Хайх зүйлээ бичнэ үү

7 мин

Алисагийн тэмдэглэл: Бүүдгэр өдрийн "дурлал" буюу ийм л өдөр хийж баймаар 12 зүйл


"Алисагийн тэмдэглэл" өнөөдрөөс эхлэн та бүхэнд долоо хоног бүрийн лхагва гарагт хүрч байхаар боллоо. Энэ булангаар би та бүхэнтэйгээ илүү чөлөөтэй сэдвүүдээр, найз нөхөд шиг ярилцаж болдог билээ. Өнөөдөр гадаа цаг агаар бүүдгэр бас хур тунадастай байгааг тохиолдуулаад жаахан "эмо" нийтлэл хүргэе гэж шийдлээ. Гэхдээ та бүхэн төгсгөл хүртэл нь уншвал Алиса хэзээ ч юмыг гунигтай чигээр нь үлдээдэггүй, гунигтай зүйлийг яаж ийгээд гэгээтэй болгох аргаа олдог гэдгийг мэдрэх боломжтой юм шүү. Та бүхэн ч бас аливаа нэг мэдрэмжид гүн авталгүй, бүх зүйлийг тэнцүүлж байхыг хичээгээрэй.

1. Бүүдгэр өдрийн хөнгөн гуниг уу? Байх л зүйл

Та өнөөдөр өөрийгөө хүчээр өөдрөг байлгах гэж хичээгээд хэрэггүй. Хүн ямар нэг зүйлийг хүчлээд эхлэхээрээ л буруутдаг юм билээ. Гунигтай санагдвал гуниглаж л байх хэрэгтэй. Харин хүчээр инээмсэглэх гэж оролдоод л байвал таны дотор албадлагын мэдрэмж төрж, сэтгэл санаагаар улам бүр унана. Энэ бол зайлшгүй юм шүү. Уйлмаар байвч ажил дээрээ, гэртээ гээд нэг л болж өгөхгүй байвал ариун цэврийн өрөөндөө ороод өөртөө хэсэгхэн "ганцаар байх" цагийг мэдрүүл. Уйлахгүй гэж хүчлэх нь бүүдгэр өдрийг дэмий үрж буй хэрэг юм.

2. Найзууддаа хэлж чадаагүй үгээ хэлэх

Яг л холдон одох гэж байгаа юм шиг сэтгэгдэл төрчихсөн үү? Үнэндээ бид холбогдохгүй, ярилцахгүй орхиж байгаа хүмүүсээс өдөр ирэх тусам чимх зайтай холдсоор байдаг. Нэг л өдөр эргээд харахад уулзахаа больчихсон, бүр нэгнээ дурсах нь ч үгүй болсон байх нь бий. Ийм зай завсартай нөхөрлөл гэж юу байх билээ дээ. Хэрэв ямар нэг зүйл хэлмээр санагдаж байсан бол цаг алдалгүй хэлэх л хэрэгтэй. Хүмүүс ихэнхдээ хэлж чадаагүй үг, хийж чадаагүй үйлдэлдээ харамсдаг. Ядаж л найздаа, "хэцүү үеүдэд хамт байсанд баярлалаа" гэж хэлээрэй. Тэдний санааг зовоохгүйн тулд араас нь хамтын төлөвлөгөө ярьж, кофе эсвэл цайтай уулзалт төлөвлөөрэй. Ер нь бид бусад хүмүүсээс ёс бодож харамладаггүй хэрнээ найз нөхөддөө сэтгэлийн сайхан үгийг ховор хэлдэг юм шиг санагдсан.

3. Алисагийн санал болгох зөөлөн аялгуутай дуунуудыг сонсох

Миний дуу хөгжмийн жагсаалтад хөнгөн аялгуутай дуунууд бараг 70 хувийг эзлэх байх. "Гуниг мэдрэх гээд байдаг болохоор тийм дуу сонсдоггүй" гэх үгсийг хүмүүсийн амнаас олон сонссон ч та аль хэдийнээ гунигтай байгаа болохоор л тэгж санагдаад байгаа юм. Дуугаар өөрийгөө цэвэрлэж, чөлөөлөх хэрэгтэй. 

4. Хүнгүй газраар зугаалах

Улаанбаатар хотод хүнгүй газар олно гэхээр яг одоо хаана байж болох вэ? Ямар нэг цэцэрлэг, тоглоомын талбай, парк... Яагаад заавал бүүдгэр өдөр бид ганцаараа байхыг эрэлхийлдэг учрыг сайн мэдэхгүй л дээ. Гэхдээ ийм өдрийг өөртэйгөө цуг цагийг өнгөрүүл гэж бурхнаас өгч байгаа бэлэг юм шиг л хүлээж авах хэрэгтэй.

