Хайх зүйлээ бичнэ үү

9 мин

Алисагийн тэмдэглэл: Сэтгэл гутралын "ачаар" олж мэдсэн, хийх гэж хичээж байгаа 9 зүйл


Та бүхэнтэй ямагт ойр байж, ойлгохыг хичээдэг энэхүү "күүл" сайтад ажиллаж эхэлсэн цагаасаа л хойш би сэтгэл гутралын тухай олон мэдээ хийж эхэлсэн. Заримдаа хүмүүст зэмлүүлж, ихэнх тохиолдолд харин хүмүүс ийм асуудалтай ямар их тулгарч байгааг нь олж мэдэх боломж олдсон юм. 

Тэгэхээр нэгэн зүйлийг тодруулж хэлэх шаардлагатай байгаа юм. Ихэнх хүмүүс сэтгэл гутралыг сэтгэлээр унахтай андуурдаг. Сэтгэл гутрал бол асар урт хугацаанд явагддаг зүйл бөгөөд нэг ёсондоо сэтгэцийн өвчин гээд хэлэхэд буруудахгүй зүйл юм. Учир нь сэтгэлээр унахад та богино хугацаанд түүнийг мартаж, цааш үргэлжлүүлэн өөдрөг алхаж чадна. Харин сэтгэл гутралд автсан хүн сайн сайхан байх гэж яаж ч хичээгээд, өөрөө ямар их хүссэн байлаа ч түүнээс гарах арга зам туйлын хүнд хэцүү, бас цаг хугацаа ч их орно. 

Анх сэтгэл гутралтай гэдгээ олж мэдсэн мөч минь таамаглашгүй байв. "Эмо хүүхэд" гэж л өөрийгөө боддог байснаас сэтгэл гутрал гэх нэр гуншин сонсож ч үзээгүй байсан юм. Дараа нь өөрийн гаргаж буй үйлдлүүд, мэдэрч буй зүйлсээ аажим аажмаар анзаарах болж, ердөө саяхнаас л би сэтгэл гутралтай гэдгээ хүлээн зөвшөөрөв. "Би сэтгэл гутралтай" гэж пост бичих ч юм уу, бусдад догь харагдах гэсэн үүднээс албаар гуниглах, түүндээ шигдэх үзэгдэл яагаад ч юм их ажиглагдах болсон. Яг хэрэгтэй хүндээ очоосой гэж бодсон мэдээ минь маш олон хүний "Би сэтгэл гутралтай юм байна" хэмээн тоглоомоор хэлж ярих шалтаг болж байгаад ч сэтгэл эмзэглэснийг нуух аргагүй билээ. Гэхдээ сэтгэл гутрал гэж яг үнэндээ ямар байдгийг мэдэрч туулж яваа хүмүүс л бүрэн ойлгох биз ээ.

Өөрийн үнэнийг хүлээн зөвшөөрч, түүнтэйгээ тэмцэж эхэлсэн хэцүү үеүд минь надад ямар сургамжууд өгч явааг хуваалцахаар шийдлээ.

1. Эргэн тойрныхоо хүмүүсийг анзаарах боломж олгосон.

Хэн чамайг ойлгож эсвэл ойлгохыг хичээдэг вэ гэдгийг би олж анзаарсан юм. Энэ асуудлаа хүмүүст яриад яваад байх дургүй байсан болохоор би хэнд ч хэлдэггүй байв. Гэсэн атал надад хүнд хэцүү мөч тохиоход хэдхэн л хүн ойлгож билээ. Тэдэнд "Би ийм хүн шүү" гэж хэлэх шаардлага байгаагүй юм. Үнэндээ тэдэнд хамаагүй байсан байх. Зөвхөн миний юу мэдэрч, яаж дажгүй сайхан байх нь л тэдэнд чухал. Ийм нандин зүйлийг мэдрэхэд ямар их хүч чадал бий болдог гээч? Сайхан цаг мөчийг өнгөрүүлнэ гэдэг ховор тохиол учир би заримдаа яг дор оруулсан зураг шиг байдалд ордог.

2. Өөртөө итгэхгүй л бол өөр хэн ч чамд итгэхгүй.

Заримдаа би "Дахиад хэзээ ч тэгэхгүй ээ" гэж хэлдэг. Дотроо би өөрөө өөртөө эргэлзэж байсан ч ингээд хэлчихсэн байдаг. Мэдээж өөртөө итгэхгүй байхад яаж бүтэлтэй болох билээ. Хүмүүс ч чамд итгэхээ болих болно. Тэдэнд биелүүлж чадахгүй амлалт, биелүүлж чадахгүй "За" гэх үгсийг хэлэх хэрэггүй. Олон ч удаа хүмүүсийн урмыг хугалж байсан байх. Гэхдээ үүнээс илүүтэйгээр би өөрийн урмыг хугалж байсан юм. Эргэлзэж байвал, маш жаахан ч болтугай эргэлзээ байвал шуудхан "За" гэхийн оронд бодох хэрэгтэй. Би одоо хүртэл энэ тал дээр хичээж л явна.

