Хайх зүйлээ бичнэ үү

УИХ-ын Тамгын газрын Мэдээллийн технологийн хэлтэс шинэ программ хангамж боловсруулжээ.

Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийг олон нийтээр хэлэлцүүлэх ажлыг зохион байгуулах УИХ-ын Ажлын хэсэг, УИХ-ын Тамгын газраас төслийн хэлэлцүүлгийг орон даяар зохион байгуулж дуусчээ. Одоо иргэдээс цаасаар болон цахимаар ирсэн саналыг нэгтгэн бүртгэх ажил УИХ-ын Тамгын газарт хийгдэж байна. Үүнтэй холбогдуулан УИХ-ын Тамгын газрын Мэдээллийн технологийн хэлтэс шинэ программ хангамж боловсруулжээ. Энэ талаар тус хэлтсийн дарга Ц.Борхүүтэй уулзаж, ярилцлаа.

-Төслийн хэлэлцүүлэгт иргэдээс их олон санал ирсэн гэж сонссон. Тоог нь хэлж болох уу?

-21 аймаг, нийслэлийн 9 дүүрэг, бүх сум, баг, хороод, төрийн байгууллагууд дээр хэлэлцүүлэг хийгдсэн болохоор хэдэн зуун мянган хүн оролцсон нь тодорхой. Нарийн тоо эцэслэн гараагүй. Саналаа ирүүлсэн хүний тоо гэхэд 300.000 гаруй болж байна.

-Тэр олон саналыг нэгбүрчлэн бүртгэх үү. Олон хүн оролцож байгаа юу?

-Нэг ч саналыг орхигдуулахгүй бүртгэх ёстой. Үүний тулд саналыг хэрхэн богино хугацаанд нэгтгэж, үр дүнг гаргах вэ гэдэг асуудал тулгарсан. Программ хангамжийн тусламжтайгаар мэдээллийн санд нэгтгэх нь хамгийн оновчтой шийдэл байсан. Бидэнд бэлэн программ байсангүй. Иймээс өөрсдийн нөөц бололцоог ашиглан шинээр программ хангамж боловсруулсан. 

Бүртгэл, нэгтгэлийн хувьд УИХ-ын Тамгын газрын 70 ажилтан, нийслэлд 40, нийт 110 хүн энэ ажлыг хийж байна. Ингэж олны хүчээр хийхгүй бол мөд дуусахгүй. Ердийн журмаар, санал тус бүрээр файл үүсгэн бүртгэнэ гэвэл дор хаяж 6 сарын ажил болохоор байсан юм. Бүртгэлийн шинэ программ хангамж боловсруулснаар 6 сард хийх ажлыг 60 хоногт буюу 2 сард дуусгах боломж бүрдлээ. Зөвхөн цаасаар ирсэн санал нь гэхэд 3300 гаруй архивын нэгж болох юм билээ. Энэ нь манай УИХ-ын Тамгын газрын 4 жилийн, өөрөөр хэлбэл нэгэн бүрэн эрхийн хугацаанд бүрддэг нийт архивын нэгжийн хэмжээтэй тэнцэж байгаа юм. 

- Цахим бүртгэлийн шинэ программынхаа талаар жаахан дэлгэрүүлж тайлбарлаж өгөхгүй юү?

- Саналын хуудсанд Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах 6 бүлэг асуудлыг тусгасан байгаа. Тэдгээрт иргэдийн өгсөн санал бүрийг бүртгэж байна. Нэг ч хүний санал гээгдэхгүй, бас давхардахгүй. Хүсвэл иргэд өөрийнх нь санал бүртгэгдсэн эсэхийг шалгаж, хянах боломжтой. Санал өгсөн иргэд саналын хуудсанд өөрийн хувийн мэдээллээ бичих ёстой ч дутуу оруулсан тохиолдол цөөнгүй байгаа. Тиймээс регистрийн дугаар нь байхгүй бол оршин суугаа хаягаар нь, эсвэл утасны болон саналын хуудасны дугаараар нь гэх мэтээр бүртгэж байгаа. Тэгэхээр иргэн аль нэг хувийн мэдээллээ оруулаад өөрийн өгсөн саналыг шалгах боломжтой. 

- Нэлээд том архив бүрдэж байгаа юм байна гэж ойлголоо. Мэдээлэлтэй танилцах, судалгаа шинжилгээний зориулалтаар ашиглах гэсэн хүмүүс нэвтрэх боломжтой юу?

-Боломжтой. Цахим болон цаасан гэсэн хоёр хувилбараар архив бүрдэж байгаа. Архивын дотоод журмын дагуу хүсэлтээ гаргаад, ашиглаж болно. Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төслийн асуулга бүрээр, аймаг, сум, дүүргээр, бүр нас, хүйсээр нь ч мэдээлэл авч болно. Бид ийм нарийвчлалтайгаар бүртгэлийн тайлангаа гаргаж байна. Тэгэхээр Монгол Улсын Үндсэн хуулийн асуудлаар судалгаа хийдэг эрдэмтэн судлаачид, сонирхсон иргэдийн хувьд урьд өмнө байгаагүй судлагдахууны бааз бүрдэж байна гэж ойлгож болно.

Бид программ хангамжаа нууцлал, аюулгүй байдлын өндөр түвшинд бүтээсэн. Нэгтгэл хийж байгаа хүмүүс хяналтын камертай тусгай танхимд ажлаа хийж байгаа. 

-Бүртгэлийг буруу зөрүү хийх эрсдэл бий юү. Түүнчлэн төслийн санал асуулгад буюу 6 бүлэг асуудалд тусаагүй асуудлаар иргэд санал өгсөн бол яах вэ? 

-Манай программ саналын хуудасны бүртгэл хийсэн ажилтан, бүртгэлийг засварласан огноог хүртэл хадгалдаг. Хэрвээ мэдээллийн зөрүү, алдаа гарвал хяналтын тулгалт хийх тохируулгатай. Тэгэхээр буруу, зөрүү бүртгэх тухайд санаа зовох зүйл байхгүй.

Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төсөлд тусаагүй асуудлаар иргэд цөөнгүй санал ирүүлсэн байна лээ. Тэдгээрийг одоо мөрдөгдөж байгаа Үндсэн хуулийн 70 зүйл тус бүрээр нь ангилан тулгалт хийж, бүртгэж байгаа.

-Бүртгэлийн ажлын явц ямар байна вэ?

-Одоогийн байдлаар 40 гаруй хувьтай байна. Мэдээлэл оруулж, бүртгэх ажил хийж байгаа ажилтнуудын цахим санд оруулсан саналын хуудасны тоог бид өдөр бүрээр тооцож, гаргаж байгаа.

-Танд баярлалаа.     

 


Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
14
46
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.