Хайх зүйлээ бичнэ үү

12 мин

Алисагийн тэмдэглэл: 23 нас хүрээд ойлгосон 23 зүйл


Өөрийгөө их л том болсон, насанд хүрсэн хүн мэтээр мэдрэх хэдий ч бас олон зүйл дээр хүүхдээрээ л байгаагаа мэддэг тийм л хачин үе бололтой. 

  

1. Цагаан сар та нарт сайхан л санагддаг байсан байх. 

Яваандаа бол тийм биш болж эхэлнэ. Үр хүүхэд, нөхөр сүүдэр асуудаг үе 23 нас хүрээд л эрчийг авдаг юм байна. Бүр жинхэнэ утгаараа шүү! Тиймээс 23 нас ойртож яваа залуус минь, бэлтгэлтэй байгаарай.

2. Хэзээ ч зээл авахгүй гэж бардам ярьж явсан өдрүүд минь баяртай! 

Зөвхөн насанд хүрсэн хүмүүс л зээл авдаг, тэгээд ч би тийм том хүн болохгүй, бүхнийг болгоод явна гэж боддог байсан ч амьдралдаа их бага ямар ч хамаагүй зээл авах өдөр ирдэг л юм байна. Ингээд л та "Зээлтэй монгол хүн та биеэ бодоорой" гэдгийн нэгэн адилаар эрүүл мэнд, гэнэтийн ослын даатгалтай бас зээлтэй болно. Зүгээр дээ, яаж ийгээд ард нь гарцгаах л болно.

Энэ анги дээр Том юу юун дээр гарын үсэг зурж байгааг жаахан байхдаа ерөөсөө анзаараагүй байж дээ.

3. Ээж аав, гэр бүлийнхээ хүмүүсийг жинхэнэ утгаар нь ойлгоно.

Үнэндээ бидний хэдэн шөнө хийж суудаг байсан бие даалтууд амьдралын хамгийн хүнд ажил мэт санагддаг байсан үе хол хаягдах болно. Гэр орны ажил гэдэг дуусашгүй бөгөөд хамгийн хүнд. Бид бүгд түүнийг огтхон ч ухаарахгүй явсаар 20 нас давцгаадаг бололтой юм.

4. "Хуучны" гэгдэх бүх зүйлийн үнэ цэнийг мэдэрч эхэлдэг. 

Дээр үеийн кино, хүүхэлдэйн кинонууд ямар гоё болохыг энэ үед жинхэнэ утгаар нь мэдэрч эхэлдэг. Багадаа үздэг байсан хүүхэлдэйн киногоо тухтайхан хэвтэж байгаад үзэхэд заримдаа уйлах дээрээ хүртэл тулдаг гээч.

5. Жаахан хүүхдүүд нэг хөөрхөн, нэг "муухай" харагдаж эхэлнэ. 

Инээдтэй сонсогдож байгаа байх. Гэхдээ энэ бол яг үнэн шүү. Би ер нь жаахан хүүхэдтэй ойр өсөөгүй болохоор ч тэр үү нэлээн хол хөндий, заримдаа хүрэхээс ч айдаг маягийн хачин хүн. Гэхдээ хорин нас даваад эхлэх үед хажуу хавирганы чинь хүмүүс бүгд гэр бүл, үр хүүхэдтэй болж эхэлдэг. Энэ үеэс өөрийн эрхгүй хүүхдийн тухай бодохоос өөр аргагүй болдог. Нэг л өдөр эх хүн болох байх даа, хүүхэд минь ямархуу хүн болж өссөн байх бол доо гэсэн бодлууд хааяахан төрдөг болно оо.

6. Загварын чиг хандлагаа одоо л нэг ойлгоно. 

Арван жилдээ эмо, арай том болоод "vintage", тэгээд Япон, Солонгос гээд улс орон болгоны хэв маягаар хувцаслаж явсаар эцэст нь нэг өөрт таарах чиг баримжаагаа олдог. "Тухтай. Тэгээд Япон." Өвөл, хавар, намрын хүйтэн улиралд гангарах гэж оролддог байсан минь ч хаа хол үлдэж, дулаан явбал мянган лан гэх үгийг л их боддог болсон доо.

7. Би яг хөгшин юм уу залуу юм уу гэдгээ ойлгохоо болино. 

Арван жилийн хүүхдүүд яг энэ үед асар жаахан, эмзэг, туйлын эрч хүчтэй харагдаж эхлэх бөгөөд хажууд нь өөрийгөө нэг л их холын хүн шиг мэдрэх үе ирнэ. Аан гэтэл бас заримдаа ах эгч нарын хажууд бол залуу мэт санагдана. Ер нь яг л дундын үе гэж хэлж болохуйц. Нэг л мэдэхэд би "эгч нь" гэж ярьдаг болсон байсан юм даа.  

