Хайх зүйлээ бичнэ үү

8 мин

Алисагийн тэмдэглэл: Амьдралд чинь орж ирсэн "сөрөг" хүмүүсээс хэрхэн салах вэ?

Дахин нэг нийтлэлээрээ та бүхэнтэй уулзаж байна.


Сошиал медиа. Энэ бол бидний "Sims"-ийн талбар. Үнэндээ бид бодит амьдрал дээр бусадтай харьцаж, бусдад өгдгөөсөө ч олон мэдээллийг тэнд тавьж байна. Харахаар би фэйсбүүк дээр асар олон найзтай юм шиг. Гэвч уулзаад ярилцах гэхээр хэр олон хүн байдаг билээ дээ? Таны өөдрөг үзэл бодол халдах гэсэн онцгүй үгс хэлж, ямар ч хэрэггүй мэдээллүүдээр бөмбөгдөх хүмүүс хаа сайгүй байгаа. Тийм ч учраас амьдрал дээрээ ч, сошиал медиа дээр хэрхэн сөрөг хүмүүсээс салах туршлагаасаа хуваалцъя.

Давс цацах  

Энэ бол #шилдэг арга шүү. Сөрөг хүнтэй ярьж, муудалцаж, эвгүй мэдрэмж авч үлдсэн бол шууд тэр зүг рүү давс цацаж бай, Үүнийг эрт дээр үеэс л бидэнд хэлж ирсэн. Яг үнэхээр үнэн эсэхийг мэдэхгүй ч сэтгэлд их таатай, үнэхээр л ингээд болчхож байгаа мэт амар санагддаг нь сайхан шүү. Тиймээс ууттай давс халааслаад явж болно.

ЭСВЭЛ! Та арай өөр аргаар үзэж болох юм. Яг дор дурдсан аргуудаар. Дээр бичсэн зүйл бол ердөө л оршил бөгөөд санал болгож буй күүл арга байлаа. Харин одоо яг жинхэнээсээ юу хийж болохыг зөвлөе.

1. Найзын тоогоо цөөлөх.

Фэйсбүүк дээрх олон зуун таньж мэдэхгүй хүмүүсээ нэг дор шууд цөөлдөггүй юм гэхэд өдөрт 30, 40-өөр нь ч болтугай цөөлөх хэрэгтэй. Таны тухай мэдээллийг ямар гэдэг нь мэдэгдэхгүй нэг хүн уншаад сууж байна гэхээр аймаар биш гэж үү? Үнэхээр танихгүй, харьцдаггүй л бол "unfriend" хийж эхлэх хэрэгтэй. "Friend Request" гээд кино үзсэн биз дээ? 

2. Цоо шинэ газруудаар явбал...

Та өөрийн найзын хүрээллээ анзаарч байсан уу? Яг л таны явдаг газар, сонсдог хөгжим, хийдэг зүйлтэй холбоотой байгаа биз? Үүнийгээ дагаад та тэр хүмүүсээс тэр төрлийн мэдээллийг л түлхүү авна гэсэн үг. Тэгэхээр шинэ газраар явж, шинэ зүйлийг туршиж үзэх хэрэгтэй. Зөвхөн амьд хөгжмийн тоглолт явдаг бол сонгодог хөгжмийн үдэш, загварын шоу руу яваад үзэх ч юм уу. Орчноо өөрчилснөөр та өөрийн мэддэг өнөө л зүйлсийг биш цоо шинэ зүйлийг харж, ойлгох, дагаад олон шинэ найзтай болох боломжтой. Хамгийн хөгжилтэй амьд хөгжмийн тоглолтод анх удаа ирж буй хүмүүс байдаг. 

3. Бясалгал, йогоор хичээллэх.

Та өөрөө "эерэг" хүн байснаар бусад эерэг хүмүүсийг олж харж, тэдэнтэй хамт байх боломжтой болно шүү дээ. Бас таны өөрөөсөө эхлэх өөрчлөлт бусдын өөрчлөгдөх шалтгаан болж ч мэдэх юм. Нэг найз тань хэтэрхий их мөнгө ярьж, уулзах болгондоо хов базах гээд байна уу? Таныг хамгийн чухал, гүн гүнзгий сэдвээр ярих гэхэд үл тоож, өнөө л тулга тойрсон хэрүүлээрээ ярьсаар уу? Тийм бол эхлээд өөрийн өөрчлөлтөөрөө тэдэнд бас өөрчлөгдөх хэрэгтэйг ойлгуулах гээд үз. Хэрэв тэгээд ч болохгүй бол та уулзах хэрэггүй. Учир нь таныг бүрхсэн тэр сайхан энерги, мэдрэмж тийм хүмүүсийн дэргэд бага багаар "хордож" мэднэ шүү дээ.

