Хайх зүйлээ бичнэ үү

7 мин

Алисагийн тэмдэглэл: Сэтгэлийн шархыг "өвчин" болохоос нь өмнө хэрхэн анагаах вэ?


Энэ удаагийн Алисагийн тэмдэглэл булангаараа та бүхэнд хүн бүрийн сэтгэлд хамгийн ойр байдаг сэдвийг хөндөн хүргэх гэж байна. Шархалсан зүрх.  Та хэзээ нэгэн цагт хэн нэгнээс болж шархалж эсвэл өөрөө өөрийгөө шархлуулж байсан бол мөн одоо хэр нь таныг зовоох тэр өвдөлтийн тойрог дотроо эргэлдсэн хэвээр байгаа бол дэндүү оройтохоос нь өмнө бага багаар өөрийгөө анагаахыг зөвлөе. Хэтэрхий оройтвол юу болох вэ гэж үү? Яг л өвчин шиг таны биед мэдрэгдэхүйц өвдөлт бий болох болно. Тэгээд эмэнд дасал болдог зарим өвчнүүдийн нэгэн адилаар та яаж ч хичээгээд сэтгэл гутралаас гарч чадахгүйд хүрэх вий. Тиймээс танд ийм хэд хэдэн зөвлөмжийг өөрийн туршлага дээрээс үндэслэн хүргэж байна. Бага багаар хэдий ч үр дүн гарч ирэх болно гэдэгт итгээрэй.

1. Өөрийн амьдралтай хамгийн төстэй, өөртэйгөө адилхан гол дүртэй киног олж үзэх

Анхандаа юу ч биш хэмээн бодож явсан зүйл минь яваандаа өдөр тутмын амьдралд минь хүртэл нөлөөлж, би өөрийгөө чимээгүйхнээр хордуулж байгаагаа би ингэж мэдсэн юм. Энэ л яг адилхан байх, надад туслах байх гэх бодлоор биш санаандгүй үзсэн л дээ. Гэхдээ надад асар их тус болж билээ. Миний хувьд би "The Perks of Being a Wallflower" киног үзсэн юм. Бүх зүйлээрээ төстэй ч юм шиг, яг л хөндлөнгөөс амьдралаа ажаад ч байх шиг мэдрэмж хүнд ихээр тус болдог. Заримдаа өөрийн хийж байгаа буруу зүйлийг хүртэл ухаарахад нөлөө үзүүлдэг. Тийм ч учраас та өөртэй чинь хамгийн төстэй гол дүр бүхий киног заавал хайж олж үзээрэй. Төгсгөл нь ямар ч байлаа гэсэн танд ухаарал өгөх л болно. Гунигтай төгсгөлтэй кино байвал та түүнээс юуг өөрчилж болохыг олж харах боломжтой.

2. Сэтгэл зүйч эсвэл сэтгэл зүйчээс өөрцгүй хүнтэй ярилцах

Би голдуу танихгүй хүнтэй ярилцахыг илүүд үздэг. Та түүнийг, тэр таныг мэдэхгүй байх тусмаа нэг нэгнээ илүү сайн мэдэрч, ойлгож чадна гэсэн үг. Тэр танд таатай санагдах үгийг биш харин үнэнийг хэлэх болно. Та өөрийн харж, үлгэрлэж явдаг хүнтэйгээ ярилцаж үзэхээс авахуулаад мэргэжлийн сэтгэл зүйчтэй ганц удаа ч болтугай уулзаж үзэж болох юм. Хүнтэй ярилцах нь таны огт төсөөлөөгүй байсан шинэ содон санааг гаргаж ирэхэд туслах болно шүү.

3. Уйл, чадлаараа уйл!

Эрэгтэй хүмүүст би тэр тусмаа энэ үгийг хэлэхийг хүсдэг. Багаасаа л "эр хүн уйлдаггүй" гэх үгийг манай эрчүүд сонсож өсдөг. Гэтэл нулимсаар дамжин стресс гадагшилдаг шүү дээ. Багтрах шахсан цээж ингэж л онгойдог. Ерөөсөө л хүүхэд, томчуудгүй бүгд л уйлахыг хүсвэл уйлж л байх хэрэгтэй. Таны сэтгэл хөдөлсөн бол нулимсаа нуух хэрэггүй. Бүр болохгүй бол гэртээ ганцаараа байхдаа эсвэл хаа нэгтээ хүнгүй газар байхдаа уйлаарай. Уйлах үед ямар сайхан болдог билээ дээ?

