Хайх зүйлээ бичнэ үү

10 мин

Б.Эрдэнэсолонго: Жазз үдэшлэгт “Хийлийн тав дахь чавхдас” шүлгээ уншина

Хүч чадал гэдэг сул дорой, эмзэг бүхнийг энэрэн нигүүлсэхэд оршино


Ерээд онд Монголын яруу найргийн ертөнцөд залуухан, халуухан тэсрэлт бий болсон билээ. Тэрсхэн шүлэгчид төрөн гарч, тэдний найрагт Монгол ёстой л даяараа найгах шиг, омогших шиг тийм гайхалтай содон үе байсан юм. Энэ үеийн төлөөлөл, яруу найрагч Б.Эрдэнэсолонготой ярилцлаа. 

-Монголд хавар ирсэн. Хавирга нэвт салхиндаа дурлаад байгаа юм уу, эсвэл хүн амьтанд сэтгэл зүрхээ алдчихаад байгаа юм уу гэмээр тийм хачин, гэгэлзсэн өдрүүд Улаанбаатарт минь ирчихсэн байна. Харин Таны суугаа Парис...? Тэндэхийн хавар ямар байх юм? 

-Аль ч газрын хавар адилхан даа. Энх улирал гэж манайхан их гоё хэлсэн байгаа юм шүү. Цаг улирлаа дагаад хүний сэтгэл хүртэл ургаж нахиалж байгаа юм шиг санагддаг. Манай Монгол бол дөрвөн улирлынх нь өнгө их тод байдаг онцлогтой. Зундаа нэмэх 30 хэмээс өвөлдөө хасах 30 хүрдэг. Ийм том хэлбэлзэл, эрсдлийг давж гарахад хүнээс биеийн бас сэтгэлийн хат их шаардана. Тэр хэрээр улирлын өнгө сэтгэлд гүн үлддэг байх. Эрхүүгийн хавар гэдэг шиг эндхийн хавар бас сайхаан. 

-Зохиолч Х.Болор-Эрдэнэ та хоёрыг эхнэр, нөхөр гэдгийг манай үеийнхэн андахгүй ч залуус мэддэггүй байж магадгүй. Танайх Европ руу нүүгээд таван жил болжээ. Шинэ номоороо уншигчидтайгаа дахин уулзаж байгаа Х.Болор-Эрдэнэ зохиолчид бидний өмнөөс баяр хүргээрэй.  

-Баярлалаа, заавал дамжуулж хэлнэ ээ. Болор маань “Гүйж яваа эмэгтэй” гэж сайхан роман бичсэн. Тун удахгүй Монголд худалдаанд гарч, шинэ номын нээлтийг нь Парист хийхээр болсон. Зохиолыг бодит амьдралаас сэдэвлэн бичсэн.10-хан настай уран нугараач охин гадаадад явсан гэр бүлээсээ ганцаараа хоцорч бие даан амьдарсан тухай юм. Эгэл жирийн, бүр хүнд хэцүү амьдралаас Холливудад хүрсэн монгол охины гайхалтай түүхийг бичсэн. Түүний оролцон тоглосон “Уолт дисней” кино компанийн бүтээл “Дамбо” анх дэлгэцэнд гарснаас хойш 60 жилийн дараа бүрэн хэмжээний уран сайхны кино болж энэ гуравдугаар сарын 29-нд дэлхий даяар нээлтээ хийнэ. Киноны нээлтээс өмнө номоо гаргах гэж нэлээд шахуу ажилласан. Дайн дажингүй хэрнээ монголчуудын гадагшаа гарах урсгалыг дагаад ихэнх гэр бүлд хүүхдийн өнчрөл, амьдын хагацал нүүрлэсэн. Тэр бүхний цаана ямар их тэсвэр тэвчээр, хүлээлт, тэмцэл, хүнлэг бас хүн бусын дүр төрхүүд нуугдаж байсныг энэ ном дэлгэн харуулж байгаа юм. Бас нэг онцлог нь зохиогч зохиол бичигдэх явцад номын анхны уншигч редактороор 47 хүнийг сонгон авч зэрэг уншуулсан.  Маш их эрчимтэй, сэтгэл хөдлөлтэй төрсөн зохиол. 