5. Өөртөө болон бусдад захиа бичих

Гараар захиа бичээгүй удсан гэдгийг тань мэдэж байна аа. Тиймээс зүгээр л цаас, үзэг аваад бичиж эхлээрэй. Магадгүй 2020.10.02-нд нээж унших захидлыг өөрөө өөртөө зориулан бичиж болох юм. Жаахан хүүхдийн үйлдэл мэт санагдах үе байдаг ч цаг нь ирээд, онгойлгоод унших үед тэндээс дүүрэн дурсамж ханхалдаг. Шарласан навч нэгийг аваад дугтуйндаа хамт хийчихгүй юү.

6. Хайртай хүндээ "хайртай" гэж хэлэх

"Хөөе, хэн ээ! Би чамд хайртай..." гэх биш л дээ. Мэдээж болно, гэхдээ өөр аргууд бий. Хайр сэтгэл гэдэг дэлхийн улс орнуудын ярилцдаг тэр олон зуун хэлээс ч олон хэл, илэрхийлэмжтэй. Өнөөдөр би тэр хүнийг хүндэлснээрээ, зузаан хувцас өмсөж гараарай гэж санаа тавьсандаа, эсвэл зүгээр л тэвэрснээрээ хайртайгаа хэлж болно. Тэр хүнд энэ болгон минь үнэхээр мэдрэгддэг эсэхийг мэдэхгүй л дээ. Гэхдээ би найддаг юм. Олж хараад, мэдрээсэй гэж. Та ч бас "хайртай" гэдгээс өөр үгээр, өөр хэлээр хайраа мэдрүүлээрэй.

7. Өөрийгөө эрхлүүлэх

Энэ үг улиг болчихсон мэт санагдаж байна уу? Өөрийнхөө дуртай зүйлийг хийж, гоё юм идэж, дэлгүүр хэсээрэй гээд л. Гэхдээ би таныг өөрийгөө жинхэнээсээ эрхлүүлээсэй гэж хүсэж байна. Оронд орж хэвтэхдээ өөрийгөө тэвэрч, үсээ зөөлнөөр самнаж, биедээ анхилам үнэртэй тос түрхээрэй. Ширүүн харилцаж, өөрийгөө гэмтээдэг байсан бол өөрөө уучлал хүсэж, арьсаа жаахан илээрэй. Гараа арчлаагүй удсанаас болоод хуурайшсан бол тос түрхэж, иллэг хийгээрэй. Өөрсдийгөө энхрийлэх гэсэн оролдлого болгон эцэстээ өөртөө бодит өөрчлөлт хийж чадалгүй дуусах нь элбэг байдаг.

8. Ямар нэг хорт зуршлаа "түр" хойш тавь

Хүүе, та арай тамхи гаргаж ирээд уугиулж зогсох гээд байгаа юм биш биз? Дахиад л өөртөө өгсөн нөгөө амлалтаа зөрчөөд, асар их өөх тостой хоол идэх гээд байна уу? Тэгтлээ яарах хэрэггүй дээ. Ийм сайхан өдөр та өөрийгөө хуурч болохгүй. Салах юмсан гэж бодож явдаг ч огт чаддаггүй буруу зуршлуудаасаа ядаж нэг өдөр хол байгаад, өөрчлөлтийг мэдрээд үзээрэй.

9. Парист байна гэж төсөөл

Өөрийгөө Парис ч юм уу, Ромд байна гэж төсөөлөөд үз. Ер нь өөрийгөө жуулчин гээд бодоод үзээрэй. Та хаагуур явах байсан бэ? Гоё хувцсаа өмсөөд, музей орж, хотын ресторанууд дундаас өмнө нь орж байгаагүй газрыг сонгож ороод, Их дэлгүүрийн 6 давхраар зугаалаад үз. Ингэж төсөөлөөд, цагийг сайхан өнгөрүүлж чадахгүй бол Миланд очоод яах юм?  

