Хайх зүйлээ бичнэ үү

11 мин

Алисагийн тэмдэглэл: Сэтгэл алдарсан бүхнээ үүрд хайрлах "эмгэг" буюу үүнээс ангижрах нь


Хавар шиг зун. Энэ ганцхан өгүүлбэрээр би шинэхэн нийтлэлээ тодорхойлоод дуусгаж чадахаар байна. Хамгийн гунигтай өгүүлбэрүүдийн нэг шиг танд санагдаж ч мэдэх юм. 

Юм бүхэн одоо байх ёстой хэмжээнээсээ хэтэрсэн мэт санагдаж, таны дотор бул хар чулуу наашаа ч үгүй цаашаа ч үгүй гацчихсан мэт санагдаж байна уу? Хэн нэгэнд сэтгэл алдарсан үе тэртээд үлдсэн байхад ч одоо хүртэл тэр мэдрэмж будаг нь ханхалсан шинэ байшин шиг тогтсоор уу? Эсвэл зөрөөд л өнгөрсөн хэн нэгнийг бодож хоёр сая хүнтэй хотод ганцаар алхсаар уу? Энэ бол сэтгэл алдарсан бүхнээ үүрд хайрлах "эмгэг". Та бүхэн энэ удаад Алисагийн ертөнцөөр шагайж, тулгараад буй асуудлуудаа хамтдаа олж мэдэх гээд хичээгээд үзэх үү? Магадгүй бид энэ эргүүлгээс гарах аргаа олох ч юм билүү.

Энэ удаагийн нийтлэлээр санал болгох дуу:

"My Bloody Valentine" хамтлагийн дуунуудыг олон хамтлаг дуучин коверлож дуулдаг ч энэ хувилбар надад хамгийн их таалагддаг. Ойрд Солонгосын андерграунд хамтлаг дуучид болон сонгодог хөгжмийг ихээр сонирхон сонсох болов.

Сэтгэл алдарсан бүхнээ үүрд хайрлах эмгэгтэй болсноо хэрхэн мэдэх вэ?

Энэ нийтлэлийг уншин суугаа та нэрийг нь хараад сонирхоод ороод ирсэн байна гэдэг нь танд ч бас ийм мэдрэмж төрж байсныг илтгэж магадгүй. Та аливаа зүйлд татагдахдаа амархан хэрнээ амархан мартаж чаддаггүй байж болно. Эсвэл юу ч биш мэтээр бодож явсан зүйл тань таныг байнга хоргоож байж мэднэ. Аливаа зүйл бидэнд асар хурдтай бас огт анхааруулахгүйгээр ирдэг шүү дээ.

1. Дуу болгон танд одоо байгаа эсвэл байхгүй хэн нэгнийг санагдуулсаар байдаг.

Ер нь аливаа сэтгэлийн асуудалд дуу хөгжим асар их гай болох тохиолдол зөндөө. Зарим гунигийн дуу бүх зүйлд итгэл алдрахад хүргэж зарим дуу харин огт хэрэггүй байсан сэтгэл хөдлөлийг чавхдаж орхидог. Хэрэв та дуу их сонсож байвал, тэгээд тэр үедээ асар их сэтгэл хөдлөлд автаж, болох болохгүй өчнөөн зүйл хийхэд хүрдэг бол энэ асуудал шүү.

2. Та өөрийгөө асар их өрөвдөхийн хажуугаар буруутгаж эхэлдэг.

Гэхдээ амлаж байна, энэ таны буруу биш. Хэн нэгэнд дурлах нь гэмт хэрэг гэж үү? Хэн нэгнийг хайрласныхаа төлөө бид өөрсдийгөө өрөвдөж суух нь хэвийн үзэгдэл үү? Үнэндээ тийм биш ээ. Хэтэрхий их хайрлахын асуудал нь эндээ байдаг. Хэрэв тэр хүн чинь чамд жаахан ч атугай зөөлөн сэтгэл, эелдэг байдал гаргахгүй л бол энэ эмгэг чинь асар хүнд шарх болж хувирч, та шуудхан л хямарч, бүх зүйлийг ингээд л дуусгах тухай хүртэл бодож эхэлж магадгүй. 

3. Сэтгэл гутрал, стресс, ядаргаа... Яг нь аль нь вэ?

Та өөрийгөө ойлгохоо больж эхэлдэг. Өвчин юм болов уу хэмээн гайхаад интернетээс ухах хэрэг ч гарч магадгүй. Гэтэл бүх шинж тэмдэг нь таараад ч байгаа юм шиг эсвэл аль нь ч биш юм шиг... Амралт хэрэгтэй байгаа юм болов уу хэмээн бодоод өдөржин, шөнөжин дуг нойрондоо дугжирсан ч та ядарсан хэвээр л өндийдөг. Эмчид үзүүлэхэд харин тийм ноцтой зүйл биш гээд тоохгүй өнгөрөх нь элбэг.

