Хайх зүйлээ бичнэ үү

14 мин

Auteur ингэж төрсөн: ХОУ СЯОСЯНЬ | Tegshee's Movie Corner


Тайваний найруулагч Хоу Сяосянь өдгөөгөөс найман жилийн өмнө “Улаан бөмбөлгийн нислэг” (Flight of the Red Balloon, 2007) киногоо хийснийхээ дараа “Би арт киноны хувьд хийдгээ хийсэн, одоо араагаа солих цаг болжээ. Дараачийн арван жилийг би тулаант кино хийхэд зориулмаар байна. Тан улсын үед үнэхээр гайхалтай, тоймгүй их тулаант романууд бичигдсэн байдаг. Тэднээс эмэгтэй алуурчны тухай өгүүлэх нэг роман сонгож кино болгохоор шийдээд байна” гэж мэдэгдээд найман жил таг чиг байсны эцэст “Хөлсний алуурчин” (The Assassin) бүтээлээрээ энэ жилийн Каннын кино наадмаас шилдэг найруулагчийн шагнал хүртсэнээр кино урлагтаа тун ч дуулиан шуугиантайнхан эргэн ирэв.

Уран бүтээлийн эрчтэй, эхэн үедээ тэрбээр найман жилд (1981-1989) долоон кино хийсэн нь цөм Венец, Берлин зэрэг олон улсын кино наадмуудаас нэр хүндтэй шагнал хүртэж байсан түүхтэй. Өдгөө бол орчин цагийн кино урлагийн мастер (auteur) хэмээн хэдийн хүлээн зөвшөөрөгдсөн Хоу Сяосянь гэх хятад эрийн удаан үргэлжилсэн зураг авалт, цомхон хүүрнэл, эгээ л бодит амьдралаас таслаад дэлгэцнээ тавьчихсан мэт уран сайхны хэтрүүлэг, хачир чимэггүй баримтат мэт бодитой кинонууд нь үзэгчдэд тийм ч онцгой бус, кино хэл, онцлогийнх нь нэг бүрдүүлбэр мэт ойлгогдож болох юм. Ер нь аливаа уран бүтээлчийн эрэл хайгуул, адармаатай замнал нэгэнт амжилтад хүрсэн хойно мэдээжийн явдал шиг санагддаг эсвээс авьяас хэмээх ойлголтоор явцууруулан тайлбарлагдах нь бий. Үнэндээ уран бүтээлчийн замнал гэдэг ганц авьяасад дулдуйдсан хэрэг биш, нэр хүндтэй наадмын шагналын цом атгаж буй нүд гялбам ганц агшнаас хавьгүй урт, адармаатай хэрэг билээ. Ялангуяа хувь уран бүтээлчийн нээлт, ололт бүтээл болон хэлбэржихдээ гаднын олон хүчин зүйлээс хамааралтай ярвигтай үйл явцыг туулах болдог кино хэмээх нүсэр урлагт уран бүтээлч байх тухай яриа улам түвэгтэй байх нь мэдээж. Тиймээс ч энэ бичвэрээрээ Хоу Сяосянь хэмээх найруулагчийн уран бүтээлийн замнал руу түлхүү өнгийхийг зорив.

Хоу Сяосянь 1947 оны хавар, Хятадын Куантун мужид төрсөн боловч нэг ой өнгөрч байхад нь тэднийх гэр бүлээрээ Тайвань руу нүүжээ. Тэр бол 50 жил Тайванийг ноёрхож асан Япон улс дэлхийн II дайнд ялагдаж, 1945 онд Тайванийг Хятадад эргүүлэн өгсөн түүхэн цаг тохиож байсан үе. Түүнчлэн Эх газарт өрнөж буй Коммунист хувьсгалаас дөлөн зайлсхийгсэд Тайвань арал руу олноор нүүж байсан үе. Хоугийн аав ч цагийн байдлыг ажин, илүү боломжтой ажлын орчин дагаж Тайваньд нүүн ирээд хэсэг ажиллаж байгаад нутаг буцахаар төлөвлөж байжээ. Гэвч тэдний гэр бүлд Эх газар луугаа буцах хувь олдоогүй аж.