-Уран бүтээлч хүнд орон зайн өөрчлөлт яаж нөлөөлдөг юм бол? Жишээ нь гадаад оронд амьдрахад ч юм уу?

-Юуны өмнө шинэ орчинд дасан зохицох хэрэгтэй болно.Тэгээд хэлний болон соёлын гээд ар араасаа үргэлжилсэн асар олон шалгуурыг даван туулна. Тэгсэн ч гэсэн чи гаднын хүн хэвээрээ л байна. Хүн эх орноосоо бие нь холдох тусмаа сэтгэл нь ойртдог. Нулимс их ойрхон болдог. Загас уснаасаа гадна амьдарна гэсэн үг. Ингэж хэлбэл ямар нэгэн зүйл ойлгогдох байх. Өрсөлдөх чадвар дээд зэргийн байх ёстой.Юу ч хийсэн дээд зэргийн гүйцэтгэл шаардана. Шал угаасан ч тэнд байгаа бүх хүнээс хамгийн сайн хийдэг байх ёстой болно. Мэдээж маш их зүйлийг сурч мэднэ. Хамгийн гол нь хүн нутагтаа амьдрах гэж үнэндээ “гурилддаг” байснаа ойлгоно.  Амьдрах орчин өөрчлөгдсөнөөр аливааг харах болон бичих өнцөг бас эрс өөрчлөгдсөн гэж бодож байна.  

-Манай ub.life сайтын залуус өнгөрсөн долоо хоногт "Monday Special: Poetry at the Fat Cat" хэмээх жазз, яруу найргийн үдэшлэг явуулсан. Одоо сард нэг удаа тогтмол зохиохоор ярилцаж байгаа. Хэрэв Та энд амьдарч байсан бол хүрэлцэн ирэх байсан уу, бас ямар шүлгүүдээ залууст уншиж өгөхсөн бол?

-Танай яруу найргийн үдэш надад маш их таалагдсан. Мэдээж би дуртайяа очих байсан. “Болор цом”-оос өөр орчинд яруу найргийг  бас мэдэрдэг байя. Бүр нэг таашаалтайгаар, дарстай, блюз, жазз, рок сонссон ч яахав дээ. Би өмнө нь “Мэдрэмжийн үдэш” гэдэг яруу найргийн уулзалтыг арай өөр орчинд илүү тухтай, шинэлэг байдлаар хийхийг зорьж байсан. “Мэдрэмжийн үдэш”-ээ үргэлжлүүлээд Франц, Герман, Бельги, Швейцарьт хийсэн. Хүмүүс маш сайхан хүлээж авдаг. Нийгмийн өөрчлөлтөө дагаад яруу найраг, түүнийг хүмүүст хүргэх арга хэлбэр нь өөрчлөгдөж байна. Яруу найраг маань өөрөө хөгжим, зураг, тайзны урлагтай нийлмэл, хосолмол шинжтэй болчихлоо.Тэрийгээ дагасан сонирхлын бүлгүүд, залуусын нэгдэл үүслээ. Удахгүй Монголд “UB comedy” гэдэг шиг зөвхөн яруу найргийн клуб, уншлагын орчин, сонирхлын бүлгүүд бий болж эхлэх байх. Сайхан, сайхан... Жазз үдэшлэгт очсон бол би сүүлд бичсэн “Хийлийн тав дахь чавхдас” гэдэг шүлгээ уншина. 

-Хийл дөрвөн утастай хөгжим,  яагаад тав дахь чавхдас гэж...

-Яахав тэнд яруу найраг байдаг байж болох юм.

-Таны “Гүзээлзгэний амьдрал” номоос шүлгүүдийг тань уншиж байхад эмэгтэй хүнийг, хүүхдийг, аль эсвэл шартсан, шаналсан өөрийгөө ширтэж суугаад бичсэн мэт өрөвч, эмзэг, зөөлөн сэтгэл уншигддаг юм. Та ямар үед бичдэг вэ?

