Хайх зүйлээ бичнэ үү

12 мин

Алисагийн тэмдэглэл: Зохиол анхлан бичиж буй хүмүүсээс асуусан ГАНЦ асуулт (Яагаад бичих дуртай вэ?)


Маш удаж байж Алисагийн тэмдэглэл булангаа дахин эхлүүлж байна. Энэ зун алга болсны шалтгаан Алиса айраг ууж, хуушуур эргүүлж, халуун чулуу атгаж, байгальд уусан шингэж явсанд оршино. Хүн байгальтай ойр байх тусам өөрийгөө танин мэдэж эхэлдэг гэх үг үнэн болж таарсан шүү. Бас та нарт булан доторх булангаа танилцуулахад бэлэн болоод байна. Энэ бол "ГАНЦ асуулт" юм. Би яг ижил сонирхолтой, адилхан зүйл хийдэг хүмүүсээс ганц асуулт асууна. Тэдний хариулт ямар ч байж болох бөгөөд би нэмж хасахгүйгээр шууд та бүхэнд хүргэх юм. Хамтдаа хүмүүсээс ганц асуулт асууж, дотоод ертөнцөөс нь бага ч болтугайг эмтлэн авч, үзье ээ гэвэл яаж байна?   

ТА БҮХЭН ДАРАА НЬ ЯМАР ХҮМҮҮСЭЭС АСУУЛТ АСУУГААСАЙ ГЭЖ ХҮСЭЖ БАЙГААГАА ДООР БИЧИЖ, САНАЛ БОЛГООРОЙ.   

Энэ удаа би Wattpad гэх өвөрмөц ертөнцөд өөрсдийн өгүүллэг, бичвэрүүдээ оруулдаг хүүхдүүдээс асуулт асуухаар шийдлээ. (Бас насанд хүрсэн хүмүүс ч байгаа) Өөрөө ч гэсэн тэнд өгүүллэг бичиж оруулдаг хүний хувьд Ваттпад бол гарцаагүй сонирхолтой, өөрийгөө нээж болох чөлөөт орчин гэж хэлж чадна. Ихэнх нь арван жилийн сурагчид, оюутнууд байдаг учраас энэ насан дээрээ өөрийгөө нээж олохоор тэмүүлж яваа хүмүүс дийлэнхийг эзэлдэг гээд хэлэхэд буруудахгүй. 

Яагаад бичих дуртай вэ?

1. Миний бичих дуртай шалтгаан үнэхээр энгийн. Тэд намайг танихгүй, би тэднийг танихгүй хэрнээ л хүмүүс надад хайр энэрэл, урам зориг өгдөг болохоор хэзээ ч бичихээ зогсоохгүй гэж боддог.

- Gerle

2. Бичих яг л "puzzle" шиг. Нэг үг солиход утга, мэдрэмж бас өнгө нь өөрчлөгддөг. Тохирсон үгийг олохын тулд олон сонголт, боломжуудыг туршиж үздэг нь яг л зөвхөн миний гэж хэлж болох адал явдал. Бас үзгээ бариад цаасаа ширтэхэд надад бүхэл бүтэн ертөнц бүтээх чадал байна гэж бодох их дулаахан мэдрэмж. Нарийн чимхлүүр хэсгээс эхлээд том зураг хүртэл сэтгэх заримдаа хүндхэн тэгшитгэлээс илүү сонирхолтой бас амттай.

- О.Чин-Ундрам

3. Миний бие өдгөө балчир ч гэлээ өөрийн гэсэн ертөнц, үзэл бодолтой хүн биет. Бичих болсон шалтгаан минь хобби гэх ч яг үнэндээ өөрийн нэг өдрийн мэдрэмж, үүрдийн үзэл бодлыг бичвэрт багаханаар буулган бусдад түгээхийг хүссэн юм. Магад бидний харилцаж байх мөчид миний бичсэн зүйлээс хэн нэгэн ухаарал эсвэл ямар нэгэн онцгой мэдрэмж авч байхыг үгүйсгэхгүй шүү дээ. "Өөрийгөө энэ зүйлд шингээхийг хүссэн." Бас энэ амьдралд олж чадахгүй жаргал болон зовлонгоо зохиолын дүрээр төсөөлөн гаргаж, өөрөө тэндээ амьдардаг.