1949 онд Чан Кайшигаар удирдуулсан Гоминданы арми Мао Зэ Дун тэргүүт коммунистуудад ялагдсанаар эх газраас шахагдан Тайвань арал руу шилжин ирж, түүнээс хойш Гоминданы засгийн газар Тайванийг удирдах болж, Цэргийн тусгай хууль олон жилээр үйлчилж, цагийн байдлыг даган эх газраас олноор нүүн ирэгсэд хийгээд уугуул нутгийханы дунд үүсэх зөрчил, тэмцэл зэрэг орчин цагийн Тайваний түүхэн дэх хамгийн ороо бусгаа цаг үед Хоу Сяосяний бага нас тохиосон байдаг.

Өөрийн өсөх насны амьдралыг дүрсэлсэн “Амьдрах, үхэхийн цагт” (A Time to Live, A Time to Die, 1985) кино түүний уран бүтээлийн эхэн үеийн онцгой өв. Чухамдаа тэрбээр тухайн цаг үеийн нийгмийн ороо бусгаа байдлыг дэлгэхээс илүүтэй өсөх насныхаа туулж амссаныг өөрт мэдрэгдсэн тэр чигээр нь кино хальснаа буулгасан гэж болно. Өдөржин гудамжаар хэсүүчлэн тоглох хүүгийн бага нас, халуун бүлээрээ ширээний ард суугаад хооллох хормууд, аавынх нь үхэл, Эх газар луугаа буцахын хүслэн болсон эмээ , ээжийнх нь үхэл, хүүгийн дунд сургуулиа төгсөх шалгалт, сэтгэлтэй охиныхоо гарт дурлалын захиа атгуулах мөч, эхлээд хоёулаа их сургуульд орцгооё гэх охины хариулт, зөвхөн тэр л хариултаас болж их сургуулийнхаа элсэлтийн шалгалтад мэрийн бэлдэх өсвөр насны хүү, Эх газар луугаа буцах хүслээ энэ ертөнцөөс аваад буцах хүүгийн эмээ. Хүний дурсамж гэдэг эрхэм. Ялангуяа бага насны дурсамж юутай ч зүйрлэмгүй сайхан. Амьдралын учрыг арай илүү ухаад ирэхээр зөнгөөрөө урссан энгийн хором мөч ч л сэтгэлд дотноор хадагдан үлдэж буйг бид анзаардаг. Одоотой харьцуулахад итгэмээргүй тарчиг картын барааны зурвас үед талхан дээрээ сахар тавьж идчихээд өдөржин баяртай харайлгадаг бага насны өдрүүд маань, гэр бүлээрээ нэг дор олуулаа амьдардаг болохоор ач, зээ нь өвөө, эмээгийн хүүхдүүд болж өсдөг ихэнхийн маань хувьд боорцог хайраад зогсож буй эмээгийн төрх, өвөөгийнхөө гараас хөтлөөд гудамжаар маадгар алхаж байсан тун энгийн хором мөч л насан туршид сэтгэл бүлээцүүлэх дурсамж болдог. Тайвань, эсвэл Монголд хаана ч, ямар ч цаг үед байлаа хүн болсон хойно ийм нэг эгэл, нандин дурсамж цөмд нь бий. “Амьдрах үхэхийн цагт” киног үзэхэд найруулагчийн ийм нэг эрхэм дурсамж руу өнгийж байгаа нь үзэгчдэд эрхгүй мэдрэгдэнэ. Тиймээс ч уг кино тун энгийн боловч үзэгчдийн сэтгэлд гүнзгий хүрдэг билээ. Энэ утгаар Хоу Сяосяний сайх киног үзэж дуусгахад үзэгчээс тодорхой урьдач нөхцөл шаардаж мэдэх юм, гэхдээ тэр нь кино ийм байх ёстой гэсэн академик баримтлал, кино боловсрол, оюунлаг гэгдэх элдэв үзүүлэлтийн аль нь ч бус, ердөө л бусдын болоод өөрийн амьдралын эгэл хормуудыг тогтоон ажих, тэр л эгэл хормуудаас уянгалах яруу сайхныг мэдрэх сэтгэлийн чанар юм.

