Хайх зүйлээ бичнэ үү

9 мин

Баялгаасаа болж баяжсан хийгээд баларсан орнууд: Иран, Нигери 


Хэвлий дэх үнэт ашигт малтмалынхаа ачаар манай улс хөгжиж буй орны ангиллаас хөгжингүй орны зэрэглэл рүү нүүх үү, эсвэл үлдэх үү гэдэг асуудал дээсэн дөрөөн дээр дэнжигнэж буй. Ашигт малтмалынхаа ачаар баяжсан орон байхад баялгийн хараал тусаж баларсан орон ч бий. Энэ түүхийг бид цуврал болгон танилцуулж буй билээ. Энэ удаа Иран хийгээд Нигерийг онцолж байна.

Иран 

  • Хүн ам: 81.16 сая 
  • Дундаж наслалт: эр 75, эм 77 
  • Ажилгүйдэл: 11.8 хувь 
  • ДНБ: 439.5 тэрбум ам.доллар (2017)
  • Нэг хүнд ногдох ДНБ: 5415 ам.доллар 
  • Төсвийн орлого:  77.2 тэрбум ам.доллар 
  • Төсвийн зарлага:  86.2 тэрбум  ам.доллар 
  • Инфляц: 9.6 хувь 
  • Үндэсний валют: Риал

Газар нутгийнхаа хэмжээгээр манай орны урд гишгэх Исламын Бүгд Найрамдах Иран улс эдийн засгийнхаа цар хэмжээгээр дэлхийд 18 дугаарт бичигдэнэ. Экспортын бүтээгдэхүүнийх нь 80 хувийг газрын тос, байгалийн хий эзлэх ба Засгийн газрын орлогын 64 хувийг мөн л энэ салбар нь төвлөрүүлдэг аж. Ираны эдийн засгийн өөр нэгэн онцлог бол шашны байгууллага олонтой. Түүнийх нь нийт төсөв Засгийн газрынх нь төсвийн 30 хувьтай тэнцэхүйц аварга гэнэ.

Иран бол тогтмол эерэг үр дүн үзүүлдэг эдийн засагтай цөөхөн орны нэг.  Хувьсгалын өмнө Ираны эдийн засаг хурдацтай хөгжиж байжээ.

Уламжлалт хөдөө аж ахуй зонхилж байсан нийгэмд 1970-аад оноос аж үйлдвэржилт хэмээх шинэ өнгө нэмэгдсэн аж. Гэвч 1978 онд Исламын хувьсгал дэгдсэн нь эдийн засгийн хөгжилд чөдөр тушаа болжээ.

Иран 1979 оноос хойш эдийн засгийн хараат бус байдал, ажил эрхлэлт, иргэдийн амьдралын түвшинг сайжруулах зэрэг урт хугацааны зорилт дэвшүүлэн ажилласан байдаг. Улмаар “унтаж байсан” эдийн засаг нь сүүлийн хорин жилд сэргэж, уул уурхай, үйлдвэрлэл, хөдөө аж ахуйн орлого нь нэмэгдсэн байна.

Тус улсын ДНБ-ий дийлэнхийг уул уурхай, аж үйлдвэрийн салбар эзэлдэг, дараа нь хөдөө аж ахуй бичигддэг аж. XXI зууны эхээр үйлчилгээний салбар сэргэж, төсөвт төвлөрүүлэх орлогын хэмжээгээр дээгүүр эрэмбэлэгдэх болжээ. 2006 онд Засгийн газрын төсвийн 45 хувь нь газрын тос, байгалийн хийн орлогоос, 31 хувь нь татвараас ордог байсан бол 2017 оны байдлаар нийт экспортын 64 хувийг газрын тос эзлэх болж дээрх тоо өндөрсөв.  Газрын баялгаас олсон орлогоо жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжихэд зарцуулсны үр шим богино хугацаанд гарч, НҮБ-ээс хагас хөгжингүй орны зэрэглэлд оруулжээ. 

