Хайх зүйлээ бичнэ үү

6 мин

Америкийн хамгийн өвөрмөц орчин, сургалтын хөтөлбөртэй 13 коллеж


Их сургууль, коллежийн амьдралын тухай бодоход л гартаа ном барьсан завгүй оюутнууд холхилдож буй сургуулийн кампус, номын сан, лекцийн танхим төсөөлөгдөх болов уу. Тэгвэл эдгээр тогтсон ойлголтыг халж, өвөрмөц сургалтын хөтөлбөрөөрөө ялгардаг Америкийн коллежуудыг танилцуулж байна. 

Элсэн цөлд байрладаг Дийп Спирингс коллеж 

Хоёр жилийн сургалтын хөтөлбөртэй Дийп Спирингс (Deep Springs) коллеж олон зүйлээрээ өвөрмөц. Нэн тэргүүнд, сургуулийн кампус нь ихэнх коллежуудтай адилгүй. Тэд Калифорнигийн элсэн цөл дунд 627 м.кв талбайг (155 акр) хамарсан онцгой кампус байгуулжээ. Мэдээж хэрэг дотуур байр, лаборатори, хөгжмийн өрөө, фитнесийн танхим, номын сан гээд цөм бий. Хамгийн ойрын хот болох Бишоп л гэхэд 64 километрийн зайтай байдаг аж. 

Сонирхолтой нь, тус коллеж нэг удаагийн элсэлтдээ 30-аас дээш оюутан авдаггүй бөгөөд сургуульд тэнцсэн оюутнууд цөм тэтгэлэгтэй суралцдагаараа онцлог юм. 

Оюутнуудын нэг өдрийн амьдрал өглөө 04:30 цагт босож үнээ сааснаар эхлэх ба үргэлжлүүлэн бодит амьдралд хэрэгтэй практик дадлагууд болон академик хичээлүүд ээлжлэн орох аж. Өөрөөр хэлбэл, оюутнууд хоёр жилийн турш ажиллах, амьдрах, суралцах гээд бүхнийг хослуулдаг байна. 

Аялангаа суралцах боломжтой Колби коллеж 

АНУ-ын Мэн мужийн Уотервилл хотод орших Колби (Colby) коллеж Jan Plan хэмээх онцгой хөтөлбөртэй. Тус сургуулийн оюутнууд нэгдүгээр сард дадлага хийх, судалгааны ажил бичих, аялах, гадаадад сурах зэрэг олон сонирхолтой боломжоос өөрийн хүссэнээ сонгож, суралцах боломжтой байдаг. Оюутнууд суралцах явцдаа доод тал нь гурван удаа Jan Plan хөтөлбөрт хамрагдах ёстой гэж заасан байдаг ч оюутнуудын 90 гаруй хувь нь тус хөтөлбөрт дөрвөн удаа хамрагддаг байна. ЭНД дарж энэ жилийн судалгааны ажил, дадлага, сургуулийн кампус дотор болон гадна ямар ямар хичээлүүд сонгож судлах боломжтойг хараарай. Тун сонирхолтой! 

Оюутнууд нь Хогвартс “стиль”-ийн байранд амьдардаг коллеж 

“Харри Поттер” киноны шүтэн бишрэгчдэд таалагдах өөр нэг сонирхолтой коллежийг танилцуулж байна. Пеннсилвани мужийн Ланкастер хотод орших Франклин & Маршалл (Franklin and Marshall) коллежийг 1787 онд Бенджамин Франклин үүсгэн байгуулжээ. Баялаг түүхтэй тус коллеж өөр нэг сонирхолтой дүрмийг мөрдлөг болгодог. Нэгдүгээр курсийн оюутнууд “Харри Поттер” кинон дээр гардаг Хогвартс сургуультай төстэй байдлаар тохижуулсан таван байрнаас (Bonchek, Brooks, Weis, New, Ware) нэгийг нь сонгож эхний жилдээ амьдрах ёстой байдаг гэнэ. Ингээд тэд байрныхаа лидерийг сонгож, дотоод журмаа өөрсдөө тогтоож, ямар үйл ажиллагааг байрныхаа нэр дээр зохион байгуулах, хуваарилагдсан төсвөө хэрхэн зарцуулах зэргийг дотооддоо ярилцаж тогтдог гэжээ. 

