Хайх зүйлээ бичнэ үү

14 мин

Алисагийн тэмдэглэл: Ээжтэйгээ цуг аялахдаа ойлгож мэдэрсэн 11 зүйл


Би бүх насаараа (Only in my 20's, but i had enough) аялахыг хүсдэг байлаа. Тэр хүсэл минь өнгөрсөн жил ОХУ-руу явахад биелсэн гэж хэлж болно. Бүх зүйлд өөрийн цаг хугацаа байдаг аж. Яарсаар, яарсаар тухайн мөчид мэдрэгдэх ёстой байсан бүх чухал жижиг зүйлсийг гээчихсэн ч юм шиг хааяа санагддаг. Бид ямар нэг зүйлд яарахаараа эргэн тойронд болж буй бүхнийг мартаж орхидог шүү дээ. Гэхдээ аялаад ирэхээр энэ бүх гэмшил, айдас алга болдог аж. Тэр тусмаа гэр бүлийнхэнтэйгээ, ээжтэйгээ явна гэдэг тэс ондоо ертөнц юм. Та бүхэнд ээжтэйгээ цуг Тайланд руу аялсан сонин сайхнаасаа хуваалцахаар шийдлээ. Хэсэг хугацаанд миний нийтлэлүүд орохгүй байхаар та бүхнийг жаахан ч болтугай санан өгүүлсэн байгаасай хэмээн найдах шиг. Хэн нэгэн таныг санан дурсаж, хүлээнэ гэдэг хамгийн сайхан мэдрэмж шүү дээ. 

1. Яг дээр дурдсан шиг, яарсаар байгаад олон зүйлийг зам дундаа гээснээ ухаарна.

Замд гараад явахад юу эс бодогдох вэ. Өнгөрсөн баларсан, одоо, ирээдүй гээд бүх зүйлийг дурсаж, төсөөлж явахад галт тэрэг гэдэг тун ч тухтай унаа юм даа. Ялангуяа манай Монголын галт тэрэг бол "хайр" юм гэдгийг ч ойлголоо. Бээжингээс Гуанжоу руу 22 цаг галт тэргээр явсан хүний яриа шүү. Тиймээс итгэлтэй байж болно. Тэнд та тамхи татдаггүй байлаа ч насаараа татах тамхиа дам тамхидалтад өртөн нэг дор сорохоос өөр аргагүй болдог. Хятад хүмүүс олныг ч хэлэх үү, тамхины цуваа тасарна гэж үгүй аж. Хэрэв илүү их зардал гаргаж чадвал мэдээж хурдны галт тэрэг, онгоц гээд хувилбар олон. Гэхдээ би чинь өөрөөсөө гадна нас биед хүрсэн нэгэн эмэгтэйн ( ) замын зардлыг гаргаж буй залуухан ажилчин анги юм болохоороо мөнгө төгрөгийн асуудал бэрх байсан нь үнэн. Сэдвээсээ хазайчихлаа. Ямартай ч тэр урт замд танд асар олон зүйл бодогдоно. Ямар нэгэн том мөчийг хүлээхдээ хүн дунд нь болж буй сэтгэл татам жижигхэн зүйлсийг орхидог юм билээ. Өнгөрсөн хэдэн долоо хоног миний хувьд "Явахад 2 сар үлдлээ, 1 сар үлдлээ, долоо хоног үлдлээ, ганц хоног үлдлээ" гэдэг байдлаар өнгөрсөн. Гэтэл тэр дунд нь миний амьдрал бас өрнөж л байгаа шүү дээ. Ажил, гэр орон, найз нөхөд гээд олон зүйлээсээ би бүр сатаарч орхиод, зарим чухал зүйлсийг ч алдсан байсан даа. Тиймээс том зүйл ирэхийн өмнө ч гэсэн сэтгэлээ тайван байлгаж, өдөр хоног болгоноо хайрлах ёстой юм билээ.

2. Би том хүн бас жаахан хүүхэд.

