Хайх зүйлээ бичнэ үү

7 мин

Аяллын тэмдэглэл: Шанхай хотоор аялахад анхаарах 8 зүйл


Наймдугаар сард надад амьдрал буцалсан дэлхийн хамгийн томоохон хотуудын нэг болох БНХАУ-ын Шанхай хоттой танилцах боломж тохиов. Улаанбаатар хотоос даруй 18 дахин их буюу 26.3 сая хүн амтай метрополитан хотод хүмүүс хэрхэн аж төрдөг нь тун сонирхолтой санагдаж байлаа. 

Өмнө нь Шанхайд очиж байгаагүй тул үзэж харах зүйлс болон зардлаа урьдчилан бодитойгоор тооцоолж аяллаа аль болох тав тухтай, төлөвлөгөөний дагуу байлгахыг хичээж байлаа. Гэвч Хунцяо олон улсын нисэх онгоцны буудалд газардсан мөчөөс эхлэн таамаглаж байгаагүй олон "сонирхолтой" нөхцөл байдалтай нүүр тулав. 

Монгол шиг сэрүүн уур амьсгалтай газраас ирсэн хүн бүрт урд хөршийн бүгчим халуун, салхи нь хүртэл халуунаар үлдээдэг цаг агаар сорилттой санагдах нь гарцаагүй. Өмнө нь Хятадад хэд хэдэн удаа очиж байсан ч цаг агаарт нь ерөөс идээшиж чаддаггүй тул очихоосоо өмнө бага зэрэг эмээж байлаа. Ямар ч тохиолдолд нар, салхи, бороо аль аль нь хослох тул нарны малгай, тос, шүхрээ аваарай гэж захья. Мөн дараах хэд хэдэн зүйлд урьдаас бэлтгэлтэй байх нь чухал юм шүү. 

1. Хаа сайгүй урт дараалал

Шанхай бол Хятад төдийгүй дэлхийн хамгийн их хүн амын нягтаршилтай, том хотуудын нэг. Тиймээс хаана ч очсон хүн ихтэй, дугаарлаж зогсох хэрэг гарна. Жишээ нь, биднийг онгоцноос буугаад такси барихаар гадагш гарахад хүмүүс аль хэдийн урт дараалал үүсгэсэн байв. Тэр бүү хэл онгоцны буудлын тусгай ажилтан уг дарааллыг зохицуулж байсан нь надад хачирхалтай санагдсан. 

Онгоцны буудлын гадна таксинд дугаарлаж буй хүмүүс

Харин маргаашаас нь эхлээд үзвэр үйлчилгээний газар, ресторан, музей, тэр бүү хэл ариун цэврийн өрөөнд хүртэл дугаарлаж зогсохдоо энэ бол Хятадын соёлын "нэг хэсэг" бөгөөд үүнээс зайлсхийх аргагүй гэдгийг хүлээн зөвшөөрсөн дөө. Шанхайг зорьж буй хүмүүст аминчлан захихад музей, сүм хийд, үзвэр үйлчилгээ гэх мэт зочлох газруудынхаа тасалбарыг онлайнаар урьдчилан захиалбал цаг болоод мөнгөнд тун хэмнэлттэй шүү. Шанхайн музейд орох захиалгыг (ороход үнэгүй ч гэлээ) урьдчилж хийгээгүйгээс болж нэг цаг 30 минут дугаарлаж зогссон гашуун түүх надад бий.   

ЗурагТайлбар
Шанхайн музейг үзэхээр дугаарлаж буй хүмүүс
Алдарт Шанхайн Шинжлэх ухаан, технологийн музейг үзэхээр дугаарлаж буй хүмүүс. Хамгийн их үзэхийг хүсэж байсан музейгаа үзэж чадалгүй буцсан даа. 

2. Дуу чимээний бохирдол 

Яг үнэнийг хэлэхэд би зочид буудлын өрөөнөөс өөр нам гүм газрыг Шанхайгаас олоогүй.   Хаана ч очсон ч хүн ихтэй, түүнийг дагаж дуу чимээ тасардаггүй нь өөрийн эрхгүй ядраана. Мөн музей үзэхэд хүртэл зогсоогоороо дугаарлаж явсаар үзэж дуусгах нь элбэг. Аль ч музей нь 3-5 давхар, хэдэн мянгаар тоологдох үзмэртэй тул 3-4 цаг тасралтгүй алхах, зогсоогоороо явах шаардлагатай гэдгийг санаарай. 

