Хайх зүйлээ бичнэ үү

10 мин

Алисагийн тэмдэглэл: Бид яагаад залуу, тэнэг бас мөнгөгүй байгаа дээрээ аялах ёстой вэ?


Гадаад улс руу аялах тухайд бодохуйд л би үүнийг зөвхөн маш их мөнгөтэй, завтай хүмүүсийн л хийж чадах зүйл байна даа хэмээн боддог байсан үе саяхан. Оюутан байх үедээ "аялах болно оо" гээд нээх том зорилго тавиад, түүнийгээ хэт томоор харснаасаа болоод бүтээж чадаагүй нь ч олон. Гэтэл аялах гэдэг нь үнэндээ тийм ч хэцүү зүйл биш гэдгийг би өнгөрсөн жил ухаарсан юм. Тиймээс аялахад танд юу хэрэгтэй бас аялалд гараад юуг мэдэж, ухаарч авдаг тухай өөрийн мэдэрч, ойлгосон зүйлээсээ хуваалцаж байна.   

1. Аялах зорилго, чиглэл хоёроо тодорхойлох.

Эхлээд та өөрийн явахыг хүссэн газраа тогтох ёстой. Ийшээ ч явдаг юм уу, за энэ нь ч зүгээр юм уу гээд л эргэлдээд байвал хэзээ ч шийдвэрт хүрэхгүй. Тиймээс эхлээд өөрийн туйлын зорилго болсон тэр зүг чигийг тодорхойл. Үүнд том зорилго маш том тус болно. Миний хувьд би аялах тухай юу ч бодоогүй сууж байгаад өөрийн шүтэн биширдэг уран гулгагчийг ОХУ-д тэмцээнд оролцохоор болсныг олж мэдсэн тэр цагаас л шийдвэрээ гаргасан юм. Зорилго тодорхой. Түүнийг харах. Болж өгвөл нүдэнд нь өртөх. Бас чиглэл тодорхой. Хойд хөрш. Бүр тодруулбал Москва хотын Мегаспорт заал. Ингээд л би хэдэн сарын хэдэнд явахаа, хаашаа явахаа, яагаад явах гэж байгаагаа маш тодорхой ойлгож авсан юм. 

2. Зардал, байрлах газар, унаа тэрэг болоод хамт явах хүмүүсээ олох.

Найзуудаа ятгах нь миний хувьд хамгийн хэцүү даваа байв. Учир нь уран гулгалтын тэмцээн арваннэгдүгээр сарын тэг дунд нь болох байсан учраас тэр хүйтнээр ОХУ-руу хамт явах хүн олно гэдэг бас л амаргүй байв. Дээрээс нь тэд уран гулгалт, Юзүрү Ханю гэж хэн гэдгийг ч сайн мэдэхгүй, сонирхдоггүй байсан хүмүүс шүү дээ. Тиймээс эхлээд би ийм ийм газраар явна, ингэж очоод, тийм тийм зүйл хийх боломжтой гэдгээ яг л нэг том төсөл шиг бичээд найзуудыгаа ятгасан юм даа. Харин ч жуулчид шаваад байхгүйгээр гоё газруудаа үзэх боломжтой гээд л ямар ч сул талыг давуу тал болгох чадвартай байх хэрэгтэй шүү. Бас skyscanner.net, aviasales.ru, trip.com зэрэг нислэгийн тийз захиалах боломжтой сайтуудыг эртнээс ухаж, хямдрал таарах үеийг анах хэрэгтэй болно. Бас байрлах газраа зураг хөргийг нь үзэж байгаад гайгүй газар сонгохгүй байвал тэнд байх үеийн гэр гэсэн үг учраас нэг бол *овшийн байна эсвэл тун аятайхан байж байгаад ирэх болно. Тиймээс энэ бүх зүйлээ тодорхой зохицуулж, төлөвлөх хэрэгтэй.

