Хайх зүйлээ бичнэ үү

5 мин

Бид энэ 7 хоногт юунд дурлаж байна вэ? №4


Ub.life-ийн редакцийн хамт олон энэ онд 7 хоног бүр бид юу үзэж, уншиж, сонсож, ямар шинэ кино, уран бүтээлч, “од” мэндэлсэн, амралт, чөлөөт цагаа хэрхэн өнгөрүүлсэн зэргээ өрөөндөө яриад зогсохгүй уншигч Тантай хуваалцахаар "Бид энэ 7 хоногт юунд дурлаж байна вэ?" буланг эхлүүлсэн билээ.

Гэвч сүүлийн хоёр сарын хугацаанд бид эмэгтэйчүүд болон фэйшн гэсэн хоёр ч сэтгүүлээ гаргаж, мөнхүү The New York Times-ийн хамтрагчид болж, Даваа гарагийн шүлгийн уншлагаа зохион байгуулж хэрэндээ завгүй хурдалцгаагаад юунд дурлаж байгаагаа ч тэмдэглэх завгүй хавартай золгожээ. 

Харин энэ 7 хоногоос эхлээд булангаа таслахгүй байхаа амлаж дараах тэмдэглэлийг бэлтгэснээ хүргэж байна.

ЭВЕНТ

Ц.Ариунсанаа, Дизайнер 

Өнгөрсөн амралтын өдөр манай "Кино Клуб" Шведийн кино найруулагч Лукас Мүүдиссоны "We are the best" киног үзэцгээв. Энэ киног эвентийн зочин, сэтгэлзүйч Д.Лхамсүрэн санал болгосон бөгөөд киноны дараа бид хүний сэтгэлзүйн тухай, эргэн тойрон, гэр бүл, хосын харилцаанд хэрхэн нөлөөлдөг талаар ярилцаж суусан. Өөртөө тулгарсан асуудал бүрийг жижиг гэлтгүй анхаарч "эдгээх"-гүй бол бугларсан зүйлс "сэтгэлзүйн өвчин" болж, анзаарахгүй явсаар сэтгэл гутрал руу түлхэх жишээний. "Хүн хүнийг биш, хүн өөрийгөө л өөрчилдөг" гэж хэлсэн үг нь сэтгэгдэл төрүүлсэн. Өөрийнхөө асуудлуудад үнэн хандаж, хүлээн зөвшөөрч, эдгэж, өөрчлөгдөх шийдвэрийг гаргах хүн нь ганц бид өөрсдөө л юм билээ. Түгээмэл сэтгэл гутралыг давах хамгийн энгийн арга бол дадсан хэмнэлээ өөрчлөх. Ядаж өглөө эрт босож, орой эрт унтаж, гадуур алхаж, идэвхитэй хөдөлгөөн хийх. Өөрийгөө хэзээ ч нэгэн хэвийн буруу хэвшилд дасгаж болохгүй юм билээ. Жижигхэн хэрнээ амьдралд хэрэгтэй олон зүйлс яригдсан учраас ойрдоо сэтгэл судлалтай холбоотой сайт The School of life, Brainpickings сайтуудаар салахгүй эргэлдэж, сэтгэл судлал цаашлаад өөр өөрийгөө л жинхэнэ дурлаж, сонирхож байна даа. 


ХҮЛЭЭЛТ

У.Бямбаням, Ерөнхий редактор 

"Найрагчийн мөрөөр"цуврал нийтлэлээ эхлүүлээд хэд хонож байна. Тэр үеийн сэтгэгдэл, мэдрэмжийг буцааж олж авах гэж нэлээн түвэгтэй л сууна даа. Өдөр бүрийн тэмдэглэлээ уншиж, зургуудаа үзэж харсаар нэг л мэдэхэд бичих цаг маань өнгөрчих. Тиймээс цаг хожихын тулд хүмүүстэй уулзаж, өрнө рүү одсон сурагчдын талаар мэдээлэл цуглуулж байгаа. Дээр нь, сүүлийн зургаан сар ярилцлага хийчих юм сан гэж бодож явсан хүнтэйгээ холбогдсон. Удахгүй тэр ярилцлага хүрэх байх. Бас л мартагдаж бүдгэрсэн сэхээтэн бий. Өнөөдөр дугуй унаж эхэллээ. Явган хүний замаар явбал хүн мөргөчих гээд, машин замаар явахаар машинд мөргүүлчих гээд байдгийг эс тооцвол дугуй унах зүгээр юм аа. 


