Хайх зүйлээ бичнэ үү

8 мин

Алисагийн тэмдэглэл: Би интроверт бас би дурласан (+Найзуудын минь зөвлөгөө)


Алисагийн тэмдэглэл буланд янз бүрийн сэдвийн тухай бичвэр орж байсан ч хайрын тухай, тэр тусмаа гунигтай хайрын тухай огт орж байгаагүйг би сая л анзаарав. Уг нь миний хувьд бол энэ төрлийн л бичвэр хамгийн түрүүнд орох ёстой доо ч гэж бодогдох шиг. Гэхдээ бичихгүй байсан нь учиртай. Би ойрын хоёр жилдээ лав гунигтай хайртай учраагүй байсан юм. Нэг үгээр бол краш (Crush) гэгдэх тийм хүнтэй таараагүй удсан болохоор л тэр л дээ. Харин одоо бол би зах зухаас нь та бүхэнд хэлж, бичиж чадахаар боллоо.

Би интроверт бас би дурласан.

1. Бид юу ч гаргаж хэлж чаддаггүй. Бүр юу ч шүү.

Уг нь би өөрийгөө нэлээн нээлттэй, завгүй хүн гэж боддог байлаа л даа. Гэтэл олны дунд орохоос өөр аргагүй болдог интроверт хүн байж дээ гэдгээ сүүлд анзаарсан юм. Үнэндээ хүмүүс тэнд өөрсдийнхөө эрх ашгийг хамгаалахын төлөө ч юм уу, сэтгэлээ шархлуулахгүйн тулд тэмцэж байхад би энд зүгээр л зогссоор байдаг. Хэлье гээд ч хэлж чадахгүй, яаж ч чадахгүй. Тэнд хүмүүс хэдийнэ хайрынхаа төлөө тэмцэж, өөрсдийн болгож байхад надад бусад охид шиг дайраад орох зүрх зориг байхгүй аж. 

2. Ядаж би сайн уу гэж хэлэх хэрэгтэй шүү дээ. Гэтэл би яадаг гэж санана? 

Та нар лав намайг дооглож, бүр буруутгах байх. Тэр хүнийг над руу харахад л би өнөө эелдэг охин байхаа болиод, муухай харах эсвэл бүр үг дуугарч чаддаггүй. Тэнгэр минь! Би түүнд бүх сэтгэл зүрхээрээ эелдэг хандахыг хүсдэг, бүр хүндэлдэг мөртлөө яг таарах мөчид зүгээр л хүйтэн хүн болчихдог. Дараагийн удаа би "Сайн байна уу" гэж заавал инээмсэглэн хэлмээр байна. Даанч би нүд рүү нь ч эгцэлж харж чаддаггүй. Ай, интроверт хүмүүсийн зовлон гэж. Үргэлж хүсэж байгаагаасаа өөрөөр харагдах юм даа.

3. Өөрийгөө үнэлэхгүй байх "хортой" мэдрэмж.

Тэр угаасаа над шиг хүний тухай юу гэж ч бодох билээ дээ, би чинь дутуу дулимаг хүн шүү дээ гэх бодол бүхнийг эхлээгүй байхад нь дуусгах аюултай аж. Би хангалтгүй, би хөөрхөн биш, би магадгүй түүний сонирхдог төрлийн хүн биш, түүний хувьд би хэтэрхий хачин гэх бодлууд байнга орж ирнэ. Бүх зүйл миний л буруу мэт. Хэн нэгэнд дурлаж байгаагийнхаа төлөө өөрийгөө буруутгана гэдэг буруу зүйл. Би үүнийг мэддэг л дээ. Гэхдээ тухайн үедээ мартаж орхидог. Хүн болгон л мартаж орхидог байх. Гэхдээ өөрийгөө дутуу үнэлж, гоочилдог байдалтайгаа чадлаараа тэмцэх хэрэгтэй юм билээ.

4. Ил шархан дээр минь өвдөлт нэмэх ДАВС.