4. Бүгд баяртай.

Найз нөхөдтэйгөө уулзаж, гадуур цагийг өнгөрөөнө гэдэг бараг л худал болно. Та ер нь хаашаа ч явахыг хүсэхгүй болж магадгүй. Орой уулзаж сууя гэхэд өөрийн эрхгүй ядарч, амнаас үг гарахаа болино. Шуудхан гэртээ харихсан гэх хүсэл л таныг бүхэлд нь эзэлнэ. Та ингэтлээ ядарч, бүх зүйлээс залхаж байсан уу?

5. Гунигтай, хөгжилтэй хамаагүй асар олон пост бичиж, шэйрлэж суудаг болно.

Та янз бүрийн "meme" шэйрлэдэг байж болно. Эсвэл янз бүрийн дуу, бичлэг түгээнэ. Өдөржин, оройжин скроллдож суухдаа дундуур нь ганц хоёр инээмсэглэх аядна. Хүмүүсийн пост дээр "XAXA" дарах ч та нүүрэн дээрээ огт инээдэггүй. Сошиал медиад та тэр чигтээ өөр хүн шиг харагдах болно. Заримдаа хэн нэгнийг харж байгаа болов уу гээд өмнөх постуудаа устгаж суух нь ч бий.

6. Тэр хүний, зүйлийн тухай яриа дурдах л юм бол байдал хэцүүднэ.

Энд би зөвхөн хосын хайрын тухай биш бас гэр бүлийн хайрыг ч мөн хамруулж байгаа. Таны үүрд хайрлах тэр хүн холын хол явчихсан уу? Гэтэл хааяа нэг тэр хүнийг санагдуулах зүйл болж, нэр нь дурдагдаж, зураг нь гараад ирж байна уу? Тэр болгонд та сэдвийг солихыг хүсэж, давхийн цочих шиг болдог уу? Би лав тэгдэг. Хурдхан өөр зүйл ярьж эхлэх, үгүй бол бүр сэтгэлээр унах гэсэн хоёр зам л бий.

7. Та бусад хүмүүст уураа гаргаж, хүйтэн хөндий аашилдаг.

Та хүмүүсийн хажууд ууртай сууж, нэг ч үгийг нь сонсмооргүй, болдог бол ганцаараа баймаар л санагдаад байна уу? Ямар нэгэн ном уншиж, дуу сонсох гэхээр шинэ зүйл хүлээж авахад бэлэн биш юм шиг санагдаж байна уу? Өөрийн байхыг хүсдэг хүн биш үргэлж зугтсаар ирсэн нэгэн болж хувирч байвал, тэгээд өөрийгөө хайрлахаа больж, өөртөө дургүй хүрч эхэлсэн бол энэ хамгийн хэцүү нь.

8. Энэ бүх мэдрэмжээс салмаар байвч яахаа мэддэггүй.

Энэ хамгийн хэцүү нь. Учрыг нь мэдээд, юу болоод байгааг ойлгодог ч яг яах ёстойгоо мэддэггүй. Яавал энэ мэдрэмжээс салж, юу хийвэл эргээд энгийн байдалдаа орох вэ гэдгийг олж мэднэ гэдэг угаас хэцүү. Хүсээд ч олддоггүй хариултууд зөндөө. Тэгээд л нэг мэдэхэд хэдэн долоо хоног, сар ийм байдалтай явсаар цаг хугацааг үр бүтээлгүй, ядарсан хэвээр өнгөрүүлчихсэн байдаг. Гэхдээ би өөрийн мэдэрсэн бас хүмүүстэй ярилцаж ухаарсан хэд хэдэн аргаас танилцуулахгүй өнгөрч болохгүй биз ээ.

Сэтгэл алдарсан бүхнээ үүрд хайрлах энэ эмгэгтэй хэрхэн тэмцэх вэ? Хэрхэн алдсан зүйлийнхээ араас харамсан гашуудсаар буй сэтгэлийг мартагнуулах вэ?

I. Сайхан уйлах.

Хичээгээд ч уйлж чадахгүй үе байхад хүссэн хүсээгүй нулимс урсаад ирэх үе байдаг. Кино, дуу хөгжим, хаа нэгтээ уншсан ганц өгүүлбэр, цаг агаар гээд бүх зүйл сэтгэл санаанд асар их нөлөөлдөг. Та заавал, бүр хичээгээд уйлаарай. Бүх мэдрэмжээ гадагшлуул. Дараа нь дотор онгойж, сэтгэл санаа хамаагүй дээрдэнэ.