8. Шоудсаны маргааш...  

Миний хувьд "шоудах" гэдэг нь амьд хөгжмийн тоглолтод явах, найзуудтайгаа уулзах, кино үзэх л юм даа. Гэхдээ аажим аажмаар та тэр тоглолтуудаас холдож, бүр яваандаа найзуудынхаа царайг фэйсбүүкээр хараад баярладаг болно. Учир нь найзуудтайгаа уулзах цаг зав улам бүр багассаар байдаг. 

9. Баасан гараг яваандаа их өөрчлөгдөнө. Хобби ч тэр. 

"Чөлөөт цагаараа хийх дуртай зүйл чинь юу вэ" гэдэг асуултад "Гэртээ унтах", "Гэртээ амрах", "Гэртээ хоол хийж идэх", "Гэртээ л байвал" гэж хариулдаг болсон байх вий. Бас өөрийн дуртай зүйлдээ гаргах цаг зав багасах тусам авч үлдэх гэж хичээдэг нь хүний зан юм шиг. Та гарч наргих тухай бодолд биш хэрэгтэй зүйлээ амжуулаад хийх тухай бодолд их автдаг болно доо.

10. Асар олон шинэ зүйлийг бид сурч мэдэх хэрэгтэй. 

Би залуу байгаа юм чинь бүхнийг хийж амжуулж чадна хэмээн бодсоор нэг мэдэхэд 23 хүрчихсэн байдаг юм шүү. Мэдээж урд минь асар урт ирээдүй байгаа хэдий ч тэдгээр зүйлийг дахиад хэдхэн жилийн өмнө ойлгоод, хийж эхэлж байсан бол ямар сайхан бэ гэж бодоход хүрдэг. Магадгүй сурмаар байвал эртхэн шиг сураад, бүтээлээ гаргамаар байвал алдаа оноотой байсан ч хамаагүй гаргаад явсан нь дээр. 

11. Бүх зүйлийг илүү томоор харж эхэлнэ. 

Өмнө нь миний хувьд "аялал" гэдэг үг хол байсан мэт санагдана. Хил даваад л, тэс ондоо хэл соёлтой хүмүүстэй таксины мөнгөний хэрүүл хийгээд явж байна гэж хэн ч өөрийгөө төсөөлөхгүй байх л даа. Гэхдээ 20 нас гарсан хойно аялал зугаалгаас авахуулаад бүх зүйлийг томоор харж эхэлдэг. "Байр авах уу, бохь авах уу" гэж эргэлздэг үе дуусч байна аа л гэсэн үг. Бүх зүйлийг илүү том, илүү амжилттай болгохын төлөө л улам урагшилж байгаагаа анзаарч эхэлнэ. 

12. Байгаль орчин, дэлхийд илүү их санаа зовж эхэлнэ. 

Учир нь миний үр хүүхдүүд цаашид энэ оронд, энэ дэлхийд амьдарна шүү дээ гэх бодол толгойноос салахаа больдог. Яваандаа өдөр тутмын мэдээ алдалгүй үздэг болж, янз бүрийн асуудалд санаа зовж эхлэх нь ихэсдэг. Өмнө нь дургүйцсэн болоод л явдаг байсан ч одоо амьдарч буй дүүрэг хороондоо хүртэл өөрийнхөө саналыг хэлж, асуудлуудаа шийдүүлмээр санагдаж эхлэх болно.

13. Зарим зүйлд баяртай гэж хэлж сурах хэрэгтэй болно.

Та гэртээ олон юм цуглуулан хадгалсаар байдаг хүн үү? Таны хүрээлэл дунд хортой харилцаа бий болгож мэдэх "эвгүй этгээд", "зүрх шархлуулагч" байна уу? Бүгдэд нь баяртай гэж хэл. Хэрэггүй эд зүйлээ хэрэгтэй байгаа хүмүүст өг. Бас таныг нэг л гомдоочих гээд л, сайхан сэтгэлийг тань самарчих гээд л байвал тэр хүнийг "яваад өг" гэж хэлж сур. Энэ л нас хамгийн "драматик" үеүдийн нэг. Солонгосын савангийн дуурь хажууд нь юу ч биш гэдгийг та мэдэрнэ. Тиймээс зохих хүмүүст нь зохих хариултыг өгөөд холдуулсан нь дээр. 

14. Заримдаа холдохыг хүсээгүй хүндээ ч мөн баяртай гэж хэлэх болдог.