Рид коллеж дүнг чухалчилдаггүй 

Рид (Reed) коллеж оюутнуудаа уламжлалт аргачлалаар үнэлэхээс татгалздаг. Зөвхөн C үнэлгээнээс доош дүн авсан тохиолдолд л тухайн оюутанд мэдэгддэг бөгөөд суралцагчдыг өөр хооронд нь өрсөлдүүлж, жагсаах, шилдэг оюутнуудыг зарлах гэх мэт үйл ажиллагаа явуулдаггүй байна. Тус коллеж оюутнуудаа “тэнцсэн”, “тэнцээгүй” гэж л хоёр хуваадаг гэжээ. Тиймдээ ч Принстон их сургуулиас гаргадаг коллежуудын рейтингэд Reed коллеж ихэвчлэн эхний гуравт жагсдаг байна. 

Кеньон коллеж өөрсдийн гэсэн дархан цаазат газартай 

Кеньон (Kenyon) коллеж орчин үеийн шилдэг технологи, тоног төхөөрөмж, барилга байгууламж бүхий сургуулийн кампустай. Гэвч хамгийн чухал нь энэ биш юм. Тус коллеж 2 км.кв талбайг хамарсан дархан цаазат газартай. Кокосинг голын дагуу орших энэхүү дархан цаазат газар нь олон төрлийн амьтан, ургамал, цэцэрлэгт хүрээлэнтэй бөгөөд оюутнуудын эрхлэн явуулдаг ферм хүртэл бий. Зуны улиралд энд биологийн хичээл орж, шинжлэх ухааны судалгаанууд хийгддэг. Мэдээж хэрэг алжааж ядарсан оюутнууд хэсэг хугацаанд толгойгоо амрааж, байгальтайгаа ойр байх боломжийг олгодог нь хамгийн гайхалтай юм. 

ЗурагТайлбар



Марлборо коллежид оюутнууд сургалтын агуулгаа өөрөө зохиомжлох боломжтой 

ЗурагТайлбар


Вермонт мужийн Марлборо хот дахь Марлборо (Marlboro) арт коллежид ердөө 300 оюутан суралцдаг боловч олон зүйлээрээ давуу талтай аж. Тухайлбал, оюутнуудын өөрөө удирдах ёс коллежид давамгайлах бөгөөд суралцагчид цаанаас боловсруулсан сургалтын хөтөлбөр, агуулгад захирагдах бус өөрийн хүссэн чиглэлээр сургалтын агуулгаа зохиомжилдог байна. Мөн нэг ангид суралцах оюутны тоо 10-аас хэтэрдэггүй гэнэ. 

Сургалтын “төлбөргүй” коллеж 

1855 онд үүсгэн байгуулагдсан Кентаки мужийн Бера (Berea) коллеж оюутнууддаа дөрвөн жилийн сургалтын төлбөр болох 100 мянган долларыг “тэтгэлгээр” олгодог. Өөрөөр хэлбэл, оюутнууд суралцахын хажуугаар ажиллах хөтөлбөрт хамрагдаж сургалтын төлбөрөө төлдөг аж. Тус сургуулийн вэб сайтад бичсэнээр Berea нь ажиллангаа сурахыг албан ёсоор зөвшөөрсөн Америкийн есөн коллежийн нэг юм байна. 

"Лаборатори коллеж"

Охайо мужийн  Антиох (Antioch) коллежийг "лаборатори коллеж" гэж хэлж болно. Учир нь энд оюутнууд академик хичээл үзэхээс гадна биечлэн хийж, турших замаар суралцахыг чухалчилдаг. Тиймээс бакалаврын зэргээр суралцаж буй оюутнуудын хичээлийн гуравны нэг нь дадлага болон орон нутгийн байгууллагуудад сайн дураараа ажиллах хөтөлбөрөөс бүрддэг гэжээ. 

