Хайх зүйлээ бичнэ үү

7 мин

Алисагийн тэмдэглэл: Амьдралыг минь тэр чигт нь өөрчилсөн "1-11" үг


2078 оны арваннэгдүгээр сарын 10-нд би 82 нас хүрнэ. Гэхдээ тэр үед ой тоонд минь нандин үгс хадаатай хэвээр байх болов уу?

Хорвоо дэлхий уужим, хийж бүтээх зүйл их гэдэг дээ? Одоо ч тоологдсоор, улиран өнгөрсөөр буй өдөр хоногуудаа эргэн дурсахад санаанд тод бууж, "Энэ л ёстой нэг..." гэх үйл явдлууд хэр олон тохиосныг эргэн санах гэж оролдож сууна. Мэдээж өдөр болгон онцгой үйл явдал тохионо гэдэг боломжгүй. Заримдаа дурсах зүйлгүй долоо хоног, бүр сар өнгөрсөн байдаг. Гэхдээ энэ амьдралд минь гэгээ оруулсан үгсийг би та бүхэнтэй хуваалцах гэж байна. Та нарыг хэн нэгний амьдралд бас гэгээ татуулаасай гэж хүссэндээ тэр шүү дээ. Хэдхэн үг л амьдралыг өөрчилж чадах хүчийг өөртөө нуудаг гэдгийг өөрөөрөө төлөөлөн харуулах гэсэндээ.

1.

Баярлалаа

Амьдралыг минь өөрчилсөн нэг үг. Баярлалаа. Маш энгийн байгаа биз? Өдөр болгон л бид энэ үгийг хэн нэгэнд хэлж бас бусдаас сонсдог. Гэхдээ чин сэтгэлээсээ, гарыг минь атган байж ингэж хэлэх нь, бас тэврэх нь намайг өөртөө илүү хайртай болох түлхүүр болсон юм. Ямар нэгэн богино бичвэр оруулахад тэр доор хүмүүс "Баярлалаа" гэж сэтгэгдэл үлдээх нь намайг илүү ихийг бичихэд хүргэдэг. Суудал тавьж өгөх үедээ хэдий хүлээдэггүй ч гэлээ "Баярлалаа" гээд хэлэхэд нь л дэлхийг өөрчлөх хэмжээний үйлдэл хийсэн мэт таатай санагддаг. Бусдын амьдралыг өөрчлөх хамгийн энгийн ганц үг бол "Баярлалаа" юм шүү.

2.

Итгэдэг шүү

Хэн нэгэн надад итгэж байна гэх мэдрэмжээр би дутагддаг байсан. Үргэлж л хүн бүрийн итгэлийг дааж явдаг нэгэн мөртлөө тэр үгийг зүрх сэтгэлдээ мэдэрнэ үү гэхээс сонсож яваагүй удсан юм. Гэтэл энэ үгийг сонсох мөчид би өмнө нь мэдэрч байгаагүй тийм эрч хүчийг мэдэрч, алдаа гаргахгүйн тулд бүх чадлаараа хичээхийг хүссэн. Энэ үгээр дутагдаж явдаг олон хүн бий. "Би чамд итгэж байна" гэж хэлэхэд л амьдрал нь өөрчлөгдөж болох хэдэн зуун хүн...

3. 

Би чамд хайртай

Сонсоход, хэлэхэд байтугай бодоход ч нандин үг гэж үүнийг хэлэх биз ээ. Өмнө нь хос залуус нэгэндээ хэлэхийг зөндөө л харж, сонсож байсан. Зүгээр л дуудахдаа хүртэл "Хайр аа" гэдэг хүмүүс байдаг даа? Харин миний хувьд энэ үг хориотой мэт санагддаг байв. Гэтэл анх удаа энэ үгийг сонсоход эргэлзээ бүхэн ард хоцорч, байж болох хамгийн гүн, таатай нойронд автсан юм. Хэн нэгнийг гуравхан үгээр аварч болдогийн тод жишээ энэ билээ. Зарим хүний хувьд гуниг, дурсамж, өвдөлт, харуусал тээх энэ үг миний хувьд дэрэндээ нүүрээ наан дотроо орилж, хамаг айдсаа ардаа гээх түлхүүр болсон.

4.

Бүх зүйл ард хоцорсон 

Хүнд хэцүү цаг үе хэзээ ч дуусахгүй мэт санагдахад энэ үг намайг авардаг. Өвдөлт намжиж, хоолойд тулж ирсэн бухимдал арилах цаг заавал ирдэг. Хар салхи үргэлж нэг газраа эргэлдсээр байдагүй шүү дээ. Хэдийгээр хор хохирол учирлаа ч сэргэх боломж заавал гарч ирдэг нь сайхан. Ямар нэгэн үйл явдлаас болж шаналсаар буй бол "Бүх зүйл ард хоцорсон" гэх үгийг өөртөө хэлээрэй. Та тайтгарлыг мэдэрнэ.

5. 

