Монгол-Оросын хувь нийлүүлсэн “Улаанбаатар төмөр зам” нийгэмлэг байгуулагдсаны түүхт 70 жилийн ойн баяр наадам өнгөрсөн амралтын өдрүүдэд Хүй долоо худагт болж өнгөрчээ.

Наадмын хүчит бөхийн барилдаанд 128 бөх зодоглосноос улсын аварга Э.Оюунболд долоо даван түрүүлж, улсын гарьд Б.Гончигдамба зургаа даван үзүүрлэжээ.
Мөн уг наадмын хүрээнд соёолон, их насны морьдын уралдаан, шүхэрчдийн буулт, 3х3 сагсан бөмбөгийн тэмцээний шигшээ тэмцээн, шагайн харваа, морин спортын үзүүлэх тоглолт, үндэсний сур харваа зэрэг олон тэмцээн уралдаанууд болж өнгөрчээ.Өнөө жилийн баяр наадмын түрүү бөх улсын аварга Э.Оюунболдын хувьд наадмын дараа зодоглосон анхны барилдаан нь тус наадам болж байна.

Түүнчлэн улсын баяр наадмын шагайн харвааны төрөлд түрүүлсэн "Улаанбаатар төмөр зам" нийгэмлэгийн Л.Болд ахлагчтай багийнханд Зам, тээврийн хөгжлийн сайд болон тус нийгэмлэгийн удирдлагуудын зүгээс баяр хүргэж, хүндэтгэл үзүүлсэн байна.