Хайх зүйлээ бичнэ үү

6 мин

Аяллын эхлэл цэг “АЯЛАЛ”


Дуу хөгжим, хөг хэмнэл, бүжихүйн урлаг хүний оюун санаа, гоозүйн мэдрэмжид хэрхэн хүрч, орчлон ертөнцийн юмс бүхэнд хэрхэн нөлөөлдөгийг тодорхойлох арга үгүй. Бүжгийн урлагт уусан шингэж, шинэ мэдрэмж, эрх чөлөө мэдрэхийг хүсэж буй хүн бүхэнд дуулгах таатай мэдээ байна. Ням гарагт буюу энэ сарын 29-нд Улаанбаатар чуулгын тайзнаа нэгэн сонирхолтой тоглолт болох гэж буй нь “Аялал”. Энэ бол мэргэжлийн уран бүтээлчид болон тэргэнцэртэй иргэдийн хамтарсан орчин үеийн бүжгийн тоглолт юм. Монголын Урлагийн Зөвлөл , АНУ дахь Монголын Урлагийн Зөвлөлтэй хамтран хэрэгжүүлдэг “Соёл урлагийн залуу манлайлагч” хөтөлбөрийн хүрээнд хамтын ажиллагаагаа өргөжүүлэх, уран бүтээлчдийн бүтээн туурвих хүслийг дэмжих зорилгоор нийт төгсөгчдийн дунд зарласан төслийн уралдааны үр дүнг “Аялал” тоглолтоос харах юм байна.

“Аялал” төслийг Монголын Урлагийн зөвлөлөөс зохион байгуулдаг “Соёл урлагийн залуу манлайлагч” хөтөлбөрийн жил жилийн төгсөгчдөөс бүрдсэн баг хамтран хэрэгжүүлж байгаа аж. Тодруулбал, 2011 оны төгсөгч, ДБЭТ-ын гоцлол бүжигчин Б.Төгөлдөр, 2017 оны төгсөгч, “Ийгл” телевизийн хөтлөгч А.Жавхлантөгс, 2019 оны төгсөгч, Үндэсний их театрын  ёочин хөгжимчин Т.Өлзийжаргал, Улаанбаатар чуулгын бүжигчин Ж.Номгонмаа нар хамтран “Аялал” төслийг хэрэгжүүлж байна.

Төслийг санаачлагч Улаанбаатар чуулгын бүжигчин, СУИС-ийн Орчин үеийн бүжгийн багш Ж.Номгонмаа “Аялал” тоглолтоороо амьдралын аяллыг харуулахыг зорьж байна. Хүний амьдрал эрээнтэй бараантай, баяр баясалтай байдаг. Хөгжлийн бэрхшээлтэй, бэрхшээлгүй,  хэн байхаас үл хамаарч амьдралын жамыг туулж яваа эс юм. Орчин үеийн бүжгийг ихэнх хүмүүс хип хоп, стрийт дэнс бүжигтэй андуурдаг. Орчин үеийн бүжиг нь баригдмал биш, сэтгэл хөдлөлөө чөлөөтэй илэрхийлдэг нэг урсгал. Энэ тоглолтыг зорьж ирсэн хүмүүс нийгмээс тусгаарлагдаад байдаг хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн дотоод сэтгэлийн илэрхийлэл, мөн чанарыг мэдэрч чадвал бидний гол зорилго биелж байна гэсэн үг. Бид энэ төслөө илүү өргөн цар хүрээтэйгээр үргэлжлүүлэх болно” гэлээ.

ЗурагТайлбар
"Аялал" тоглолтын бэлтгэлийн хэсгээс...





Тоглолтод ДБЭТ-аас гоцлол бүжигчин Төгөлдөр, Нямтайван, Санчир, Улаанбаатар чуулгын бүжигчин Номгонмаа, Норовбанзад, Балжинням, СУИС-ийн Бүжгийн урлагийн сургуулийн бүжигчин Энхтогтох, Энхжаргал, Ичинхорлоо, ОХУ-ын Эрхүү хотоос бүжигчин Анастасия, чөлөөт уран бүтээлч Энхтөр нарын мэргэжлийн бүжигчид, тэргэнцэртэй бүжигчин Х.Соёлдэлгэр, Т.Баатархүү, Д.Цолмон, Б.Гантулга нар оролцож байна. Мөн хөгжмийн найруулагчаар Цагдаагийн “Сүлд” чуулгын хөгжим найруулагч Б.Мягмарбүрэнхүү ажилласан байна.