Өөрийгөө хайрлахаа больж болохгүйг санаарай

Хэд хэдэн хүнээс, хамгийн гол нь өөрөөсөө сонссон үг. Эцэст нь нэг өөрийгөө хайрлах ёстойгоо бүрэн ухаарсан тэр үед бодогдсон юм. Бусад хүн тэгж хэлсэн болохоор биш өөрөө хүссэн учраас өөрчлөгдөхөөр шийдсэн өдрөөс хойш энэ үг намайг салахгүй дагах болсон. Аз жаргалын 100 хоногийн утга учир ч мөн өөрийгөө хайрлахад оршино.

6. 

Чамайг бүх чадлаараа хичээсэн гэдгийг мэднэ

Бүтэлгүйтэл биднийг тойрохгүй дайрч гарах үеүд олон. Зөвхөн ажил, хичээл дээр ч биш хайр сэтгэл, гэр бүл, сэтгэлзүйн асуудлууд дээр ч бүтэлгүйтэл тохионо. Хангалттай хичээгээгүй мэт, зөвхөн миний л буруу мэт санагдаж байхад сэтгэл аргадсан энэ зургаан үг тус болж билээ. Ядаж ганц хүн миний хичээснийг мэднэ... Бусад хүн итгэхгүй байлаа ч үргэлж тэмцсээр ирснийг минь анзаарсан хүн бий. Энэ л хангалттай. 

7.

Бүгдээрээ хамт ямар нэгэн гоё зүйл хийцгээе

Гунигтай, уйтгартай, нэгэн хэвийн өдрүүд ирэхэд найз нөхөд, ээжийн гаргадаг санаачлагууд жинхэнэ аврал! Сатаарч, стрессээс холдох боломжийг өөртөө олгож байгаарай. Хамгийн энгийн жишээ бол шалгалтын өмнөх сандралтай өдрүүд. Тэр үед зөвхөн шалгалтаа л бодоод, нухаад суугаад байдаг байсан би найзуудаараа хөгжилтэй зүйл хийж, гэрийнхэнтэйгээ агаар салхинд гарахад л сэтгэл сэргээд, хамаагүй дээрддэг. Энэ үг намайг санаа зовнилын хонгил руу унах олон хүнд мөчөөс аварсан билээ. Та хэн нэгнийг таатай уулзалтад урьж байгаарай. Кофегоор дайлж, гадуур алхах, хамт кино үзэх гээд тэр хүний сэтгэлийг юу ч байсан гэлээ хангалттай өргөж дийлнэ.

8.

Өөртэй чинь ярилцах үед бүх асуудал ард хоцордог

Зөвхөн бусдаас сайхан үг сонсоод амьдраад байж таарахгүй. Хамгийн сайхан мэдрэмж бол хүмүүст итгэл найдвар өгч, сэтгэлийг нь хуваалцах. Тэдний асуудалд бага ч болтугай тус болохсон, ойлгох гэж хичээхсэн гэх бодол таныг супер хүчтэй хүн мэт санагдуулна. Үнэндээ бусдыг сонсох тийм хэцүү биш шүү дээ. Бид сонсож байгаа мөртлөө чихнийхээ хажуугаар өнгөрүүлээд байдаг. Ядаж ганц удаа ч болтугай тэр хүний хэлэх гэсэн үгийг ойлгох гээд хичээгээд, харилцан яриа өрнүүлээд үз. Дөнгөж сая дунд ангид сурдаг дүү минь мессенжерээр юм бичиж байна. Урлагийн үзлэгт Сэм Смитийн "Dancing with a Stranger" дууг дуулах болсон гэнэ ээ. Багшийнхаа өмнө гараад сандарч мэгдсэндээ чичрээд дуулж чадаагүй гэнэ. Харин би түүнд "Яаж сандрал, айдсаа ардаа гээдгийг мэдэх үү? Итгэдэг, хайрладаг хүмүүсийнхээ урд зогсоод, тэдэндээ зориулаад дуулж байна гээд л бодчих" гэж хэлсэн. Өмнө нь би өөрөө ч ийм айдастай тулж байсан болохоор түүнд ямар мэдрэмж төрж байгааг мэдсэн юм. Тус болно гэж найдаж байна.

9. 

Зөвхөн чи биш, бүх хүмүүс дотроо гуниг тээсэн байдаг

Энэ хорвоод ганцаархнаа л шаналаад, зовоод байгаа юм шиг, надаас илүү "эмо" хүн байхгүй юм шиг л аашилдаг байж дээ. Энэ үгийг манай дарга хэлж байсан бөгөөд үргэлж өөдрөг, нээлттэй байдаг юм шиг мөртлөө ажлын минь хүн бүрийн л нуруун дээр ачаа байдаг гэдгийг ухаарах шиг болж билээ. Хүн болгонд л асуудал байсаар атал тэд толгой гудайхгүй амьдарч чаддаг. Түүний хажууд миний энэ эморол юу ч билээ дээ гэж. Мэдээж хүн бүрийн хувьд өөрийнх нь зовлонгоос илүү хэцүү зүйл үгүй мэт. Гэхдээ тэр болгоныг даван гарахын тулд өөрийгөө эвийлэх биш харин ч зоригжуулж, ухааруулах үгс сонсох хэрэгтэй.

