Хайх зүйлээ бичнэ үү

5 мин

ФОТО: Шивээснүүдийн ар дахь СОНИРХОЛТОЙ түүхүүд

Хүн бүрийн шивээс цаанаа гүн утга агуулгатай. Тэр сонирхолтой түүхүүдийг бид энэ удаад эздээс нь асуулаа.


1. Б.Алтанхуяг, 21 нас (Яруу найрагч, Монцaмэ агентлагийн сэтгүүлч)

Эдгар Аллан Пог Америкийн детектив зохиолын загалмайлсан эцэг гэж хэлж болно. Би зохиолуудыг нь унших их дуртай. Зүгээр нэг адал явдалт зохиол гэдэгт нь тулгуурлан уншихаас гадна тэр адал явдал, гэмт хэрэгтээ хүний сэтгэл зүйг холбож бичдэг. Хүн яагаад баярлаж, догдолж, уурладаг гэх асуудлуудыг өдөөж түүн дээрээ маш их судалгаа явуулж бичдэг нь түүний зохиолуудыг илүү сонирхолтой болгодог. Мөн зохиолч маань өөрөө хүний бие анатомийн талаар гүн судалж мэдсэн хүн. Тийм учраас би унших дуртай зохиолчийнхоо шивээсийг хийлгэсэн.

Доорх шивээсээ яг аравдугаар ангиа төгсөх жил өөрөө хийсэн. Би яруу найрагт дуртай байсан. Даваадоржийн Энхболдбаатар яруу найрагчийн “Шувууд миний мөрөөдлийн зүгт нисдэг” гээд шүлэг тэрхэн үедээ надад маш их таалагдаад өөрөө хийсэн шивээс маань юм. Хэрээнд би маш их дуртай, миний хүүхэд насны салшгүй нэг хэсэг гэж болно. Заавал яагаад хэрээг шивсэн бэ гэвэл ямар ч өөгүй тас хар ганц шувуу.  

2. Р.Мөнх-Наран, 40 нас ( Гоо сайханч, Шивээсчин )

Анх охинтой болохдоо энэ хөөрхөн титмийг, ягаан туузтай шивсэн. Би өөрөө дөрвөн хүүхдийн эх хүн болохоор үрээ тэвэрч байгаа эх хүнийг дүрслэн шивүүлсэн.

Бүх хүн өөр өөрийн шүтлэгтэй. Тийм ч учраас бурхны гэх мандала цэцгийг гар дээрээ шивүүлсэн.

Эмэгтэй хүн болохоороо эмэгтэй хүний дээдийг бэлгэдэж өнгө жавхаатай, дуу хууртай, баяр баясгалантай эмэгтэйг шивүүлсэн.

Доорх шивээс далавч болон зүүд манагчаас бүтэж байгаа. Утга учрын хувьд далавч нь муу муухайгаас хамгаалдаг. Харин зүүд манагчийг нь орой унтахдаа гоё сайхан зүүд зүүдэлж, түүнээсээ эерэг энерги авах гэсэн үүднээс шивүүлсэн.

Би хамгийн анх шивээс хийхдээ гаран дээрээ доорх одыг шивсэн юм. Яагаад ч юм энэхүү одны шивээс нийтдээ зургаан ширхэг байдаг. Одоо манай ам бүл зургуулаа. Тэр үедээ ийм утга учиртай юм болов уу гэж бодоод арилгаагүй үлдээсэн. Харин эмэгтэй хүний шивээс нь Индиан овгийн хатан хааныг дүрсэлсэн. Миний шивээснүүд бүгд л утга учиртай. Би дуртай гээд хамаагүй шивээс хийлгээд байвал утгагүй гэж боддог.

3. Т.Хантүшиг, 22 нас ( Сэтгүүлч мэргэжилтэй )

Гар дээрээ би Кой загасны шивээстэй. Кой загас урсгалыг дагаж биш сөрж явдаг гэж хүнээс сонссон. Тиймээс аливаад няцахгүй сөрж явна гэж бэлгэдээд хийлгэсэн. Энэ загас нь хатуу зан араншинтай домгийн загас болохоор заавал доор нь цэцэг болон урсгал усаар зөөллөх ёстой гэж хүмүүсээс сонсоод хийлгэсэн.

"Миний Монгол" гэх энэ үг миний анхны шивээс.

Харин дал хэсэгтээ самурайн толгой болон баавгайн сарвууг шивүүлсэн. Самурай нь зоригтой, ямар нэгэн юмнаас буцдаггүй, алдаа гаргавал харакири хийж амиа хорлодог. Үнэнч, шударга зан байдлыг нь бэлгэдээд самурайг шивүүлсэн. Харин Баавгайн сарвууг ёстой юм бодолгүй хийлгэсэн.

4. Алтангэрэл ( Molpedia гишүүн )

Би "Linkin Park" хамтлагийн үнэнч фен, дуунуудыг нь сонсох үнэхээр дуртай. Tиймдээ ч гоцлол дуучин Честер Беннингтоны хөргийг шивүүлсэн гэж хэлж болно. Нөгөө мөрөн дээрх шивээс маань "The Hunting Party" цомгийнх нь постер. Хүмүүс хараад тэр болгон ямар утга учиртайг нь ойлгодоггүй.