3.Валютийн ханш, хямдрал, купон, дахиад хямдрал...

Хамгийн хэцүү даваа бол мэдээж мөнгө хөрөнгө. Аялахаар шийднэ гэдэг шууд л маргааш гараад давхихаас өөр хэрэг шүү дээ. Тиймээс ханш хэдийгээр суларч эсвэл чангарч байна гэдгийг хараад гялс солиулж авах, гадаад паспортоо захиалах, онлайнаар билет захиалах гээд өчнөөн зүйл гарч ирэх болно. Гол нь та tripadvisor, expedia зэрэг олон сайтаас бас хүмүүсийн бичсэн сэтгэгдлүүдийг олж уншаарай. Өмнө нь аялж үзсэн хүмүүс туршлагаасаа хуваалцсан байдаг! Бас онлайнаар захиалахад очиж авснаас хамаагүй хямд, амар тусах тохиолдлууд ч байна. Жишээ нь би parter.ru сайтаар тэнд очоод үзэх опера болоод квартет зэргийн тасалбарыг захиалсан. Очоод шууд л хэвлүүлж аваад явахад амар байсан шүү. Мөн booking.com дээр байрлах газраа захиалах үед заримдаа танд энд тэнд ашиглаж болох хөнгөлөлтийн купон ч ирэх болно. Ашиглаад аваарай. Харин музей, галерей бол тасалбарыг шууд тэндээсээ авахад болно. Их амар бас олон гоё бэлэг дурсгалын зүйлстэй шүү! Англи хэл дээрх аудио тайлбарыг нь аваарай гэж зөвлөмөөр байна. Дугаарыг нь хийгээд л та үүх түүхийг нь сонсох боломжтой. 

4. Нэгэнт очсон бол арга нь олдоно.

Хэрэв та нэгэнт л замдаа гарсан бол тэгээд юу ч болж байсан бүхнийг болгохоос өөр аргагүй болно. Нислэг хоорондын урт зайнд онгоцны буудал дээр хонох, бүтэн өдөр давхих автобусанд цэнэг нь дууссан утастайгаа мөнхрөх гээд л. Гэхдээ энэ болгон аяллыг илүү амттай болгодог зүйл. Сэтгэл санаа нийлээд явсан дөрвөн найзтайгаа маргалдаж, эморох үе ч гарна. Гэхдээ хүчтэй байгаарай! Учир нь бид хүнд хэцүү үеийг ч гэсэн хамт давж байж л сайхан цагийг хамтдаа мэдрэх болно шүү дээ. Цаг сайн барихгүй бол манайх шиг 19 цагийн тоглолтоо үзэгчид ирээгүй байна гээд 20 цаг хүртэл хойшлуулдаг газар бараг л байхгүй шүү. Дээрээс нь Хятад, Япон, Солонгос хүн байна гэж таныг андуурах үе зөндөө гарна. Хэлийг нь мэдэхгүйг далимдуулаад юмны үнэ өсгөх гэсэн оролдлогууд ч бий. Гэхдээ л энэ бол аялал. Та бүх зүйлээс таашаал мэдрэх гэж явсан болохоор жижигхэн зүйлсийг тайван өнгөрүүлж, тавьж явуулж сурах хэрэгтэй болно. Заримдаа ядарч, унтмаар санагдана. Төөрнө. Өлсөнө. Харин дараа нь хүссэн газраа ирээд, чихэвчээр дуу сонсоод, нар жаргахыг мэдрэх ямар сайхан гээч? 

5. Шоконд орох үе.   

Хэд хэдэн удаа шокны байдалд орох үе ирнэ. Тэр нь бол хэтэрхий сайхан зүйл үзэж харснаас ч болно, анх удаа онгоцоор ниссэнээс ч болж болно, маш их сонгинотой онцгүй хоолыг үүрээр идсэнээс ч болно. Танд бүх зүйл ондоо, шинэ санагдах болно. Гайхалтай сүм, музей, тоглолтууд үзээд уйлмаар санагдах үе ч ирнэ гээч. Юм үзэж, нүд тайлна гэгч нь тэр байсан юм. Манайх ийм гоё болох боломжтой юм байна, хуучин бүхнээ ингэж сайхан авч үлдэнэ гэж бас байдаг аа гээд л. 

