Хайх зүйлээ бичнэ үү

13 мин

Алисагийн тэмдэглэл: "Үнэг ажиллагаа"-д очиж, монгол үлгэрүүдийг дахин "анх удаа" мэт сонссон минь


Өнгөрөгч баасан гарагт (2019.09.13) би "Үнэг ажиллагаа"-нд очсон юм. Өнөө "Аз жаргалын 100 өдөр" маань үргэлжилсээр, өдөр болгон сонирхолтой өнгөрсөөр л байна. Тэр өдрүүдийн нэгэн хэсэг нь яг энэ үйл ажиллагаатай таарснаар улам ч сонирхолтой болсон билээ.

"Үнэг ажиллагаа" бол "Mifox Animation Studio"-гийн нээлтийн үйл ажиллагаа байсан юм. Энэ газрын тухай дуулж байгаагүй юу? Гэхдээ удахгүй та хангалттай их дуулж эхлэх болно. Учир нь тэдний хийдэг анимейшнүүд ёстой СУПЕР!    

Эхлээд тийм ч удаагүй байх үед нь аймшигт түгжрэл дундаас мултран очиход "Эрх цагаан ишиг" гэх бид бүгдийн үзэж байсан хайртай анимейшнийг хийсэн Болдсайхан ахтай яриа өрнүүлж байх үе таарсан юм. Тэр уг анимейшнийг яаж хийсэн болон өөрийнхөө бүтээлүүдийн тухай тун сонирхолтой яриаг өрнүүлж, дараа нь бид бүгд "Эрх цагаан ишиг"-ийг бөөнөөрөө үзсэн юм. Дахиад үзсэн чинь үнэхээр хөөрхөн анимейшн гэдэгтэй нь маргахгүй юм билээ.   

(Чанаргүй, муу зургууд байгааг уучлаарай. утсаараа л авах гэж оролдсон юм шүү)

Энэ оройн хамгийн гайхалтай нь юу байсан гээч? Уг студийн хамт олны хийсэн VR үлгэрүүдийг үзэх мөч. Тэгээд бүр 2D анимейшн шүү дээ. Энэ нь бүх хэсгийг гараар зурна гэсэн үг юм. "Цасан гоо ба долоон одой"-г санаж байгаа биз дээ? Яг түүн шиг, бүх хэсгийг гараар зурсан. 

"Цуутын цагаагч гүү", "Өвгөн бар хоёр" гэсэн хоёр үлгэрийг анимейшн болгоод зогсохгүй бүр виртуал реалити болгосон нь гайхалтай содон. Та "Цуутын цагаагч гүү"-г үзээд шууд л уйлна. Өнгө дүрслэл, дуу чимээ, хөдөлгөөн бүр нь маш сайн шүү. 

Тэнд анимейшн сонирхдог олон хүн байсан юм. Оюутнууд, багш, сонирхогчдоос гадна мэдээж хамгийн чухал хүмүүс болох уран бүтээлчид тэнд ирсэн байв. Харин би тус бүртэй нь чадахаараа л яриа өрнүүлснээ энд сонирхуулъя. Бүх хүнээс нь адилхан асуулт асууж, өөр өөр хариулт авахыг зорьсон ч бас нөхцөл байдлаасаа болоод янз бүрийн л юм асуусан байдаг.    

Б.Ундрам - Багш, бас энэхүү студийг хөлд ортол нь хамт явж буй үүсгэн байгуулагчдын нэг

-Манай студи 2018 оны 11 сард байгуулагдсан. Тэр цагаас хойш гурав дахь VR анимейшныг өлгийдөн авч байна. Манай студид яг анимейшний багт бол 9 хүн байгаа. Бид Монголын хамгийн анхны VR анимейшнийг өнөөдөр танилцуулж байгаа. Мөн анимейшн сонирхогч, уран бүтээлч нар, хөгжимчид, дуу оруулагч, жүжигчдийг бүгдийг нь холбох зорилготой.   