3.  Хяналт, шалгалт 

Ерөөс хэдэн саяар тоологдох хүн амтай тул аюулгүй байдлаа хангах үүднээс метро, музей, сүм хийд гэх мэт олон хүн холхисон газар руу нэвтрэхийн тулд цүнх, үүргэвч зэргийг зайлшгүй скайнераар шалгуулдаг. Эхэндээ хяналт, шалгалт нь бага зэрэг төвөгтэй санагдаж байсан ч ганц хоёр хоноод дассан. Монгол шиг хаа дуртай газар руугаа шууд яваад орно гэсэн ойлголт энд бараг байхгүй.   Мөн үйлчилгээний газруудад ихэвчлэн залуучууд олноороо ажиллаж харагдсан. 

4. Үйлчилгээний соёл 

Хэдийгээр ресторан, хоолны газрууд нь байнгын очертой байх ч үйлчлүүлэгч ширээнд ирж суусан л бол хоёр, гурван зөөгч нэгэн зэрэг ирж хоолны захиалга авч, уух зүйл хийж өгнө. Захиалсан хоол удаан хүлээгдэхгүй, зөөгчийг дуудах гэж ядаж цөхөх зүйлгүй нь таатай санагдсан. Түүнчлэн аль ч газар орсон ариун цэврийн өрөө, хогийн сав гэх мэт нь хангалттай олон, хаягжуулалт, тэмдэглэгээ нь маш ойлгомжтой байсныг дурдах нь зүйтэй. Монголчууд бид урд хөршийн үйлчилгээний соёлоос суралцах зүйл ихтэй гэдгийг анзаарсан. 

Аяллыг хөнгөвчлөх шийдлүүд: 

5. Метро хамгийн оновчтой шийдэл...

Автомашиныхаа зам дээр "амьдардаг" Улаанбаатарын оршин суугчийн хувьд Шанхайн нийтийн тээврийн хэрэгслээр зорчиж үзээд нулимс унагах дөхсөнийг нуух юун.    Ялангуяа Шанхайн метро хямд, ашиглахад ойлгомжтой, хурдан, тухтай, цэвэрхэн гээд давуу тал их. 

Shanghai public transportation card-ийг 20 юаниар худалдаж аваад 100 юаниар цэнэглэсэн байхад 7 хоног зорчиход хангалттай хүрэлцэнэ. Мөн үлдэгдэл мөнгөө буцааж авах эсвэл автобус, такси, усан онгоц, троллейбус гээд аль ч тээврийн хэрэгслээр зорчиход ашиглаж болно. Шанхай хот үндсэн 16 метроны шугамтай бөгөөд зорчих зайнаас хамаарч 2-4 юань төлдөг. Автобус нь ч мөн ойролцоо үнэтэй байдаг. 

Хэрэв та хятад хэл мэдэхгүй бол очихоосоо өмнө англи хэлтэй метроны апп татаж авах хэрэгтэй. Харин хятадаар хайлт хийх хэмжээний хэлний мэдлэгтэй бол Baidu эсвэл метроны аппликейшнд одоо байгаа байршил болон очих газраа бичихэд л хэд дугаарын автобус, метронд суух, хэдэн буудал явах, буугаад хаашаа, хэдэн метр алхаж хүрэхийг нэг бүрчлэн гаргаад ирнэ. 

5. Холбоотой байя   

Зарим хүмүүс магадгүй гадагшаа явахдаа роуминг үйлчилгээ авдаг байх. Гэхдээ дотоодын үүрэн телефоны дугаараар гадаадад холбоо барих, дата авах нь өртөг өндөртэй санагдсан. Тиймээс очсон хотоосоо түр ашиглах дугаар авсан нь хавьгүй оновчтой шийдэл юм. Интернэтийн хувьд 1-4 цагийн дотор ашиглах эрхтэй 1-2GB дата нь ойролцоогоор 5-7 юанийн үнэтэй байсан санагдаж байна. Харин цагийн хязгаарлалтгүй 1GB датаг 27 юаниар худалдаж авсан. 