10. 

Чи бол өвөөгийнхөө хувьд "хүйтний од" гэдгийг байнга санаж яваарай

Энд Алиса жаахан эморох гэж байна. Гэхдээ удаан үргэлжлэхгүй ээ. Өвөө минь намайг "Хүйтний од шиг нүдтэй" гэдэг байснаас энэ үг эхтэй юм. Мэдээж утга учрыг нь би сайн мэдэх бөгөөд бага насныхаа зургийг хараад хааяа их гунигладаг юм. Өвөөгийнхөө хувьд амин ганц зээ нь байсандаа би үргэлж жаргалтай явдаг. Өнөөдрийн намайг "Би" болоход хамгийн том түлхэц болсон хүн учир үргэлж сэтгэлдээ тээж явах болно. Би шөнийн оддыг ширтэх дуртай. Огторгуйгаас ямар нэгэн энерги намайг чиглэн ирж, гялалзах оддын тоогоор надтай мэндэлдэгт нь би итгэдэг. Бид хүнд хэцүү үед үргэлж газар шагайдаг даа? Харин би үргэлж дээш ширтдэг болсон.

11.

Амьдралд сайхан зүйлс өчнөөн бий. Өөрийгөө хүлээн зөвшөөрч, бүхнийг хангалттай мэдэр.

Бүх амар амгалан өөрийгөө хүлээн зөвшөөрөхөөс эхэлнэ. Алдаа дутагдалгүй, өөрийгөө голж, гунигладаггүй хүн гэж нэгээхэн ч үгүй биз ээ. Амьдралаа өөрийн цор ганц, давтагдашгүй кино бүтээл болгон зүрхэндээ нандигнаарай. Тэр кино хэрхэн өрнөх, ямар үйл явдлууд гарч, ямар дүр оролцох, OST нь юу байх гээд бүх зүйл танаас шалтгаална. Бусдад хэлэхэд ч итгэмээргүй тийм нандин түүхийг бүтээж яваарай. Алиса та бүхэнд гунигтай нийтлэл олон хүргэж байсан ч төгсгөлд нь үргэлж л өөдрөг байгаарай хэмээн уриалдаг шүү дээ. Таны амьдралыг өөрчилсөн сайхан үсгийг мөн хуваалцаарай! Би унших гээд хүлээж байх болно.

Нийтлэлд ашигласан зургууд: Pinterest  

Хамгийн их уншилттай
1
2024.03.17
“Монгол түйрэн” маргааш ирнэ гэж БНСУ-д анхааруулав
2
2024.03.09
Миягино дэвжээг хаах шийдвэр гарчээ
3
2024.03.11
“Оскар”-ын түүхэн дэх 13 эвгүй явдал
холбоотой мэдээ
1
2024.03.20
Алисагийн тэмдэглэл: Хайрын тухай янз бүрийн мэдрэмжийг зүрхэнд сийлэх 8 дуу
2
2024.03.20
Охидын яриа: Сарын тэмдэг чинь ирэх гэж буйг илтгэх 7 шинж & мэдэх ёстой бүх зүйл
3
2024.03.13
Алисагийн тэмдэглэл: Романтик харилцаанаас туйлдах мэдрэмжийн тухай
санал болгох
1
4 цагийн өмнө
Зүгээр л тухла | М Харилцагчийн төвийн онцлох 4 зүйл
2
Өчигдөр
Таны ордыг илэрхийлэх кинонууд: Melancholia, Suspiria, Bande à Part
3
Өчигдөр
Өнөө цагийн сэтгэл татам жүжигчдийн нэг Сидней Свинигийн тухай 19 баримт

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
0
10
0
1
0
0
0

Сэтгэгдэл бичих (5)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин 2019.12.16 202.21.127.183

sainuu alisa ! hicheel nom ajil torol shine jil gd mash zavgui 12sariin 16nii odor. Hiihiig hussen bas hiih ystoi zuils mash ih baigaa ch yg odoo bol chinii bulang ehnees ni ehleed duusgaad suuj bn . Bi ch ugasa l ajilgui emo garldaa . Itgej baigaa shuu . Itgej bn gdg ug l hamgiin saihan yu yunaas iluu uram zorig , erch huch hairlasan ug bdg bhdaa . Ene ugiig sonsoogui udjee. Harin odoo oortoo zoriulaad end bichchihyee. Chi dadlagaa sain hamgaalj bas dunguud chini sain bh bolnoo. Hench chamd itgehgui bgaa ymshig sngdah uyd bi dotor chini chamd itgeseer bj bdgiig sanaarai . unsey guzeelzgene mini

0 Хариулах


Saranbolor 2019.10.20 202.9.45.173

Melting heart

0 Хариулах


Зочин 2019.10.16 202.9.42.60

Гайхалтай.

0 Хариулах


Зочин 2019.10.16 192.82.66.25

Hairladag bicheech. Zaluu uydee ulger duurailal bolooroi

0 Хариулах


Зочин 2019.10.16 122.201.21.218

amjilt Ankhzaya egch!

0 Хариулах