-VR технологи бол гарцаагүй энгийн анимейшн болон уран бүтээлүүдээс шал өөр ертөнц байгаа шүү дээ. Энэ бүхнийг хийх үйл явц ямар байв. Хэр их хугацаа шаардагдав?

-VR гэлтгүй 2D анимейшн дээр ч тэр Монгол улс тийм их туршлагатай биш. Тийм ч учраас хийх явцдаа бид маш их зүйлийг суралцаж, олон ч алдаа гаргаж, дахин дахин хийх шаардлагатай болсон. 8 минутын нэг анимейшн хийхэд ойролцоогоор 4 сар зарцуулсан. Гэхдээ үр дүнгээ өнөөдөр үзээд сэтгэл маш их хөдөлж байна. Чи ч гэсэн энэ "Бяцхан VR театр"-т орж үзсэн байх. Хүмүүст маш их таалагдана гэж найдаж байна.

-Энэ анимейшн бүтээлүүдийг үзэж сонирхох хүсэлтэй хүмүүс олон байгаа гэдэгт итгэлтэй байна. Тэд хэрхэн ирж үзэх боломжтой вэ?

-Бид энэ сарын 19-нийг хүртэл үзүүлнэ. Бүх насныхан ирж үзэх боломжтой. Хүүхдүүд ялангуяа аймшигтай их сонирхож байгаа. Энэ бол тэр чигтээ өв соёл, уламжлалаа сурталчлахын сацуу түүнийгээ уйтгартай энгийн байдлаар биш шинэлэг, бүтээлч байдлаар танилцуулж байгаа болохоор витаминлаг хүнс шиг тийм контент байгаа юм. Зөв хүн болох талаас нь төлөвшүүлэхийн хажуугаар өв соёлоо сурталчлах гэх зэргээр зөв дуурайлал болж буй юм.

-Үлгэрүүдээ хэрхэн сонгосон бэ?

-Бид багаараа ярилцдаг. Ямар үлгэр сонгох вэ гэдэг дээр маш болгоомжтой ханддаг. Үлгэрийнхээ гол  философийг аваад, түүнийгээ кино зохиол болгож хувиргаад, тэр зохиолоо яруу найраг, зохиомжтой хослуулаад, хөгжмөөр нэмэн баяжуулаад хүргэж байгаа.

Б.Батболд - Студийн техникийг голчлон "баздаг" залуу

-Яг шинэ зүйлийг хийж эхлүүлэхэд юу нь хамгийн хэцүү байсан бэ?

-Дөнгөж байгуулагдаад, шинэ залуу хүмүүс нийлээд хийж эхэлсэн болохоор мэдэхгүй чадахгүй зүйлс их байгаа. Явцын дунд суралцаад, алдаагаа дор дор нь өөрсдөө засаад явчихдаг байсан. Нэг нэгнээ ойлгодог хүмүүс болохоор ажил их урамтай явсан. 

-Энэ технологийг яагаад хослуулж хийх болсон юм бол?

-Ер нь хүн болгон телевизээр хүүхэлдэйн кино үзсээр байгаад тэр нь хоногшчихсон. Гэхдээ Монголынхоо түүх домог, үлгэрүүдийг дижитал, илүү шинэлэг хэлбэрээр хийж, нэг алхам урагш явахыг бид хүссэн. VR технологийг Монголд хийдэг хүн бараг байхгүй юм байна, ингээд хийгээд үзвэл ямар вэ гэж ярилцсаны дүнд хийцгээсэн. 

-Цаашид хийх зүйлээсээ нууц биш бол хуваалцаач. Танай студийн зүгээс бид юу хүлээж болох вэ?

-Мэдээж хэрэг цааш бодсон, ярьсан зүйл их байгаа. Гэхдээ нууцлах хэрэгтэй, ярьж болохгүй зүйлс байна. Шууд түс тас гээд хэлэхгүйгээр тайван, аажим аажмаар бид хийж бүтээж байгаа зүйлээ ахиулж явах болно.