3. Бусдын аз жаргал, ая тух чинийхээс илүү юу?

Би нэг тийм төрлийн хүн юм л даа... "Гар минь яаж ч өвдөж байсан гэсэн тэр хүн тайван нойрсож байвал би огт хөдлөхгүйг хичээдэг" төрлийн. Хэн нэгэн найз минь надтай цуг кино үзнэ гэсэн мөртлөө "Өөр өдөр болох уу? Би нэг хүнтэй уулзах хэрэгтэй болчихлоо. Гэхдээ чи үгүй гэвэл би одоо яваад очъё" гэвэл би шуудхан л "Үгүй ээ, хүссэнээ хийх хэрэгтэй" л гэдэг. Тэр хүн юу хүснэ, тэр нь намайг яаж ч өвтгөж байсан гэсэн түүнийг нь хүлээн зөвшөөрдөг маягийн хүн. Энэ зүйл сэтгэл гутралыг минь илүү өрддөг байсан юм болов уу даа гэж хардаг юм. "Надад таатай биш байна. Яагаад ингэж байгаа юм бэ" гэж хэлэхийн оронд би "Зүгээр ээ" л гэдэг. "Би ингэхийг хүсэж байна" гэхийн оронд бусдын ая талыг харна. Одоо л би үүнийг анзаарч байгаа юм. Бусад хүн жаргалтай, тэдэнд таатай байвал надад ямар байх нь хамаагүй мэт бодож явсаар энэ хүрсэн байна. Үүнийгээ ухаарсан ч, больж чадах эсэхээ одоо хүртэл мэдэхгүй байна. Гэхдээ надтай байхыг хүсэхгүй байгаа эсвэл надаас зугтах шалтаг гаргадаг хүмүүсээс зуурч үлдэнэ гэдэг утгагүй хэрэг шүү дээ. Тиймээс ч би тэднийг хүссэн зүйлээ хийж яваасай гэж хүсдэг.

4. Хамгийн хайртай хүмүүс чинь чамайг хамгийн ихээр өвтгөж болно.

Тэд үргэлж чиний талд байж, чамайг хайраар услаад байж байна гэж үү? Үгүй дээ, үгүй. Харин ч тэд чамайг хамгийн ихээр өвтгөнө. Бусад хүмүүс надад тийм зан гаргахад би тэсч чадах мөртлөө хайртай хүмүүс минь тийм үйлдэл хийвэл би тэсэхээ байчихдаг. Яг л ёроолгүй гүн рүү унаад, надаас өөр хэн ч тэнд байхгүй, тэгээд л хаягдаж орхисон юм шиг. Гэхдээ л эцэст нь чи уучлах болдог. "Тэд миний сэтгэл гутралын төлөө хариуцлага үүрэх хүмүүс биш шүү дээ. Би чинь том болсон хүн." Яг ингэж бодоход хүрнэ. Хамгийн хатуу үг, үйлдлийг итгэхийг хүссэн хүмүүсээсээ мэдэрч болдог учраас тэр мөчид л тэсвэр алдаж болохгүй гэж би өөртөө байнга хэлдэг. Яг дээр хэлсэн шиг, би ойлгосон болохоос төлөвшүүлж чадаагүй юм шүү.

5. Чи хөөрхөн биш, чи хангалттай биш, ер нь хэзээ ч "хангалттай" байх боломжгүй. 

