Хайх зүйлээ бичнэ үү

6 мин

Авторын булан: Ерөнхий сайдад горилогсдын хэн нь хэн бэ


 

Монгол Улсын 30 дахь буюу шинэ Ерөнхий сайд энэ сарын 25-нд болох МАН-ын Бага хурлаас албан ёсоор нэрлэгдэнэ. М.Энхболд Ерөнхийлөгчийн сонгуульд ялагдан МАН-ын дарга байх улс төрийн эрхгүй болсноос хойш түүний орыг залгах тэмцэл МАН-ын нөлөө бүхий улстөрчдийн дунд өрнөөд байгаа билээ. Ж.Эрдэнэбатыг огцруулсан ээлжит бус чуулганаас хойш Ерөнхий сайдын, сайдын албан тушаалд тэмүүлэгсэд МАН дотроо олуул болж, дор бүрээ албан бус кампанит ажил явуулсан, горилогсод өөрсдийгөө ирээдүйн Ерөнхий сайд, сайд байж болох хүн гэдгээр танилцуулах гэж хичээсэн өдрүүд үргэлжилж байна.

У.Хүрэлсүх, Н.Энхболд, Ц.Нямдорж, Ч.Хүрэлбаатар нар Ерөнхий сайд болох магадлалтайд тооцогдож буй, эсвэл ийм тооцооллыг бий болгох зорилго тэдэнд байгаа нь өнөөдөр олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүд болон цахим сүлжээн дэх төлбөртэй талбаруудаас ойлгомжтой харагдаж эхэлсэн. Тиймээс тэднийг дэмжиж буй фракцууд хоорондоо өрсөлдөх, эс бөгөөс тохиролцож хэн нэгнийг нь дэвшүүлэх үйл явц явагдах нь тодорхой гэсэн үг. МАН-ын дарга хэн болох вэ гэдэг асуулт бол Ерөнхий сайд хэн болохоос шууд шалтгаалах бөгөөд дараагийн, өөрөөр хэлбэл 10 дугаар сард багтан хуралдуулах учиртай МАН-ын их хурлын шийдэх хэрэг юм.

У.Хүрэлсүх

Магадлалын хамгийн өндөр цэг дээр зогсож буй эрхэм. Төлөв түвшин, нуруутай гэх имижийг бүрдүүлсэн МАН-ын үе үеийн лидерүүдэд хүлээн зөвшөөрөгдөж, үнэлэгдэж, бүр өөрөө нөлөө бүхий удирдагчдынх нь нэг болж чадсан гэхэд энэ намд ээнэгшитлээ хол, итгэмээргүй хурц, тэрслүү чанар Ухнаагийн Хүрэлсүхэд бий. Ийм араншингаараа улс төр сонирхогчдын анхаарлыг амархан татаж болох ч их улс төрд цэргээс генерал болтлоо 30 жил хөндлөн давхисан нь түүний бяд.

“Нийгэм захиаллаа” гэх мессежүүд У.Хүрэлсүхийн гэрэл зургийн хамт яг одоо хаа сайгүй нисэлдэж байна. УИХ-ын 2016 оны сонгуульд МАН ялж, 65 суудал эзлэхэд л түүнийг Ерөнхий сайд болох болов уу гэсэн хүлээлт олон нийтийн тодорхой хэсэгт байсан нь үнэн. Гэхдээ Шадар сайд болж хоцорсон нь тухайн цагтаа “УИХ-ын сонгуульд өрсөлдөөгүй” гэсэн шалтгаанаар зөвтгөгдөж байв. Харин одоо бол “Нийгмийн захиалга” гэх хүндэтгэн үзэх урилгатайгаар гүйцэтгэх засаглалын тэргүүний сунгаанд оролцож байна. Дунд боловсролтой хүн Ерөнхийлөгчийн сонгуульд ялалт байгуулсны дараахан Ерөнхий сайдын сунгаа болж байгаа нь “мэргэжил боловсролоороо өмнөх Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатаас дээрдэх зүйлгүй” хэмээн гологдох аюулаас У.Хүрэлсүхийг аварч байгаа. Тэгээд ч намын ажлын туршлага, удирдан зохион байгуулах чадвар, хувь улстөрчийн манлайллаараа У.Хүрэлсүхтэй өрсөлдөхүйц танигдсан лидер одоогоор МАН-д үгүй. Тиймээс Ерөнхий сайд болон МАН-ын даргаа хавсран хийх боломжтой ганцхан кандидат У.Хүрэлсүх болоод байна.