(Арга хэмжээний үеэр хүмүүс зураг зурж байгаа нь)

Б.Билгүүн - Mifox студийн "эхлэл" болсон хүмүүсийн нэг

-Уг төслийн санаа анх яаж гарч ирсэн бэ?

-7,8 жилийн өмнө би Монголын эзэнт гүрний том хаадын лаан музей байгуулъя гэж бодож явж байгаад энэ бүх ажлыг эхлүүлж байсан. Бас их удаан бодсон ажлуудын маань нэг ийнхүү биелээд явж байгаад их таатай байна. 

-Баг хамт олноороо их бахархаж байгаа биз дээ?

-Тийм ээ, бүх санаа, бүтээл маань баг хамт олны маань л ярилцаж, бүтээж, хөгжүүлсэн зүйлсийн үр дүн. Тууштай, хичээнгүй байж чадсан залуусаараа маш их бахархаж байна. Энэ бол манай багийн том амжилт. Сэтгэл үнэхээр их хөдөлж байна. 

-Ер нь л урлагтай их ойр хүн шиг санагдлаа. Таны үндсэн мэргэжил урлагтай холбоотой юу эсвэл сонирхлоороо энэ төслүүд рүү орж ирсэн үү?

-Би бизнесийн удирдлагын магистр. Ер нь юу ч гэмээр юм дээ... Ганц хүний амжилт гэж байдаггүй. Хамт олны амжилт гэж байдаг. Би өөрөө үүнд маш их итгэдэг. Багаасаа найзалсан найзуудтайгаа би бизнесийн салбарт юм хийдэг. Тийм учраас баг хамт олны хүч гэдэг яндашгүй далай гэдгийг мэднэ. 

-Та энэ төсөл болон студийнхээ ирээдүйг юу гэж харж байна?

-Монгол хүний оюуны мэдлэг чадвар дэлхийд гоц цойлоод гарчихвал, Монгол гэдэг нэр гарвал ямар сайхан бэ гэж боддог. Бид бас мэдээж гадаадад таниулах үйл ажиллагаагаа хийгээд эхлүүлж байгаа. Гэхдээ мэдээж бага багаар. Мөнгө санхүүгийн хувьд ч бас бид хэнээс ч гуйгаагүй, хэнээр ч спонсорлуулаагүй. Үүнийг бас юу гэж харж байна вэ гэхээр, бид бас чаддаг юм шүү. Тусламж, туслалцаагүйгээр. Мэдээж маш олон асуудал бэрхшээл тулгарч байсан. Гэхдээ тэр болгоныг ганцаараа би биш хамт олноороо давсан. Түүндээ л их баярладаг.

Энэ дундуур бас сонирхож явсан хүнийг ч зүгээр байлгахгүй яриа аваад амжив. Д.Золбаяр буюу Алтан Хальс индепендент кино наадмын 2017 оны "Алтан Хальс" шагналыг хүртсэн мундаг залуутай таараад, явахаас нь өмнө амжиж ярилцаж авсан байдаг.

"Монголын аниматорууд их цөөхөн. Тэр дундаа 2D анимейшн хийгчид бүр цөөхөн. Гэхдээ яг үүгээр ажиллаж буй студи бий болж байгаад маш их баяртай байна. Найруулга, зохиол, дүрийн хийц маш мундаг байсан. Хөдөлгөөн ялангуяа супер байлаа. Цуутын цагаагч гүү дээр бүр огшоож байна лээ. Яг давхидаг хэсэг дээр нь үнэхээр гоё байсан. Ингэж чанартай хийх хүмүүс маш ховор. Дэлхийн хэмжээнд ингэж чанартай хийж байгаад нь баяртай байна. Монголын 2D аниматорууд улам олон болоосой."

