Хайх зүйлээ бичнэ үү

4 мин

Баянхошууны 67, 76 дугаар сургуулийн сурагчдад сонгодог урлагийг хүргэлээ


Нийслэлийн 67 дугаар сургуулийн урлагийн танхимд 100 гаруй хүүхэд суудлаа эзэлж, тайзан дээр Монгол Улсын Консерваторын хийлчид байраа эзэлжээ.  Боловсрол, Соёл, Шинжлэх ухаан, Спортын яам, Монголын Урлагийн Зөвлөл, Монголын Мэргэжлийн Хөгжмийн Холбоод хамтран Ерөнхий боловсролын сургуулийн хүүхдүүдэд зориулсан сонгодог хөгжмийн анхан шатны мэдлэг олгох сургалт, тайлбарт тоглолтыг өчигдөр (2019.09.25) Сонгино хайрхан дүүргийн 67, 76 дугаар сургууль дээр хийж, нийт 200 гаруй хүүхдийг хамрууллаа.

Энэхүү үйл ажиллагаа нь Монголын Урлагийн Зөвлөлөөс санаачлан хэрэгжүүлж буй "Урлаг хөгжлийн төлөө" хөтөлбөрийн хүрээнд явагдаж буй бөгөөд нийслэлийн алслагдсан дүүргийн сургуулиудад анхлан хэрэгжиж байгаа нь энэ юм.

Хөтөлбөрийн хүрээнд Монгол Улсын Консерваторын хөгжимчид нийслэлийн 67 дугаар сургуулийн хүүхдүүдтэй сонгодог урлагийн талаар халуун дотно яриа өрнүүлж, В.А. Моцарт, Ж.Брамс, Л.В.Бетховен, П.Менделсон, Х. Брегович, Де Капуо зэрэг дэлхийн сонгодог хөгжмийн сод туурвигчдын сор бүтээлээс толилуулсан юм.

Түүний дараагаар хөгжимчид хүүхэд багачуудтай найрал хөгжмийг хэрхэн удирдах, урлагийг мэдрэх мэдрэмж, урлаг хүнийг хэрхэн төлөвшүүлдэг талаар чөлөөт яриа өрнүүлэн, сонгодог хөгжмийн зэмсгүүдийн гарал үүслийн талаар ойлголт өгөв.

Нийслэлийн 67 дугаар сургуулийн захирал Ч.Алтансүх "Сонгодог урлаг гэдэг гайхалтай хэл. Улс үндэстэн бүр өөр өөр хэлтэй ч урлаг гэдэг нэг хэлээр холбогддог. Манай сургуулийг зорьж ирээд хүүхдүүдэд сонгодог урлагийн талаарх ойлголтыг өгч байгаа МУЗ, МСХХ-ны хамт олонд талархал илэрхийлж байна. МУЗ өмнө жилээс эхлэн манай сургууль дээр шил лааз, хаягдал түүхий эдээр урлагийн бүтээл хийх төсөл хөтөлбөр хэрэгжүүлсэн. Японы эрдэмтний судалгаа байдаг юм билээ. Аягатай ус сонгодог хөгжим тавиад хөлдөөхөд нэг нь зөв талсттай хөлдсөн. Тэгэхээр хүний биеийн 70 гаруй хувь нь ус учраас сонгодог хөгжим хэрхэн нөлөө үзүүлэх нь ойлгомжтой шүү дээ. Насанд хүрэгчдэд ч гэсэн хэрэгтэй сургалт болж байна" хэмээсэн юм.


“Урлаг Хөгжлийн Төлөө” төсөл нь МУЗ-ийн Олон нийтийн урлагийн боловсролын хөтөлбөрөөр хэрэгжүүлдэг төслүүдийн нэг юм. Хөтөлбөрийн зорилго нь хүүхэд залуучууд, олон нийтэд урлагийн боловсрол олгох, соёлын өвөө өвлүүлэн үлдээх, урлагаар дамжуулан тогтвортой хөгжил, ардчиллын үнэт зүйлс, хүний эрх, байгаль орчин, ногоон хөгжлийн талаарх олон нийтийн ойлголтыг нэмэгдүүлэхэд оршиж байгаа аж.

Хөтөлбөрийн эхлэл амжилттай болж, нийслэлийн 76 дугаар сургуульд үргэлжлэв. Сургуулийн урлагийн танхим мөн л хүүхдүүдээр дүүрчээ. Энэ удаад Оросын алдарт хөгжмийн зохиолч С.Прокофевийн "Петер, чоно хоёр" симфони үлгэрийг Улсын Дуурь Бүжгийн Эрдмийн театр, Монгол Улсын консерваторын хөгжимчид содон үлээвэр найрал хөгжимд хөрвүүлэн толилуулсан юм.