Улаанбаатар чуулгын бүжигчин, Соёлын тэргүүний ажилтан Б.Норовбанзад “Номгонмаагийнхаа дэглэсэн “Аялал” тоглолтод оролцох болсондоо баяртай байна. Анх санал тавихад маш сонирхолтой санагдсан. Тэргэнцэртэй хүмүүстэй бүжиглэнэ гэхээр шинэ, содон санагдаж, өөрийгөө сорихоор шийдсэн. Би бүжгийн модерн чиглэлд сонирхолтой боловч сүүлийн жилүүдэд огт бүжиглээгүй. Бэлтгэл эхлэх үеэр гадаад руу явчихаад ирсэн. Ирээд бэлтгэлдээ ороогүй байхдаа хүмүүсийнхээ бүжиглэхийг хөндлөнгийн хүний нүдээр харахад цаашид илүү гоё болох боломжтой, сонирхолтой байгааг нь мэдэрч, тоглолтдоо бүр илүү татагдсан даа. Тэргэнцэртэй бүжигчид маань маш сайн байгаа. Эрч хүчтэй, бэлтгэлдээ сэтгэл гаргаж байгаа нь миний бүжиглэх урмыг илүү бадрааж байгаа. Тоглолт дан ганц бүжигчид гэлтгүй багийн цогц ажиллагаанаас бүтдэг. Монголын Урлагийн зөвлөл, Улаанбаатар чуулга дэмжиж, “Delight”-ынхан гэрэлтүүлэг хариуцаж байна. Хөгжмийн зохиолчоор манай Номгонмаагийн нөхөр Мягмарбүрэнхүү ажиллаа. Дэглээчийнхээ хэлснээр аяыг маш мэдрэмжтэй зохиосон. Урам зоригтой, тоглолт маань сайхан болно гэдэгт итгэл дүүрэн байна” гэв.

Тоглолтод оролцсоноор хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст хийж чадахгүй, боломжгүй зүйл байхгүй гэдгийг таниулж, нийгэмд эерэг нөлөөллийн ажил хийж буй тэргэнцэртэй дөрвөн залуу өөр өөрийн түүхтэй.

Тэдний нэг нь Т.Баатархүү. Тэрбээр уул уурхай, хайгуулын “West drilling” компанид өрмийн ажилтнаар ажиллаж байхдаа 2010 оны 11 дүгээр сарын 19-нд Хэнтий аймгийн Цэнхэрмандал суманд 40 тоннын шаланзанд өрөм ачаад дөрвүүлээ явж байхдаа авто осолд оржээ. Ослын үеэр нэг нь нас барж, Т.Баатархүүгийн хоёр хөл бяцарч, хоёр гар нь хугарч хүнд гэмтэл авсан бөгөөд жолооч, ард сууж явсан нэг нь азаар хүнд бэртээгүй аж. Компанийн хариуцлагагүй, буруутай үйл ажиллагаанаас болж эрүүл мэндээрээ хохирсон ч өдийг хүртэл нөхөн төлбөр олж авч чадаагүй явна. Шүүхийн шийдвэр нь компанийн талд гарсан байна. Компани нэгдүгээрт, ангилалгүй жолооч ажиллуулсан, хоёрт, том тэргэнд явах хүний норм хэтрүүлж, гуравдугаарт, дагалдах машингүй явуулсан төдийгүй машины бүрэн бүтэн байдал хангагдаагүй байсан бөгөөд ажилд гарахад нь гэрээ хийгээгүй байжээ.  