6. Мөрөөдөл биелэх үе.   

МӨРӨӨДӨЛ БИЕЛЭХ ҮЕ. Би үнэндээ жаахан сэргэлэн зан гаргаж, болохгүй гэсэн зүйл рүү нь хэл мэдэхгүй царайлан явж орох, мэргэжлийн онцлогоо ашиглах зэргээр хэд хэдэн удаа мөрөөдөлдөө улам ойртсон л доо. Таны хувьд энэ мөрөөдөл тоглолт үзэх, яг зорьж байсан тэр газрынхаа шороон дээр алхах, хүнтэй уулзах гээд юу ч байж болох юм. Минийх бол харин энэ залуутай л уулзах байсан юм.

Сэтгүүлчээр очсон би зөвхөн сэтгүүлчдийн л байх ёстой хэсэгхэн өрөөнд хүлээж байх учиртай байсан ч тэрүүгээр нэг, юу ч ойлгохгүй байгаа царай гаргаж явсаар байгаад нэгэн хаалгыг нээгээд ортол... ПФФФ! Уран гулгалтын мөсөн талбайн яг хажууд, дасгалжуулагчдынх нь дэргэд бүр өөрийнх нь дэргэд очсон юм даа. Дээрээс нь би бичлэг хийж болохгүй гээд нэлээн хөөгдсөн л дөө. Гэхдээ яаж ийгээд би хэд хэдэн сайхан мөчийг буулгаад авсан юм. Яг энэ мөрөөдөл биелэх мөч л таны урт хэцүү аяллын зорилго байсныг та ухаарна. Яг түүнийгээ гэрчилж зогсох үедээ л та энэ аялал ямар зөв зүйл байсан юм бэ гэдгийг мэдэрдэг. Магадгүй бид мөнгөгүй, залуухан байна гээд өөрсдийгөө хойш татдаг байх. Гэтэл биднээс түрүүлж зориглосон хүмүүс энэ мэт мөрөөдөл биелэх мөчийг үнэндээ хэдэн арван удаа мэдэрсэн бол гэхээс миний хорхой, цагаан атаархал зэрэг төрж байсан юм. 

7. Аялахад хамгийн гол нь юу анхаарах ёстой вэ?

Хамгийн гол нь өөрийн мэдрэмжээ л анхаар. Хиймээр байгаа зүйлээ хий. Цэв хүйтэн байна уу? Гэсэн ч Санкт-Петербургийн шөнийг, усан завиар явахыг мэдэрмээр байна уу? Орой нь ханиад хүрэх байсан ч хамаагүй бид хэд суусан. Бас үзэх ёстой музей болгоноо үзсэн. Гол нь дэлгүүрт их цаг өнгөрүүлэх хэрэггүй! Тэнд цаг чинь яг хулгайд алдсан юм шиг, нэг мэдэхэд л хайран өдөр өнгөрсөн байх болно шүү. Оронд нь гадуур яв, дахиад нэг шинэ булан эргээд үз. Үнэндээ юу хүлээж байхыг хэн ч мэдэхгүй шүү дээ. Бас тэндхийн хүмүүстэй найз болоод ав. Тэд л таныг хамаг гоё нууц газраар авч явна, амьд хөгжмийн "күүл" хамтлагийг мэдэх боломж олгоно. Сонирхол нэгтэй өчнөөн хүнтэй уулзаж танилцах боломжтой болно. Адилхан аялж яваа, адилхан тоглолт зорьж ирсэн, манай улсыг мэддэг эсвэл нэг л өдөр манайд аялах хүн гээд л. Тиймээс бусадтай нээлттэй байхаас санаа зовох хэрэггүй. Бас мэдээж юмандаа ариг гамтай байж, аль болох үзээгүй зүйлээ үзэхсэн, хийгээгүй зүйлээ хийхсэн гэж зориорой.