Ээж бид хоёр нэлээн ойр дотно, бараг л найзууд шиг гэж хэлж болох. Охидын болзоонд их явна аа. Киноны нээлтүүдийг ч алгасахгүй. Тэр болгондоо би өөрийгөө ээжийнхээ хувьд яг хэн бэ гэдгийг бодож үзээгүй байсан юм. Амьдрал дээр бол би нэг л их том хүн. Ажилтай, үүрсэн хариуцлагатай, энэ нийгэмд бага ч болтугай өөрийн дуу хоолойг хүргэдэг, ирээдүйд мэдээж гэр бүлтэй болох нь тодорхой гээд л. Гэтэл ээжийнхээ хажууд би 20 батын (1 бат ойролцоогоор 90 төгрөг) зайрмаг л авч идэх гээд хөөрөөд гүйгээд байдаг хүүхэд болж таарсан юм даа. Тэр хүний нүдэнд би үүрд хүүхдээрээ бөгөөд өөрөө ч ээжийнхээ хажууд хүүхэд хэвээр. Мэдээж удирдлагыг гартаа авч, асуудал зохицуулах тоолонд би том хүн болох ч яг л хоёулхнаа баярлалдан хөөрч байх үедээ бол би гарцаагүй хүүхэд. Үүнийгээ л гээж болохгүй. Би том хүн гэж цээжээ дэлдэх ямар ч шаардлага байхгүй. Хүмүүс 20 нас гараад ирэхээрээ, эсвэл дөнгөж 10 жилийн ахлах анги болохдоо л том хүн болсон мэтээр эцэг эхээ шархлуулж, гомдоодог шүү дээ. Гэтэл бид чинь бүр хөгширсөн хойноо ч тэдний хувьд хүүхэд хэвээрээ л байх хүмүүс. Халуун оронд шавж их байдгийг ч хэлэх үү нэг удаа арзайсан балай юмыг олж хараад би үхтлээ айж, нэг мэдэхэд л нулимс урсгаад, ээжийгээ сэгсрээд сэрээчихсэн зогсож байсан юм даа. 

3. Та нар байнга хамт байдаг гээд үнэхээр гэр бүлийнхнийгээ бүрэн дүүрэн мэддэг гэж боддог уу? Үгүй.

Найздаа хэлсэн чинь ангайж билээ. Гэхдээ үнэхээр үнэн! Хүний нутагт, хоёр биенээсээ өөр таних хүнгүй газар л жинхэнэ нэг нэгнээ бүрэн дүүрэн ойлгож авах үйл явдлууд тохионо. Ээж маань миний бодож байснаас бүр ямар "күүл" хүн болохыг, бас тэгж байгаад сандруу нэгэн болохыг нь ойлгоно. Өөрийгөө ч их мэдэж эхэлнэ гээч. Шинэ зүйлс турших дуртайгаа, бас тэр бужигнасан хот дундаас амар амгаланг эрж байгаагаа. Хүмүүс гадаа усаар байлдаад л, шоу цэнгээн болж байхад уг нь бол тэсэхгүй үсрээд гарчихмаар. Гэхдээ л би эцэст нь буудлынхаа дээвэр дээр байрлах усан сан руу гүйж гараад, ганцаархнаа хотын шуугианыг дээрээс сонсон хэвтсээр байсан юм. Онгоцны буудал дээр оройн 20 цагаас үүрийн 5 цаг хүртэл хэвтэхдээ амьдрал гэдэг чинь үнэндээ гадаа гарахад шатааж, боомилж байснаа дотор ороход тэс хүйтэн болчихдог энэ орон шиг л тэс өөр ертөнц юм байна гэдгийг ч мэдэрнэ. Хүн даараад, өлсөөд ирэхээрээ л дотор нуугдсан тэр аймшгийн "агуйн хүн" зангаа гаргадаг юм байна лээ шүү дээ. Би лав ядраад хэвтээд өгдөг юм билээ. Хаа очиж бас зэрлэг нэгэн биш байж таарсандаа баярласан шүү.

4. Ямар ч бүтэлгүйтэл тулгарлаа гэсэн хамт туулах хүнтэй байх хамгийн сайхан.

