Хайх зүйлээ бичнэ үү

6 мин

Ардчилал, хараат бус байдлынхаа төлөө тэмцэж буй хонконгчуудын түүхийг ойлгоход туслах 6 кино


Яг одоо Хонконгод ямар үйл явдал өрнөж, нөхцөл байдал хэрхэн хурцдаж байгаа талаар сонссон уу? 

Хоёр сая хүнийг хамруулсан жагсаалын эхлэл

Гэмт хэрэгт холбогдсон иргэдийг Хятадад шилжүүлж шүүлгэх хуулийн төслийг эсэргүүцсэн хонконгчууд зургаадугаар сарын 9-нд анх тайван жагсаал эхлүүлэв. Эхний жагсаалд нийт 240 мянган иргэн оролцсон бол хоёр дахь жагсаалд нэг сая хүн оролцож хүрээгээ тэлсэн юм. Иргэдийн эсэргүүцлээс үүдэн хотын захирагч Кэрри Лам тус хуулийн хэлэлцүүлгийг цуцалж, жагсагчдын эсрэг хүч хэрэглэсэндээ уучлал гуйсан юм. Харин Конконгийн иргэд эл үйлдлийг хангалтгүй хэмээн үзэж хотын захирагчийг огцруулахыг шаардан дахин жагсчээ. Хонконг нийт 7.5 сая хүн амтай бөгөөд гурав дахь жагсаалд 2 сая иргэн оролцсон гэх тооцоо гарсан юм. 

Хонконгчууд эхэндээ гэмт хэрэгтнийг эх газрын Хятадад шилжүүлэх хуулийг батлахыг эсэргүүцэж байсан бол сүүлдээ ардчилал, бие даасан засаглалаа хамгаалахын төлөө жагсаж эхэлсэн бөгөөд эсэргүүцлийн хөдөлгөөн сүүлийн  долоон долоо хоногийн турш үргэлжилж байна. Үүнтэй холбоотойгоор жагсаалд оролцоод буцаж явсан гэм зэмгүй иргэд рүү метроны буудал дээр үл таних этгээдүүд дайрч, модон савх, төмөр турбагаар зодож гэмтээсэн хэрэг гарсан. Түүнчлэн Хятадын интернэт троллууд Хонконгийн ардчиллыг дэмжигчдийг онилж эхлээд байна. 

150 жилийн турш Их Британийн колони байсан Хонконг 1997 онд Хятадын мэдэлд шилжсэн бөгөөд тухайн үед Хонконгийг 2047 он хүртэл бие даасан хууль, эрхзүйн системтэй байлгана гэсэн тохиролцоо хийсний үндсэн дээр Хятадын талд шилжүүлжээ. Гэвч Бээжин сүүлийн жилүүдэд Хонконгийн бие даасан байдалд халдсан шийдвэрүүд гаргах болсон нь хонконгчуудын дургүйцлийг ихээхэн хүргэдэг. Хонконгийн удирдагчдыг сонгоход эх газрын Хятадаас нөлөөлөх болсны улмаас 2014 онд “Шүхэртэй хувьсгал” хэмээх томоохон тэмцэл өрнөж байсан.


Бид Хонконгийн түүх, эх газрын Хятадтай харилцах харилцаа, тэдний хооронд үүссэн зөрчил, тэмцэл, хонконгчуудын бие даасан, хараат бус байх гэсэн хүсэл эрмэлзлийн талаар гүнзгий ойлголттой болохыг хүсэж буй хүмүүст дараах зургаан уран бүтээлийг санал болгож байна. 

1. From Beijing With Love (1994)

Стивен Чоу бол Хятад, Хонконгт хамгийн их танигдаж, үзэгчдэд хайрлагдсан найруулагч, жүжигчин билээ. Монгол үзэгчид түүнийг Kung Fu Hustle, CJ7 зэрэг киногоор нь сайн мэдэх биз ээ. 

Түүний найруулж, гол дүр нь тоглосон "From Beijing With Love" кинонд тусгай даалгавар гүйцэтгүүлэхээр Хятадаас Хонконг руу илгээсэн тагнуулчийн тухай гардаг. Стивен Чоу махны худалдаачны дүрээр халхавчилсан Хятадын агент 007-ийн дүрийг бүтээх бөгөөд эх газрын Хятад, Хонконгийн соёлын ялгааг кинонд хөгжилтэй, хошин байдлаар илэрхийлэн гаргажээ. 

Мөн 1989 онд Тяньаньмэний талбайд болсон аймшигт үйл явдлын дараа хүмүүсийн оюун санаанд гарсан өөрчлөлт, автократ засаглал, авлига зэргийг давхар шүүмжилсэн өнгө аястай бүтээл юм. 

2. Made in Hong Kong (1997)

1997 онд буюу Хонконг Хятадын бүрэлдэхүүнд шилжсэнээс хойш хэдхэн сарын дараа Фрут Чаны зохиолыг нь бичиж найруулсан Made in Hong Kong кино нээлтээ хийж байжээ. Жижиг гэмт хэргийн бүлэглэлийн гишүүн, сургуулиа хаясны улмаас гэрээсээ хөөгдсөн ахлах ангийн сурагч, өвчтэй охин, сэтгэцийн өвчтэй найзуудын нөхөрлөлөөр дамжуулж хонконг залуучуудын амьдралыг харуулдаг. Тус бүтээл шилжилтийн үеийн хонконгчуудын итгэл алдарсан, гутранги мэдрэмжийг тун чадамгай дүрсэлжээ. 