Амьдрах үхэхийн цагт киноАмьдрах үхэхийн цагт кино

“Өвөөгийнд өнгөрүүлсэн зун” (A Summer At Grandpa’s, 1984) хэмээх кино ч ийм энгийн хэр нь хүний сэтгэлийг хөндөх чанараар дүүрэн. Ээж нь өвдөж эмнэлэгт хэвтсэн тул их хот Тайбэйд амьдардаг ах дүү жаалууд буйд сууринд амьдрах өвөөгийндөө зуныг өнгөрөөх болдог. Бас л хүүхдийн ертөнц, жаргалтай дүр зураг. Олон зүйлийн учрыг сайн ухаагүй болохоор л сэтгэл амар, өдөржин гудмаар хэсүүчлэн тоглож, оройд гэртээ орж ирж хам хум хоол идчихээд гэдэс гарч, дэрэн дээрээ толгой тавьж нүд хамхимагц нам унтаад, маргааш нь өнөөх өдрийг ахиад уг чигээр нь нэг бүрчлэн давтах авч уйдаж залхахыг мэдэхгүй тийм хүүхэд насны жаргал. Хоу Сяосяний эхэн үед хамаарах бүтээлүүдэд ер хүүхэд нас, гэр бүлийн ердийн амьдралын зураглал зонхилдог.

Хоу Сяосянь харин өөрөө хүүхэд байхдаа чамгүй хөдөлгөөнтэй, зүггүй жаал байсан гэдэг. Сургууль, гэр хоёрын тойргоос хэтэрдэггүй номын жаалуудыг бодвол үеийнхэнтэйгээ нийлж гадуур их тэнэдэг байснаас Эх газраас сүүлд нүүж ирэгсдийн дундаас Тайвань аялгатай хятад хэлээр чөлөөтэй ярьдаг, нутгийн уугуул Тайвань иргэдтэй ойр дотно өссөн зэрэг нь түүнийг Хятад бус Тайвань хүн болж төлөвшихөд нөлөөлсөн биз. Хоу Сясяонь Тайваний кино уран бүтээлчийн хувиар улсынхаа түүхийн хамгийн эмгэнэлт хэрэг явдлуудын нэгийг үнэн мөнөөр нь дэлгэх үүргийг өөртөө хүлээлгэсэн байх магадтай. Тиймээс ч уран бүтээлийн эхэн үедээ хүүхэд нас, гэр бүлийн сэдвээр бүтээл туурвидаг байсан тэрбээр 1989 онд “Гунигт хот” (City of Sadness) хэмээх Тайваний түүхийн хамгийн эгзэгтэй үе буюу 1949 онд Гоминданы засгийн газар Тайванийг удирдах болж,  Цэргийн онцгой хууль гарган Японы хамсаатан, төр засгаас урван тэрслэгчид хэмээн Тайваний олон мянган иргэдийг хорьж цагдан, хороож байсан “Цагаан Айдас”-ын үеийг харуулсан түүхэн кино хийсэн юм. Энэ бол Тайваний кино урлагт тухайн үедээ нийгмийн дунд хориотой байсан үүх түүхийг анх удаа зоригтой хөндөж кино хийсэн явдал байв. Ингэхдээ нийгэм, улс төрийн зөрчил, тэмцлийг кино болгоход түлхүү ашиглагддаг хүчирхийлэл, дарлал, яргалал зэргийг товойлгон харуулж, тэрхүү хүнд байдлыг сөрөн тэмцэх чин зоригт баатар эрийн дүр бүтээх маягаар тухайн түүхэн үйл явдлыг аль нэг тал руу гуйвуулах эсвээс үнэлэлт дүгнэлт өгөхийг урьтал болгоогүй юм. Хоуд “Цагаан Айдас”-ын тэрхүү хатуу хөтүү цаг үе энгийн ард иргэдийн амьдралд ямар ул мөр үлдээснийг бодитоор дэлгэх нь л илүү чухал байв. Тиймээс ч “Гунигт хот” киног кино урлагийн түүхнээ гарсан хамгийн бодитой түүхэн мэдүүлэг гэж нэрийдэх нь бий. Хурц өрнөл, тайлал, оргил гэх зүйл огт үгүй  3 цаг үргэлжлэх сайх киног харин Тайваньчууд олноор таашаан үзэж,  цаашлаад тухайн жилийнхээ Венецийн кино наадмаас “Гунигт хот” кино Алтан арслан хүртсэн нь Тайваний кино Венецийн кино наадмын дээд шагналыг хүртсэн анхны тохиолдол болжээ.Тухайн үеийн Тайваний кино урлагаас дэлхийн хэмжээнд хүлээн зөвшөөрөгдөх найруулагч ийн тодрон гарч ирсэн нь яавч жир бус хэрэг байв. Учир нь Хоу Сяосяний идэр нас, Тайваний кино урлагийн нөхцөл байдал кино уран бүтээлч төлөвшин хөгжих тийм ч таатай хөрс суурь байгаагүй билээ.