10. Байж болох хамгийн романтик киноны хэсэг шиг нэг өдрийг өнгөрүүлэх

Инди кино шиг байх гэж оролдоно гэсэн үг. Хэн нэгэн рүү залга, эсвэл ганцаараа байсан ч хамаагүй ээ. Богино кино хийж гадуур алхах, номын санд орж сохор болзоо хийх, огт зохицохгүй гэж бодсон хувцаснуудаа нийлүүлж өмсөх, багын зургуудаа одоо дахин бүтээж, зургаа авахуулах гэх мэт байж болох хамгийн задгай байдлаар сэтгэх гээд оролд. Манай ажлын нэг залуу лав номын дэлгүүр орж, аль нэг номын завсар ирээдүйд худалдан авах хүнд зориулж захиа бичин үлдээсэн тухайгаа ярьж байсан. Та ийм хэмжээний "күүл" байж чадна гэдэгт итгэлтэй байна.

11. Огт чаддаггүй зүйлээ яаж ийгээд оролдоод үз. Гоё, мундаг болох албагүй

Би лав огт зурж чаддаггүй. Зураад л байдаг байсан ч үнэндээ чaддаг хүмүүсийн хажууд бол хүүхдийн сараачсан цаас л гэсэн үг. Гэхдээ би хичээсээр байгаад зурж, гитар балбаж байгаад дуу зохиох гэж оролдон, чадахгүй байлаа ч даашинз оёж үзсэн. Та компьютер тоглоом тоглоод үзсэн ч болно. Эсвэл караоке ороод нэг цаг ганцаархнаа хүссэнээрээ дуулж байгаад гараад ир. Юу ч байсан та эцэст нь нэг гоё мэдрэмж, дурсамжтай үлдэнэ.

12. Танихгүй хүнтэй ярилцаж үзэх

Хэцүү л дээ. Гадуур явж байгаад хэн нэгэнтэй ярилцана гэдэг бүр хэцүү. Гэхдээ чатаар ч хамаагүй танихгүй хүнтэй ярилцаад, үзэл бодлоо хуваалцаад үзээрэй. Харилцан ярианаас их зүйлийг ойлгож, мэдэрч болно. Би лав өглөөхөн над руу андуурч юм бичсэн хүнтэй хагас цаг шахуу "Joker" киноны тухай болон жүжигчин Хаокин Фениксийн тухай ярилцчихлаа шүү дээ. Сэтгэл санаа сэргээд л явчихсан.  

Энэ мэт хийж болох зүйлс олон. Гэхдээ яагаад заавал бүүдгэр өдөр тийм онцгой юм бэ? Тэр тусмаа намар цаг дуусах дөхөж, хүйтэн өвөл ойртсоор байгаа яг энэ үе. Бидний амьдралд ямар нэгэн өөрчлөлт ирэх гэж байгаа юм шиг ийм мэдрэмж биднийг ихээр догдлуулж бас айлгадаг. Гол нь та яг ийм өдрүүдэд юу хийх дуртайгаа, бас юу хийх гэж байгаагаа хуваалцаарай. Шинэ содон санаа сонсоход ямагт бэлэн шүү. Магадгүй дараагийн нийтлэлийн нэгэн хэсэг нь та болж болох боломжтой.

Нийтлэлийн зургууд: Кёо Маклер / Кенард Пак

холбоотой мэдээ
1
2019.10.16
Алисагийн тэмдэглэл: Амьдралыг минь тэр чигт нь өөрчилсөн "1-11" үг
2
2019.10.09
Алисагийн тэмдэглэл: "Most played" дуунуудын дотор нуугдсан бидний үнэн төрх
3
2019.09.17
Алисагийн тэмдэглэл: "Үнэг ажиллагаа"-д очиж, монгол үлгэрүүдийг дахин "анх удаа" мэт с...
санал болгох
1
3 өдрийн өмнө
Миллениалуудын 63 хувь нь аялахын тулд ажил хийдэг
2
3 өдрийн өмнө
Судалгаа: Хүүхэд төрсөн эхний жилд хосууд 2500-аас дээш удаа маргалддаг
3
3 өдрийн өмнө
Кино үзээд 1000 долларын цалин авах боломжтой ажлын байр зарлагджээ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
0
7
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (2)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Dulaanaa 2019.10.02 66.181.179.89

Uilchih geed umulzuud neg l sonin baisan ym. Turuun garch haluun chocolate avch uulaa, gantsaaraa joohon alhlaa, shaltgaangui jorlon yavj heseg suulaa yag neg heveeree l baigaad baina. Yaaltai bilee ene emorloo -_-

0 Хариулах


Зочин 2019.10.02 192.82.66.25

sanasan bn shuu. duu sonsoh gej, eniig unshih gej l ordog shd :heart:

0 Хариулах