Бас ийм юм хараад хүний сэтгэл их догдолдог юм билээ! Хэрэв та гадаадад хаа нэгтээ зочид буудалд буувал Монгол руу хэрхэн аялах тухай бодит зөвлөгөөг бусдад өгч, тус нэмэр болохоо мартуузай!

8. Танд гарцаагүй дахиад аялах хүсэл төрнө.   

Дор хаяж таван сарын өмнөөс аяллын төлөвлөгөөгөө гаргаж мөнгөө цуглуулбал энэ бүхэн тийм ч боломжгүй биш шүү дээ. Нэг удаа л яваад ирэхэд та маш их туршлагатай болох болно. Бас гэрээ их санана. Гэр бүлийнхэнтэйгээ дуудлага хийж байх үедээ уйлчих гээд л байдаг. Тэгээд гадаадын оронд аялж явахад хэдий сайхан ч гэлээ тэндээ үүрд байж чадахгүй гэдгээ мэддэг. Эх орон шиг сайхан газар байхгүй юм байна даа гэх бодол маш их төрнө гээч. Хөдөө замаар явж байхдаа бүр нэг сайхан урт амьсгал авмаар болдог. Ингээд л та аяллаас гэр бүл, эх орноо ямар их санадаг, эрхэм гэдгээ дахин дахин мэдрээд авна. Бас бидний урд ямар том зам байгааг мэдэрнэ. Энэ дэлхий дээр байгаа тэр олон улс орны ёс заншил, түүхийг сонирхохыг хүснэ. Шинэ бүхнээр цэнэглэгдээд ирэхэд харин бүх зүйл боломжтой юм шиг болж, ажил ч эрчимтэй урагшилдаг. Манайд дутагдаж байгаа олон зүйлийг ухаарах боломж олгодог болохоор танд нэг шинэ бизнесийн санаа төрж ч мэдэх юм. Бас хамгийн гол нь та дараагийн аялалдаа өөрийгөө бэлдчихнэ. Юун дээр анхаарах ёстойгоо ойлгож, асар их туршлага хуримтлуулна гээч. Ийм л болохоор аялах хэрэгтэй. Шинэ мэдрэмжээр өөрийгөө цэнэглэж, улам эрч хүчтэй байхын тулд. Гэр бүлийнхэн, найз нөхдөө дагуулаад яв. Бүр болохгүй бол ганцаараа ч хамаагүй. Таны өөрийгөө ойлгохгүй, олохгүй байсан мөчүүд ч аажмаар бүдгэрээд, юу хүсээд байгаагаа мэдрэх боломж олгоно. Тиймээс санаа зовохоо болиод, хямд зардлаар аялж болох газрыг тоочиглоод, зорилгоо урдаа тавиад шууд л төлөвлөгөөгөө гарга. Эхлээд тэр бүх зүйл боломжгүй юм шиг санагдах үе ирэх ч замдаа гарсан өдрөөс эхлээд л догдлол таныг салахгүй дагах болно!

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
2024.04.03
Алисагийн тэмдэглэл: Дээрэлхэлт хэрээс хэтэрч буй энэ үед "Cancel Culture"-ийг зөвөөр а...
2
2024.03.20
Алисагийн тэмдэглэл: Хайрын тухай янз бүрийн мэдрэмжийг зүрхэнд сийлэх 8 дуу
3
2024.03.20
Охидын яриа: Сарын тэмдэг чинь ирэх гэж буйг илтгэх 7 шинж & мэдэх ёстой бүх зүйл
санал болгох
1
1 цагийн өмнө
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
2
Өчигдөр
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу
3
Уржигдар
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
6
0
0
0
1
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.