Гунигт хот кино

Гунигт хот кино

Их сургуулийнхаа элсэлтийн шалгалтад тэнцээгүйн улмаас цэргийн алба хаах болсон идэр Хоу албаныхаа чөлөө цагаар байнга кино үзэх болсон нь цаашид кино найруулагч болно гэх хүслийг асаасан гэдэг. Тиймээс тэрбээр цэргээс халагдмагцаа 1969 онд Тайваний Урлагийн их сургуульд элсэн оржээ. Тухайн үед Тайваний кино урлагт төрийн хатуу хяналт үйлчилдэг, киног улс төрийн үзэл суртлыг ухуулах, сурталчлах, эсвээс нийгэм, түүхийн бурангуй явдлыг цайруулах хэрэгсэл болгон ашигладаг байснаас кино урлагийн хөгжил сул, тиймдээ ч кино зах зээлийн дийлэнх нь хөрш Хонг Конгийн тулаант, эсвэл инээдмийн, хайр дурлалын сэдэвт кинонуудаар дүүрсэн, их сургуулийн сургалтын хөтөлбөр ч кино бус театрын найруулга, тавилт зонхилсон сургалттай байжээ.

Юутай ч Хоу Сяосянь сургуулиа төгсөөд Тайваний арилжааны кино зах зээлд нэвтэрч ажлын гараагаа туслах найруулагчаар эхэлж байх 1970-аад оны дундуур Тайваний кино урлагт хайр дурлалын романаас сэдэвлэсэн драм кинонууд ид дэлгэрч байв. Тайваний нийгэм, иргэдийн аж амьдралын бодит байдлыг мэдэхгүй үзэгч бол Тайваньчууд цөм Барууны хэв маягаар зассан гял цал өрөө тасалгаанд амьдарч, бүгд кофе шопоор үйлчлүүлж, цөм Христийн сүмд гэрлэж, үндэсний соёлын ул мөр нь ердөө савхаар хоол идэх мэтийн шалихгүй зүйлсээр илрэхээс биш толгой дараалан шахуу баруунжсан улс байдаг юм гэж тэдгээр киноноос ойлгогдохоор аж. Товчоор тухайн үед ид дэлгэрээд байсан сайх кинонууд Тайваний бодит байдлыг бус, харин бодит байдлын орлуулга болох гял цал орчин, баруунжсан амьдралын хэв маягийг л үзүүлж байв. Ийм нөхцөлд туслах найруулагчаар долоон жил ажиллахдаа Хоу олон нийтэд таалагдах арилжааны зорилгоор гол дүрийн жүжигчнээр сонгогдсон, жүжиглэхдээ маруухан царайлаг дуучид, загвар өмсөгчидтэй голдуу зууралдах болж, хальсаа хэмнэх үүднээс богино зургууд авч эвлүүлгээр гүйцээх, сцен хооронд хаа хамаагүй үсчсэн хурдтай зураг авалт дунд жүжигчдийн үнэмшилтэй тоглолт алдагдах, гэрэлтүүлгийг тулгаж авсан ойрын зураг авалтаар нөхөх зэрэг тухайн үеийн Тайваньд кино  хийхэд түгээмэл хэрэглэгддэг байсан арга барилын доголдлыг ханатал мэдэрчээ.