Бид хоёрын бүтэлгүйтлүүдийг тоолоод барахгүй биз ээ. Чихээ өвтгөөд, зүүн чих маань одоо болтол бүрэн дүүрэн сайн сонсож чадахгүй хэвээр. Бас наранд түлэгдлээ, азгүй суудал таараад өчнөөн цаг хэцүүхэн явлаа, таксинд мөнгө шулуулахгүй байж байж байгаад харьдгийн даваан дээр илүү мөнгө төлөх шаардлагатай боллоо, утас эвдрэх шахаж, мөнгөө солиулаагүй байснаас болж Хятадад үлдэх шахлаа... Ерөөсөө л ярьсаар байвал ярьсаар л байх болно. Гэхдээ энэ болгоныг даваад гараад ирсэн нь, тэгээд дурсаж инээх болсон нь ямар сайхан гээч? Бас үнэхээр, бүр үнэхээр бүтэлгүй нэгэн явдлыг ярьж дотроо онгойлгохгүй бол болохгүй нь. 2008 оны нэгдүгээр сарын 13-нд ЗГ хоорондын хэлэлцээрээр Тайланд руу бид визгүй зорчих болсон. Тийм ээ, онгоцноос буух хүртлээ би энэ тухай мэддэг байсан. Гэтэл яг газардаад, баахан гадаад хүмүүс гүйлдээд, баахан юм бөглөөд, зураг хөргөө даруулаад, жагсаад эхлэхийн цагт толгойноос чинь энэ хэлэлцээр, визгүй байх энэ тэр бол тэр чигтээ арчигдах болно. Хэр удсан юм мэдэхгүй, тэнд бид хоёр бүр зургаа даруулаад, жагсаад зогсчихсон л гэж мэд. Одоо бодохоор ичиж үхмээр! Гэтэл нэг ажилтан бидний барьж зогссон паспортыг хараад "Mongolia? What are you DOING HEERE?" гэж асуугаад бидэнд визгүй зорчих тухай болон энэ хүмүүсээс шал өөр цонхон дээр очих хэрэгтэйг заахад би ичсэндээ бараг л буцаад онгоцондоо суух гэж байсан билээ. Шалгагч залуу намайг ямар удаан дооглож, Монгол оронтой тогтоосон сайхан харилцааныхаа тухай ярьсан гэж санана? Монгол иргэд хэдэн хулгай дээрмийн хэрэг хийснийг эс тооцвол уг нь бидэнтэй чинь дажгүй л сайхан харилцаж, хүлээж авдаг юм байна лээ шүү дээ. Эндээс явахдаа визгүй орон гээд л сүр сар хийж явснаа тэрхэн хоромд мартсандаа өөрийгөө одоо болтол дооглосоор. Та бүхэнд ийм асуудал тулгараагүй, бас тулгарахгүй гэж найднам. Энэ гунигт гэнэн тэнэглэл надаар төгсөг.

5. Хөнгөн тусмаа сайн.

Уг нь өмнөх аялал минь надад бага ачаатай явахыг заасан. Гэхдээ эмэгтэй хүмүүс л болсон хойно юу эс чирж явах вэ дээ. Очоод хэрэг болохгүй, өмсөхгүй зүйл тэр цүнхнээс их гарч ирнэ ээ. Яг үүнийг дагаад орж ирсэн бодол бол бид амьдралдаа хэрэгтэй хэрэггүй өчнөөн зүйлийг оруулж ирдэг. Тэр болгоноо хаяад, хөнгөлөх хэрэгтэй. Үгүй бол түүнийгээ аяллын турш буюу амьдралынхаа турш чирч явах хэрэгтэй болно шүү. 

6. Санхүүгийн асуудал бол айдас хүйдэс.

Ерөнхийдөө бүх валютаа солиулсан цагаас л мөнгө төгрөгийн асуудал тэр чигтээ миний гарт ирсэн. Миний хэвлийтэй наалдан орших жижиг цүнхэнд бидний бүх мөнгө төгрөг ирсэн гэсэн үг. Асар том үүрэг хариуцлага бас айдас хүйдэс. Явахын өмнө мэдээж буудлаа захиалах, нислэгээ зохицуулах гээд олон санхүүгийн асуудалтай тулгарсан ч бэлэн мөнгөтэй харьцаж, жижиг худалдан авалтууд хийнэ гэдэг харьцангуй хэцүү юм билээ. Эхэндээ бид хоёр мөнгийг маш гамтай үрсэн боловч сүүл рүүгээ цацаж эхэлсэн байдаг юм. Сэтгэл хөдлөлдөө автаад, "Өө гайгүй юм байна" гэж бодохын цагт л хүмүүс дампуурдаг юм байна лээ. Үргэлж хяналттай байх хэрэгтэй шүү.

Хоол ундны зураг тэр болгон авдаггүй ч гэсэн утсан дээр байгаа хэдийгээ ингээд оруулъя. Яг үндэсний хоолыг нь идэхдээ "юун зураг" болдог юм шиг байгаа юм   

7. Монгол орон минь, дуу хөгжим минь.

Тэнд байхдаа Түмэндэмбэрэл гуайн "Туулын урсгал" дууг сонсоод уйлчихсан. Адарсүрэн гуайн дуунуудыг ч бас сонсох дуртай болохоор утсан дээрээ татаад авчихсан байсан юм. Гэхдээ энд бол хэзээ ч тэгж гүн мэдрэгдэж байгаагүй дуунууд тэнд намайг уйлуулж чадсан юм даа. Бас яг хил даваад ороод ирэхэд хэчнээн сайхан аялал байсан ч гэсэн эх орон маань хамгийн сайхан санагддаг юм билээ. Гарцаагүй үнэн шүү.