Хайртай хүмүүс минь үүрд л хажууд байх мэт санадаг байж дээ. Эргээд бодоход өөрийгөө цохиод авмаар тийм үе олон ирэх болно. Хамгийн хайртай хүмүүсээ үдэх мөч ч хүссэн хүсээгүй ирдэг. Заримдаа их гэнэтийн, заримдаа айлгаж түгшээсээр ойртон ирнэ. Энэ болгонд сэтгэлийн хаттай байх хэрэгтэй болно. Гэхдээ хэрхэн хаттай байхыг хэн ч танд зааж өгөхгүй. Надад лав зааж өгөөгүй. Харин тэр бүх алдаа, гунигт үйл явдлуудаас та хэрхэн хүчтэй, хаттай, том хүн байхыг сурдаг.

15. Хүссэн зүйлээ хийж эхлэх ёстой байдаг.

Бид хүслийн жагсаалт гаргадаг шүү дээ. Перу, Энэтхэг рүү үүргэвчтэй аялал хийнэ, машин барьж сурна, шүхрээр ниснэ гээд л. Тэр болгоноо энэ насан дээрээ яаж ийгээд хийгээд явж байх ёстой. Ядаж нэг ч гэсэн хүссэн юмаа хийчихвэл ямар эрч хүчтэй болдог гээч? Дугуй унаж, тэшүүрээр гулгаж, эсгүүр хийж сурах хүсэлтэй бол эртнээс хийгээд эхлэх л хэрэгтэй. 23 нас хүрэх үед хийж амжаагүй байгаа өчнөөн зүйлээ эргээд санадаг юм. Урд байгаа их ажил, гэр орны асуудлууддаа дараад мартчихгүй байхыг л хичээх хэрэгтэй.

16. Хэл ам хийж сурсан нь гарцаагүй дээр юм байна.

"Үгүй" гээд хэлж чаддаггүй нэг тийм үе байдаг даа? Эсвэл өөрийн хүссэн зүйлээ шаардаж чадахгүй байх, сэтгэгдлээ илэрхийлж мэдэхгүй байх гээд л. "Үйлчлүүлэгч бол хаан" гэсэн хэрнээ юм гуйж авч байгаа мэт харьцдаг хүмүүст жишээ нь бид зохих ёсны үнэлэмжийг өгч сурах хэрэгтэй болдог аж. Өөрийн бодол, үнэ цэнийг хадгалж, хамгаалж үлдэнэ гэдэг ай даа мөн хэцүү. Гэхдээ л хүссэнээ хэлдэг, тохиролцдог байх бизнес ухаанд та суралцахаас өөр аргагүй болох ба энэ насандаа л сурахгүй бол цаашаа ер нь хэцүү л юм байна лээ.

17. Өөрийн доторх бяцхан хүүхдийг хэзээ ч гээж болохгүй. 

Том болох гэж мөн ч их яардаг байж дээ. Арван жилдээ сургуулийн ариун цэврийн өрөөнд нүүрээ будаж байгаа охидыг хараад дуурайх гэж оролдоод, нэг хэсэг чамин, эмэгтэйлэг хувцас өмсөх гэж дэлгүүрээр яваад л... Бүх зүйл тухайн үедээ хэтэрхий яарсан үйлдэл гэж бодогдоогүй. Гэтэл одоо би нүүрээ будах байтугай өсгийтэй гутал ч бодох хүсэлгүй болжээ. Байнга л энгийн байх нэг тийм хүсэл. Ээжээрээ үсээ самнуулмаар, хүүхдийн кино үзэж, тоглоомнуудаараа тогломоор санагдана. Гэхдээ би өөрийгөө хүүхэд насаа дажгүй аваад үлдчихсэн хүн гэж боддог. "Жаахан хүүхэд шиг" гэх үгийг олон сонсдогтоо ч баярладаг шүү. Том болох гэж яарах огтхон ч хэрэггүй юм гэдгийг би хамгийн ихээр ойлгосон. Тэртээ тэргүй том болно, нүүр будах үе ирнэ, том хүн шиг аашлах ёстой, хариуцлага хүлээх хэрэгтэй үеүд ирнэ. Тийм ч болохоор өөрийн дотор хүүхдээ хэзээ ч гээж болохгүй.

18. Маш их зүйлийг дурсан ярьдаг болсон байх болно.