Хүнс, эрчим хүчний үнийн хяналт, мөнгөн тэтгэмж зэрэг хэтийдэх хандлагатай, хууль бус наймаа, авлига гаарсан нь эдийн засгийнх нь хөгжлийг хойш чангаах талтай. Гэхдээ зүгээр ээ, газрын тос, байгалийн хийн арвин баялагтай, түүнийгээ зөв ашиглаж чадсаны ачаар эдийн засгийн хувьд тусгаар тогтнож, гадаад валютын нөөцөө 100 тэрбум долларт хүргэж чадаж байна. Ираныг төсвийн алдагдалд оруулдаг үндсэн шалтгаан нь Засгийн газраас олгодог их хэмжээний мөнгөн тэтгэмж байв. Иран хүнс, шатахуун зэргээр иргэддээ их хэмжээний тэтгэмж өгдөг байжээ. 2008 онд л гэхэд зөвхөн эрчим хүчний салбарт 84 тэрбум долларын хөнгөлөлт үзүүлсэн гэх тооцоо бий. Эдийн засгийн эрс шинэчлэлийн төлөвлөгөө нь бодитоор хэрэгжиж тэтгэмжийг огцом бууруулж, хэмнэсэн мөнгөө сургууль, цэцэрлэг, зам тээвэр гээд дэд бүтцэд зарцуулж эхэлснээр хөгжлийн зам нь шуударчээ. Одоо гол асуудалдаа оръё.

Иран байгалийн хийн нөөцөөрөө дэлхийд хоёр (нийт нөөцийн 15 хувь), газрын тосны нөөцөөрөө дөрөвдүгээрт (10 хувь) эрэмбэлэгддэг юм. ОПЕК-ийн гишүүн уг орон газрын тос олборлолтоор Саудын Араб, Иракийн дараа ордог. Тиймдээ ч эрчим хүчний хүчирхэг гүрэн гэгддэг. Тэд зөвхөн газрын тос, байгалийн хийн нөөцдөө найдсангүй, 15 жилийн өмнөөс эрх баригчид дотоодын хэрэгцээг хангахад чиглэсэн гэр ахуйн хэрэгсэл, автомашин, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн, эмийн үйлдвэрлэлийг хөгжүүлж эхэлжээ. Түүнийхээ ачаар өнөөдөр гадаад орнууд бүтээгдэхүүний экспортдоо хориг тавьсан ч санаа зовохооргүй хэмжээнд дотоодынхоо хэрэгцээг хангах болов. Өдөрт дөрвөн сая баррель газрын тос олборлодог энэ улсад 2004 он гэхэд байгалийн хийн сураг дуулдаагүй ч байв.

Гэхдээ түүнийг олж илрүүлэн ашиглаж, нүүрс, газрын тосны станцууд дээрээ усан цахилгаан станц нэмсэнээр эрчим хүчний үйлдвэрлэл нь жилийн 304 тераватт-д хүрсэн байна. Энэ дүнгийн 67 хувийг байгалийн хийгээс, 28 хувийг газрын тос, үлдсэнийг нь усан цахилгаан станцаас хангадаг. Хүн ам нь сүүлийн 20 жилийн дотор хоёр дахин өссөн, түүнчлэн аж үйлдвэр эрчимтэй хөгжиж буй тул ирэх жилд эрчим хүчний хүчин чадлаа 40 ба түүнээс дээш хувиар нэмэгдүүлэх зорилт өвөртөлсөн аж. Ираны нэг хүнд ногдох эрчим хүчний хэмжээ дэлхийн дунджаас 6.5 дахин их байдаг. 