Энэ явдлаас хойш хоёр жил орчмын хугацаанд 3-4 удаагийн шүүх хурал болж, түүнийг сэтгэцийн өвчтэй болсон, мэдээлэл өгөх чадваргүй гэх шалтгаанаар тус компанийн захирал н.Шинэхүү гарын үсэг зурж, хэргийг хаасныг мэджээ. Ингээд Хэнтий аймагт, сум дундын шүүхэд хэргийг дахин сэргээсэн байна.Түүний эмчилгээний зардал 300 орчим сая төгрөг болох байсан ч шүүхээс 2 сая гаруй төгрөгийг тодорхойлсон гэнэ. Дахин аймгийн шүүхэд давж заалдах болжээ. Аймгийн шүүхэд давж заалдах үед компаниас нь хэргээ хаалгачих, чамд эмчилгээний зардлыг өгье, Тайландад 80 мянган ам.долларын протез хөл байна түүнийг хийлгүүлье, цалин олгоё гэхээр нь шүүхэд давж заалдахаа больж, 2012 оны наймдугаар сарын 2-нд болох шүүх хурлаа цуцлуулж, хэргээ хаалгуулжээ. Түүнээс хойш компани дээрээ хэд хэдэн удаа очиж, сүүлдээ утсаар ярьдаг болсон ч мөнгө өгөөгүй байна. 2014 оны үед шинэ тэргэнцэр авах 500 мянган төгрөг ганц удаа өгч, хоёр сарын цалин олгожээ. Эцэстээ сураг алдарсан байна. Компанийн нэрээ ч өөрчилсөн бололтой. Одоо хаана хандаж, асуудлаа шийдвэрлүүлэхээ ч мэдэхгүй байгаагаа учирлалаа.    


“Аялал” тоглолтын талаар Т.Баатархүү хэлэхдээ “Ийм төсөл болох гэж байгааг Төрөө дүүгээс сонсож мэдсэн. Би “Тэди” төв дээр утас засдаг. Одоохондоо тоглолтдоо анхаараад ажлаа түр завсарласан. Бэлтгэлдээ гараад сар боллоо. Хөгжлийн бэрхшээлтэй, тэргэнцэртэй хүмүүсийн дотоод дуу хоолойг үзэгчдэд мэдрүүлэхийг зорьж байгаа. Бүжиглэж эхэлснээр биеийн хөдөлгөөн, сэтгэл санаа маш их өөрчлөгдөж, эерэг зүйлсийг мэдэрч байна. Бүжиглэснээр өөрийгөө илүү чөлөөтэй илэрхийлж сурч байна. Тэргэнцэртэй иргэд гэрээсээ гардаггүй, гарсан ч нийгэмших боломж бүрдээгүй, ялгаварлан гадуурхах, үл тоосон байдал ажиглагддаг. Энд ирж, тоглолтод оролцсоноор илүү нийгэмшиж, хүмүүстэй харилцаж, бие дааж сурч байна. Тоглолтоороо бусад тэргэнцэртэй иргэдэд бага ч гэсэн итгэл төрүүлж, нөлөөлнө гэдэгтээ итгэлтэй байна” гэж сэтгэгдлээсээ хуваалцсан юм.

ЗурагТайлбар




Төслийн багийнхан ирэх жил БНСУ-д болох хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн орчин үеийн бүжгийн фестивальд оролцохоор зорьж байгаа аж. Тэд материалаа ирэх хавар явуулах бөгөөд энэ хугацаанд бэлтгэл сургуулилтаа базаахаар төлөвлөжээ. Тэдний аяллын эхлэлийн цэг болсон “Аялал” тоглолтыг үзэхийг хүсвэл тасалбарыг Улаанбаатар чуулгын касс, Монголын Урлагийн Зөвлөлийн байрнаас худалдан авах боломжтой.

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.03.30
Fla ээлжит нэгэн “дисс” дуугаа цацлаа
холбоотой мэдээ
1
2 цагийн өмнө
Энэ жилийн наадмыг Ц.Батнайрамдал 2.9 тэрбумаар найруулна
2
2024.04.11
ТҮК-ийн ажилтнуудын цалинг 3.5 сая төгрөг болгоно
3
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
санал болгох
1
3 өдрийн өмнө
Netflix-ийн хамгийн их хандалттай "3 Body Problem" цувралын тухай 8 баримт
2
2024.04.11
Сэтгэл зүйчид хандах цаг нь болжээ гэдгийг батлах 7 шинж тэмдэг
3
2024.04.10
Хүмүүсийн дахиж хэзээ ч үзэхгүй гэж ам тангараг өргөсөн 15 аймшгийн кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
0
1
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.