-Бичмээр санагдсан үедээ л бичдэг. Ер нь шүлэг бичих нь өөрөө асар их энерги шаарддаг ажил. Ажил ч юу байхав, хүсэл юм уу. Хүүхэд, хүүхнүүдийн тухай зөндөө бичсэн. Энд ирээд харин нэг зүйлийг сайн ойлгож авсан. Бид Европын Англи, Франц тэргүүтэй улсын эрчүүдийн жентельмен хэв маягийг сайн мэднэ. Хүүхнүүдэд сандал тавьж өгөөд л дээд зэргээр хүндэлж харилцана. Бусад орны эрчүүдэд бараг моод юм уу. Гэтэл үүнийг бид хэлбэр талаас нь харж ойлгодог юм байна. Эндхийн хууль эхлээд хүүхэд, дараа нь эмэгтэй хүн тэгээд нохой, муур хамгийн сүүлд эр хүн гэсэн дэс дарааллаар явна. Өөрөөр хэлбэл, жинхэнэ хүч чадал гэдэг бол өөрөөсөө сул дорой эмзэг бүхнийг энэрэн нигүүлсэхэд оршино гэж үздэг. Тиймээс тэр жентельмен гээч хандлага бүрэн төлөвшиж тогтсон юм байна. Нийгэм бүхэлдээ хүүхэд, хүүхнүүдээ хамгаалж, тэднийг дээдэлнэ. Тиймээс Францын төрийн бэлгэдэлд эмэгтэй хүн, харин Энэтхэгт үхэр, манай сүлдэнд бол адуу байна даа. 

-Яруу найраг гэж яг юу юм. Хүний амьдралд ямар үүрэг оролцоотой байдаг юм бэ?

-Яг юу гэдгийг харамсалтай нь би хэлж чадахгүй нь. Бүх урлаг бүх үүргээсээ татгалзсан. Мөнгөн ашгаараа бол яруу найраг ямар ч хэрэггүй зүйл. Бичих нь миний амьдрах арга биш харин өөрийгөө илэрхийлэх хэв маяг л гэж хэлнэ дээ. Хүнд махан биеийн амьдралаас гадна оюун санааны амьдрал гэж бас байна. ”Би чиний ажилтан юм уу” гэдэг шиг би харин тэр тархины талын л ажилтан байх. Нэг сонин зүйл нь, тухайлбал миний амьдарч байгаа газар зохиолч юм уу, яруу найрагч гэвэл бүх хүн түүнийг маш хүнд ажил, хөдөлмөр хийдэг хүн гэж үзнэ. Албан ёсоор ажил хийж байгаа хүн гэж тооцно. Нийгмийн халамж анхаарал ч бас сайн. Манайд бол арай өөр л дөө.  

-Эцэст нь, дөрөвдүгээр сард зохиогдох "Monday Special: Poetry at the Fat Cat"-ын хүндэт зочноор Та хэнийг санал болгох вэ?

-Хэрэв зөвшөөрвөл би өөрийн хоёр найзыг зочноор урих хүсэлтэй байна. Энэ бол модернист яруу найрагч Б.Галсансүх, ”Nisvanis “ хамтлагийн ахлагч Л.Энх-Амгалан нар юм. Б.Галсансүхийг бол бүгд мэднэ. Үнэхээр онгодтой, гигант яруу найрагч. Амгаагийн хувьд бас шүлэг, хамтлагийнхаа дууны үгийг бичдэг. Гитараас гадна төгөлдөр хуур аятайхан тоглоно. Сонин бас шинэлэг, хамгийн гол нь их кайфтай үдэш болох юм шиг төсөөлөгдөж байна. Бүр атаархчихлаа... 