Эдвард Янг, Цаи Мин-Лянь зэрэг орчин цагийн Тайваний нэгэн үеийн нэртэй найруулагчидтай харьцуулахад Хоу Сяосяний уран бүтээлийн замналд гэгээрч, боловсруулах гадны нөлөө тун бага, тухайн үеийн Тайваний орон нутгийн кино найруулагчдын л дундаж зам мөрийг туулсан байдаг. Феллинигийн киног анх үзээд нойрондоо дийлдэн дуг хийж байсан хүн барууны арт кино урлагаас суралцсан гэхэд бэрх. Тэгээд ч мань эрийн хоёр жилд нэг кино хийх шахуу эрчтэй туурвилын 1980-90-ээд онд дурын нэг нь интернетээс хүссэн киногоо татаад үзэх, кино урлагийн бичмэл эх сурвалжид чөлөөтэй нэвтрэх, мэдээлэл хүртэх, бие даан боловсрох боломж энэ цаг үеэс эрс хомс байсныг тааварлахад бэрх бус. Тиймээс 1983 онд үе тэнгийн  хоёр Тайвань найруулагчтай хамтран гурван өөр хүүрнэлээс бүрдэх “Сэндвичэн хүн” (Sandwich Man) хэмээх кино хийхдээ л кино гэгч зүйлээр нухацтай санаа гаргаж болдог юм байна гэж ухаарсан гэдэг. Тэр бол Хоу Сяосянь бүрэн хэмжээний гурван ч кино гаргачхаад байсан үе. Түүний дараачаас уран бүтээлийн эрэлхийлэлд илт шамдаж, Тайваний үе тэнгийн найруулагчдын хүрээлэлд орж, тэд нь ч цуглаж уулздаг, уран бүтээлийн тухай үзэл бодлоо солилцдог, хэн хэндээ зөвлөдөг зэрэг уран бүтээлч нөхөрлөл маягийн сүлжээ байсан бололтой.

download1Зүүн гар талаас хоёрт Хоу Сяосянь, Эдвард Янг нар үе тэнгийн Тайвань найруулагчидтай хамт…

1984 он буюу “Өвөөгийнд өнгөрүүлсэн зун” киноноос Хоу Сяосяний хожмын нэрийн хуудас болсон удаан зураг авалт, цомхон хүүрнэл зэрэг нь цухалзаж эхэлсэн байдаг. Өмнө гол төлөв жүжиглэх авьяасгүй царайлаг дуучид, загвар өмсөгчидтэй ажиллаж байсан түүнд хүүхдүүдтэй ажиллах хавьгүй хялбар байсныг хожмоо дурссан нь бий. Хоу кинондоо тоглуулж буй хүүхдүүдээ хэзээ ч зэмлэдэггүй, жүжиглэлт нь тааруухан байвал камер юм уу гэрэлтүүлэг болохгүй байна гэж өөр зүйлээр шалтаглан зураг авалтыг зогсоож байгаад ахин эхлүүлдэг, тэгээд ч гурав, дөрөв дэх удаагийн зураг авалтаас хүүхдүүдийн тоглолт мэдэгдэхүйц сайжраад эхэлдэг байж. Түүний киноны хүүхдүүд жүжиглэж буй биш зүгээр л кинон дотор дураараа тоглож наадаж, үнэнхээр амьдарч байх шиг бодитой байдаг.

“Өвөөгийнд өнгөрүүлсэн зун” киноноос эхлээд тэрбээр Тайваний нэртэй зохиолч, романч Жү Тиань-Вэнь хэмээх эмэгтэйтэй хамтарч ажиллах болсон агаад “Гунигт хот”, “Мянганы мамбо”, “Баяртай өмнөд минь”, “Шанхайн цэцэгс” зэрэг Хоугийн хожмын олон алдартай киноны зохиолыг эл бүсгүй бичсэн билээ.

Өдгөө Хоу Сяосяний нэрийн хуудас болсон удаан зураг авалт үнэндээ гоо зүйн юм уу, академик мэдлэгээс үүдсэн сонголт бус, туслах найруулагчаар ажиллаж байх үеийн жүжигчдийн “одоо  эхэл, боль” гэж удирдуулсан камерын өмнөх хиймэл тоглолтоос халширсан хүний сонголт юм. Түүний хувьд жүжигчдийн бодитой тоглолт, мөн киноны аяндаа өрнөх хэм, ритмийг алдагдуулахгүй байх чухал. Тиймээс ч жүжигчдийн тоглолт, киноны тогтсон хэм, уур амьсгалыг таслахгүй үүднээс удаан үргэлжилсэн зураг авдаг, жүжигчдийг зохиолд бичсэн харилцан яриаг ягштал хэлэхийг албаддаггүй, өөртөө эвтэйхнээр өөрчлөн засахыг нь зөвшөөрдөг байна.