8. Бүх зүйлийг умартах мөч.

Та аялалд гарах гэж байгаа бол нэг л зүйлийг аминчлан захья. Бүх асуудлаа, бүх ажлаа яг жин тан болгоод л яваарай. Таны араас хэн нэгэн залгаж, хүлээх зүйлгүй, та ч өөрөө дотроо санаа зовж, яарах юмгүй. Аялалд, амралтад явах гэж байгаа бол бүх зүйл жигдэрсэн хойно л сэтгэл амар, юу ч бодож саналгүй явах болно.

9. Хажуугаас нь битгий холд.

Бангкокоос Гуанжоу руу хийсэн нислэг маань үнэндээ аймшигтай байсан. Ээж бид хоёр яг хоёр талын эгнээнд нэг нэгээрээ хуваагдаж сууж таарав. Уг нь бол нэг нэгнийхээ дэргэд суух ёстой байсан ч орж ирсэн нэг хүн ээжийг цонхон талд суухыг гуйгаад эхнэртэйгээ цуг наана нь сууж, бид хоёр ерөнхийдөө бол хоёр хүн, нэг голын зайгаар тусгаарлагдсан юм л даа. Нойр их хүрсэн учраас би арайхийж зүүрмэглээд явж байтал гэнэт онгоцны үйлчлэгч бүх хүмүүсийг сэрээж, бүсээ зүүхийг хүссэн юм. Эхэндээ би юу ч бодоогүй л дээ. Гэтэл огт төсөөлөөгүй байсан маш хүчтэй шуурга, аянга цахилгаантай бороо таарсан байж. Онгоц яг тэр үеэс хойш асар ихээр дайвалзаж, эхнээсээ хүмүүс бүр уйлаад эхэлчихсэн байж билээ. Үүлэн дунд байсан болохоор юу ч харагдахгүй байв. Гэтэл нэг мэдэхэд энд тэнд аянга цахиж буй дүр зураг нүдэнд минь үзэгдсэн юм даа. Надад бол асар үзэсгэлэнтэй харагдаж байв. Гэтэл би хоёр хүний араас ээжийг харахаар өнгийхөд ээж маш их айчихсан сууж байсан. Тэр үед би хажууд нь байсан ч болоосой гэж ямар их хүссэн гээч. Ядаж гараас нь атгаад сууж байсан бол ээж маань бага ч болтугай тайван байх байсан даа. Тэгээд л би бидэнд хэлж суудлаа сольсон тэр хүмүүст уур хүрэх ч шиг, болдог бол босоод суудлаа сольчихмоор ч юм шиг... Маш эвгүй газардаж, бид арайхийн онгоцноос буух үед би ээжийн гараас атгасан юм. Илүү муу юм болоогүйд нь талархах ч ер нь ямар ч үед хайртай хүмүүсийнхээ хажуугаас битгий холдож байгаарай. Юу ч болж мэднэ шүү дээ. Харамсах үе хэзээ ирэхийг бид мэдэхгүй. Ямар ч үед байсан хайртай хүмүүсийнхээ гараас атгаад, хажууд нь сууж байгаарай. 

10. Шинэ хүмүүс, шинэ ертөнц.

Тэнд явж байх үедээ галт тэргэнд бол өчнөөн хүнтэй танилцаж, тэдний амьдралаас бага ч болтугай мэдэрлээ. Этиоп залуу, хятад залуу, монгол ах эгч нар гээд олон шинэ хүнтэй уулзаж танилцах боломж олдоно. Хэдий дахин холбогдох аргагүй байлаа ч тухайн үед тэдний ярьсан зүйл, амьдралаасаа хуваалцаж буй нь надад нэн таатай байсан юм. Тэр тусмаа тэр нэгэн хятад залуу надад маш гүн сэтгэгдэл үлдээсэн юм. Бид хоёр яаж ийгээд л ойлголцоод, ярилцаад яваад байсан. Бас тэр надад өөрийн сонсдог дуу хөгжмөөсөө хуваалцаж, идэх дуртай зүйлээсээ хүртэл өгсөн. Дээрээс нь тэр урт замыг бид хоёр кино үзэж өнгөрүүлсэн юм даа. Үзэж амжаагүй л яваад байсан "Bumblebee" киног түүнтэй цуг утсан дээрээс нь үзээд явна гэж хэн санах билээ. Гол нь түүнээс хамгийн гүн үлдсэн сэтгэгдэл минь кино үзэх, юм идэхдээ биш харин түүний хэлсэн үгэнд байсан юм.

(Надад янз бүрийн дуу сонсуулангаа)

-Би цоглог бас хэмнэлтэй дуу сонсох дуртай.