Хийлийн тав дахь чавхдас

Хайрлаж дурлана гэдэг 

Хатталаа уйлж, нортлоо хүснэ гэсэн үг

Хайрлаж дурлана гэдэг

Чи бид хоёр хийлийн тав дахь 

Чавхдас болно гэсэн үг

Хамгийн анх чиний надад өгсөн 

Хав халуун шөнөөр

Ганцхан чиний минь надад бэлэглэсэн

Гал улаан хийлийн тав дахь утсан дээр

Гараа эсгэн байж хамтарч тоглосон

Гал халуун аяз болно гэсэн үг.

Хайрлаж дурлана гэдэг

Нэг лууван, хос вандуй

Нэжгээд бадамлянхуа цэцэг болно гэсэн үг.

Хайрлаж дурлана гэдэг

Чи над дээр авирч гараад

Чичирхийлсэн нүцгэн биеэр 

Намайг таална гэсэн үг

Тэгээд, сүмийн алтан ганжир шиг

Чиний хоёр сайхан хөх хоорондоо мөргөлдөж

Тэгээд, сүмийн хүрэл хонх шиг

Дүн дүн дүнгэнэнэ гэсэн үг

Тэгээд, сар яг салж унах нь 

Гэвч, муужгай минь

Сарних туяагаар нь тоглож амжина гэж би

Шивнэн хэлнэ гэсэн үг.

Аа... ааа.... амраг минь тэгээд,

Аянга урсаж, тэнгэр оддоор шуурна гэсэн үг.

Хайрлаж дурлана гэдэг

Олон хөөрхөн хүүхдүүд болчихоод

Онцолж тэдний нүдээр өөрсдийгөө харна гэсэн үг

Хайрлаж дурлана гэдэг

Хамгийн өндөр, бараг зуун давхар барилгын оройгоос

Хамтдаа доош үсэрнэ гэсэн үг

Өндрөөс огцом унах зуур

Нэг нь улайм цайм атгасан гараа тавьж,

Өөр хуруу, хумс, хөх, бөгс

Өөр эрхтэн, өр зүрхнээс

“Өрсөн барих вий” гэж цочирдон түгшинэ гэсэн үг.

Өдөр ч, шөнө ч гэрэлтэй эсвэл,

Таг харанхуй болно гэсэн үг

Өд сөд, даль жигүүр, хурц хумс

Урт соёо ургана гэсэн үг.

Хос Дракула, эсвэл хос хун,

Хоёр заан, усны үхэр, матар, могой, мэлхий,

Хос наймаалж болно гэсэн үг. 

Хайрлаж дурлана гэдэг

Ажил дээрээ өөр юм бодно гэсэн үг.

Хайрлаж дурлана гэдэг

Хэвийн биш болж эхэлнэ гэсэн үг

Хэвийн биш зүйлс ярьж эхэлнэ гэсэн үг

Хэвийн биш зүйлс ярих нь

Хайрлаж дурлана гэсэн үг.

Хайрлаж дурлана гэдэг

Хатталаа уйлж, нортлоо хүснэ гэсэн үг

Хайрлаж дурлана гэдэг

Үхтэл амьдарч, үхтэл хуурч, 

Амьдартал итгүүлнэ гэсэн үг.

Хайрлаж дурлана гэдэг

Хав хар, цав цагаан болно гэсэн үг

Хайрлаж дурлана гэдэг

Өөрөө үхмээр, эсвэл түүнийг

Хөнөөмөөр санагдана гэсэн үг.

2018.10.29


Аав нь…

Саяхан тэд өрөөнд минь дайрч орж ирээд

Сандруу ааваа шидэт дохиураар ховсдож

Жонон, гуйлгачин, цасан гоо, үзэсгэлэнт мангас

Туулай, хүн аалз болгон хувиргаад

Зүрхний хэмнэл чагнаж

Томруулдаг шилээр тонгойж хараад

Тод чанга ярилцаж

Том болоод аав шигээ хэзээ ч

Шилбэндээ үстэй болохгүй гэж тохиролцоод

Том том хөхрөлдлөө.

Намайг мод болгон ургуулж

Тэндээ баахан сүүдэрлэж хэвтээд

Намайг морь болгон унаж хурдлаад

Завгүй өнжлөө.