4. Утасны дугаараа өөрчлөх тухай бодож байсан уу?

Миний хийж байсан хамгийн зөв зүйлсийн нэг. Оюутан болоод удаагүй байхдаа би нэг л өдөр Мобиком орж, шинэ дугаар авсан байдаг. Тэгээд зөвхөн намайг мэддэг, ойр дотно гэсэн хүмүүст л дугаараа өгч, түүнээс хойш яагаад ч юм их нам гүм, сайхан болж билээ.

5. Тэр хүмүүстэй олон нийтийн газар уулзаад үз.

Зөвхөн интернэтийн араас харилцдаг найзуудтайгаа эсвэл амьдрал дээр уулзсан ч ганц ч удаа гэгээлэг зүйл ярьж, зөв зүйлд уриалж байгаагүй найзуудаасаа "үүрд" хагацахын өмнө эхлээд нэг уулзаад үз. Гэхдээ зөвхөн дотно гэж бодсон тэр хүмүүстэйгээ шүү. Мессенжерийн араас бичсэн үгс үнэндээ амьд харилцааг хэзээ ч орлох аргагүй. Нэг нэгнийхээ хоолойн өнгийг сонсож, нүд нүд рүүгээ харж ярилцана гэдэг бол хамгийн чухал. Тэгээд ярилцах үед тань тэр танд ямар мэдрэмж төрүүлж байгааг сайн анзаараарай. Магадгүй тэд хүйтэн баг зүүсэн эмзэг, зөв хүмүүс ч байх юм билүү. Үүнийг бид яг биеэр уулзаж байж л мэдэх боломжтой байдаг.

6. Хаях зүйл байвал бүгдийг нь хая.

Би өөрөө минимал биш, яг үнэндээ "максимал" амьдралтай хүн л дээ. Бүх юмаа цуглуулаад л, хураагаад л, хэрэг болж магадгүй гээд байлгаад л байдаг зантай. Гэхдээ тэр болгонд хуучин энерги хуримтлагдсаар, гэрт маш их зай эзэлсээр байгааг анзаарсан юм. Тиймээс онцын шаардлагагүй бол хуучин бүхнээ хаяж, бусдад түгээж сураарай. Хандив болгон хуучин номоо өгч, тоглоомуудаа ч бас асрамжийн газар луу явуулах боломжтой шүү дээ. Ингэснээр хуучин бүхнээс салж буй мэдрэмж төрж, шинэ бүхнийг эхлүүлэх хүчтэй болно. Тэр эрчээрээ хуучин хэрэггүй холбооноос ч салж болдог.

7. Интернэтээс хол байх цаг завыг өөртөө олго.

Хамгийн хэцүү нь л интернэт орчинд байнгын байх. Удаан байх тусам олон үл таних хүмүүстэй харилцаанд орсоор л байдаг. Тэгээд л стресс эхэлнэ дээ. Байгальтай ойр байснаар та уужирч, дотор цэлмэхийг мэдрэх болно. Хэрэггүй яриа, хэрэггүй хүмүүсээс холдож, "offline" байх боломжийг өөртөө олгодог байх хэрэгтэй. Зөвхөн эерэг зүйлсийг л өөртөө хуримтлуул. Дандаа хов жив бичдэг сайтуудыг дагахаа больж, гоё зүйл бичдэг хүмүүсийг дагаж эхлээрэй.

8. Шүтэн биширч, үлгэрлэх хүнтэй болох нь.

Тэр дундаа Япон хүнд дурлавал мөн ч сайн шүү. Жишээ нь би Юзүрү Ханю гэх гайхалтай уран гулгагч залууд дурлаад, тэр үеэс хойш л Япон соёл гээч зүйлд ихээхэн татагдаж, заримдаа ярьж дуусаад бөхөлзөх гээд байдаг болчихсон байсан шүү. Та маш зөв үлгэрлэл болж чадах тийм сайхан хүнийг шүтэж, биширч эхэлснээр бага багаар өөрөө тэр хүн шиг болж, сайхан талуудыг нь өөртөө шингээж эхэлдэг. Дээрээс нь #fangirl амьдрал тийм ч муухай биш шүү. Шүтэн бишрэгч байхын сайхан нь юундаа байдгийг ЭНД дарж хальтхан ч болтугай мэдэрч болно.