(VR анимейшн үзэж байна)

Э.Тэмүүлэн - Mifox-ийн аниматоруудын "ах"

-Хүүхдүүдийг анимейшн хийх үйл явцын дунд ахлаад явж байгаа хүн нь таныг гэж сонслоо. 2D анимейшн хийхийн юу нь хамгийн хэцүү вэ?  

-Ер нь анимейшн хийх үйл явц өөрөө маш их цаг бас мөнгө шаардана. Секундэд 12 зураг зурах ажил явагдаж байгаа. Заримдаа бүр 24 зураг зурагдана. Тэгж байж хөдөлгөөн хүмүүст ямар ч гацалтгүй харагдахаар байгаа. Бидний нээлтээ хийж буй зорилго бол хүмүүст түгээх бас анимейшн сонирхогч хүүхдүүдийг илүү ойртуулмаар байгаа юм. Анимейшн бол өөрөө маш их хүсэлтэй байж л хийгддэг тийм ажил. Түүнээс биш хүчээр хийгддэггүй. 

-Үлгэр сонгож авч хийх болсон нь надад хамгийн сонирхолтой санагдсан.

-Одооны хүүхдүүдэд үзүүлэх гоё контент ерөөсөө байхгүй болчихсон юм шиг санагддаг. Дандаа л гадаадын юм үзэж харах болсон шүү дээ. Эхлээд үлгэрүүдээ сонгож авч өв соёлоо хүүхдүүддэ таниулаад дараа нь өөрсдийн бодож санасан зүйлээ гаргана гэж ярилцсан байгаа.

-Та өөрөө яг анимейшн бүтээлүүдийг хэзээнээс сонирхож эхлэв?

-Жаахнаасаа л дуртай байсан даа. Хүүхэлдэйн киноны зураач болно гээд л явдаг байсан. 90 оны сүүлээр бас аниматор болно гэхээр инженерээр сур гэдэг ч юм уу тийм зүйл байсан. Би инженерээр сурч явж байгаад үнэхээр хүсэж байсан болохоор яваандаа анимейшнд халтирч орсон доо. Одоо ч бас энэ эвентээрээ дамжуулаад яг сонирхдог хүмүүсийг улам идэвхжүүлж, нэг нэгэнтэй нь холбоотой байлгахыг хүсэж байна даа. 

Э.Орхон - Аниматорын тэргүүн эгнээ

-Хамт олонтойгоо хэрхэн нэгдсэн бэ?

-Анх багш маань ийм зүйл хийж байгаагаа танилцуулж, хамт ажиллахыг санал болгосон. Хийж байгаа зүйлс нь маш их таалагдсан болохоор орохоор шийдээд, энэ оны хоёрдугаар сараас эхлээд хамт ажиллах болсон.       

-Энэ хүмүүстэй хамтран ажиллахад хамгийн гоё зүйл нь юу байна?

-Бид 2D анимейшн буюу бүх зүйлийг гараараа зурж хийдэг. Одоо бол 3D их хөгжөөд байгаа. Гэхдээ бид уламжлалт аргаараа зурж хийдэг болохоор энэ нь илүү гоё. Мэдээж хамт олон их гоё. Их ч зүйл сурч байгаа. Дахиад магистраар сураад ч байгаа юм шиг. 

-Нэг зүйл хоёр талтай байдаг шиг сайхан зүйл байгаа бол бас бэрхшээл байж л байдаг шүү дээ. Яг бэрхшээл нь юу байсан бэ?

-Эхэндээ 2D анимейшн зураагүй удчихсан байсан болохоор хөдөлгөөн гаргах тал дээр асуудал үүсгэх, ямар хөдөлгөөн гаргахаа мэдэхгүй байх зэрэг асуудлууд гарч байсан л даа. Тухайн үедээ сураад явсан.

-Анх аниматор болох болсон шалтгаан юу байсан бэ?