- А. Болормаа (13 настай) @ktk_crystal

4. Би яагаад дуртайгаа өөрөө ч мэдэхгүй бололтой. Яг ингээд тулаад бодоход юу ч орж ирсэнгүй ээ. Зүгээр л сэтгэлээ дагаж, төсөөллөө хөгжүүлснээс өөр юм бодогддогүй.

- Марал (15 настай)

5. Өөрт төрсөн таагүй мэдрэмж, хэн нэгэнд урам хугарсан, бусдаас мэдрэхийг хүсээгүй мэдрэмжээ авчхаад яг тэр өөрт төрсөн мэдрэмжээ бичгээр буулгахыг хүсдэг. Хүмүүст энэ бүх мэдрэмж хүнд яаж тусаж, хүнийг ямар болгодог талаар хэлэхийг хүссэндээ бичдэг. Тэгээд уншигчид минь бичвэрийг минь уншаад, дүрүүдэд минь ороод тэр мэдрэмжийг өөр дээрээ тусгаж аваад "Хүнд үнэхээр ингэж санагддаг байх нь ээ" гэж бодоод сэтгэгдлээ надтай хуваалцах нь надад таалагддаг гэх үү дээ. Тиймээс л мэдрэмжээ бичгээр буулган бусадтай хуваалцаж, юу хүнийг зовоож юу хүнийг баярлуулдаг тухай хэлэхийг хүссэн болохоор би бичих дуртай.

- Ч.Анаржин (15 настай) @Anna_lien

6. Эхэнд гэвэл мэдээж ердөө л бичих дуртай. Бараг л хобби гэж хэлж болно. Хоёрт гэвэл уншиж буй хүмүүсийн сэтгэгдэл бүрээс цаашаа бичих хүсэл бас урмаа авдаг. Өөрийн бүтээлээ бусдад уншуулах тэр мэдрэмж үнэхээр гайхалтай. Тэр мэдрэмжийг дахин дахин авах гэж л бичдэг юм байна даа.

- Сааёо (23 настай) @-Scio-

7. Одоо бараг 5 дахь жилдээ өөрт төрсөн мэдрэмж, орж ирсэн онгод зэргийг дэвтэртээ буулгаж байна. Дэвтрээ дуусгаад ном болгоно доо гэж мөрөөддөг юм. Ер нь унших дуртай хүн бас бичих дуртай байдаг юм шиг ээ.

- О. Оюу-эрдэнэ (19 настай) @Oyu-rdn

8. Өөрийн төсөөлөлд бууж байгаагаа хүмүүстэй хуваалцах сонирхолтой байдаг. Ойрд би мэдэрч байгаа мэдрэмжүүдээ бичдэг дэвтэртэй болсон. Өгүүллэг бичих нь нэг төрлийн хобби. Өгүүллэгийн хэсгүүдээ драфт дотроо бичиж байхад ийм байвал, тийм байвал яах бол гэж их боддог. Ингэж бодох нь намайг жаргалтай болгодог. Ихэнхдээ өөрийнхөө төсөөлсөн, амьдрал дээр байж болохооргүй зүйлс эсвэл байдаг энгийн зүйлсийг бичих их сонирхолтой бас их урам зориг өгдөг. Энэ их зугаатай ажил гэж бодож байна.