Яг үнэндээ би өөрийгөө гээж орхисон юм. Хувцаслалт, царай төрхөндөө анхаарахаа ч больсон. Бас нэг хэсэгтээ л би гэр, сургууль бас гэр ажил гэхээс өөр маршрутгүй, явж ирээд ядраад унтахаас өөр хийх зүйлгүй явсан юм. Зарим тохиолдолд бол гэрээсээ ч гарч чадахгүйд хүрнэ. Одоо ч бас надад тийм зүйл гэнэтхэн тохиох боломжтой бөгөөд хэзээ гэдгийг би мэдэхгүй ээ. Өөрийгөө голж, юм болгонд хойш суух боллоо гэж анзаарч байгаа ч хийсэн зүйлгүй. Бодоод байх нь ээ, би арван жилд байхаасаа л будаж, гоёж шальдаггүй байж. Хэсэг хэсэгхэн би зүв зүгээр нэгэн мэт болдог. Амандаа дуу аялж, хамгийн гоё хувцсаа өмсөөд, яаж ийгээд нүүр амаа илт мэдэгдэхүйц будаад гарна. Гэхдээ яг тэгж сэргэснээс ердөө ганцхан цагийн дараа гэхэд бүх зүйл буцаад уруудаж мэдэхийг үгүйсгэхгүй. Ер нь би өөрөө өөртөө хэзээ ч хангалттай байж үзээгүй бөгөөд тийм байхын тулд асар их хичээл зүтгэл гаргах ёстойгоо ухаарсан юм. Мэдээж ухаарсан. Одоо бүрэн дүүрэн ажиллаж эхлэх л дутуу байгаа хэрэг. Үргэлж хангалтгүй мэдрэмж авах үедээ би "Бүх зүйлд хангалттай байна гэдэг угаасаа боломжгүй шүү дээ" гэж тайтгарах гэж хичээдэг болсон.

6. Амьдралд хайртайгаа ямагт өөртөө сануулж байх.

Өөрт үнэ цэнэтэй зүйлсийг ямагт санаж байх хэрэгтэй. Сэтгэл гутрал чиний нүдийг таглаж орхих тул маргааш сайхан өдөр болж, бүх зүйл эргээд хэвэндээ орох цаг ирнэ гэдгийг мартчихдаг юм. Иймээс байнга, үргэлж сайн сайхан зүйл байгааг санах хэрэгтэй. Миний ашигладаг нэг арга бол утсан дээрээ плэйлист болон зургийн цомог үүсгэх байсан. Тэнд хамгийн сайхан үеийг сануулдаг дуу хөгжим, зургуудаа хийчихсэн болохоор ойр ойрхон үздэг. Бас "Аз жаргалын 100 хоног" эхлүүлсэн тухай та нарт сонирхуулах үүднээс нийтлэл оруулж байсан шүү дээ. Тэр тухай "Алисагийн булан" хэсгээс унших боломжтой.

7. Залуу нас богинохон учир үүнийг мэдрэх хэрэгтэй.

Одоо хорь гарч яваа миний хувьд 19 нас эсвэл 18 нас гэдэг асар хол мэт санагдах болж. Хэзээ ч эргэж ирэхгүй цаг үе... Үүнд би их харамсдаг байлаа. Оюутан цаг ямар сайхан бэ, эргээд очихсон гээд л. Гэхдээ тэр үе нэгэнт хойно хоцорсон гэдгийг би өөрөө өөртөө дахин сануулах шаардлагатай болдог. Яг л одоо цаг үеийн биед гацсан дурсамж шиг л явсаар ирсэн юм. Өмнө нь ямар байснаа яриад л, бодоод л... Тэгэх шаардлагагүй, одоог сайхан байлгах хэрэгтэй. Би үүнийг ч бас өөртөө байнга хэлж байгаа. Гэхдээ сэтгэл гутрал чамайг муу муухайд итгүүлэхийг оролддог. "Чи ганцаардмал, чи азгүй, чи хэнд ч хэрэггүй, тэд чамд дургүй" гэх мэт... Үүнээс болоод олон ч зүйлийн ард хоцорно. Магадгүй сэтгэл гутралын надад хэлсэн үг нь бодит байдал болоод хувирчихсан болохоор тэр байх. Би тэр үгэнд нь итгэх хэрэггүй.

8. Аялал, байгаль, хоол, дуу хөгжим...

Чөлөөт цаг гарах болгонд нэг өрөөний буланд суудаг байсан юм. Эсвэл номоо тэвэрч авна. Үгүй бол кино үзээд хэвтэнэ. Гэхдээ байгальтай илүү ойр байх хэрэгтэйг мэдэрсэн. Жинхэнэ эмчилгээ. Тэнд оюун санаа яг л нуурын ус шиг тогтох болно. Сэтгэл санаа галзуу хулгана шиг л дээш доош болсны дараа аль нэг уул руу гараад ирэхэд тайвширч орхино. Эсвэл зүгээр л цэцэрлэгт хүрээлэнд ганцаараа жаахан сууж болно. Гэхдээ мод, устай ойр байх хэрэгтэй шүү. Бас сайхан хоол идэж, чадахгүй ч гэсэн өөрөө дуу зохиох гэж оролдох гэх мэтээр шинэ зүйлс их туршдаг болсон доо.

9. Дотоод хүчээ мэдрэх.

