Хайх зүйлээ бичнэ үү

4 мин

Авторын булан | Долларын ханш өссөний бурууг банкууд үүр


Валютын сангаас манай руу ам ангайх бүрт Монголын долларжсан эдийн засаг өвдөг сөхөрч байна. Засгийн газраа унагаах шийдлийг ухаант улстөрчид бодож олсны дараа дурын хүний толгойг “...нөгөөх америк доллар нь өсчихнө дөө”  гэсэн бодол санхүүгийн шинжээчдийнхээс дутахааргүй өвтгөв. ОУВС-гийн энэ сарын 25-нд болох хурал хойшлогдсон тухай мэдээлэл цацагдсан нь бас л хөндүүр сэдэв.  
 
Шинэ соргог мэдээлэлд хариу үйлдэл харьцангуй бага үзүүлдэг Монголын зах зээлийн онцлог америк долларын ханшийн идэвхжлийн үед харин тэс өөр болж хувирдаг. Нэгэнт ОУВС-гийн хөтөлбөр царцаж мэдэх нөхцөлд орсон учраас сиймхийг ашиглаж сурсан зангаараа ам.долларын ханшийн өөрчлөлтөөс ашиг унагахаар арилжааны банкууд уухайллаа. Түрлэгт нь энгийн иргэд эдэлж хэрэглэж, өмсөж зүүдэг, идэж уудаг бараа бүтээгдэхүүний үнэ өсөх дарамтыг үүрэх болж байна.
 
Америк долларын ханш замбараагүй өсөж байгаа нь Монголд “ногоон” байхгүйдээ биш, ашгийн араас хөөцөлдөх болсон арилжааны банкуудад хэргийн учир байгаа гэж тайлбарлаж буйгаа дараах жишээнүүдээр нотолъё. 

1. 

Монголбанкны алт худалдан авалт урьд хожид байгаагүй хэмжээнд хүртлээ өсжээ. Өнөөдөр гэхэд л Монголбанкны алт худалдан авалт өмнөх жилтэй харьцуулахад 1.1 тонноор өссөн тухай сүр жавхлант мэдээллийг түгээж байна. Үнэ цэнийг нь монголчууд граммаар хэмждэг энэ металын худалдан авалт сүүлийн хоёр жилд түүхэн дээд хэмжээндээ хүрч байгааг доорх графикаас харна уу. 
 

 


 
Монголбанкны алт худалдан авалт сайжирсан нь Төв банкны гадаад валютын албан нөөцийг ч өсгөж байна. Үнэндээ монголчууд төрийн сан хөмрөгтөө америк доллартай гэсэн үг. Тэгээд яагаад ханш сүнгэнээд, төгрөг үнэгүйдээд байна вэ? 

 

2.

Ам.долларын ханш яаж тогтдог вэ гэх энгийн асуултын хариулт нь арилжааны банкуудыг ашгийн төлөө явлаа гэж буруутгах, түүнийг дагасан төгрөгийн үнэгүйдлийг гааруулсан буруутнуудын нэг гэж хэлэх шалтгаан болж байна. Аль ч банк, санхүүгийн ном дэлгэж хараад уншигч Та цор ганц энгийн хариулт олж авна. Арилжааны банкууд өөрт буй нөөцдөө тулгуурлаж тухайн өдрийн өөрийн банкны валютын ханшийг тогтоодог тухай логик юм. 
 
Тэгэхээр Төв банкны ам.долларын албан нөөц арвижаад байгаа энэ цагт америк доллар яагаад сүнгэнээд алга болж буйгийн шалтгаан нь хачирхалтай байгаа биз.
 
Дашрамд хэлэхэд, Монголбанк интервенцийнхээ мэдээллийг иргэдийн дундах хүлээлттэй холбоотой “нуудаг” болсон нь нэг талаас арилжааны банкуудыг өөхшүүлээд байна уу гэх асуултыг араасаа дагуулж байгааг тэмдэглэх хэрэгтэй. 