"Хэдүүлээ нэг тэгж билээ", "Гоё байж дээ" гэж ярих үеүд өөрийн эрхгүй ихэснэ. Нас бүр өндөрт гарах юм бол яах юм байгаа юм бүү мэд. Гэхдээ л "Энэ гулгуур дээрээс би унаж байлаа. Өндөр санагддаг байж дээ" гээд жижигхээн гулгуурын дэргэд уянгалаад зогсож байх үе хүний амьдралд ирдэг л юм байна лээ. Тиймээс дурсамж их бүтээгээрэй!

19. "Сайхан" байх яах вэ, "сайн" л байх юмсан.

Өмнө нь бусдад яаж харагдаж, санагдаж байгаа бол гэдэг ч юм уу юу гэж бодох бол гэдэгт их анхаарал хандуулдаг байж дээ. Гэтэл одоо бүх зүйл шал өөр. Хүмүүс чамтай насанд хүрсэн хүн шиг л харьцаж эхлэх болно. Тэр болгонд чи хүүхэд шиг аашлаад байж болохгүй болно. Дээрээс нь гадаад төрх байдал зэргийг ч нэгэнт тоохоо болих шахаж, дотоод сэтгэл зүрхээ л анхаардаг болжээ. Сайн зүйл хийхийг, сайн хүн байхыг, тэгээд үлгэрлэхийг хичээдэг болж. 

20. Эрүүл мэндээ анхаарах ёстойгоо ойлгоно.

Та ер нь бүтэн шинжилгээнд хамрагдаж байсан уу? бүх зүйл тань үнэхээр зүгээр байхаа эсэхийг нягтлуулах ч юм уу? Би ч гэсэн үнэндээ тэгж үзээгүй. Гэтэл энэ бол хамгийн чухал зүйл! Ээж аав, ах эгч, дүү, эмээ өвөө өөр хэн ч бай, хайртай хүмүүсээ заавал эмчид үзүүлж, эрүүл мэндийг нь нэг хянуулаарай. Бас мэдээж өөрийгөө мартаж болохгүй. Хийж бүтээх насан дээрээ яваа залуу хүн өвдөж болохгүй шүү дээ. 

21. Бүх зүйл өмнөх шигээ байхаа болино.

Та өмнө нь "Би яг 15 цагт очно, дуусгачихсан байх болно" гэх мэтээр олон зүйлийг төлөвлөж болдог байсан байх. Гэхдээ одоо бүх зүйл аажим аажмаар өөрчлөгдөнө. Амьдралд юу ч тохиолдож болох бөгөөд бүх зүйл яг төлөвлөснөөр явдаггүй гэдгийг та анзаарч эхлэх болно. Магадгүй та гэнэт ажлын уулзалттай, хурал зөвлөгөөнтэй болж мэднэ. Эсвэл өнөөдөр л хийе гэтэл таны ойр дотнын хэн нэгэн хүний бие муудаж ч мэднэ. Өмнө нь бидний амьдралд огт байгаагүй мэт олон асуудлууд гэнэт гарч ирнэ гэдгийг танд сануулах нь зүйтэй. Маш олон асуудал. Маш олон бэрхшээл. Нойргүй заримдаа нүдэндээ нулимстай унтах үеүд олон тохиолдоно. Гэхдээ л бүх зүйл өөрчлөгдөж байна гэдэг нь дагаад сайн сайхан зүйлсийг ч бас авчирна гэсэн үг.

22. Шинэ санаа бол сайн санаа.

Та бүх дүрмийг, уламжлалт зүйлийг дагасаар залхаж, шинийг эрэлхийлж эхлэх үе бол ерөнхийдөө энэ цаг үе. Аливаа зүйлийг яаж илүү хялбар болгож болох вэ, яавал илүү сайжрах вэ гэдгийг та маш сайн ойлгож эхлэх бөгөөд шинэ содон санаа гаргах тусмаа л сайн! Хүмүүс шинэ санаанд дуртай. Тэд бүгд шинэ зүйлээр цангаж байдаг. Тийм ч болохоор аливаа нэг зүйлийг эхлүүлэхэд төгс тохирсон цаг гэж боддог бол тэр нь гарцаагүй "эрт" байх юм. Та үүнийг 17 настайдаа ойлговол тэр үедээ, 24 настайдаа ойлговол бас л тэр үедээ хэрэгжүүлэх хэрэгтэй гэсэн үг. Ойлгосон даруйдаа та шинэ зүйлийн эрэлд гараарай. Хүмүүс дургүйцэж, олон юм ярьж байсан ч хамаагүй.