Онгоц шиг аавыгаа дээш нисгээд агаарт нь сөнөөж

Онц ихээр инээлдлээ.

Оосорлож, нохойн гөлөг шиг чирч давхиад

Хэлээ заавал унжуулахыг шаардаж

Усанд оруулж, даашинз өмсгөөд

Уруул ам будаж

Өлгийдөн манцуйлж, бүүвэйн дуу аялаад

Өөд уруугүй хөгжилдлөө.

Аав нь та нарынхаа төлөө нисч, өндрөөс унаж

Аав нь та нарынхаа төлөө дуулж бүжиглэж, ном бичиж

Аав нь та нарынхаа төлөө оосорлуулж

Нохойн гөлөг шиг хэлээ унжуулан давхиж

Аав нь та нарынхаа төлөө тонгорцоглон унаж,

Өндийн босч, цурхиран уйлнам.

Бүх хүч чадал, бүх Итгэл найдвар

Бүх учир шалтгаан, Хүслэн болсон хүүхдүүд минь

Аав нь тарьж, ээж нь ургуулсан

Алаг үрс минь, Сарнайс минь, 

Төгс Төгөлдөр минь...

Та нарын ханын цаасан дээр эрээчсэн зурааснуудыг

Тайлж уншихын тулд аав нь

Энэ насаа зориулах болно оо.

2018.06.03

....

Зольбин тэнэмэл, гудамжны дуучин байж залхлаа

Зоос шидэх чимээ хачин яруу сонсогддог байлаа

Зол баяр гэдэг үнэндээ хүмүүсээс ирдэггүйг мэдлээ

Үнэн гоё, үнэн ядуу амьдарлаа би.

Сэтгэл гуйсан хоосон алган дээр

Өглөө бүхэн нүцгэн сэрдэг байлаа

Сэлүүн, хүйтэн шөнийн хөвчийг тасдахын тулд, үдэш бүр

Өд, тонгорог дэрлэж унтдаг байлаа

Хачин тухгүй, хар дарсан зүүд шиг амьдарлаа би

Хуучин гутлынхаа шинэ мөрийг бахдан харж

Шинэ гутлынхаа хуучин мөрийг танимхайран ширтлээ

Хувь заяа чамайг магтан дууллаа

Хууртмаар баян, уйлмаар цайлган амьдарлаа

Алдар хүндийн унаанаас аль эрт хоцорч

Цагаасаа эрт төржээ би

Амьтан хүнээс хайр энэрэл горьдож цөхөрлөө

Мартагдсан бохир буланд малгай тосон мэхийж ханалаа.

Хүн байсны төлөө бутархай хэдэн зоос чулуудсаны учир

Хүсвэл би ч бас яг та нар шиг аяглаж чадахын учир

Зольбин тэнэмэл гудамжны амьдралдаа цэг хатган бослоо

Зоос шидэх араатнуудын дунд тийнхүү уусан алдрахад

Зовхи нулимстай, сэтгэл хөндүүр байна.

France. Tours. 18.02.2019

холбоотой мэдээ
1
15 цагийн өмнө
Зөв тусгал: Ука, Thunder нарын хамтарсан "Ахиж хоёулаа муудахгүй шүү" клип цацагджээ
2
16 цагийн өмнө
Г.Занданшатар: Хүүхдүүд энэрэл хайраар дүүрэн орчинд өсөж бойжих эрхтэй
3
Уржигдар
МУИС-ийн "Хүндэт доктор” цолыг хүртсэн Кристофер Этвуд: Монголын түүх бол дэлхийн түүхи...
санал болгох
1
12 цагийн өмнө
"Хөлдөхөө" шахсан улаанбаатарчууд өнөөдөр "шатаж" байгааг батлах ХӨГЖИЛТЭЙ 12 пост
2
15 цагийн өмнө
Алтан хальс ОУ-ын кино наадам: Уралдаант хэсгийн бүтээлүүд шалгарлаа
3
17 цагийн өмнө
Зөвхөн ХОНХНЫ баяр нь болох гэж байгаа охидын ойлгох 10 зовлон

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
0
6
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.