Мэдээж төгрөгийн тогтвортой байдлыг хангах замаар улс орны эрх ашгийг гартаа атгаж буйн хувьд зах зээлийн хүлээлтийг удирдах гэж оролдож байгааг буруутгах аргагүй. Гэхдээ арилжааны банкууд хэчнээн америк доллар Монголбанкнаас интервенцээр авч буй тухай мэдээллийг Та 

Монголбанкны цахим хуудасны Валютын зах хэсгийн Гадаад валютын дуудлага худалдаа хэсгээс харж болно. 

Монголбанкны тухай иргэдийн мэдлэг хомс байна гэж сүртэй нь аргагүй зарладаг атлаа олон нийтэд ойлгомжгүй хэлбэрээр тэдний амьдралд хамгийн их хамаатай ам.долларын интервенцийн мэдээллийг түгээж байгаа нь хачин гэхээсээ хэн нэгний эрх ашгийн хамгаалаад байгаа юм шиг санагдахгүй байна гэж үү? Ерөөс олон нийтэд интервенцийн тухай мэдээлэл “падлийгүй” гэсэн зарчмаар ажиллаж байгаа нь Монголбанк банкуудын эрх ашгийг л хамгаалаад байгаатай адил харагдана. Зах зээлийн хариу үйлдэл дороо гардаг америк долларын тухай эмзэг мэдээлэл Монголбанк, түүнийг тойрсон 14 арилжааны банкинд хурдан хугацаанд хүрч байна. 

3.

Дэлхийн зах зээлд түүхий эдийн ханш хурдацтай сэргэж, тэр боломжийг үндэсний компаниуд ашиглаж байна. Нүүрсний экспорт гэхэд л өмнөх онтой харьцуулахад 374 хувиар өссөн гэнэ. Зэс, алтны ханш ч харьцангуй өндөр үнэлгээтэй байгаа нь Монголын эдийн засгийн хамгийн гэрэлтэй мэдээлэл юм. Тэр хэрээр төгрөг чангарах хүлээлтийг үүсэх учиртай. Тэгтэл бодит байдалд ам.долларын зарах ханш арилжааны банкуудын самбарт 2479 төгрөгт хүрснийг юу гэж ойлгох вэ? 
 
Өмнөх жилүүдэд америк долларын ханш өсөхөд экспортын орлого муудаж, төлбөрийн тэнцлийн угжирсан алдагдалтай холбодог супер ганц л тайлбартай байлаа. Тэгвэл эдийн засгийн өнөөгийн өнгө төрх өөрчлөгдөж, төлбөрийн тэнцлийн алдагдал буурч, гадаад зах зээл дэх Засгийн газрын өрийн бүтцийг амжилттай шинэчилж, тэр бүү хэл 1.5 тэрбум ам.долларын нүүрсний экспорт хийчихсэн эерэг мэдээлэлтэйгээр 2017 оныг үдэж байна. Өнөөх супер тайлбарын дагуу үнэндээ Монгол Улсад америк доллар “галзуурах” ёсгүй биз дээ. 
 

 

Хамгийн их уншилттай
1
2024.03.17
“Монгол түйрэн” маргааш ирнэ гэж БНСУ-д анхааруулав
2
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
3
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
холбоотой мэдээ
1
2024.03.29
Тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг 2024 оны 4 дүгээр сарын 1-ний өдрөөс нэмнэ
2
2024.03.18
Метроны зөвлөх үйлчилгээний тендерт 20 компани оролцож, саналаа ирүүлсэн байна
3
2024.02.29
Улаанбаатар хотод метро байгуулах олон улсын нээлттэй тендер зарлалаа
санал болгох
1
2024.04.11
Сэтгэл зүйчид хандах цаг нь болжээ гэдгийг батлах 7 шинж тэмдэг
2
2024.04.10
Хүмүүсийн дахиж хэзээ ч үзэхгүй гэж ам тангараг өргөсөн 15 аймшгийн кино
3
2024.04.10
Таныг хувь тавилан гэж байдагт итгүүлэх 16 зурагт хайрын түүх

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
18
16
28
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.