Энэ давс гэдэг нь гунигийн дууг хэлж байгаа юм л даа. Дээр санал болгосон дууг та сонсож байна уу? Энэ хамтлагийн яг энэ дуу надад ямар гүн тусдаг гээч? Гэтэл энэ жил Playtime наадмаар ирэх болчихсон байдаг. Хэрвээ энэ бүтээлээ тогловол би яг уйлах байх аа. Ер нь утсан дээрх дуунуудын минь 70 хувь нь зөөлөн хэмнэлтэй, гунигтай аялгуу, дуунууд байдаг гэдгийг би хүлээн зөвшөөрнө өө. Энэ магадгүй асуудлыг улам хүндрүүлж, гуниглуулах шалтгаан болдог байх.

5. Би түүний төлөө санаа зовдог.

Танихгүй нэгний төлөө, юу болсныг нь ч мэдэхгүй хэрнээ санаа зовдог гэхээр хачин дуулдах байх. Гэхдээ би үнэхээр түүний төлөө заримдаа хэтэрхий гүн гунигт автчихдаг. Ядруу харагдаж байвал санаа зовно. Хүмүүсийн нүднээс далд жаахан нойр авсан байгааг нь хараад, нүүрээ дараад унтчихсан болохоор улайчихсан байгааг нь би хараад л мэддэг. Бусад хүмүүсийг түүнтэй сайхан харьцаасай гэж хүсдэг. Орой ажлаа тараад гэртээ аюулгүй хариасай гэж битүүхэн боддог. Интроверт хүн гаргаж хэлж чаддаггүй боловч үнэндээ өөрт эрхэм хүн болгоны төлөө дотроо сэмэрч явдаг юм шиг байгаа юм. 

6. Хүмүүс надад зөвлөгөө өгөөд л байдаг, өгөөд л байдаг.

Гэхдээ бүгд чихний хажуугаар урсаад өнгөрөх юм. Тогтоож авсан байлаа ч би үнэндээ хэзээ ч тэр хэлж зөвлөсөн зүйлийг нь хийж чадахгүй, зүгээр л хараад суухаа мэддэг. Хааяа нэг харц тулгарах боломж ирэхэд би маш инээдтэй байдлаар харцаа салгадаг болохоос биш бусдаар түүнд өөрийгөө яаж ч мэдэгдэж чадахгүй гэдгээ ойлгодог.

7. Ирээдүйгээ амархан төсөөлж болдог хүмүүс аюултай юу?

Саяхан би ийм нэгэн пост бичсэн л дээ. Зарим хүнтэй ирээдүйгээ төсөөлөхөд хэтэрхий амархан юм гэж. Би гэнэн ч юм уу эсвэл бүх хүн над шиг л байдаг уу... Интроверт хүмүүс л ийм байж магадгүй юм. Учир нь тэд гаргаж ярихаасаа илүү бодож төсөөлдөг болохоор бүх зүйлийг хэтэрхий ургуулчих гээд байдаг талтай. Бүх зүйл сайхан болно гэж, эсвэл эсрэгээрээ бүх зүйл бүтэлгүйтнэ гэж хэтэрхий хурдан төсөөлдөг нь буруу гэдгийг мэднэ л дээ. Гэхдээ энэ зүгээр л болчихдог зүйл. Тэр хүн юу ч мэдэхгүй явж байхад би энд хэдэн удаа дотроо үхэж, баярлаж, гомдож явдаг гээч?

Цааш бичвэл хэтэрхий урт болох учраас ингээд больсон нь дээр байх. Тиймээс яг одоо найзууд минь энэ асуудал дээр харин надад юу гэж зөвлөж байсныг сонирхуулъя.

Найзууд минь надад зөвлөхдөө:

  • Ямар нэг үйлдэл хийх хэрэгтэй. Чи ингээд яваад л байвал яваад л байна. Шууд болзоонд уриад үзэхгүй юу. Өнөө үед эмэгтэй хүмүүс байсан ч шууд л асууж байх хэрэгтэй.
  • Түүнд захиа өг.
  • Хоол хийгээд аваад оч. Чи чинь хоол хийх дуртай биз дээ. Нэг хоолны саванд гоё хоол хийгээд өгөөд үз.
  • Шууд чат бич. Тэгээд чамайг "seen" хийвэл яах вэ дээ, үсрээд 3 хоног л уйлна биз.
  • Эхлээд нь чи тэр хүнээ өөр хүнтэй үерхдэг эсэхийг баттай мэдэх хэрэгтэй. Үгүй бол юу ч болоо билээ. 
  • Чи юундаа ингээд нуугдаад байдаг юм бэ. Зүгээр л шууд ямар нэг зүйл хий. Үгүй бол эмгэн болтлоо бусдыг холоос л харсан нэгэн болно шүү. 
  • Орчуулсан кинондоо урьчих. Завгүй байсан ч гэсэн чамайг асуухад чинь ямар нэг байдлаар анзаарах л болно. 