4. Хүүхдийн ном унш.

Миний хийх хамгийн, хамгийн, хамгийн дуртай зүйл! Хүүхдийн ном бол тэр чигтээ гайхалтай ертөнц. Миний хамгийн дуртай номуудын эхний арав дотор хүүхдийн ном бол зоолттой дор хаяж гурав байдаг билээ. Хүүхэд шиг бол. Хүүхдийн ертөнцөөр аялах хэрэгтэй. Хүүхэд байх үед бид унадаг ч, уйлдаг ч босоод л инээдэг шүү дээ. Хүүхэд байх үед бүх зүйл үлгэрийн ертөнц. Та хэрэв шархалж гунигласан зүрхээ хүүхдийн мэдрэмжээр бялхааж чадвал яг л хүүхэд шиг бүх зүйлийг амархан хайрлаж, амархан мартах болно. Тийм гэгээн байх боломжийг хүүхдийн ном зохиол өгдөг юм шүү. Винни Пух номонд хүртэл "хүнд" гэж хэлж болмоор лаг хэсгүүд ч байдаг. Заримдаа бүр номоо түр хаагаад хэсэг бодож суух үе хүртэл гардаг гээч.

5. Бясалгал, цагаан хол, йог, спорт... Өөр юу байдаг билээ? 

Өөрийгөө завгүй байлгах хэрэгтэй гэдгийг та олон хүнээс л сонссон байх. Гэхдээ одоо үнэхээр цаг нь ирсэн. Өөрийгөө гарцаагүй завгүй байлга. Өнөө л нэг цагийн хуваарийн дагуу явдаг амьдралдаа өөр нэг хуваарь оруулж ирээрэй. Та ажил, хичээлээ тараад шууд харьж байхын оронд ганцхан цагийг илүүчлээд цэцэрлэгт хүрээлэн орох, хотын гудамжаар алхах зэрэг үйлдлүүдийг хийж болно. Энэ бол хамгийн энгийн нь шүү дээ. Автобусанд чихцэлдэж явах нь намайг үнэхээр бачимдуулдаг болохоор би ихэнхдээ алхаж харьдаг. Тэгээд нар жаргах зүг рүү хотын төвөөр алхаж явахад цаанаа л нэг сэргэг мэдрэмж төрнө гээч? Тэгээд бясалгал, йог, бүжгийн сургалт, туялзуур сэлэмний дугуйланд хүртэл бүртгүүлж болно. Тийм тэнгэрт тулсан үнэтэй бол биш юм байна лээ.

6. Найзуудтайгаа "гарах"

Энэ бол нөгөө баасан гарагийн орой MINT орох бол биш юм аа. Ярилцаж, дурсамж бүтээж болохуйц зүйл хийгээрэй. Ууланд гарч болж байна. Би лав оюутан байхдаа найзуудтайгаа хичээлээ таслаад  (хэдхэн удаа) эсвэл эрт тарахаараа ямар ч хамаагүй автобусанд сууж эцэс хүртэл нь явдаг байж билээ. Тэгээд нэг мэдэхэд Налайх ч юм уу эсвэл бүр Шаргаморьтод ирсэн байдаг байсан даа. Хамтдаа цайны ёслол хийж үзэж болно. Дэлгүүр хэсээд, шинэ содон хоолны газраар явахад ч буруудахгүй шүү.  

7. Солонгос арга.

Энэ бол ойлгомжтой. Үсээ тайруул. Гадаад дүр төрх, хувцаслалтаа өөрчил. Миний хувьд би хувцаслалтаа тэгж их өөрчлөөгүй ч үсийг бол харин ганц хоёр удаа сайн тайрч авсан. Цоо шинэ мэдрэмж шүү. Яагаад юм л бол үсээ тайруулаад байдаг юм бол гэж гайхаж байсан би найзаараа үсээ тайруулах үедээ л цоо шинэ нэгэн болох шиг санагдаж билээ. Би найздаа ч их итгэсэн. Тэр харин үсийг минь ёстой мэргэжлийн үсчин шиг л тайрч өгсөн байдаг. 

8. Нийгмийн сүлжээнээс завсарлага аваарай.