Согтууруулах ундаа хэрэглэдэггүй, эрүүл мэндийг эрхэмлэгч Бард коллеж 

2 км үргэлжилдэг сургуулийн кампус нь бүхэлдээ ногоон байгууламжаар хүрээлэгдсэн, тайван амгалан орчинтой. Бард (Bard) коллежийн нэгдүгээр курсийн оюутнууд заавал оюутны байранд амьдрах ёстой бөгөөд тэнд согтууруулах ундаа хэрэглэхийг хатуу хориглодог аж. Түүнчлэн морь унах, завиар аялах, ууланд авирах, дугуй унах зэрэг эрүүл амьдралын хэв маягийг дэмжсэн олон төрлийн спортоор хичээллэх нөхцөлийг бүрдүүлжээ. Мөн оюутнууд Нью-Йорк дахь шоронгуудад очиж сайн дурын ажил хийх хөтөлбөр ч байдаг гэжээ. 

Жил бүр дадлага хийхийг шаарддаг Беннингтон коллеж 

Вермонт мужийн Беннингтон (Bennington) коллеж нь оюутнуудаа жил бүр дадлага хийхийг шаарддаг Америкийн цорын ганц коллеж юм. Оюутнууд өөртөө тохирсон тусгай хичээлийн төлөвлөгөө зохиохын тулд сургуулийн зөвлөхүүдээсээ тусламж авдаг. Мөн өвлийн улиралд өөрийнхөө сонгосон байгууллагад хоёр сарын турш дадлага хийдэг байна. Тус коллежийг “Хаан ширээний тоглоом” цувралд тоглосон жүжигчин Питер Динклэйж, найруулагч Алан Аркин нар төгсчээ. 

Корнелл коллежийн оюутнууд сард нэг л хичээл судалдаг 

Айова муж дахь Корнелл (Cornell) коллежийн оюутнууд "нэг удаа нэг л хичээл" гэсэн зарчмыг баримталдаг гэнэ. Өөрөөр хэлбэл, сард нэг л хичээл судална гэсэн үг юм. ( Корнеллийн их сургуулиас тусдаа үйл ажиллагаа явуулдаг коллеж)

Оюутан бүрийнхээ төсөл, судалгааны ажил, дадлагыг санхүүжүүлдэг коллеж 

Индиана мужийн Эрлхэм (Earlham) коллеж оюутан тус бүрээ дадлага хийх, судалгааны ажил бичих, олон нийтэд суурилсан төсөл хэрэгжүүлэхэд нь зориулж санхүүжилт олгодог. 

Ирээдүйн энтрепренерүүдийг бэлдэх зорилготой Харви Мудд

Калифорни муж дахь Харви Мудд (Harvey Mudd) коллеж нь шинжлэх ухаан, математик, инженерийн чиглэлийн сургалтдаа онцгой анхаарал хандуулдаг. Түүнчлэн Clinic Program-д хамрагдсан оюутнууд нь томоохон компани, үндэсний лаборатори, энтрепренерүүдийн ивээн тэтгэдэг төслүүд дээр ажиллах боломжтой юм. 

Эх сурвалж: Business Insider

Хамгийн их уншилттай
1
2024.03.17
“Монгол түйрэн” маргааш ирнэ гэж БНСУ-д анхааруулав
2
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
3
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
холбоотой мэдээ
1
2024.01.25
Алисагийн тэмдэглэл: Хэн нэгний танд зориулан илгээж байсан хамгийн гоё дуу юу вэ?
2
2024.01.10
Технологийн салбарт ажиллахад хамгийн таатай газраар Юнител групп шалгарлаа
3
2023.12.15
Миллениалуудын ажлын орчин | Ээлтэй, хүртээмжтэй МУИС
санал болгох
1
2024.04.11
Сэтгэл зүйчид хандах цаг нь болжээ гэдгийг батлах 7 шинж тэмдэг
2
2024.04.10
Хүмүүсийн дахиж хэзээ ч үзэхгүй гэж ам тангараг өргөсөн 15 аймшгийн кино
3
2024.04.10
Таныг хувь тавилан гэж байдагт итгүүлэх 16 зурагт хайрын түүх

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
0
1
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.