- Арвин (14 настай) @Scarlittie

9. Би багаасаа зурж, түүх уран зохиол унших нугасгүй дуртай хүүхэд байсан. Баримлаар баатрууд хийж, зураг зурж, бас түүхэн эсээ роман бичлэгүүд уншиж, үзэж бас компьютер тоглоомын аль түүхэн баатарлаг гэснийг тоглодог байсан л даа. Гэхдээ гэрийнхэнд маань энэ нь ирээдүйгүй, амьдралаар наадаж байгаа юм шиг харагдсан байх л даа. Яах вэ, хүүхэд л байсан. Гэхдээ тэр үед би одоо байгаагаасаа хамаагүй илүү хүсэл мөрөөдөлтэй байж билээ. Тийм болохоор тэр олон хобби, магадгүй ирээдүйн миний зорилго хүсэл мөрөөдөл маань хэсэг хүмүүсээс, бас өөрийнхөө үзэл бодлыг хамгаалж чаддаггүй байснаас болж байхгүй болсон юм. Нэгэнт зурж чадахаа өнгөрсөн, хамгаас дуртай "IT"-гаа зүглээгүй, түүх уран зохиол энэ тэрээс бүр таг чиг хөндийрсөн нэг тийм хов хоосон хүн утга оргилгүй мэргэжил сонгочхоод явж байхдаа одоо өөрт байгаа хүүхэд шиг бодлоо яаж буулгах уу гээд бичиж эхэлсэн байдаг. Тэгээд бүр салшгүй нэг хэсэг болчихсон. Бичих талаар мөрөөдөх нь бараг миний утга учир болчихсон гэх юм уу даа.

- Б.Нямсүрэн (20 настай) @Mongolfantasy4eva

10. Яагаад өгүүллэг бичдэг болсон бас яагаад үүндээ дуртай байдаг тухайгаа бодоод үзэхээр надад маш олон шалтгаан байдаг. Хамгийн эхэнд гэвэл сонсох дуртай хамтлагийнхаа хайртай гишүүнээрээ төсөөлөн бодох чадвараа ашиглан өөрт болон бусдад таалагдах ямар нэгэн зүйл хийж чадаж байгаа даа их баяртай байдаг. Мөн өөрт төрсөн мэдрэмж сэтгэгдлээ бичиж хадгалаад, бусдад хүргэж байгаа учир өгүүллэг бичих дуртай байдаг. Дараа нь бодсон ч их дурсамж болон үлдэж чадна шүү дээ. Эдгээрээс гадна бичих маш чухал шалтгаан болсон зүйл бол миний өгүүллэгийг уншаад баярлах, догдлох, бухимдах, гомдох гээд бүхий л мэдрэмжийг мэдрэн надад урам хайрлан гоё сайхан үгс хэлж баярлуулдаг уншигчид минь байдаг. Өөрт гоё сайхан дурсамжийг бүтээж үлдээх гэж байгаа учраас, хайртай уншигчдынхаа урмыг хугалахгүй гэж хичээж өгүүллэгээ бичээд тэднээсээ гоё сайхан үгсийг хайр найргүй авах гэж байгаа учраас би өгүүллэг бичих дуртай.

- Оюунгэрэл (15 настай) @OYK_1224

11. Ямар нэг зүйл рүү харах болгонд өөрийн эрхгүй шууд л ямар нэг богино түүх орж ирдэг. Дугуйтайгаа яарч байгаа хүн харвал шууд л түүнийг цүнхэндээ луугийн өндөг хийгээд, муу залуусаас зугтаж байна гэж төсөөлөгддөг. Би энэ бүхнийг ганцаархнаа хараад, төсөөлөөд байхыг хүсдэггүй учраас энэ бүхнийг бичиж, аль болох олон хүнд уран зөгнөлийн гайхамшгийг мэдрүүлэхийг хүсдэг.

- Төгсөө (16 настай) @King_Amperio

12. Юуны өмнө өөрийн төсөөлөл бас бодлоо үг өгүүлбэр болгон буулгаж аваад бусдад хүргэх нь таатай байдаг. Өгүүллэгийг минь уншсан хүмүүсийн сэтгэгдлийг унших бас бичвэрүүдийн минь үйл явдалтай холбоотой таамаг болон онол гаргахыг хараад сэтгэл үнэхээр их хөдөлдөг. Тэрхэн агшинд би хамгийн ихээр аз жаргалтай байдаг. Бичигч байхын жаргал гэж энэ юм даа гэсэн бодол төрдөг. Тэгээд ч зогсолтгүй бичих тусам бичгийн чадвар сайжирдаг нь өөрийгөө хөгжүүлэхэд нөлөөлдөг.

