Хайх зүйлээ бичнэ үү

6 мин

Авирч буй шатыг бүү хөрөөд


"LEAD Mongolia" хөтөлбөрийн "Ил тод байдлыг сайжруулах, авлигын эсрэг баг" нийгэмд хамгийн ихээр тулгамдаад буй авлигын асуудлыг сонгон авч тэр дундаа ирээдүй болсон сурагч хүүхдүүдтэй ажиллах "Сайн сургууль" төслийг санаачлан хэрэгжүүлээд байна. Тэд улсын хэмжээний 10-р ангийн нийт 36 600 сурагчийн 1.3 хувьд нь сургалт явуулж, авилгын эсрэг ойлголт, мэдлэгийг нь дээшлүүлэхээр ажиллажээ. Жижиг санаанаас эхэлсэн тэдний төсөл ийм хэмжээний үр дүнд хүрсэн бөгөөд энэ тайлангаа “Гэрэг” сэтгүүлийн хуудсаар дамжуулан уншигч танаа өргөн барьсан. Түүнчлэн сэтгүүлийг Улаанбаатар хот төдийгүй 21 аймгийн төвийн дунд сургуулиудад түгээх, сурагч хүүхдүүдийн авлигын эсрэг ойлголт, мэдлэгийг нэмэгдүүлэх ажлыг "Монгол шуудан" ХК дэмжихээр болсонд төслийн багийнхан талархлаа илэрхийллээ.


"Гэрэг" сэтгүүлийн "Авирч буй шатыг бүү хөрөөд" нийтлэлийг хүргэж байна.


Манай улсад 1992 онд баталсан Үндсэн хуулийн оршилд монголчууд бид бүгдээрээ хүний эрх, эрх чөлөө, шударга ёсыг эрхэмлэн дээдлэх замаар хүмүүнлэг, иргэний ардчилсан нийгэм цогцлоон байгуулахаар мөрөөдсөн, зорьсон, зориг шулуудсан билээ. Ялангуяа хүн бүрийн заавал эдлэх төдийгүй бусад эрхээ эдлэх тулгуур, суурь баталгаа болдог онцлогтой эрх нь хүн бүр боловсролтой байх эрх. Хүн бүр боловсролтой байхын тулд маш их цаг, зардал, нөөц, хөрөнгө, хүч зарцуулдаг тул төрөөс тусгайлан анхаарч, тэргүүлэх салбар гэж тодорхойлдог. Аливаа улс орон “Хүн бүрд харилцан адилгүй боломж, зам тохиох тул хэн, хаана байхаас үл хамааран аль болох ижил үр дүнд хүрдэг байгаасай” хэмээн харж, ямар нэгэн зааг ялгаагүйгээр чөлөөтэй өсөх, дэвжих боломжийг бүрдүүлэхийн тулд хүн бүрийг үнэ төлбөргүй, тэгш, хүртээмжтэй газар суралцаж, чанартай боловсрол эзэмшүүлэхийг хичээдэг.