-Зураг зурах их дуртай байсан. Зургаар явна гэдгээ л сайн мэддэг байсан юм. Тэгж байгаад арван жилээ төгсөөд зургийн мэргэжлүүдийг сонирхож судалж байгаад анимейшний анги байдаг гэдгийг мэдэж авч байсан. Хүүхэлдэйн кино хүнд эерэг байдал, гоё дүрслэлээр ухаарал хайрлаж чаддаг. Би түүнд нь их дуртай. Манайх бол VR гэдгээрээ маш онцлог. Тэр орчинд нь орж үзнэ гэсэн үг. Тэгээд бас үлгэрүүдийг улам сайжруулж, зураг, дуу дүрслэлийг сайжруулж хийсэн болохоор сонирхолтой. Бас ухаарал өгөх зүйл их болохоор ирж үзээрэй.

(Fat Cat жазз клубыг мэднэ биз дээ? Тэдний хөгжимчид ирсэн байдаг юм.)

Г.Болорчимэг - Аниматорын тэргүүн эгнээ #2

-Сэтгэгдэл ямар байна?

-Гоё байна. Өөрсдөөрөө их бахархаж байна. Их ур чадвар бас тэвчээр шаарддаг. Бие биетэйгээ ойлголцоод ажилладаг.

-Аниматор байх ямар вэ?

-Хөдөлгөөн бүтээж, дүрийг амилуулж байгаа учраас үнэхээр гоё байдаг. Дургүй хүн хийхэд үнэхээр хэцүү. Учир нь ижилхэн зургийг маш олон удаа зурдаг. Гэхдээ надад маш гоё ажил шиг санагддаг.

-Хэрвээ нууц биш бол одоо ямар үлгэр дээр ажиллаж, тун удахгүй хүмүүст хүргэх бол?

-Одоо энэ "Цагаан дарь эх" гээд үлгэрийн трейлерийг гаргасан байгаа. Түүнийгээ дуусгах гэж байгаа. Бас араас нь олон үлгэрүүдийг анимейшн болгох тал дээр ажиллана гэж бодож байгаа. 

-Бөөнөөрөө нэгэн зорилгын төлөө хамтран ажиллаж байхад хамгийн сайхан зүйл нь юу байна?

-Манайхан их бүтээлч бас хөгжилтэй хүмүүс. Дандаа л янз бүрийн юм яриад, нэг нэгнээ шоолоод байцгааж байдаг. Маш дулаан уур амьсгалтай болохоор тэр нь их сайхан байдаг. Ер нь манай студи, манай студийн уран бүтээлүүд, үлгэрүүд өөр хаана ч байхгүй дулаан уур амьсгалыг өгдөг. Тиймээс ирж сайхан анимейшн үзээрэй. 

Б.Хашбат - График дизайнер / Макет бүтээгч буюу гол тоглогч

-Энэ хамт олонтой ажиллахын сайхан зүйл нь юу вэ?

-Анимейшн багийн ажиллагаагаар бүтдэг зүйл. Бүгд л өөрийн хариуцлагатай, түүнийгээ маш сайн хийдэг. Дараа нь бүтээсэн зүйлээ хамтдаа үзэхэд хамгийн гоё байдаг. 

-Эдит хийдэг гэсэн дээ. Яг өөрийн чинь ажлын хамгийн "зэвүүн" хэсэг нь юу вэ?

-Яг хүмүүст хүргэх, тэднийг гол огшоох, яавал гоё хүрэх гэх мэт тал дээр нь багийнхныхаа хийсэн зүйлийг нэгтгэж ажилладаг болохоор маш хариуцлагатай ажил. Бас хийгээд рендерлэж дууссаны дараа маш их урам, сайхан мэдрэмжийг авдаг. 

-Бүтээлээ дуусгаад үзэх үеийн мэдрэмж ямар байсан бэ?

-Яг бүтээлээ дуусгаад үзэх мөчид дараагийн шинэ бүтээлээ хийх урам авдаг. Үнэхээр сайхан мэдрэмж. Бидний хийж байгаа бүтээлүүд хүүхдүүд, шинэ үеийн залууст үлгэр дуурайлал болж чадаж байвал бидэнд сайхан. Энэ яг манай бүтээлүүдийн онцлог. 