-Харин би гунигтай аялгуутай дуу хөгжим их сонсдог. 

-Яагаад? Би лав гуниглахыг хүсдэггүй.

-Гуниг, ганцаардлын тухай бичих дуртай болохоороо л тэр байх.

-Гэхдээ чи аз жаргалын тухай бас бичиж болно шүү дээ.

Энэ үг нь надад хэзээ ч мартамгүй ул мөр үлдээсэн юм. Түүний надад бичиж өгсөн нэр, холбогдох дугаарыг би замын дунд гээж орхисон байж магадгүй. Одоо хүртэл хаанаас ч олохгүй хэвээр. Магадгүй бид дахин нэг нэгэнтэйгээ хэзээ ч үг сольж чадахгүй байх. Гэхдээ 22 цагийн турш өөдөөс нь хараад сууж явсан хүний хувьд би түүний хэлсэн тэр үгийг бол хэзээ ч мартахгүй билээ. 

Эхэнд өөдөөс хараад сууж явсан Этиоп залуу болох Дагид 108 хэрхэн тоглохыг зааж өгсөн нь.

11. Миний хэзээ ч эргэн ирэхгүй цаг хугацаа.

Бидний үйл үйлдэл болгон тодорхой цаг хугацааг эзлэн оршиж, дахин хэзээ ч эргэн ирэхгүйгээр ард үлдэж байна. Үүнийг аялал хүртэл ойлгоогүй гэх нь ч хаашаа юм. Гэхдээ илүүтэйгээр бодож эхэлсэн үе гэвэл тэр юм. Одоо юу ч хийхгүй суух нь, эсвэл ямар нэгэн зүйл хийх нь бүгд л эргэн ирэхгүй цаг хугацаа дунд өнгөрсөөр. Үүнийг л харамсах зүйлгүй өнгөрүүлсээр байхсан. Хийсэнгүй гэж харамсаж байснаас хэцүүхэн ч гэсэн оролдоод үзсэнээ бодохоор сэтгэл арай тайтгардаггүй гэж үү? Энэ л аялал дундаас олж авсан хамгийн том зүйл байв. Би өнгөрүүлсэн, тэнд байхдаа хийсэн ганц ч зүйлдээ харамсахгүй байна. Бас мэдээж ээж бид хоёр дахин өөр аялалд гарна гэдэгтээ бүрэн итгэлтэй байгаа. Амьдрал нэгэн хэвийн байна гэдэг хэтэрхий харамсалтай. Эрсдэл гаргаж, алдсан ч гэсэн ямар нэгэн үйлдэл хийж, бусдыг бодвол адал явдалтай амьдрах чинь л жинхэнэ амьдрал биш гэж үү? Дурсамж, мэдрэмж л үлдэх юм чинь хангалттай олон дурсамж бүтээх хэрэгтэй. 365 хоногийн хэдэн хоног нь л дурсах зүйлтэй үлддэг билээ дээ. Харин аялсан өдөр хоногууд бүгд сэтгэлд тод үлдэнэ.

(Аппарат дээрх зургуудаа хуулж амжаагүй болохоор нийтлэлээ утсан дээрх цөөн хэдэн зургаараа л зурагжуулав.)   

холбоотой мэдээ
1
8 цагийн өмнө
Алисагийн тэмдэглэл: "Үнэг ажиллагаа"-д очиж, монгол үлгэрүүдийг дахин "анх удаа" мэт с...
2
2019.08.19
5000 төгрөгт багтааж хайртай хүнээ баярлуулах 10 "хөөрхөн" санаа (№1)
3
2019.08.16
Алисагийн тэмдэглэл: Сэтгэл гутралын "ачаар" олж мэдсэн, хийх гэж хичээж байгаа 9 зүйл
санал болгох
1
7 цагийн өмнө
ДАШТ: Өнөөдөр барилдсан манай бөхчүүдийн гурав нь тэмцээнээ өндөрлүүллээ
2
8 цагийн өмнө
Алисагийн тэмдэглэл: "Үнэг ажиллагаа"-д очиж, монгол үлгэрүүдийг дахин "анх удаа" мэт с...
3
8 цагийн өмнө
Э.Сумьяа ялагдал хүлээлээ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
0
10
0
0
0
1
1

Сэтгэгдэл бичих (1)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

уншигч 2019.05.06 64.119.16.246

хөөрхөн тэмдэглэл байна аа. Анхзаяа хөөрхөн бичдэг хөөрхөн охин шүү. Миний охины үеийнх л байх. Амжилт хүсье.

1 Хариулах