II. Догдлон хүлээх зүйлтэй бол.

Үүнд аялал зугаалга, амралтыг багтааж болно. Эсвэл хэн нэгний төрсөн өдөр, шинэ киноны нээлт... Та долоо хоног болгон өөртөө таалагдах ямар нэгэн зүйлийг хүлээж, түүнийгээ сонирх. Шинэ цуврал үзэж эхлэх үед долоо хоног болгон ямар их догдолдог билээ дээ? Тиймээс энэ их хэрэгтэй арга шүү.

III. Агаар салхинд гар.

Байгаль эх шиг эмч хаана байна? Хөдөө нутгийн цэнгэг агаарыг цээж дүүрэн амьсгалж, хотын дуу шуугианаас холдох нь тэр чигтээ амралт. Мал сүрэг, гол, уулсыг хараад ирэхийн цагт та өөрийн эрхгүй нээгдэж, илүү тайван болно. Гэхдээ олон найз нөхдөөрөө ууж идэх гэж биш яг жинхэнэ амрах гэж л очоорой. Гэр бүлээрээ явбал бүр ч сайхан шүү дээ. Гэрийнхэнтэйгээ цагийг өнгөрүүлэхэд хамаг стресс тайлагддаг гэж байгаа.

IV. Өнгөрсөнд байсаар буй өөрийн нэгээхэн хэсгийг татаж ав эсвэл салгаж хая.

Нөгөө л нэг дурсамж, нөгөө л нэг бичлэг, нөгөө л газар гээд мартах боломж өөртөө огт өгөхгүй байгаа юм биш биз? Дурсамж сэдрээсэн номоо тавиурынхаа ард тавь. Тэр хэцүү газар эргэж очих тухай бодохоо боль. Нөгөө л дуугаа сонсож, шархаа сэдрээхээ боль. Оронд нь байнга очдог, найзуудтайгаа уулздаг шинэ газартай болж, шинэ дуу, кино, ном сонирх. Манай UB.LIFE сайт дээр бас кино, ном, дууны санал болгох жагсаалтууд ордог шүү. Сонирхоод үзээрэй. Ер нь л хуучин бүхнээ #update хийх цаг ирсэн гэдгийг хүлээн зөвшөөр. Сайхан дэлгүүр хэсээд шинэ хувцас ав. Байнга авдаг цайныхаа оронд өөр цай сонгож аваад уугаад үз. Орой усанд ороод биеийн тосоо түрхэхдээ жаахан ч болтугай массаж хийх гээд оролд. Хэзээ ч үзэж байгаагүй асар олон гоё кино байгаа шүү дээ. Кино сайтуудаар зочлоод эхлүүлэх шинэ кино хай. Ерөөсөө л өөрөө багахан хичээл зүтгэл гаргаад үз. 

V. Тэмдэглэл хөтлөөд бусдад уншуулах эсвэл бүх дурсамжаа нааж хадгалаад далд хийх.

Та яг дурсамжийн дэвтэр нээж байна гээд л бодчих. Тэгээд салж хагацаж чадахгүй байгаа бүх мэдрэмжээ дээр нь бэх шиг асгаад, зураг хөрөг, тэр үед худалдаж авсан кофены баримт, хатаасан цэцэг, шар айргийн бөглөө өөр юу байдаг юм бүгдийг нь нааж, хийгээд далд хий. Дараа нь, бүр дараа гаргаж ирэхэд ямар гайхалтай санагдана гээч. Одоогийнх шиг хүнд хэцүү биш, харин ч амттай дурсамж болсон байх болно. Удах тусам дарс амттай болдог шиг л гээд бодчих. Эсвэл блог нээгээд юм бичээд үз. Инстаграм, фэйсбүүк дээрээ зурган тэмдэглэл хийж бусдад сонирхуул. Тэд ч бас тантай үзэл бодлоо хуваалцана.

VI. Дуртай зүйлдээ хамгийн их цагийг зарцуул.

Ажил биш шүү, дуртай зүйл дээ. Ажил таны хийх дуртай зүйл байсан ч гэсэн ажил лав биш шүү. Та өдөр болгон хийдэг биш, ховорхон хийх боломж олддог тийм зүйлд цагаа зориул. Миний хувьд энэ бол аялал байсан юм. Одоо аялал төлөвлөж, ойрхон ч гэсэн салхинд гарахаа хүлээх шиг сайхан зүйл байхгүй болж. Бас мэдээж илүү их зүйл бичих. Би үүнд өдөр болгон ажлаас гадуур асар их цаг зориулдаг болсон. Яг л сайхан цадчихсан юм шиг мэдрэмж төрдөг гээч. Зурдаг, хөгжим тоглодог хүмүүст ч их атаархдаг байсан шүү. Харин одоо би тэр зүйлүүдийг сурахын төлөө ч бас цаг гаргахаар шийдсэн дээ.