-Ирээдүйд хийж бүтээсэн зүйл нь ямар хэмжээнд хүрсэн байгаасай гэж хүсэж байна?

-Бид зөвхөн Монголдоо гэх биш бас дэлхий нийтэд хүргэхийг хүсдэг. Дэлхийд асар олон кино наадмууд байдаг. Монгол анимейшн бүтээлүүдийг дэлхийд танилцуулахыг хүсэж байна. Дэлхийд таниулж, монгол хүүхдүүдэд ёс суртахууныг таниулж, бүх зүйлийг эерэг зөвөөр ойлгуулахыг хүсэж байна. Сүүлийн үед хүүхдүүд интернетээс салахгүй, сошиал ертөнцөд баригдчихсан байгаа шүү дээ. Ядаж бид тэр байнга ойр байгаа зүйлээр нь дамжуулж эерэг зүйлийг түгээхийг бас хүсэж байна. 

-Та бас хараахан энэ бүтээлүүдийн тухай олж мэдээгүй байгаа хүмүүст зориулан үг хэлээч?

-Бид хажууд байгаа зүйлээ тэр болгон тоодоггүй шүү дээ. Гадаад анимейшн гэхээр хүмүүс сонирхож үздэг. Монгол өв соёл, үлгэр домгийг бид хүмүүст ойлгомжтой, сонирхолтой байдлаар хүргэхээр бэлдсэн байгаа болохоор та бүхэн ирж үзээрэй. 

Баг хамт олны амжилтыг бүхнээс илүү чухалчилж үзсэн энэ хамт олны бүтээлүүдийн тухай дэлгэрэнгүй мэдээллийг та ЭНД дарж үзэх боломжтой. Мөн ZEV Digital Museum та бүхний өмнө нээлттэй байх болно. Үр хүүхэд, настан буурал гээд хүн бүхнийг дагуулаад очиж, сонирхох боломжтой тийм л гоё бүтээл нээгдчихсэн байна шүү. Цуутын цагаагч гүү үлгэрийг сонсож өссөн миний үеийнхэн энд очоод шууд л уйлцгааж байна шүү. Та ч бас амжаад хурдхан очиж үзээрэй. Энэ мэт монгол залуусынхаа үйл ажиллагааг дэмжиж, цааш түгээж, улам дэлгэрүүлэхэд нь туслаарай!   

Хамгийн их уншилттай
1
2024.02.23
Шибатаяма ояката: Хакүхог дэвжээ удирдах чадваргүй гэж үзсэн
2
3 өдрийн өмнө
“Монгол түйрэн” маргааш ирнэ гэж БНСУ-д анхааруулав
3
2024.02.25
Бүсгүйчүүдэд үзэн ядагддаг 9 төрлийн залуу
холбоотой мэдээ
1
2024.03.13
Алисагийн тэмдэглэл: Романтик харилцаанаас туйлдах мэдрэмжийн тухай
2
2024.02.20
Алисагийн тэмдэглэл: Үе тэнгийн дээрэлхэлт, дарамттай тэмцэхэд чи юуг хийж чадах вэ?
3
2024.01.29
Охидын яриа: Хосын харилцаагаа "гүнзгийрүүлэх" гэж буй бол чиний мэдэх ёстой 8 зүйл
санал болгох
1
1 цагийн өмнө
Монгол эмэгтэйн бичлэгүүд "TikTok" дээр од болж, хэдэн сая хандалт авч байна
2
3 цагийн өмнө
Орд болгоны хэзээ ч тэвчиж үл чадах сэтгэл өвтгөм үйлдлүүд
3
4 цагийн өмнө
Нохойтой харьцах нь хүнийг тайвшруулж, төвлөрөхөд тусалдаг болохыг тогтоожээ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
0
8
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.