Лууны шивээсээ өмнө нь байсан шивээсээ дарах зорилготой хийлгэсэн. Утга учир гээд байх зүйлгүй. Өөрөө дуртай болохоор л хийлгэсэн. Харин миний биед байгаа хамгийн хөгжилтэй шивээс бол энэ хэдгэнэ. Зоригоо гэдэг найзтайгаа аймшгийн кино үзэж байгаад хэдгэнэ нь албин чөтгөрийг төлөөлдөг гэдгийг сонсоод, судалж байгаад шивүүлж байсан түүхтэй.

5. О.Анхзаяа, 21 нас ( Сэтгүүлч, блоггер )

Би жижигхэн бас утга учиртай байлгах дуртай. Шивээс хэзээ ч миний хувьд гоёл гэх утгаар байгаагүй. Эрх чөлөө, адал явдал гэх хоёр зүйлийг гар дээрээ, хэсэгхэн ч гэсэн бидний оршиж байгаа нь ямар их аз жаргал болох тухай, бас мэдээж энэ дэлхийг хайрлах мэдрэмж мөр дээр минь бий. Хөл, хавирга хоёр дээр минь миний хайртай хамтлаг болох " Sigur Rós"-той холбоотой бас хүмүүстэй харилцах, тэднийг ойлгож, хайрлах нь ямар чухал болохыг надад сануулдаг шивээснүүд бий. Одоо дахиад нэг шивээс хийлгэх бодол бий. Миний хүссэн утга учир, надад урам, хүч чадал өгдөг зүйлс бие дээр минь арилахгүйгээр оршино гэдэг маш чухал. Би бүгдийг нь нууж, халхалж явдаг.

Гар дээрх шивээсээ маш гэнэтийн байдлаар хийлгэж байсан. Шивээс хийдэг байсан найзтайгаа гэрт нь дуу сонсоод сууж байхдаа, "Юу хийх үү", "За за, шивээс хийлгэх юм уу" гээд л шууд шивүүлсэн. Миний хувьд хамгийн нандин шивээс минь.

6. П.Баярсайхан, 22 нас ("Moon Dance" бүжгийн клубийн бүжигчин)

Ерөнхийдөө миний энэ шивээс бол “Moon Dance” клубийн маань лого. Хос хараацай, бадран дүүлэх, хослон бүжиглэхүй, нар, сар болон гал гэсэн утгатай. Дээшээ өөдлөн дэвшихийг бэлгэдэж байгаа. “Moon Dance”- тай миний амжилт, сайн сайхан бүхэн холбоотой болохоор "Moon Dance" клубийнхээ логог шивүүлсэн.

7. П.Цэрэнсодном, 24 нас (Барилгын инженер)

Шуун дээр шивүүлсэн үг нөхөрлөлийн бэлэг тэмдэг. Анх найзуудтайгаа ярьж байгаад хийлгэсэн. Одоогоор 8-9 найз маань ийм шивээстэй. Бугуйн дээрх эхний шивээс бол миний сонсох дуртай хамтлагийн лого, цомгийн зураг.

Хавирган дээрх хэрээний шивээсийг 2015 онд “Төмөр нар”-аар хийлгэж байсан.

7. Төмөр нар, 27 нас (Шивээсчин)

Би анх шивээс хийж эхэлснээсээ хойш 7 жил болж байна. Ерөнхийдөө би өөрт таалагдсан шивээснүүдээ л шивдэг. Гаран дээрх Индиан хүний шивээсийг өөрөө дуртай учраас шивүүлсэн.

Харин хамгийн утга учиртай шивээс гэвэл би доорх шивээсийг л хэлнэ дээ. Гэр бүлийн гишүүдийнхээ нэрийг өөрийн цээж хэсэгтээ шивүүлсэн юм.

Хамгийн их уншилттай
1
2024.02.23
Шибатаяма ояката: Хакүхог дэвжээ удирдах чадваргүй гэж үзсэн
2
2024.02.25
Бүсгүйчүүдэд үзэн ядагддаг 9 төрлийн залуу
3
2024.03.09
Миягино дэвжээг хаах шийдвэр гарчээ
холбоотой мэдээ
1
2018.10.24
Фото сурвалжлага: Shiseido-гийн нүүр будалтын бүтээгдэхүүн дахин төрж ТЭСРЭЛТ ХИЙЛЭЭ
2
2018.10.24
Монголын дээд боловсролын салбарт япончууд 5 ТЭРБУМ төгрөгийн буцалтгүй тусламж үзүүллээ
3
2018.10.04
Оюуны ялгаатай хөгжилтэй хүмүүс ажилладаг кофе шоп нээгджээ
санал болгох
1
19 цагийн өмнө
Саналын хайрцаг руу будаг асгаж, шатаахыг завдсан иргэдэд эрүүгийн хэрэг үүсгэжээ
2
21 цагийн өмнө
АНУ-ын номын сангууд номын төлбөрийн оронд муурын зураг авахыг зөвшөөрчээ
3
4 өдрийн өмнө
Эрчүүдийн зүрх сэтгэлд хамгийн гүн тусах 22 романтик кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
0
0
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.