6. Wechat, Wechat, Wechat

Урд хөршид гар утас, интернэт, Wechat байхад бүх зүйл боломжтой, өдөр тутмын амьдрал нь бүхэлдээ дижитал технологид суурилдаг. Бүх төлбөр тооцоо, харилцаа холбоо, хэрэгцээт мэдээллийг Wechat-аар авдаг. Харин гадаадын иргэн Wechat-аар дамжуулж төлбөр тооцоо хийхийн тулд Хятадын аль нэг банканд данстай байх шаардлагатай. Дийлэнх үйлчилгээний газруудад гар утсаараа QR код уншуулаад л төлбөрөө төлчихнө. Зарим нь бүр бэлэн мөнгөөр тооцоо хийдэггүй юм билээ. 

7. VPN ажиллах уу?   

Миний туршлагаар бол iPhone утастай хүмүүс л VPN (үнэгүйг нь) ашиглах боломжтой байсан. Мэдээж байнга VPN орох боломжгүй бөгөөд VPN асаасан тохиолдолд интернэтийн хурд эрс буурна. Харин Huawei, Xiaomi зэрэг хятад утаснуудад VPN ерөөсөө ажиллахгүй байв. Мөн интернэтээс уншиж байхад MapsMe Хятадад ажиллана гэж байсан ч мөн л iPhone утас хэрэглэгчидтэй л тус аппликейшнийг ашиглах боломжтой байсан. Тиймээс газрын зургийн апп ашиглана гэж бодож байвал iPhone утастай байх    эсвэл хятад апп ашиглана гэсэн бэлтгэлтэй байгаарай. 

8. Хаана хооллох уу?   

Хотын аль хэсэгт байгаагаас хамаараад хоолны үнэ, орчин харилцан адилгүй. Ингэхдээ Baidu браузерийн тусламжтайгаар өөрт ойр байрлах ресторануудын байршил, хоолны үнийг мэдэж болно. 

Нанжиний гудамжинд байрлах хятад ресторан

Хэрэв та хятад хоол идэхэд ямар нэгэн асуудалгүй бол сонголт харьцангуй өргөн, үнэ ч боломжийн байх болно. Жишээ нь, бид Нанжиний худалдааны гудамжинд байрлах хоолны газарт орж дээрх хоолыг захиалахад ойролцоогоор 400 юань төлөв. 

Харин Shake Shack, McDonald's зэрэг түргэн хоолны газарт зургаан хүн ганц ганц бургер авахад л 500 гаруй юань зарлагадаж байв. Түүнчлэн хотын төвийн ресторанд нэг таваг хоол хамгийн багадаа 70 юанийн үнэтэй байдаг. 

Хотын төвд байрлах ресторан

Эсрэгээрээ бидний байрласан зочид буудлын ойролцоох япон рестораны сэт хоол ийм үнэ байх жишээний. 

Япон рестораны менюДараагийн удаа Шанхай хотоор аялах бол хаана очиж юу үзэх, хэрхэн хотын түүхтэй танилцах талаар уншигчидтайгаа хуваалцах болно. 

холбоотой мэдээ
1
3 өдрийн өмнө
Зориг сангийн "Залуу манлайлал" хөтөлбөр 17 дахь жилдээ зарлагдлаа
2
3 өдрийн өмнө
Б.Нямдаваа: Сургалтын төлбөрт өгөх гээд цуглуулж байсан мөнгөөрөө киногоо эхлүүлж байсан
3
4 өдрийн өмнө
Йелийн их сургуулийн 'аз жаргалтай амьдрах тухай' хичээлийг онлайнаар үзэх боломжтой бо...
санал болгох
1
3 өдрийн өмнө
Өргөдлийн байнгын хорооноос нээлттэй хаалганы өдрийг зохион байгууллаа
2
3 өдрийн өмнө
"The Hu" хамтлаг шинэхэн уран бүтээлээ нийтэд цацлаа
3
3 өдрийн өмнө
iPhone, Samsung зэрэг ухаалаг утас хэвийн хэмжээнээс их цацраг туяа ялгаруулж байгааг т...

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
1
0
0
0
0
1
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.