Гэх мэт олон зүйл л надад хэлсэн санагдана. Гэхдээ би үнэндээ итгэлгүй байгаагаа хамгийн ихээр мэдэрч байв. Гурав хоног уйлаад л мартана биз гэх үг эхлээд надад эр зориг өгөх шиг болсон ч үнэндээ би 3 хоног уйлаад л мартах хүн мөн үү гэвэл тийм биш шүү дээ. Интроверт байхын нэг хэцүү зүйл нь би зүгээр л дотроо гацчихдаг бололтой. Яаж ч хичээгээд ойлгуулах хэцүү санагдаж байна. Гэхдээ л би өөрөөсөө нэг зүйлийг асуусан юм.

Ингэж явсаар юу ч хийж чадахгүй үлдэх гэж үү?

Ядаж эцсийг нь үзэх хэрэгтэй биш гэж үү?

Сэтгэлээ зовоохгүйн тулд бүх зүйлийг тодорхой болгохгүй бол чи өөрөө л зовсоор байх болно. Харин тэр хүн чинь огт мэдэхгүй үлдэнэ. Ингэж болно гэж үү?

Тийм ээ, бүх зүйл ингээд дуусч болохгүй шүү дээ. Ядаж л би оролдож үзэхийг хүсэж байна. Өмнө нь хэзээ ч ийм төрлийн эрсдэл гаргаж байгаагүй миний хувьд энэ бол хэтэрхий их зориг шаардсан зүйл боловч би ухаан алдчихгүйхэн шиг ямар нэг зүйлийг хийгээд дуусгамаар байна. Магадгүй түүнд захиа өгөх үү? Тэгээд л би дахиж тэр газар орохгүйгээр алга болчихъё. Эсвэл зүгээр нэг бэлэг бэлдээд зүрх сэтгэлээ чангалан байж өгөх үү? Магадгүй би сандарсандаа ганц ч үг хэлж чадахгүй байх. Бүр нүүр лүү нь шийдчихээд гүйж ч мэднэ. Тэр хүнээ бас гэмтээж болохгүй шүү дээ. Юу гэдгийг мэдэхгүй ч би ямар нэг зүйл заавал хийнэ гэж өөртөө андгайлж чадна. Юу ч хамаагүй. Бүтэлгүй болсон ч хамаагүй. Бас өөрийн ертөнцдөө л шаналж эсвэл жаргаж яваа бүх интроверт хүмүүст хандаж хэлэхэд, та нар ч бас ямар нэг зүйл хийх хэрэгтэй. Бид боломжоо хажуугаараа өнгөрүүлсээр байх гэж үү. Одоо лав биш! ямар ч хамаагүй нэг зүйл хийгээрэй л гэж хэлэх гэсэн юм. Би ч бас ямар нэг зүйл хийх болно. Үр дагавар нь намайг өвтгөх байсан ч гэсэн би хичээж үзсэн шүү дээ гэх бодолдоо бага ч атугай тайтгарах байх.

Хонгор интровертүүд минь, та нар ч бас дурласан, дурлана, дурлаж байгаа. Гэхдээ энэ интроверт гэх нэршил бүхий ертөнцөөсөө хэсэгхэн гарах гээд оролдоорой. Зөвхөн энэ удаад. Тэгээд юу болохыг бид хамтдаа харцгаана.