- Раын (20 настай) @Raeunmoon

13. Цаас үзэг хоёр бариад суухад би өөрөө шинэ дэлхийг бүтээж байгаа юм шиг санагддаг. Миний нүдээр хүмүүс дэлхийг хараасай. Миний дотор байгаа мэдрэмж тус бүрээс үүдэн гарах баатруудыг хүмүүс таниасай гэж хүссэндээ бичдэг. Би бичсээр л байх юм бол хүмүүс намайг ойлгоно гэж итгэдэг. Хэлэхийг хүссэн үг, хийхийг хүссэн ч бусдын бодлоос айж дотроо хадгалсан зүйлсээ зохиомол "би"-гээр ил гаргах нь надад үнэхээр таалагддаг.

- О.Халиун (19 настай)

14. Өөрийн доторх өөр нэгэн ертөнцийг бусадтай хуваалцах нэг арга болохоор би бичих дуртай.
Бичвэрээ бодоод ингэвэл яах бол, тэгвэл яах бол гээд уншиж байгаа хүмүүс маань урам өгөх үед бүр хэдэн цагаар ч хамаагүй бичээд л баймаар санагддаг.

- Э.Энх-оюун (16 настай)

15. Хүмүүсийн дотоод сэтгэлд юу болж өрнөдөг талаар унших би дуртай. 10 үг эвлүүлэхэд л хэдэн арван жил хөндөгдөөгүй сэтгэлийн утсыг нь хөнддөг утга зохиолд би бас дуртай. Утга зохиолд уяраад ирэхээрээ бусдын сэтгэлийг хөндөх юмсан ч гэж боддог. Бусдыг жаргалтай байлгах, тэдэнд таалагдаж, зүрхний угт нь шингэсэн зохиол бичих нь миний мөрөөдөл. Ийм том мөрөөдөлтэй болохоор би бичих дуртай. Онгод минь намайг хөглөж, тархи минь намайг урамшуулдаг. Тийм л учраас би бичих дуртай.

- Reuna (16 настай) @Reuna_

16. Би ер нь фэнфикшн төрлөөр бичдэг л дээ. Энэ нь "fangirl" охидын хувьд их тааламжтай байх төрөл. Мөн ихэнх уншигчид fangirl эсвэл fanboy байдаг шүү дээ. Тиймээс олон хүн унших магадлалтай болохоор энэ төрлөөр бичих дуртай байдаг. Үүнээс гадна өөрийнхөө дотоод сэтгэлд байгаа болоод оюу ухаанд байгаа зүйлсээ өгүүллэгээрээ дамжуулаад олонд хүргэх нь таатай санагддаг. Тэд ч бас энэ зүйлийн тухай бодоосой, энэ зүйлийн тухай мэдээсэй гэсэндээ олонд хүргэдэг. Бас уншигчдад бодит сэтгэгдэл төрүүлэхийн тулд өөрийн сайн мэддэг хүнээр бичихээс гадна зарим жижиг, том зүйлсийн тухай судлах шаардлага гардаг нь миний мэдлэгийг нэмдэг. Үүнд хэзээ ч төвөгшөөж байгаагүй бөгөөд үүндээ сэтгэл хангалуун байдаг. Мэдээж хобби болсон зүйл. Магадгүй бүр ажил ч гэж хэлж болохоор зүйл. Нэг шинэ хэсэг бичиж гаргахдаа ихэнх бичээч нар маань уншигчдын сэтгэгдлүүдийг унших дуртай байх. Тэр дундаас урам өгсөн, сайшаан магтсан болоод зөвөөр шүүмжилсэн сэтгэгдлүүд их сэтгэлд хүрч, бичих зориг өгч сайхан санагддаг. Өөрийн цаг заваа гарган урнаар дүрслэхийг хичээсэн зүйл дээр огт танихгүй нэгэн хүнээс гайхалтай сэтгэгдэл авна гэдэг бичих дуртай байх бас нэгэн шалтгаан минь болж өгдөг. Бас яг эгзэгтэй үед нь хэсгээ дуусгаж, гол дүрийн хүмүүсээ хэцүү байдалд оруулаад төгсгөх нь уншигчдад мэдээж хэцүү, тэрийгээ илэрхийлэхийг нь харах бас их сайхан. Ерөнхийдөө уншигчдаа зовоох дуртай гэх үү дээ. Энэ завшааныг далимдуулж уншигчдаасаа уучлалт хүсье. Бас баярлаж явдаг шүү. Баярлалаа.