АЯЛАЛ 

О.Анхзаяа, Сэтгүүлч 

Амьдралдаа "анх удаа" гэх зүйлтэй олон таарахын төлөө би энэ удаа ээжтэйгээ цуг Тайланд руу аялалд гарсан юм. Сонкран баярыг тааруулж явсан болохоор үнэхээр сонирхолтой. Утсаа норгож магадгүй гээд зураг авч ерөөсөө чадаагүй ээ. Энд тэндгүй усаар байлдаад л, сүүлдээ шал пал гэсэн чигээрээ "ус цацвал цац" гэсэн байртай алхахаас өөр аргагүй болсон. Мөн Бангкок хотыг орхиод Пукетэд ирэх мөч мартагдашгүй. Онгоцны цонхоор яг анх удаа далай хараад л шууд уйлчихсан. Нар жаргах үетэй таарсан болохоор үнэхээр үзэсгэлэнтэй харагдсан. Аялал надад маш олон зүйлийг өгөхийн зэрэгцээ бас хаях ёстойг ч ойлгуулж байна. Бүх зүйл хойно хоцроод бүхнийг шинээ эхлүүлэх эрч хүч авч байх шиг бололтой.


ДЭЛГЭЦ

Ж.Хулан, Дэд захирал 

Ойрын үед Netflix дээр CNN-ийн нэрт сурвалжлагч Кристиан Аманпурын “Sex & Love around the world” цувралыг үзлээ. Дайны талбарт, улстөрийн томоохон үйл явдлын халуун цэгт, дэлхийн цуутай удирдагчдыг өмнөө суулгаад ярилцдаг Аманпур гэнэт л Бейрут, Токио, Шанхай, Берлинээр явж хайр болоод дотно харилцааны тухай бүсгүйчүүдтэй ярилцах нь үнэхээр сонирхолтой. Хайрын тухай, дотно харилцааны тухай яриа тэр бүр ил байдаггүй ч, сурвалжлагч орон орны өвөрмөц соёл, заншлаас үүдээд санаанд оромгүй ялгаатай байдлууд бидний дунд байдгийг харуулна. Жишээ нь, Бейрутад барууны соёлын илэрхийлэл болсон эрх чөлөөт бүсгүйчүүдийн дүр бий ч, исламын шашны уламжлалын дагуу охин биеэ нандигнах тухай сонссоор дотно харилцааны тухай яриа ч өрнүүлж үзээгүй эмэгтэйчүүд насанд хүрч, гэрлэсэн ч эрэгтэй хүнтэй харилцаж чаддаггүй аж. Түүнчлэн Энэтхэгт бүх нийтийг хамарсан боловсролын ачаар насанд хүрээгүй охидын гэрлэлт үлэмж буурч байгаа бол, Хятадад хайр, гэрлэлт гэх асуудлыг хэрхэн салгаж авч үзэж, ямар “шалгуур”-ууд тавих болсон гээд олон сонирхолтой өнцгийг энэ кино харуулна. Мөн мэдээж аяллын нэвтрүүлэг учраас хот бүрийн уур амьсгал, хэмнэл, хөгжим гээд уйдах хоромгүй танин мэдэх цаг хугацааг өнгөрүүллээ.  


ПОДКАСТ

З.Энхмөнх, Арт директор  

Саяхан Hidden Brain подкастаар Америкийн өнөө цагийн сэхээтнүүдийн амьдралын хэв маягийн нийтлэг шинжүүдийг дурдахад, тэд NPR (Non-profit Radio) сонсдог тухай өгүүлсэн юм. 

Тэдний хоёр гурван подкастыг тогтмол сонсдог миний хувьд бага зэрэг ухсаны үндсэн дээр All Songs Considered (https://www.npr.org/podcasts/510019/all-songs-considered) нэртэй орчин үеийн шинэ цомгуудын тойм нэвтрүүлгийг олж илрүүллээ. Дийлэнхдээ indie төрлийн хамтлагуудын цомог байсан болохоор ч тэр үү, надад ихэд таалагдав. Бидний зарим нь Spotify, Apple Music зэрэг платформуудын санал болгодог жагсаалтаас шинэ хөгжим шүүрддэг бол ийнхүү All Songs Considered-ийн нэрлэх цомгууд танд өөрийн “күүл” шинэ плэйлистээ гаргахад тусална гэж найдаж байна.

Хамгийн их уншилттай
1
2024.03.17
“Монгол түйрэн” маргааш ирнэ гэж БНСУ-д анхааруулав
2
2024.03.09
Миягино дэвжээг хаах шийдвэр гарчээ
3
2024.03.11
“Оскар”-ын түүхэн дэх 13 эвгүй явдал
холбоотой мэдээ
1
2022.06.15
Mobicom Edition: Бид юунд дурлаж байна вэ? (№35)
2
2021.12.07
Бид юунд дурлаж байна вэ? №34
3
2021.11.16
Хакүхо аварга хамгаалалтын албанд ажилласантай холбоотой 10 пост
санал болгох
1
9 цагийн өмнө
Зүгээр л тухла | М Харилцагчийн төвийн онцлох 4 зүйл
2
Өчигдөр
Таны ордыг илэрхийлэх кинонууд: Melancholia, Suspiria, Bande à Part
3
Өчигдөр
Өнөө цагийн сэтгэл татам жүжигчдийн нэг Сидней Свинигийн тухай 19 баримт

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
0
8
0
0
0
0
1

Сэтгэгдэл бичих (1)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Dumbo 2019.04.15 202.9.42.98

Tagshaa haana bna?

0 Хариулах