийн хувьсгалын өмнөх болон дараах үеийн Орос орон, Оросын ард түмний амьдралын талаар нүцгэн үнэнийг бичсэн зохиолыг залуу үе заавал уншаасай гэж боддог. Баатруудынхаа эгэл жирийн амьдралыг түүхэн цаг үеийн шилжилт дээр тулгуурлан гайхалтай хүүрнэж чадсан зохиол. Энэ номын гол дүр Григорийн эхнэртээ эсвэл Аксинья гэх бүсгүйн хэнд нь илүү их хайртай бол гэх бодол одоо болтол сэтгэлээс минь гардаггүй юм. Зохиолч Шолохов энэхүү романаараа Нобелийн шагнал хүртсэн бөгөөд 25 настай байхдаа уг зохиолын бичсэн байдаг. Зарим нэгэн судлаачид цэл залуу Шолохов ийм том хэмжээний романыг бичих боломжгүй, өөрөө бичээгүй гэж сүүлийн үед сенсаци дэгдээсэн ч тэр үеийн залуус амьдралд эрт хөл тавьж амьдралын мөн чанарыг эрт олдог байсан мөн авьяас билэг бол бурхны хишиг гэдэгт итгэдэг хүний хувьд би энэ номыг түүнийг бүтээл гэдэгт огтхон ч эргэлздэггүй. Гэхдээ чухам хорин тавхан настай зохиолч яаж баатруудынхаа ээдрээт хувь заяа, хүний амьдралын эгзэгтэй сорилт, хувьсгал хэмээх нийгэм улс төрийн шилжилтийг үзэл сурталд огтхон ч баригдалгүй эгэл жирийн амьдралыг үнэнээр өгүүлж чадсан нь гайхамшиг гэхээс өөр хэлэх үг олдмооргүй. 

6. Ч. Лодойдамба “Тунгалаг Тамир”

Одоогийн залуус заавал унших ёстой ном гэж боддог. Ч.Лодойдамбын “Тунгалаг Тамир” бол орчин цагийн Монголын уран зохиолын сод бүтээл. Хэт гоёмсог үгээр биш энгийн үгээр утга санааг урлахын гайхамшгийг харуулсан ном. монгол ахуй, монгол хүний сэтгэлгээ, монгол ухаан нэвт үнэртдэг эл бүтээл зохиолчийн өөрийнх нь сэтгэлгээний цар хүрээ, эгэл жирийн нүүдэлчин малчин ард түмний олон зууны туршид бий болгосон үнэт зүйлсийн охь шим болсон. Зохиолын хоёрдугаар бүлэгт социализмын үзэл суртлын сүүдэр туссан ч угийн сод авьяастай зохиолч үүнийг маш чадмагаар зохицуулж баатруудаа амьдруулж чадсан. 

7. Борис Пастернак “Доктор Живаго”

Октябрийн хувьсгалын жинхэнэ мөн чанарыг сэхээтэн чинээлэг эрдэм чадалтай эмч Живагогийн дүрээр харуулдаг. Уг номыг уншиж киног нь үзэхээс өмнө социализмийн мөн чанарыг дандаа үзэл суртлын нөлөө туссан ном уран зохиолоос уншиж байсан миний нүдийг нээсэн юм. Мөн хүний дотоод ертөнцийн зөрчил, хайр сэтгэлийн нөгөө л хоёр тал буюу “ухамсарт” хайр, эзнийхээ толгойд захирагддаггүй ухамсаргүй дурлал хоёрын мөн чанарыг ч харьцуулж харуулдаг. 

8. Ф.М. Достоевский “Гэм зэм”

Энэхүү романы дэвшүүлсэн санаа амьдрал гэдэг агуу том философи руу өнгийхөд хэрэг болно. Орос эхээр нь олон жилийн өмнө уншиж байхдаа хүүхэд байсан болоод бүрэн ойлгоогүй ч юм уу олон жил намайг эргэлзээнд оруулж юм бодогдуулсан. Харин Ц.Гомбосүрэн гуайн орчуулсныг саяхан уншаад тийм ч хэцүү санагдаагүй. Бодвол сайн орчуулгыг эх хэлээрээ унших болон энэ номыг ойлгохуйц насанд хүрснийх буй за. 

9. Жорж Санд “Консуелло”

Феминизмийг уран зохиолд бас амьдралд оруулж ирсэн Ж.Санд гэх үзэсгэлэнт эмэгтэй зохиолчийн энэхүү номыг ялангуяа эмэгтэй хүмүүс уншчихад илүүдэхгүй. 

10. Л.Толстой “Анна Каренина”

Агуу Толстойн уг ном бол түүний оргил бүтээл. Гол дүр Аннаг “дэлхийн хамгийн алдартай амьдрал, гэр бүлээ сүйрүүлэгч” гэж зарим шүүмжлэгчид үздэг. Гэхдээ л би Аннад хайртай. Түүний өөрийнхөөрөө амьдрах гэсэн хүсэл зоригийг нь эмэгтэй хүний хувьд хүндэлдэг. Левиний дүрээр Толстой өөрийнхөө мөн чанарыг гаргасан гэж үздэг. Левин бол миний мэдэхийн төгс төгөлдөрт ойрхон, эгэл жирийн ч амьдралын үнэнийг олж харсан эр хүн. Левинд учиргүй их хайртай.

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
2022.12.30
UB LIFE-ийн Түүхүүд: Энэ онд хүмүүсийн үзсэн хамгийн гоё КИНОНУУД
2
2022.09.05
Есдүгээр сарын жаврыг даван гарахад туслах "дурлам" 10 дуу
3
2022.07.22
Playlist: Бороотойд "эморох" хүсэлгүй хүмүүст санал болгох Биллбоардын 20 дуу
санал болгох
1
17 цагийн өмнө
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино
2
Уржигдар
Салалтыг даван туулж буй хүн бүрийн сонсох ёстой 11 хатуу үнэн
3
Уржигдар
Айлын ганц болон том, дунд, бага хүүхдүүдийн 9 ялгаатай чанар

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
1
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.