- Үжин-Энх (19 настай) @wangjuk

17. Бичих үедээ би өөрийгөө ямар нэгэн зүйл бүтээж байна гэж мэдэрдэг. Зөвхөн хуваалцах гэж аль эсвэл хэн нэгэнд зориулж бичихээс илүү нэг ертөнц бүтээж байна гэж боддог. Ингэж мэдрэх үедээ хүмүүсийн анзаардаггүй мэдэхгүй хэрнээ ойр оршдог ертөнцөд нь очих боломжийг олгох гэж хичээдэг гэх үү дээ. Хүмүүс бид нар ер нь л их анзааргагүй шүү дээ. Гуниглахдаа хүртэл жаргаж болдгийг мэддэггүй. Харин би тэр анзаардаггүй жижигхэн ертөнцийг л харуулахыг, мэдрүүлэхийг хүсдэг юм. Бичих үедээ өөрийнхөө ч бас тэр нэгэн жижигхэн талыг олж хардаг минь сайхан байдаг.

- Мара-Эрдэнэ (23 настай) @MaraErdene

18. Би бичиж эхлээд 3 жил болж байна. Их жаахнаасаа бичиж байсан. Яагаад бичих дуртай вэ гэвэл өөрийнхөө толгойд бууж байгаа уран яруу төсөөлөл, сонин содон бодол, догдлол, гомдол гээд сэтгэл хөдлөлөөр дүүрэн *Бяцхан ертөнцөө* бусдад таниулж, бусдыг түр зуур ч гэсэн тэр ертөнцөөрөө аялуулж өөрийгөө ойлгуулах гэсэн юм. Тэр их содон санааг зүгээр орхих нь надад таалагдаагүй бас хайран байсан учраас ном шүлгээс мэдэрсэн сэтгэл хөдлөлөө, өөрийн дотор өрнөдөг бодол санааг гүйцэт гайхамшигтай биш ч гэсэн илэрхийлэх гэсэн юм. Сэтгэл доторхоо уудлаад ярих, намайг над шиг ойлгох нэгэн энэ хорвоод байхгүй болохоор зохиол ном шүлэг бичвэрийг өөрийн сайн найз болгодог юм. Тиймээс л би бичих дуртай. Бороо шиг гүн сэтгэгдэл төрүүлэхийн тулд, кокаин шиг өөртөө донтуулахын тулд, сэтгэл шиг гүн бодол үлдээхийн тулд, бодол шиг солонгорсон сэтгэгдэл үлдээхийн тулд бичээч бид нар хичээж явна.

- О.Бадамсутай (12 настай)

19. Өөр нэгэн гайхалтай ертөнцөд амьдрах боломж олгодог болохоор бичих дуртай. Бас мэдэрч буй мэдрэмжээ үгээр буулгах, өөрийнхөө өөр нэгэн дүрийг төсөөлөн, түүний ертөнцийг бүтээн бичгийн ертөнцөд амьдруулах хамгийн сайхан байдаг даа.

- Номин (25 настай) @FinalSonata


Одоогийн байдлаар тэд ийм хариултууд өгөөд байна. Хүн болгоны бичих шалтгаан өөр өөр. Гэхдээ үр дүн нь ямагт сайн сайхан бүхнийг дагуулдаг. Та бүхэн бичихээ больж болохгүй шүү. Харин улам хичээгээрэй! Зүтгэсээр л байвал үр шимийг нь заавал амсах болно. Бас бичих дуртай бусад хүмүүс маань ч гэсэн сэтгэгдэл хэсэгт өөрийн түүхийг хуваалцаж болно шүү.