Эдүгээ Иран газрын тос, байгалийн хийнээс гадна эм, химийн бүтээгдэхүүн, үр жимс, самар, автомашин, хивс, техник экспортолдог. Нийт газар нутгийнхаа 20 хувийг боловсруулж, газар тариалан эрхэлдэг бөгөөд үр тариа, цайны ургамал, тамхи, жимс, төмс, хүнсний ногоо, халуун ногоо, самар гээд маш олон төрлийн бүтээгдэхүүн тариалдаг энэ орон зөвхөн ашигт малтмалдаа найдаад суусангүй. Тэнд мал, шувуу, зөгий үржүүлэг, загасны аж ахуй цэцэглэжээ. Аж үйлдвэр ч энд чамгүй хөгжиж. Цаас, химийн бүтээгдэхүүн, төмөр, зэс, цемент, автомашин, холбооны тоног төхөөрөмж үйлдвэрлэж, түүгээрээ дотоодынхоо хэрэгцээг хангаад зогсохгүй экспортолдог. Иран улс газрын тосноосоо жилд 50 тэрбум долларын цэвэр ашиг халаасалдаг юм билээ.  Энэ орны хэвлийд хар алтнаас гадна нүүрс, төмрийн хүдэр, зэс, хар тугалга, цайр, молибден, уран харамгүй заяажээ. Хэдийгээр сүүлийн жилүүдэд тус улсын эдийн засгийн гол үзүүлэлтүүд доошилж, үндэсний валютын ханш унаж, ажилгүйдлийн хувь өссөөр буй ч Засгийн газар нь энэхүү хямралыг давах арга хэмжээг авч, амжилттай давж гарсаар байгаа юм. 

Нигери 

  • Хүн ам: 191 сая 
  • Дундаж наслалт: эр 55, эм 56 
  • Ажилгүйдэл: 19 хувь 
  • ДНБ: 375.8 тэрбум ам.доллар 
  • Нэг хүнд ногдох ДНБ: 1968 ам.доллар 
  • Төсвийн орлого: 14 тэрбум ам.доллар 
  • Төсвийн зарлага: 22.1 тэрбум  ам.доллар 
  • Инфляц: 16.5 хувь 
  • Үндэсний валют: Найра

Газрын тосноос өөр тулгуургүй Нигерийн эдийн засаг улс төрийн тогтворгүй байдал, макро эдийн засгийн ядуу бодлого, авлигад удаан хугацаанд идэгджээ. Хажуугаар нь бас “Боко Харам” мэтийн алан хядагч бүлэглэлүүд зовооно. 

Холбооны Бүгд Найрамдах Нигери улсын цэргийн эрх баригчид эдийн засгаа төрөлжүүлэхээ таг мартсан гэлтэй. Зөвхөн газрын тосноос хамаардаг тус улсын Засгийн газрын орлогын 70 хувийг энэ салбараас бүрдүүлдэг. Хүнс, тээврийн хэрэгсэл, техник, химийн бүтээгдэхүүн гээд хэрэгцээний бараг бүх зүйлсээ импортоор хангадаг энэ улс эрдэс баялгийн нөөцөөрөө хөшүүрэг хийн, хүн амынх нь 70 хувийг нөмөрсөн ядуурлаас ангижрахыг оролдож буй. 

Нигерийн газрын тосны одоогоор тогтоогдсон нөөц нь 35 тэрбум баррель, байгалийн хий нь 2800 шоо.км. Ирантай адил ОПЕК-ийн гишүүн эл орон өдөрт дунджаар 2 сая баррелийг олборлодог  аж. АНУ Нигерийн газрын тосны хамгийн том хэрэглэгч бөгөөд нийт бүтээгдэхүүнийх нь 40 хувиар хэрэглээнийхээ 10 хувийг хангадаг.

Байгалийн баялгийн уулга алдам их нөөцтэй атлаа ядуурал, авлигад нэрвэгдсэн эл улсад “баялгийн хараал” хүрчээ хэмээн эдийн засагчид санааширдаг. Байгалийн хий, газрын тосны үнэ өсөж буйн ачаар л Нигери өдий зэрэгт хүрсэн агаад эдгээр бүтээгдэхүүний дэлхийн зах зээл дэх үнийн хэлбэлзэл энэ улсад асар хүнд тусдаг.

Тус улсын газрын тосны салбарын орлогын 80 хувь нь Засгийн газарт төвлөрч, 16 хувь нь үйл ажиллагааны зардалд зарцуулагдаж, харин үлдсэн дөрвөн хувь нь хөрөнгө оруулагчдадаа үлддэг аж. Хэдий тийм ч бүхэл бүтэн 80 хувийн цорын ганц нь л нигеричүүдийн хэтэвчинд ордог хэмээн Дэлхийн банкнаас тогтоожээ. Харин 2005 онд Парисын Клубтэй (19 орноос бүрдэх санхүүгийн үйлчилгээний групп) гэрээ байгуулсны ачаар Нигери өрөө хагасалсан аж. Нигерийн эрх баригчид орлогоо зохистой хуваарилан зарцуулж чаддаггүйн дээр маш буруу бодлого баримталдаг гэнэ. 