Энэ хамгийн чухал хэсэг нь. Нийгмийн сүлжээ гэдэг өөрөө хүнийг бухимдуулах нь асар их. Та фэйсбүүкээ хааж үзсэн үү? Фэйсбүүкгүй хэд хоног тэр чигтээ л тодоос тод үлдсэн байдаг даа? Та зөвхөн амьд харилцаанд цагаа зориулж болно. Гэр бүлийнхэнтэйгээ хөзөрдөж, гадаа гараад дугуй унаж сурах гээд л. Зүгээр л дэлгэц ширтэн, хүртээлгүй зүйл үзэж суухын оронд тэшүүрээ бариад гар. Унаж чаддаггүй, гулгаж чаддаггүй байсан бол сурч эхлээрэй. Нийгмийн сүлжээнээс хол байх тусам өнгөрсөн шаналал мартагдаж эхэлдэг юм шүү.

9. Шинэ хүрээлэл, орчин бий болгох.

Үүнийг би нийтлэлийн төгсгөл болгож байна. Учир нь таны зүрх шархалсан тэр тохиолдол тань эргэн тойрны танил зүйлстэй шууд хамааралтай байдаг. Нөгөө л нэг гудамж, нөгөө л хамт суудаг байсан сандал, нөгөө л хамт явдаг байсан найзуудынх нь постууд гээд л. Эсвэл өмсдөг байсан хувцас нь гэрт үлдсэн байх... Хайртай хэн нэгнийг алдахад эсвэл тэр хүн таныг орхин одож, бүр тэр алдааны эзэн нь өөрөө байх ч тохиолдол бий боловч энэ бүхэн арилахгүй, засагдахгүй, мартагдахгүй гэсэн үг огт биш. Харин та шинэ танилтай болж, огт очиж байгаагүй эвент рүү явж, цоо шинэ ажил, цоо шинэ зам нээж болно шүү дээ. Ядаж л та гэр доторх эд зүйлсийнхээ байрлал, эмх цэгцийг өөрчилж болно. Ингэвэл мартахад тань тус болно.

Өөрийг тань зовоосон зүйлсийг ор тас мартах ёстой гэсэн үг биш боловч тэр бүхэнтэй амьдарч сурах хэрэгтэй болно. Та бүх зүйлд эмзэглэж явах биш өөртөө сэтгэлийн хат суулгах хэрэгтэй. Үгүй бол таны зүрхийг бага багаар хар хөө тортог эзэлж магадгүй. Эцэст нь энэ өвчин болох вий. Тиймээс шинэ зүйл туршиж, шинэ амьдрал эхлүүл. Таныг чадна гэдэгт ч би итгэлтэй байна. Эдгээр маш энгийн аргуудаас эхлээд үзээрэй. Энэ бол ердөө эхлэл. Цааш юу хийх ёстойгоо та хэнээр ч заалгахгүй өөрөө ойлгох болно. Та өөрийгөө хамгийн ихээр хайрлах ёстой гэдгээ байнга марталгүй санаж яваарай   

Нийтлэлийн зургууд: Never Forever

Хамгийн их уншилттай
1
2024.03.17
“Монгол түйрэн” маргааш ирнэ гэж БНСУ-д анхааруулав
2
2024.03.09
Миягино дэвжээг хаах шийдвэр гарчээ
3
2024.03.11
“Оскар”-ын түүхэн дэх 13 эвгүй явдал
холбоотой мэдээ
1
2024.03.20
Алисагийн тэмдэглэл: Хайрын тухай янз бүрийн мэдрэмжийг зүрхэнд сийлэх 8 дуу
2
2024.03.20
Охидын яриа: Сарын тэмдэг чинь ирэх гэж буйг илтгэх 7 шинж & мэдэх ёстой бүх зүйл
3
2024.03.13
Алисагийн тэмдэглэл: Романтик харилцаанаас туйлдах мэдрэмжийн тухай
санал болгох
1
15 цагийн өмнө
Таны ордыг илэрхийлэх кинонууд: Melancholia, Suspiria, Bande à Part
2
17 цагийн өмнө
Өнөө цагийн сэтгэл татам жүжигчдийн нэг Сидней Свинигийн тухай 19 баримт
3
20 цагийн өмнө
Рөүзийг амьд үлдээсэн Титаникийн "хаалга" 718,750 доллараар зарагджээ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
0
12
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (1)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

zochin 2019.02.28 139.5.217.17

bayarlalaa. yag ene l hereg bolood baisan yum

0 Хариулах