Хамгийн их уншилттай
1
2024.03.17
“Монгол түйрэн” маргааш ирнэ гэж БНСУ-д анхааруулав
2
2024.03.09
Миягино дэвжээг хаах шийдвэр гарчээ
3
2024.03.11
“Оскар”-ын түүхэн дэх 13 эвгүй явдал
холбоотой мэдээ
1
2024.03.20
Алисагийн тэмдэглэл: Хайрын тухай янз бүрийн мэдрэмжийг зүрхэнд сийлэх 8 дуу
2
2024.03.20
Охидын яриа: Сарын тэмдэг чинь ирэх гэж буйг илтгэх 7 шинж & мэдэх ёстой бүх зүйл
3
2024.03.13
Алисагийн тэмдэглэл: Романтик харилцаанаас туйлдах мэдрэмжийн тухай
санал болгох
1
10 цагийн өмнө
Таны ордыг илэрхийлэх кинонууд: Melancholia, Suspiria, Bande à Part
2
12 цагийн өмнө
Өнөө цагийн сэтгэл татам жүжигчдийн нэг Сидней Свинигийн тухай 19 баримт
3
15 цагийн өмнө
Рөүзийг амьд үлдээсэн Титаникийн "хаалга" 718,750 доллараар зарагджээ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
6
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (6)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Yu No 2019.08.12 90.96.140.86

Oguulleg unshaj ehleed nileen udsanii draa yern oguullegiin sanaanuud ni dawhtsaad duruud ni ch oor hoorondoo tostei bgad joohon zalhaj ehelsen. Tgd unshih oligtoi oguulleg oldohgui bolood irehleer ni bi ygd ooriin tolgoi dotor bga ter shine sodon sanaa ooriin unshihiig hussen sedeweeree oguulleg bichij bolohgui gej bodool anh bichij ehelsen dee. Yern bol bi oortoo zoriulj l bichdeg.

0 Хариулах


matilda 2019.08.07 156.0.212.9

Сайн байна уу хатагтай, эрхэм ээ Бид бол хүмүүсийн хүсэл мөрөөдлөө хэрэгжүүлэх боломжийг олгох үүднээс хувь хүмүүсийн хооронд зээл санал болгодог санхүүгийн бүтэц юм. Хэрэв танд хувийн төсөл байгаа бол; эсвэл санхүүжилт хэрэгтэй. Хэрэв та сонирхож байгаа бол бидэнтэй холбоо барьж, зээл авах хүсэлтэй байгаа дүн болон таны эргэн төлөлтийн хугацааг хэлж өгнө үү.   3000 - 15,000,000 долларын зээлийн эргэлт и-мэйл: [email protected] wathsapp: 0022 995 414 913

0 Хариулах


matilda 2019.08.07 156.0.212.9

Сайн байна уу хатагтай, эрхэм ээ Бид бол хүмүүсийн хүсэл мөрөөдлөө хэрэгжүүлэх боломжийг олгох үүднээс хувь хүмүүсийн хооронд зээл санал болгодог санхүүгийн бүтэц юм. Хэрэв танд хувийн төсөл байгаа бол; эсвэл санхүүжилт хэрэгтэй. Хэрэв та сонирхож байгаа бол бидэнтэй холбоо барьж, зээл авах хүсэлтэй байгаа дүн болон таны эргэн төлөлтийн хугацааг хэлж өгнө үү.   3000 - 15,000,000 долларын зээлийн эргэлт и-мэйл: [email protected] wathsapp: 0022 995 414 913

0 Хариулах


Уншигч 2019.08.06 202.9.43.59

Wattpadad bas Bestjjong geed zohiolch bdg. Yg kino uzej bga ym shig bicdeg. Ta orj sonirhooroi. Huuchin wordpress deer blogoo ajilluuldag baisan. Bas Jenny geed admin baidag. SolCeta. Bas l wordpress deer blgotoi bj bgaad nuusen. Huuchni zohiolchid n bs l goy shuu

0 Хариулах


Зочин 2019.08.06 202.21.96.30

Alice egchee hairtai shu

0 Хариулах


Зочин 2019.08.06 202.9.43.156

Үнэндээ би 2хон хоногийн өмнө бичихээ зогсоохоор шийдээд байсан, тэгсэн өнөөдөр яасан гээч, өнөөдөр миний 2 өдрийн гүрийлт байхгүй болчихсон. Би өгүүллэгээ биччихсэн юм. Тэдний хэлдэг үгс, ганц эможи хүртэл надад гайхамшгийг мэдрүүлдэг. Урам зориг, урагшлах хүч өгдгийг ухаарсан. ♥♥♥Алиса эгчид үнэхээр их баярлалаа.

0 Хариулах