Нийтлэлийн illustration: Ly Le Thuy

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.03.30
Fla ээлжит нэгэн “дисс” дуугаа цацлаа
холбоотой мэдээ
1
2024.04.03
Алисагийн тэмдэглэл: Дээрэлхэлт хэрээс хэтэрч буй энэ үед "Cancel Culture"-ийг зөвөөр а...
2
2024.03.20
Алисагийн тэмдэглэл: Хайрын тухай янз бүрийн мэдрэмжийг зүрхэнд сийлэх 8 дуу
3
2024.03.20
Охидын яриа: Сарын тэмдэг чинь ирэх гэж буйг илтгэх 7 шинж & мэдэх ёстой бүх зүйл
санал болгох
1
3 өдрийн өмнө
Netflix-ийн хамгийн их хандалттай "3 Body Problem" цувралын тухай 8 баримт
2
2024.04.11
Сэтгэл зүйчид хандах цаг нь болжээ гэдгийг батлах 7 шинж тэмдэг
3
2024.04.10
Хүмүүсийн дахиж хэзээ ч үзэхгүй гэж ам тангараг өргөсөн 15 аймшгийн кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
0
13
0
3
0
0
1

Сэтгэгдэл бичих (8)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Хармөөг 2019.05.06 202.21.109.72

6,7-н жилийн өмнөх мэдрэмж. Эргээд харахад хөөрхөн шүү. Бүгдийг л хий... гуйж ч үз гуйлгаж ч үз юм бүхнээс авах тэр мэдэрмж нь чамд л үлдэнэ. наймаагаар хэлбэл гайхалтай ашигтай наймаа. ялангуяа бичдэг хүмүүст бүр ч гоё мэдрэмжүүд төрнө. цурхираад уйлах мэдрэмж ч бас янзын гоёшдээ. үзэлгүй өнгөрнө гэхэд хайран байхгүй юу. аа тийн тэгээд төсөөлөл бодит амьдрал хоёр бас үнэн хөөрхөн. би гэхэд л хүнтэй унтвал маргааш нь амиа хорлох байх гэж боддог блаашт хха. за тэгээд бичээд бай бичээд бай. залуу үедээ хэрэгтэй юм өгч чадахаар нийтлэлч бна шүү амжилт

0 Хариулах


Зочин 2019.03.31 84.244.88.13

фэээсбүүүк чинь юу юэээ нэг тийм сонирхолтой хүн санагдаад байдаг юм өгч болхуу ???

0 Хариулах


Зочин 2019.03.31 202.9.43.252

Ene ohinii face ni Анхзаяа Оюунсүх ym bnle. Bi sayhan olood ym bichij uzsen

0 Хариулах


Зочин 2019.03.30 122.201.21.122

lonely world lonely

0 Хариулах


Dyy 2019.03.30 66.181.176.233

Bi odoo yg iim bdltai bgaa. zaxia bched ugy gj bodood hichnn sar ch tsunhlj yww d. Denduu hadglad bgaa uchr ene unexer tus bollo.

0 Хариулах


Ко 2019.03.30 202.126.89.205

“Өмнө нь хэзээ ч ийм төрлийн эрсдэл гаргаж байгаагүй...” хэлээд юугхвээ. Гэхдээ 3 хоног уйлаад мартчихдаггүй юм бнлээ...

0 Хариулах


Alice 2019.03.30 66.181.183.170

Bi tand ymar hairtai gee. Sayhan bi uurinhuu udaan hugatsaand crushladag hund zorig gargan jignemeg hiij ogch mash urt zahiag ch havsargasan. Ter tulheed l. Bi tuunruu oirtoh gej hicheegeed l ih hetsuu baigaa. Gehdee hichneen sharhalj tulhuulsen ch gesen hairlasaar l baidag ym bilee. Usvur nasand ymar ymniih ni hair baih ve gej yr ni hen helsen ym... Tanii crushiin tuhaid. Ta uurtuu hamgiin zuv gesen zuiliig l hiigeerei. Harj suugaad aldahiig husehgui l baigaa bol zaaval uildel hiigeerei. Amjilt❤ ~tanii bytshan wanderer

0 Хариулах


Зочин 2019.03.30 202.9.42.132

Энэ буланд би их баярладаг. Бусад ямар ч газраас олж унших боломжгүй нийтлэлүүд энэ буланд л ордог. Бичээд л байгаарай. Уншсаар байх болно.

0 Хариулах


М 2019.03.30 202.9.44.58

Янзтай

0 Хариулах