Хүний хөгжлийн индексээрээ 177 орноос 151-т жагсдаг энэ улсад дэд бүтэц өнөө хэр нь дутагддаг. Угтаа Нигери Африкийн хамгийн том эдийн засаг юм. Хүн амынх нь тэн хагас нь боловсрол доогуур. 2003-2007 онд эдийн засгийн шинэчлэл хийхээр Үндэсний эдийн засгийг хөгжүүлэх стратеги (NEEDS) хэмээх сүржин нэртэй хөтөлбөр боловсруулжээ.

Үүний ачаар ахуйн хэрэглээний цэвэр ус, эрчим хүчний хүртээмж, хувийн салбарыг хөгжүүлэхэд саад болж байсан тотгор, авлигыг арилгах зэрэгт бага ч атугай ахиц дэвшил олсон хэмээн үздэг аж. Гэхдээ Засгийн газар нь хөтөлбөрийн дүнд долоон сая ажлын байр шинээр бий болгож, эдийн засгийг төрөлжүүлж, аж үйлдвэр болон хөдөө аж ахуйн бүтээмжийг дээшлүүлнэ хэмээн найдсан боловч гавьтай үр дүнд хүрээгүй байна. Олон улсын байгууллагууд эдийн засгаа хөгжүүлэхийн тулд хүн арддаа анхан шатны боловсрол олгох хэрэгтэй хэмээн зөвлөдөг. Ядуурал, өлсгөлөнг багасгахаас гадна эх, хүүхдийн эндэгдлийг бууруулж, ДОХ/ХДХВ зэрэг өвчинтэй тэмцэх шаардлага тулгарчээ. 

Хөгжих боломжтой салбар уг нь хөдөө аж ахуй. Гэвч буруу менежмент, Засгийн газрын тогтворгүй, ядмагхан бодлого, дэд бүтцийн хөгжил муутайн харгайгаар энэ салбар үндсэндээ хаягджээ. Нэгэн цагт какао, газрын самар, каучук, дал модны тосны экспортоор толгой цохидог байсан эл улсын хөдөө аж ахуйн салбар хоцрогдсон сорт, олон жилийн настай мододтойгоо адил хөгшрөв. Шувууны аж ахуйгаараа Африктаа тэргүүлдэг байсан ч ганцхан жилийн дотор 18 сая шувуугаа алдсан байна. Нэгэн цагт Африкийг хангаж байсан Нигерийн хөдөө аж ахуй хүн амын өсөлтөө гүйцсэнгүй. Дэлхийн хүмүүнлэгийн тусламжийн болон санхүүгийн байгууллагаас эднийд байнгын хандив, тусламж өгч, төсөл хэрэгжүүлдэг. Дэлхийн банкнаас л гэхэд 120 гаруй төсөл хэрэгжүүлсэн байдаг.

Нигерийг хөрөнгө оруулалтыг түлхсэн бодлоготой хэмээн олон улсын шинжээчид шүүмжилдэг. Хөрөнгө оруулалт муу байдаг нь хэт өндөр татвартай нь холбоотой аж. Тиймээс гадаадын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэхийн тулд саяхан Засгийн газар нь татвараа бууруулжээ. Одоогоор хамгийн том хамтрагч нь БНХАУ. Сүүлийн жилүүдэд хамтын ажиллагаа нь тэлж, аж үйлдвэр, газрын тос, дэд бүтцийн салбарт 10 тэрбум орчим ам.долларын хөрөнгө оруулжээ. 


Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.22
1984. Хамбан хөшиггүй таашаах эрх чөлөө
3
2024.03.12
Будапештын тэмдэглэл
санал болгох
1
2 цагийн өмнө
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
2
Өчигдөр
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу
3
Уржигдар
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
0
0
0
0
0
0
0