Хэдийгээр Made in Hong Kong кино маш бага төсвөөр бүтсэн ч 1998 оны Hong Kong Film Award-ийн 19 номинацид нэр дэвшиж, 13-т нь шилдгээр шалгарч байсан юм. Тус бүтээлийг 71 дэх удаагийн Академи Авардст Шилдэг гадаад хэл дээрх кино номинацид нэр дэвшүүлэх санал гаргасан ч зохион байгуулах хороо татгалзжээ. Киноны 20 жилийн ойгоор тус бүтээлийг дахин дэлгэцнээ гаргаж байв. 

3. Election (2005)

Долоодугаар сарын 21-нд эсэргүүцлийн жагсаалд оролцоод буцаж явсан хонконг иргэд рүү үл таних этгээдүүд дайрч, зэрлэгээр зодож гэмтээсэн хэрэг гарсан билээ. Яагаад цагдаа нар цагтаа ирсэнгүй вэ, яагаад олон нийтийн газар зэрлэг балмад үйлдэл гаргаж, иргэдийг гэмтээж байхад цагдаа нар урьдчилан сэргийлэх, хамгаалах арга хэмжээ авсангүй вэ гэх шүүмжлэл хонконгчуудын дунд маш их гарсан. Мөн нь цагдаа нар гэмт хэргийн бүлэглэлийнхэнтэй холбоотой байж болзошгүй гэх хардлага ч үүссэн. 

Харин Жонни Тогийн найруулсан Election кинонд Хонконгийн гэмт хэргийн бүлэглэлүүдийг захирах эрхийн төлөөх тэмцэл хийгээд нөхцөл байдлыг намжаахаар зорьж буй цагдаа нарын талаар өгүүлнэ. Гэмт бүлэглэлийн гишүүд шинэ толгойлогчоо сонгохын тулд нууц газар товлож, санал хураалт явуулах бөгөөд ялалт байгуулсан нь Хонконгийн "хар нийгэм" хэмээгддэг мөнгө хүүлэл, хар тамхины наймаа, шөнийн клуб, массажны газруудыг хяналтандаа авах эрх олж авах аж. Энэ нь зөвхөн кинонд ч бус бодит байдалд ч байдаг үйл явц юм. 2013 онд Хонконгт үүнтэй төстэй хэрэг гарч байсан бөгөөд мөргөлдөөний улмаас 16 хүн баривчлагдаж, хэд хэд нь ял сонсчээ. 

4. Ten Years (2015)

Ten Years нээлтээ хийсэн даруйдаа шуугиан дэгдээж байсан ч хоёрхон сарын дараа Хонконгийн бүх кино театраас буусан юм. Тухайн үедээ 10 хүрэхгүй кинотеатрт найман долоо хоногийн турш гаргасан ч 6 сая хонконг долларын (770 мянган ам.доллар) ашиг олж, кино хийсэн өртгөө 10 нугалж чадсан байна. Мөн Hong Kong Film Awards-ийн шилдэг киногоор шалгарч, 2016 оны Нью-Йоркын кино фестивальд үзэгчдийн хүртээл болжээ. Кинонд 10 жилийн дараах Хонконгийн амьдралыг таван өөр үйл явдлаар дүрслэн үзүүлэх агаад тус бүрийг нь өөр найруулагч найруулжээ. 

5. Joshua: Teenager vs. Superpower (2017)

Жошуа Вонг эдүгээ дөнгөж 23 настай. Тэрбээр 14 настай сурагч байхдаа хэсэг нөхдийн хамт Сколаризм хөдөлгөөнийг бий болгож, хичээлийн хөтөлбөрт Хятадын коммунизмын шинжтэй “тархи угаах” мэдээлэл байсныг эсэргүүцэн жагсаал хийж байжээ. Сколаризм хөдөлгөөнийг татан буулгасны дараа тэрбээр Демосисто улс төрийн намыг үүсгэн байгуулж, Хятадын Засгийн газар, түүний бодлогыг хэрэгжүүлэгчдийн эсрэг зоригтойгоор, тууштай тэмцэж эхэлжээ. Жошуа Вонг бол 2014 оны Хонконгийн "Шүхэрт хувьсгал"-ыг тэргүүлсэн оюутнуудын нэг юм. Netflix 2017 онд түүний амьдралын түүхийг харуулсан Joshua: Teenager vs. Superpower баримтат киног гаргасан байна. Заавал үзүүштэй бүтээлүүдийн нэг!

6. The Crossing (2018)

Найруулагч Бай Сю суралцахын тулд өдөр бүр мянга мянгаараа Хятадаас Хонконгийн хилийг давж буй оюутнуудыг 16 настай Пейпэй хэмээх охины дүрээр төлөөлүүлжээ. Пейпэй эх газарт амьдардаг олон хятад иргэний адилаар Хонконгод амьдрал ахуйгаа босгож, мөрөөдлөө биелүүлэхийг зорих авч эцэст нь iPhone утас хулгайгаар хил давуулж худалдаалдаг бүлэглэлд орж, нэмэлт орлого олохоос өөр аргагүйд хүргэнэ. 

Эх сурвалж: QZ

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
Өчигдөр
Кайли Женнер жүжигчин Тимоти Шаламегээс жирэмсэн болсон гэх цуурхал гарчээ
2
Өчигдөр
tvN-ий түүхэн дэх хамгийн өндөр хандалттай 15 драм
3
3 өдрийн өмнө
Гэртээ кино үзээд бэлэг аваарай
санал болгох
1
5 цагийн өмнө
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
2
Өчигдөр
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу
3
3 өдрийн өмнө
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
0
0
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.