Мэдрэх гэж хэлэхэд хэцүүхэн л дээ. Яг үнэндээ энэ хүч зүгээр л байж байдаг юм. Ямар нэг байдлаар би тогтож үлдсээр байдаг. Бас аз жаргалтай, хөгжилтэй байх асар их хүсэл ямагт дотор минь байдаг. Гагцхүү үүнийг ойлгож чадах хүмүүс цөөн. Би өвчнөөс илүү хүчтэй гэдгээ, би сэтгэл гутралаас хүчтэй гэдгээ мэдрэхэд л болно. Хааяахан тохиодог хар дарсан зүүд шиг л бодож болно. Тэр ирнэ, гэхдээ буцаад л явна. Тэр хооронд бүх сайхан зүүд надтай цуг байна шүү дээ. Үүнд л би хамгийн хүчтэй итгэдэг. Өнгөрсөнд хэн байсан чинь, юу үзэж туулсан чинь одоо цагт бол хамаагүй байх ёстой. Тэр бүхэн тэндээ үлдэж, чи харин энд, мөч болгоныг мэдрэх хэрэгтэй.

Би өөртөө дахин дахин сануулахын тулд энэ нийтлэл рүүгээ байнга эргэн ирэх болно оо. 

Photo credits to: Chibird.com and other from Pinterest   

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
Өчигдөр
Багадаа анзаараагүй ч сэтгэлд гүн шарх үлдээсэн 15 "аймшигт" дурсамж
2
2024.04.03
Алисагийн тэмдэглэл: Дээрэлхэлт хэрээс хэтэрч буй энэ үед "Cancel Culture"-ийг зөвөөр а...
3
2024.03.20
Алисагийн тэмдэглэл: Хайрын тухай янз бүрийн мэдрэмжийг зүрхэнд сийлэх 8 дуу
санал болгох
1
2 цагийн өмнө
Японы амьтны хүрээлэн усны үхрээ үнэндээ эмэгтэй байсныг 7 жилийн дараа мэджээ
2
Өчигдөр
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
3
3 өдрийн өмнө
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
10
0
16
0
1
0
0
0

Сэтгэгдэл бичих (6)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин 2020.05.26 172.69.252.139

Маш их таалагдлаа.

0 Хариулах


Зочин 2019.08.25 64.119.19.148

Amjilt2

0 Хариулах


Light 2019.08.22 202.21.116.13

Гайхалтай нийтлэл байна.

0 Хариулах


Ббууддккк 2019.08.17 202.9.43.143

Сэтгэл гутралыг хүмүүс ичмээр эсвэл күүл гэж стереотайп болгомооргүй байнаа хүүхдүүдээ. Амьдрал чамайг чимх чимхээр шимж хумсалж эцэг эхийн чинь үл тоолт салалт архидалт эргэн тойрны үеийнхний чинь ялгаварлан гадуурхалт сургууль хичээлийн дарамт шахалт бурхан минь ихэнх хүмүүс үүнийг даван туулдаг зарим нь эрүүл сэтгэцтэй үлддэг бол цөөн хэсэг нь эргэлт буцалтгүй сэтгэл гутрал+ сэтгэл түгшилт+ хоёр туйлт эмгэгтэй болдог. Би сэтгэл гутралаа хүлээн зөвшөөрч үүнээсээ ангижрах гэж амьхандаа л их хичээдэг. Гэхдээ энэ бол асар хэцүү асар их цаг хугацаа тэсвэр шаардагддаг. Нийгмээс хүмүүсээс ангижирахийг маш их хүсдэг. Өөрөөсөө өөр хүн байх гэж маш их ядардаг. Сүүлрүүгээ гутралтай байх тэр өдрүүд тэр хүйтэн ганцаардмал түгшилтэй цаг мөчүүдэд зөвхөн ганцаараа байж өөриыгөө гаргуунд нь гаргаж хайхрахгүй байх нь амар болж эхэлнэ. Сэтгэл гутралтай хүмүүсийг зүгээр л ойлгоод юу ч хэлэх хэрэггүй зүгээр л энгийнээр харьцаж байгаач л гэж хүсдэгдээ

0 Хариулах


emostation 2019.08.16 202.126.89.208

Би сэтгэл гутралтай. Энийг хүн болгонд өөр өөрийг харж мэдрэгдэг гэдгийг би мартаж яахуу? Бид өөр байж болно үүсгэгч хүчин зүйлээсээс хамаардаг байх. Миний хувьд гэр бүл салалт, хайр дурлал хагацал, нийгэмээсээ олж авч бгаа зүйлс. Бас би энэ нийтлэлээс олон зүйлсийг ойлгосонгүй. Бичигч нь дотоод зөрчил ихтэй юм шиг ээ

0 Хариулах


# 2019.08.16 150.129.141.157

Everything's Gonna Be Alright

0 Хариулах