9. Хэлэх гэсэн үгээ хэлэх зоригтой байх.

Дургүйг чинь хүргээд байгаа хүн байвал шууд л "миний дургүйг яг энэ үг, үйлдэл чинь хүргээд байна аа, за юуууу" гээд хэлчихдэг байх хэрэгтэй. Үнэндээ би энэ чадварт өөрөө ч одоо болтол бүрэн дүүрэн суралцаж чадаагүй л байна. Гэхдээ бага багаар "үгүй" гэж хэлдэг болсон минь ямар их ачаа хөнгөлсөн гээч? Хүнд үгүй гэж хэлдэг байх хэрэгтэй. Ер нь л хэлье гэснээ хэлчихдэг байвал тэгээд л болоо. Зарим нь дургүйцээд тантай харьцахаа больж мэднэ. Сайн л биз, гол нь танд л амар шүү дээ.

10. Гэхдээ хэрэв...

Дээрх аргуудаар та жишээ нь 100 хүнээс хагацсан байлаа гэж бодъё л доо. Гэвч зайлшгүй байнга таарч, нүүрэлддэг хүнээс яаж өөрийгөө хамгаалах вэ? Нэг ангид сурдаг хүүхэд, багш эсвэл гэр бүлийн гишүүн, ажлын хүн гээд таарахаас өөр аргагүйд хүрдэг сөрөг хүмүүстэй учраа олох хэрэг гарах нь мэдээж. Энэ үед яах вэ гэвэл ердөө л зайгаа бариад сурах хэрэгтэй. Өөрийн ертөнцийг бүтээх. Хэрэв та тэдэнтэй ярих хүсэлгүй байвал чихэвчээ зүүж, ном уншиж, өөрийгөө завгүй байлгах ямар нэг зүйл хийх хэрэгтэй. Заавал тэвчээд бүх зүйлийг нь сонсож, мэдэрч суух алба байхгүй. Хүүхдүүд шуугилдаж л байхад чихэвчээ зүүгээд л сууж байдаг хүүхэд байх үедээ би хэнээр ч өөртөө саад хийлгүүлдэггүй болж чадсан юм. Хамгийн урд сууж, ангийнхаа нэг хүүхэдтэй нийлээд ЭЕШ-д бэлдэж, хичээл номоо л анхаарах боломжтой болсон. Үүний тулд би ердөө л тэр хүмүүсийн яриа өрнөж буй хэсгээс холдоход л болдог байсан билээ. Хэрэв та өдөр болгон сөрөг мэдрэмжтэй таардаг бол эхлээд өөрийгөө л бүрэн бүтэн болгож, тайван байлгаж сурах хэрэгтэй. Та тайван байж, бүх зүйлд хурдан хариу үйлдэл үзүүлэх биш бодохыг урдаа тавьж чадвал өөр хэн ч танд саад болохгүй. Тэд нэг эргэж ирнэ. Хоёр дахь удаа дахиж таныг өднө. Гурав дахь удаадаа бухимдаж, эвгүй зан гаргаж магадгүй. Тэгээд л дуусаа. Тэд танд саад болохгүй, та ч тэднийг үл тоон цааш явах боломжтой болох юм. Сөрөг зүйл ярьж, хийдэг сөрөг хүмүүсээс өөрийгөө "давс цацахаас" бусдаар ингэж хамгаалаарай.   

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
7 цагийн өмнө
Багадаа анзаараагүй ч сэтгэлд гүн шарх үлдээсэн 15 "аймшигт" дурсамж
2
2024.04.03
Алисагийн тэмдэглэл: Дээрэлхэлт хэрээс хэтэрч буй энэ үед "Cancel Culture"-ийг зөвөөр а...
3
2024.03.20
Алисагийн тэмдэглэл: Хайрын тухай янз бүрийн мэдрэмжийг зүрхэнд сийлэх 8 дуу
санал болгох
1
10 цагийн өмнө
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
2
Өчигдөр
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу
3
3 өдрийн өмнө
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
9
0
0
0
1
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.