Боловсролын салбарт хөрөнгө оруулах, тэр дундаа хүүхдийг хөгжүүлэхийн тулд багаас нь хөрөнгө мөнгө зарцуулах ямар үр өгөөжтэй болохыг Нобелийн шагналт, профессор Жеймс Хекман судалсан байна. Тэрээр хүүхдийг 0-5 насанд ихэд анхаарч, нөөцөө зарцуулсан тохиолдолд хүүхдийн шим тэжээл, суралцах, харилцах ур чадвар, бие махбодын хөгжлийн зэрэгцээ сургуулиас завсардах, анги дэвшихгүй байх, таргалах, бусад халдварт бус өвчнөөр өвдөх, гэмт хэрэг үйлдэх, дунджаас доогуур түвшинд амьдрахаас сэргийлж чадна хэмээн дүгнэжээ. Мөн цөөнгүй судлаачийн бага насны хүүхдэд зориулсан хөтөлбөрийн 40 жилийн үр өгөөжийг үнэлэхдээ “Та 1 ам.долларыг хүүхдэд зориулахад багадаа 4-9, ихдээ 7-12 ам.доллар болж ирдэг”, “Боловсролыг зардал бус эдийн засгийн бүтээмж, татварын орлогыг нэмэгдүүлэнгээ гэмт хэрэг бууруулдаг хөрөнгө оруулалт гэж авч үзэх ёстой”, “Суралцах нь эрчимтэй, амьд процесс. Нэг чадвар дараагийн чадварт дагуулдаг, нэг зүйлд суралцсанаар дахин дараагийн зүйлсийг суралцах үүд нээгддэг. Бага насанд нь хүүхдийн дутагдалтай талыг засахгүй бол хожим суралцах болон нийгмийн амьдралд нь хүндрэл бэрхшээл байнга тулгарах болно. Зөвхөн дутагдалтай талыг нь засахаас гадна давуу талыг нь ч улам бүр дэмжих хөгжүүлэх хэрэгтэй” гэжээ. Цаашилбал, нэн тэргүүнд суралцах орчныг бүрдүүлэх зорилгоор төсвийн зардлын 15-20 хувийг боловсролд зарцуулахыг зөвлөсөн Ослогийн тунхаглал гэсэн баримт бичиг бий. Хөрөнгө мөнгө их зарцуулах хэрээр хүнээ боловсруулж, улс орноо хөгжүүлж цэцэглүүлнэ гэсэн үг.

Их мөнгөний мөрөөр авлигач хүн ялзралыг нийгэмд “хөвдөн доогуур ассан гал мэт” нүднээс далд түгээж, хүн хүнээ ялгасан, гадуурхсан, үл итгэсэн, үл тоосон, нэгнийхээ боломжийг жишимгүй боомилсон харилцаа үүсгэж, сонголтгүй сонголт тулгаж, өөртөө давуу тал, ашиг хонжоо бий болгодог. Эд зүйл өгөрч өмхөрдөг шиг авлигаас хүний үзэл санаа доройтож, үйл хэрэг хоцорч, үр нөлөөгөө ч алддаг. Дэлхийн хаана гэдгээс үл хамааран аливаа салбар, харилцан адилгүй хэлбэртэй байсан ч ялзрал, муу үр дүн авчирдаг. Авлига бол ялзрал. Авлигач байцаагчаас болж, байшингийн хана орой дээрээс нурж унадаг шиг авлигач түшмэлээс болж, муу сурсан хүн “сайн” хэмээн үнэлүүлж сургууль төгсөнө. Авлигач ур чадваргүй, туршлагагүй ч гэсэн хуурмаг “сайн” үнэлгээгээр бусдын боломжийг өөртөө өрсөж авна. Сургууль бүр хүүхдийн бусдаас ялгаатай байдлыг анхаарч ажиллаж чадахгүй, хүүхэд бүрд хүрэх арга зүйгээ боловсруулаагүй, чадавхгүй тохиолдолд авлига ялгаварлан гадуурхах, тусгаарлахыг улам өдөөнө. Жишээлбэл, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн тусгай сургууль, эсвэл хар, улаан, цагаан арьстнаар гадуурхсан, нэгтгэсэн сургууль зэргийг эргэн харж болно. Мөн Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн газрын 2017 оны “Сургуулийн сонголт, сургуулийн ваучер” бүтээлд “Эцэг эх нь хүүхдийнхээ суралцах сургуулийг сонгохдоо чанар, заах арга зүй, шашны сургаал, хүрэлцээтэй байдал, газар зүйн байрлал зэргийг харгалзахдаа давуу эрх эдэлж болно. Гэхдээ давуу боломж ихтэй айлын хүүхэд улсын сургуулийг орхисноор ялгарах, бусдын амьдралыг мэдрэх, төсөөлөхөө болих, нийгэмдээ эв эегүй болох эрсдэлтэй. Иймээс хүүхэд бүр нэг нэгнээ танин мэдэх, тоглох, хөгжих, хамтдаа өсөх боломжийг боловсролын тогтолцоо бүрдүүлж, аль болох улсын сургуульд хамтдаа суралцахыг хөхиүлэн дэмжвэл зохино” хэмээн илтгэжээ.