VII. Бүх зүйл ард хоцорсон, өнгөрсөн гэдгийг өөртөө ойлгуул.

Үнэхээр хэцүү байсан ч гэсэн, маш их шаналах байсан хэдий ч бүх зүйл үнэхээр таны хувьд бүтээгүйг, бас бүтэхгүй гэдгийг өөртөө итгүүл. Маш их горьдлого тээн хүлээхээс илүү юуг ч төсөөлөхгүй байх нь сэтгэлд амар. Одоо яах билээ дээ, би чадах бүхнээ хийсэн гэж бодох хэрэгтэй. Хэсэг хугацаанд л маш хэцүү байх болно. 

VIII. Сэтгэл хөдлөлөө дарах дасгалууд хийх.

Сэтгэл алдарсан бүхнээ үүрд марталгүй хайрлаж, түүндээ харамсаж явахын нэг шалтгаан нь маш их сэтгэл хөдлөл. Хэтэрхий их сэтгэл хөдлөл, дэвэргэн боддог зангаа дарахын тулд бясалгал хийх нь хамгийн зөв арга. Заавал үнэтэй сургалт гэлтгүй гэртээ туршаад үзсэн ч болно шүү дээ. Юу ч байсан шууд л хүлээж авдгаа болих хэрэгтэй. Аливаа зүйлийг бодитоор хардаг байх чадварыг танаас шаардана. Жишээ нь хэн нэгэн залууг гол дүр болгон авч үзье л дээ. Тэр танд маш эелдэг зан гаргаж, бараг л сэтгэлтэй юм шиг санагдаад байна уу? Тэгээд л таны сэтгэл хөдөлж орхиод хөл алдчихсан уу? Гэхдээ яг үнэндээ тэр хүн болгонтой тийм эелдэг харьцдаг байж болно шүү дээ. Эсвэл тэр зүгээр л тантай гайхалтай сайхан найзууд байж болох юм байна гэж бодсон байж болно. Харин та үүнийг шууд л өөртөө сэтгэлтэйн илрэл болгоод авчихдаг. Тэгээд бүх зүйл улам хэцүү болсоор байхад хүртэл итгэж найдсаар, тэр хүнд огт мэдэгдээгүй хэрнээ бараг л тэр хүнд хайртай болоод, хэзээ ч мартахгүй болж байна уу? Энэ л асуудал шүү дээ. Би ийм зүйлтэй таарсан олон хүнтэй ярилцаж байсан. Тэгээд би бүгдэд нь нэг л зүйл хэлдэг. Хэчнээн хэцүү байсан ч хамаагүй үнэнг хүлээн зөвшөөр. Тэр хүн тантай байхыг хүсэхгүй байна гэдэг нь та энэ дэлхийн хамгийн азгүй хүн гэсэн үг биш шүү дээ. Зүгээр л биш. Байх боломжгүй байсан. Тэгээд л болоо. Та энэ үнэнг хүлээж аваад, өөрийн өдрүүдийг илүү сайхан байлгах тал дээр анхаарсан нь дээр. Шинэ зүйл эхлүүлж болно. Өмнө нь би Алисагийн тэмдэглэл: Өөрийгөө хайрлаж эхлэх "Аз жаргалын 100 хоног"-ийг хэрхэн эхлүүлэх вэ? гэдэг нийтлэл бичсэн байгаа. Та заавал сонирхоод үзээрэй. Бас амжилт!

(Нийтлэлийн бүх зургийг Pinterest дээрээс шүүрсэн болно.)

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
16 цагийн өмнө
Багадаа анзаараагүй ч сэтгэлд гүн шарх үлдээсэн 15 "аймшигт" дурсамж
2
2024.04.03
Алисагийн тэмдэглэл: Дээрэлхэлт хэрээс хэтэрч буй энэ үед "Cancel Culture"-ийг зөвөөр а...
3
2024.03.20
Алисагийн тэмдэглэл: Хайрын тухай янз бүрийн мэдрэмжийг зүрхэнд сийлэх 8 дуу
санал болгох
1
19 цагийн өмнө
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
2
Уржигдар
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу
3
3 өдрийн өмнө
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
0
21
1
5
0
0
0

Сэтгэгдэл бичих (2)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Туул 2019.06.04 202.126.88.34

Ёстой загатнасан газар маажих шиг л боллоо . Маш их баярлалаа . Амжилт.

0 Хариулах


Зочин 2019.05.30 192.82.66.25

Butsaad jargaltai ym bichih uu? Jargaltai niitlel oruulahyg chini l huleedeg shuu.. Jargaltai baigaarai. Chhi tegeh erhtei.

0 Хариулах