23. "Сайхан нас"

Энэ бол гарцаагүй сайхан нас. Надад эрч хүч амтагдахын хажуугаар би хангалттай олон зүйл ойлгож чадаж байгаа юм шиг санагддаг. Бүх үг "үйлдэл" болж эхэлдэг энэ л насандаа би маш олон саад бэрхшээлтэй тулгарах юм шиг мөртлөө бас түүнд бэлэн байгаагаа мэдэрдэг. 23 нас хүртлээ би мэдээж асар олон шинэ зүйлтэй танилцаж, суралцсан ч гоё харагдаж, уншигдах талаас нь ийм гарчиг өгч, ийм 23 зүйлийг бичсэн юм шүү.   Бид бүгдийн урд асар урт зам байна. "Оройтлоо", "Хөгширлөө" гэдэг хоёр үг үнэндээ зүгээр л нэг бодол гэж би боддог. Та юуг ч эхлүүлэхэд оройтоогүй. Бас юуг ч хийхэд хөгшрөөгүй юм шүү. Магадгүй нэг л өдөр "60 нас хүрээд ойлгосон 60 зүйл" гээд бичээд сууж байхыг үгүйсгэхгүй юм. Гэхдээ тэр үед ч гэсэн би үргэлж л залуугаараа байж байх болно гэдгээ л мэддэг! 23 нас хүрээд ойлгосон хамгийн том зүйл минь энэ. Үргэлж залуу, үргэлж шинэлэг байх хэрэгтэй. Тэгж чадвал бүх нас л "сайхан нас!"

холбоотой мэдээ
1
2019.09.17
Алисагийн тэмдэглэл: "Үнэг ажиллагаа"-д очиж, монгол үлгэрүүдийг дахин "анх удаа" мэт с...
2
2019.08.19
5000 төгрөгт багтааж хайртай хүнээ баярлуулах 10 "хөөрхөн" санаа (№1)
3
2019.08.16
Алисагийн тэмдэглэл: Сэтгэл гутралын "ачаар" олж мэдсэн, хийх гэж хичээж байгаа 9 зүйл
санал болгох
1
23 цагийн өмнө
Сонсголонгийн хос гүүрийг ашиглалтад оруулж, замын хөдөлгөөнийг нээлээ
2
Өчигдөр
Өнө мөнхөд бэлэн үү?
3
Өчигдөр
Монголд зүйр цэцэн үг ашигласан "meme" трэнд болж буйг илтгэх 22 зураг

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
0
15
0
2
0
0
1

Сэтгэгдэл бичих (3)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Эсен 2019.08.12 46.244.29.144

Бүгдээрээ сайн уу! Би бол Эсен, одоо Улаанбаатарт амьдардаг. Би одоо хоёр хүүхэдтэй бэлэвсэн эхнэр бөгөөд долоодугаар сард санхүүгийн байдал хүндэрсэн тул төлбөрөө дахин боловсруулж, төлөх шаардлагатай болсон. Би хувийн болон корпорацийн аль алиных нь зээлийн байгууллагуудаас зээл авахыг хичээсэн боловч хэзээ ч амжилтанд хүрээгүй бөгөөд ихэнх банкууд миний зээлээс татгалзсан. Гэхдээ бурхан надад таалагдсан шиг, надад 80,000 долларын зээл олгосон, хувийн бизнес эрхэлдэг хувийн зээлдүүлэгчдийн хамтран ажилласан хоршооны талаар танилцуулж байсан. Өнөөдөр би бизнес эрхэлдэг, хүүхдүүд маань яг одоо сайн байгаа. Барьцаа хөрөнгөгүй зээлийн баталгаат хугацаа байхгүй, зээлийн хүүгүй, барьцаагүй, ердөө 2% -ийн хүүтэй, эргэн төлөлтийн төлөвлөгөө, хуваарьтай холбоотой аливаа фирмтэй холбоо барьж лавлах хэрэгтэй. Ноён Данте Паолатай имэйлээр: dantecooperativehelp@hotmail.com Тэр холбоо барина уу. Ийм зүйл хийж байгаа гэдгээ мэдэхгүй байгаа ч одоо маш их баяртай байгаа. Би хүмүүст түүний тухай илүү ихийг мэдэхийг хүсч, бас Бурхан түүнийг илүү адислахыг хүсч байна. Та түүнтэй имэйлээр холбоо барьж болно: dantecooperativehelp@hotmail.com хаягаар түргэн чатлах эсвэл whatsapp / +35677926593 Баярлалаа Эсен

0 Хариулах


Өнөр 2019.05.30 66.181.182.248

Хөөрхөн нийтлэл болжээ. Амжилт хүсье. Ахиад гоё2 нийтлэл зөндөөг бичээрэй

0 Хариулах


Yuzuru Hanyu 2019.03.18 64.119.27.41

Kawai ♡

0 Хариулах