Мянганы мамбо киноМянганы мамбо кино

Тайваний арилжааны кино үйлдвэрлэлээс Хоугийн олж авсан бас нэг сургамж-ололт бол киноны уур амьсгалыг бүрдүүлэхэд гэрэлтүүлэг хэчнээн чухлыг ойлгосон явдал юм. 1880-аад оны Шанхайн дөрвөн эмсийн хүрээлэнд өрнөх үйл явдлыг дүрсэлсэн “Шанхайн цэцэгс” (Flowers of Shanghai, 1998) кино гэрэлтүүлэг, зураглаачийн ажлаар содон уур амьсгал бүрдүүлж болдгийн нэг жишээ. Киноны үйл явц зөвхөн тосон дэнгээр гэрэлтүүлсэн эмсийн хүрээлэнгийн өрөө тасалгаан дотор өрнөдөг, тэрхүү дэнгийн өтгөн улбар гэрэл үзүүштэй тансаг зураглалыг үзэгчийн өмнө дэлгэх авч хэдийн гоо үзэмж их ч эмсийн хүрээлээгийнхээ өрөө тасалгаанаас гадагш гардаггүй бүсгүйчүүлийн давчуу, түгжигдмэл амьдралыг мөн давхар мэдрүүлдэг. “Мянганы мамбо” (Millennium Mambo, 2001) киноны эхлэл хэсгийн гэрэл, зураглаачийн ажил, жүжигчний тоглолтоор бүрэлдүүлсэн уур амьсгал яг л харах яруу найраг мэт хэмээн үнэлэгддэг.

Өдгөө бол 20 орчим бүрэн хэмжээний киноны эзэн Тайваний найруулагч Хоу Сяосянь энэ жил 68 насандаа Каннын кино наадмаас шилдэг найруулагчийн шагнал авсан нь түүний уран бүтээлийн урт, нугаршгүй замналынх нь тайлал болсон биз ээ.

Хөлсний алуурчин киноны постерХөлсний алуурчин киноны постер

Орчин цагийн кино урлагийн нэгэн онцлох мастер, Тайвань найруулагчийн тухай нийтлэл маань энд хүрээд өндөрлөх агшинд бичээч би яагаад ч юм монголын кино урлагийн тухай бодолд ээрүүлсээр буй нь хачин. Нийтлэлд дурдагдсан тухайн үеийн Тайваний кино үйлдвэрлэл олон талаар Монголын өнөөгийн кино урлагийн нөхцөл байдалтай давхцаж буйг анзаарснаас ч тэр юм уу. Хэзээ нэгэн цагт монголын маань хөрснөөс мэндэлсэн дэлхийн хэмжээний кино найруулагчийн тухай ийн бичиглэх өдөр ирнэ хэмээн найдсаар төгсгөлийн цэгээ хатгая. ♦

холбоотой мэдээ
1
20 цагийн өмнө
T-ara хамтлагийн дуучин Пак Жиён шинэ олон ангит кинонд гол дүр бүтээлээ
2
22 цагийн өмнө
Жүжигчин Роберт Паттинсоныг "Twilight"-аар л төсөөлдөг хүмүүсийн заавал үзэх 6 кино
3
Уржигдар
Санал болгох: Өсвөр насныхан үзэхэд тохиромжтой хуучны 7 кино
санал болгох
1
18 цагийн өмнө
Муу зуршлаа хаяж, өөрийгөө хайрлаж эхэлсэн залуусын урам зориг өгөх 13 түүх
2
22 цагийн өмнө
Жүжигчин Роберт Паттинсоныг "Twilight"-аар л төсөөлдөг хүмүүсийн заавал үзэх 6 кино
3
22 цагийн өмнө
Сирийн иргэний дайнд нэрвэгдэгсдийг төлөөлөх Жоума хүү

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
0
1
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.