Боловсролын салбар дахь авлига гэж өөртөө хувийн ашиг хонжоо олох, давуу байдал бий болгох, бусдаас давуу байдал олохын тулд эрх мэдэлтэй, албан тушаалтай хүн төрийн албыг байнга ашиглаж, боловсролын хүртээмж, тэгш боломж, чанарт ноцтой сөрөг нөлөөлөхүйц үйлдлийг хэлж болно. Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн газраас 2017 онд зохион байгуулсан Авлигын эсрэг форумын үеэр боловсролын салбар дахь авлига ямар хор хөнөөлтэйг дараах байдлаар хэлэлцэж дүгнэсэн байна.  

Боловсролын салбар дахь авлигын эсрэг хэрхэн ажиллах вэ? гэсэн асуултад судлаач Халлак, Пойссон нар 2007 онд нийтийн хүртээл болгосон “Бид авлигад автсан ерөнхий боловсролын болон их дээд сургуулийн эсрэг юу хийх вэ?” бүтээлд дараах шийдлийг санал болгожээ:

Авлигатай тэмцэхийн тулд илэрхий, ойлгомжтой хэм хэмжээ, зохицуулалттай байх ёстой. Ялангуяа боловсролын салбарын нөөцийг хуваарилах, зарцуулах, ашиглахдаа оролцогч талууд ямар чиг үүрэгтэй байх, ямар алхам, шатын дагуу ажиллах, ямар бодлогыг хэрэгжүүлэхэд хэрхэн зарцуулах нь ил тод журамласан, тогтоосон байх;

Боловсролын салбар дахь авлигыг бууруулахад эн тэргүүнд зайлшгүй хэрэгцээтэй шаардлага бол алба хаагч, удирдлагын захиргаа, санхүү, хяналт-шинжилгээ, хөндлөнгийн аудит хийх чадавхыг сайжруулах. Зөвхөн захиргааны ажилтнуудаар хязгаарлахгүйгээр Сургуулийн эцэг эх, багшийн холбоо, үйлдвэрчний эвлэл, иргэний нийгмийн бусад байгууллага зэрэг оролцогч талуудыг сургах, тасралтгүй хамруулж бэлтгэх;

Олон нийтэд мэдээлэл авах боломж, хүртээмжийг олгох нь оролцоог хөхиүлэн дэмжих, өөриймшүүлэн асуудлыг харах, нийгэмдээ үзүүлэх нөлөөнд анхаарах зэрэг маш чухал ач холбогдолтой. Үүний үр дүнд сургуулийн үйлчилгээг авч байгаа аливаа этгээд, тэр дундаа хүүхдийн зүгээс хууран мэхэлж байгааг мэдэх төдийгүй ямар эрх эдлэхийн төлөө юу өөрсдөө шаардахаа мэдэж, ухамсарласан байна.

Хүн бүр, тэр дундаа хүүхэд хүртэл чанартай, тэгш хамруулсан, эрх тэгш байдлыг хангасан, үнэ төлбөргүй боловсрол эзэмших эрхийг бодитой эдлүүлэх ёстойг мэдэх, ухамсарлах, шаардах нь хөгжлийн төлөөх нэг алхам ажээ. 

Бадамсамбуугийн Болорсайхан

Хамгийн их уншилттай
1
2024.03.17
“Монгол түйрэн” маргааш ирнэ гэж БНСУ-д анхааруулав
2
2024.03.09
Миягино дэвжээг хаах шийдвэр гарчээ
3
2024.03.11
“Оскар”-ын түүхэн дэх 13 эвгүй явдал
холбоотой мэдээ
1
2024.03.22
1984. Хамбан хөшиггүй таашаах эрх чөлөө
2
2024.03.12
Будапештын тэмдэглэл
3
2024.02.19
Хөрөг | Наддаа чи минь нар байлаа
санал болгох
1
10 цагийн өмнө
Таны ордыг илэрхийлэх кинонууд: Melancholia, Suspiria, Bande à Part
2
11 цагийн өмнө
Өнөө цагийн сэтгэл татам жүжигчдийн нэг Сидней Свинигийн тухай 19 баримт
3
15 цагийн өмнө
Рөүзийг амьд үлдээсэн Титаникийн "хаалга" 718,750 доллараар зарагджээ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
1
0
0
0
0
0