Гэвч У.Хүрэлсүх омголон, хурц, шазруун гээд сонирхолтой характераараа олны таашаал хүртдэг шигээ тав хоногийн дараа МАН-ын Бага хурлынхаа итгэлийг хүлээх, эсэх тааварлашгүй. Түүнийг 30 дахь Ерөнхий сайд байх “нийгмийн захиалга” гэж олж харах “билгийн мэлмий”  Бага хурлын 330 гишүүний хэдийнх нь духан дээр мэлмэрэхээс шалтгаална. Түүнийг МАСЗХ буюу одоогийн НАМЗХ-ны гишүүд, энэ холбооноос төрсөн гишүүд баараггүй дэмжинэ. М.Энхболдыг дэмжигсэд буюу “Хотын” фракцынхан эсрэг санал өгөх болов уу. Харин харьцангуй цөөн тоотой ч Ц.Нямдоржийг дэмжих “Увсынхан” болон Ч.Хүрэлбаатарыг зүтгүүлж буй Сү.Батболдын фракцынхан, Эм Си Эс-ийн талыг баримтлагсадтай У.Хүрэлсүх хэл амаа ололцож чадвал тэр торохгүй дараагийн Ерөнхий сайд бөгөөд МАН-ын дарга мөн. 

Ч.Хүрэлбаатар

Хэрэв Чойжилсүрэнгийн Хүрэлбаатарыг МАН-ын Бага хурлаас Ерөнхий сайдаар нэрлэвэл түүнийг дэмжиж буй Сү.Батболдын фракц дипломат ур чадвараа шавхжээ л гэсэн үг. УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатарыг шаггүй эдийн засагч, барууны боловсролтой гэхчлэн сайшаан ханддаг хэсэг байдаг боловч тэд дэндүү цөөхүүл. Тиймээс Ч.Хүрэлбаатар Ерөнхий сайд болохын тулд хүчтэй өрсөлдөгч У.Хүрэлсүхтэй урьдчилан тохирохоос өөр аргагүй. Түүнчлэн Сү.Батболдыг дажгүй сайн харилцаатай байдгаар нь Эм Си Эс-ийн бүлэгтэй, дараа нь М.Энхболдын “Хотын” фракцтай тохироонд хүргэх, харин өөрөө Увс нутгийн хүчин зүйлээ ашиглахаар самбаачлах гээд шат дараатай олон хэлцэл хийж байгаа.

Сү.Батболдын Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргаар ажилласан түүнийг төсөв санхүүгийн мэдлэгээрээ түрүүчийн “мэргэжлийн” Засгийн газарт багтаагүйд, нутаг нэгт Б.Чойжилсүрэнд Сангийн сайдын суудлыг “алдсанд” нь боловсрол шүтдэг хэсэг бухимдалтай хоцорч байв. Тиймээс энэ удаад Ерөнхий сайд биш юм гэхэд Сангийн сайдтай үлдэх болов уу гэсэн хүлээлт түүнд бий. Харин МАН-ын даргын хувьд Ч.Хүрэлбаатарын амбийц арай хүрэхгүй болов уу. Тэрбээр өнгөрсөн долдугаар сард “Надад МАН-ын даргад өрсөлдөх бодол байхгүй” гэж хэлж байсан удаатай. Тиймээс Ч.Хүрэлбаатар Ерөнхий сайд болох тохиолдолд У.Хүрэлсүх МАН-аа удирдах тохироо хийгдэж байх учиртай.  

Н.Энхболд

Нямаагийн Энхболд бол МАН-ын имиж болсон төлөв түвшин, нуруутай, басхүү аядуу зөөлөн улстөрч. Насаараа улс төрд зүтгэсэн гэхэд ямар нэг популист үйлдэл гаргах, хүмүүст таалагдахын тулд байх аливаа хийсвэрлэлээс ангид биеэ авч явсан нэгэн. Улс төр сонирхдоггүй хүмүүс түүнийг огт танихгүй. Тиймээс “нийгмийн захиалга” бол түүнд хаяглагдахгүй. Харин МАН-ын Бага хурлын захиалга хэрхэх бол...