Ингэхдээ хөгжимчид гобой, флейт, фагот, валторн гэх дөрвөн өөр хөгжмийн зэмсгээр тоглосон бөгөөд хөгжим бүр үлгэрт гарах шувуу, өвгөн, чоно, хүү зэргийн дүрийг төлөөлж байснаараа онцлог байв.
Энэ удаад үлгэрийг дэлгэцээр үзүүлж, найрал хөгжмийн тоглолттой уялдуулсан нь хүүхдүүдэд таалагдаж байсныг тоглолтын дараах тэдний ярианаас мэдэж болно.

Нийслэлийн 76 дугаар сургуулийн захирал Х.Баяржаргал "Энэ оны дөрөвдүгээр сараас манай сургууль дээр энэхүү төсөл хэрэгжиж эхэлсэн. Эцэг эхчүүд таатай хүлээн авч байгаа. Төслийн хүрээнд дөрөвдүгээр сард "Хог бол хог биш" хөтөлбөрийг зохион байгуулж, хог хаягдлаар бүтээл урлаж түүгээрээ үзэсгэлэн гаргасан. Өнөөдөр сонгодог хөгжмийн тайлбарт тоглолт зохион байгуулж, хүүхдүүдтэй халуун дотно яриа өрнүүлж байгаад нь манай хамт олон баяртай байна" гэсэн юм.

Урлагийн боловсролын хөтөлбөрийн захирал Х.Оюундарь  "Соёл урлагаар дамжуулж, хүүхэд залууст гоо зүйн боловсрол олгох зорилготой хөтөлбөр хэрэгжиж байна. Энэ хөтөлбөрийг бид ММХХ-той хамтран гурав дахь жилдээ хэрэгжүүлж байгаа. Энэхүү сургалт нь хотын захын алслагдсан дүүрэгт байгаа хүүхэд залууст соёл урлагийн талаар мэдлэг хуримтлуулж, уран бүтээлчидтэй яриа өрнүүлдгээрээ онцлог. Бид цаашдаа олон сургуулиудад хөтөлбөрөө хэрэгжүүлнэ" гэлээ. 

Монголын Мэргэжлийн Хөгжмийн холбооны үүсгэн байгуулагч Н.Мөнхтуяа "Манай холбоо энэхүү тайлбарт тоглолтыг анх санаачилж, албан газар сургуулиуд дээр тоглож эхэлсэн. Сүүлийн хоёр жил Монголын Урлагийн Зөвлөлтэй хамтран БСШУСЯ-ны дэмжлэгтэйгээр өрнүүлж байна. Урлагтай ойр байсан хүүхэд зөв хүн болж өсдөг гэсэн суурь ойлголтын хүрээнд бид төслөө хэрэгжүүлж байгаа. Тэгэхдээ голчлон гэр хорооллын, алслагдсан сургуулиудаар тоглохыг зорьдог. Энэ төсөл цаашдаа олон сургуульд үргэлжилнэ" гэв.

Цаашид “Урлаг Хөгжлийн Төлөө” төслийн хүрээнд СХД-ийн Засаг даргын тамгын газартай хамтран тус дүүргийн ЕБС-ийн 30 хөгжмийн багшид “Сонгодог хөгжмийн мэдлэгийг заах арга зүй” сэдэвт чадавхыг дээшлүүлэх, шинэ туршлага солилцох сургалтыг ирэх сард зохион байгуулахаар ажиллаж байна. Төсөл хөтөлбөртэй холбоотой дэлгэрэнгүй мэдээллийг МУЗ-тэй холбогдон авч болох аж.

Хамгийн их уншилттай
1
2024.03.17
“Монгол түйрэн” маргааш ирнэ гэж БНСУ-д анхааруулав
2
2024.03.09
Миягино дэвжээг хаах шийдвэр гарчээ
3
2024.03.11
“Оскар”-ын түүхэн дэх 13 эвгүй явдал
холбоотой мэдээ
1
Өчигдөр
Элэгний Д вирусийн эмчилгээг энэ онд багтааж эхлүүлнэ
2
2024.03.13
2030 он гэхэд авлигыг үл тэвчих соёл бэхжинэ гэж үзжээ
3
2024.02.29
Улаанбаатар хотод метро байгуулах олон улсын нээлттэй тендер зарлалаа
санал болгох
1
1 цагийн өмнө
Өнөө цагийн сэтгэл татам жүжигчдийн нэг Сидней Свинигийн тухай 19 баримт
2
5 цагийн өмнө
Рөүзийг амьд үлдээсэн Титаникийн "хаалга" 718,750 доллараар зарагджээ
3
Өчигдөр
Playlist: Цасан шуурганаар сонсоход хамгийн тохиромжтой 11 дуу

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
0
4
0
0
0
1
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.