“Ерөнхийлөгчийн сонгуулиар нэр дэвшигчийн эсрэг ажилласан”, “65 гишүүнтэй МАН-ын бүлгийг хуваалаа” гэх шүүмжлэл Ерөнхий сайдын марафоны хүчтэй өрсөлдөгч У.Хүрэлсүхийг чиглэж байгаа. Ингэж үзэх хандлагаар Бага хурал амьсгалахыг үгүйсгэх аргагүй бөгөөд энэ тохиолдолд У.Хүрэлсүх банга хүртэж, Н.Энхболдын од гийж мэдэх хувилбар бий.

Н.Энхболдыг “Хотын” фракц, С.Баяр болон МАН-ын ахмад гишүүд дэмжих магадлалтай. Тэрбээр МАН-ынхны таашаадаг уламжлалт хэв маягийг илэрхийлэгч тул У.Хүрэлсүхийн хувьд “эвгүй” өрсөлдөгч болох юм.  

Ц.Нямдорж

Монголын нөлөө бүхий улстөрчдийн рейтингийг тогтмол өнгөлөгч цөөн эрхмийн нэг бол Цэндийн Нямдорж. Ард түмэнд “шударга” хэмээн үнэлэгддэг, сайн ч нэртэй. Гэвч намдаа өөрийн гэсэн үнэнч фракцгүй Ц.Нямдорж МАН-ын даргын, Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших мандатын төлөөх өрсөлдөөнд удаа дараа хүчин мөхөстсөөр ирсэн. Энэ удаа түүний нэр Ерөнхий сайдын марафонд сойгджээ.

УИХ-ын дэд дарга Ц.Нямдорж Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө М.Энхболдын духан дээр ахын ёсоор үнсэхдээ дүүгээ Ерөнхийлөгч болоод явчихна гэх найдвар тээн үдэж, УИХ-ын даргын суудал өөрт нь ирэхийг бодож байсан гэдэг. Гэтэл М.Энхболд ялагдаж спикерийн албаа үргэлжлүүлэхээр болсон тул орон гараад байгаа Ерөнхий сайдад үзэхээс өөр аргагүй болсон мэт дүр зураг харагдана. Ц.Нямдорж шударга шулуун үгээрээ танхимын уур амьсгалыг эргүүлж чадах хэмжээний үнэ цэнийг өөртөө бий болгон дархлагдсан улстөрчийнхөө хувьд л    Бага хурлын үйл ажиллагаанд оролцох болов уу гэсэн таамаг дэвшүүлмээр байна. Тиймээс дараагийн Ерөнхий сайд болохоор зүтгэж байгаа хүмүүс түүнтэй сайн тохирох хэрэгтэй. Тэр ахын ёсоор духан дээр чинь үнсэх ёстой.

 

 

Хамгийн их уншилттай
1
2024.03.17
“Монгол түйрэн” маргааш ирнэ гэж БНСУ-д анхааруулав
2
2024.03.09
Миягино дэвжээг хаах шийдвэр гарчээ
3
2024.03.11
“Оскар”-ын түүхэн дэх 13 эвгүй явдал
холбоотой мэдээ
1
3 цагийн өмнө
Монголын багууд 3х3 сагсан бөмбөгийн Азийн цомын эхний тоглолтдоо хожлоо
2
4 цагийн өмнө
4 дүгээр сарын цаг агаарын урьдчилсан мэдээ
3
4 цагийн өмнө
Баасан гарагийн 15 цагаас эхлээд хүмүүсийн ааш хоёр дахин сайхан болдог
санал болгох
1
6 цагийн өмнө
Зүгээр л тухла | М Харилцагчийн төвийн онцлох 4 зүйл
2
Өчигдөр
Таны ордыг илэрхийлэх кинонууд: Melancholia, Suspiria, Bande à Part
3
Өчигдөр
Өнөө цагийн сэтгэл татам жүжигчдийн нэг Сидней Свинигийн тухай 19 баримт

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
43
25
48
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.