Хайх зүйлээ бичнэ үү

8 мин

Бид хаагуур аялсан бэ?: Анх удаа ОХУ-ыг зорьсон нь


Энэ бүх үйл явдал 2018 оны арванэгдүгээр сард тохиосон бөгөөд өөрийн хамгийн анхны "том" аяллыг UB LIFE сайтын шинэхэн булангийн "нээлт" болгон хүргэхээр бэлдлээ. Бид та бүхэнд аялсан газруудаасаа хуваалцаж байх болно. Мэдээж асууж тодруулах зүйл байвал сэтгэгдэл хэсэгт бичих эсвэл чатаар илгээж болно шүү.

Яах гэж аялалд гарав: 

2018 оны арваннэгдүгээр сард ОХУ-ыг зорихдоо би дөрвөн найзын хамтаар гарын таван хуруу шиг явсан юм. Японы алдарт Юзүрү Ханю гэх уран гулгагч залууг дэргэдээс нь харж, түүнтэй уулзаж үзэх нь миний мөрөөдөл. Тэгээд уулзаж ч чадсан. Бүр алхмын зайтай ойрхон байж үзсэн гээч! 15 хоногийн турш ОХУ-д баяр хөөртэйгээр аялсан билээ. 

Очсон газрууд: 

Улан-Удэ, Эрхүү, Москва, Санкт-Петербург.

Ямар зардлаар явсан бэ?: 

2 сая төгрөг. Бага сонсогдож байна уу? Уг нь 4 хотоор яваад, 15 хоноод ирсэн хүн шүү дээ. Дунд нь ниссэн, бас автобусаар явсан. Тэгсэн мөртлөө л 2 сая төгрөг. Дараа нь бодох нь ээ, 11-р сард ОХУ-руу аялах хүн ховор болохоор л хамаг зардал нь бага байж таарсан биз. Түүнээс биш та бүхэн дулааны улиралд ч юм уу, жуулчин их зорьдог үеэр очвол нислэг л гэхэд дангаараа 1 сая төгрөг хүрэх магадлалтай. Тиймээс явах гэж байгаа бол эртнээс бүх зүйлээ төлөвлөөд, тасалбараа эртхэн аваарай. 

Ямар унаагаар явсан бэ?: 

Улан-Удэ рүү 70 мянган төгрөг автобус, Улан-Удэ - Эрхүү чиглэлд мөн галт тэргээр 40 мянга төгрөгөөр явсан. Эрхүүгээс бид Москваг чиглэн онгоцоор ниссэн бөгөөд цаг үе нь тэгж таарсан болохоор ч тэр үү ердөө 350,000 төгрөгт л хоёр талын тасалбараа худалдан авсан. Хэрэв та бүхэн Москвагаас Санкт-Петербург яаж явах вэ гэж бодож байгаа бол эко-автобусыг сонгоорой. Нэг талдаа явах үнэ 1042 рубль болж байлаа. 

Аяллын үеэр хамгийн их сонссон дуу:

Энэ дууг л их сонссон байдаг юм. Яг автобусанд суугаад Москвагийн шөнийг ажин явахдаа сонсож байсан тэр мөчийг хэзээ ч мартахгүй. Бас уран гулгалтын эрэгтэйчүүдийн ганцаарчилсан төрлийн урт үзүүлбэр эхлэх гээд, би хоцрох гээд метронд уйлах шахам явж байхдаа хүртэл сонсож байснаа санадаг юм.

Хамгийн их таалагдсан хоол:

Борщ бас Санкт-Петербургийн нэгэн ресторанд идсэн пицца, Москвагийн шинэ Арбатын гудамжинд байрлах "Black star" бургер. ОХУ-д байхдаа хямд үнэтэйг нь бодоод түргэн хоол их идсэн л дээ. Бас мөнгөө хэмнэх үүднээс өглөө болгон өөрсдөө зайдас, талх, өндөг аваад байрласан хостелдоо өөрсдөө өглөөний цай бэлдсэн. Ер нь л хоолны амт чанар нь манайхаас нэг их ялгаагүй дээ. Яг нэг айлд очоод дайлуулбал жинхэнэ орос хоолны амтыг мэдрэх болно. 

Огт таалагдаагүй хоол:

Тэр шаурмаг бурхан өршөөг. Хэтэрхий их сонгинотой, ядаж байхад юу ч идээгүй явж байгаад үүрээр буугаад идсэн анхны зүйл байсан. Би тэр үеэс хойш шаурмад үнэхээр дургүй болчихсон. Тухайн үед үүрийн 4,5 цагт ажиллаж байсан ганц газар нь байсан болохоор л аргагүйдээд орсон юм.

(Та энэ зургаас ямар нэгэн зүйл анзаарч байна уу?)

Бүтэлгүйтэл:

Манай хэд зах дээр хэтэрхий удсанаас болж хамгийн гол зүйл болох Юзүрү Ханюгийн үзүүлбэрийг үзэж чадаагүй. Би түрүүлээд явсан учраас, бас сэтгүүлчийнхээ эрхээр байнга ойрхон байсан болохоор харамсах зүйл байгаагүй ч найзуудад маань харамсалтай л байсан байх. Бас нэг найз маань хүүхэлдэйн киноны дүрийн хувцас өмссөн залуутай хамт зургаа авахуулаад, тэр хүн нь өчнөөн мөнгө нэхэж балласан. Та бүхэн болгоомжтой байхгүй бол хамт зургаа авахуулчих л юм бол танаас доод тал нь 20 мянган төгрөг нэхэх болно. Бас баахан ном худалдаж авснаасаа болоод ачаагаа хүндрүүлж байж. Ер нь л их бүтэлгүйтсэн дээ.

"Анх удаа" хийж үзсэн зүйл:

Анх удаа метронд сууж үзсэн! Москвагийн метро бол бараг л үнэгүй музей гэсэн үг. Бас байнгын хямд унаа болох болно. Та нэг мөсөн тав эсвэл долоо хоног хязгааргүй явах тасалбар худалдаад авчихвал хамаагүй амар. Бас метроны зургийг харахад эхэндээ толгой эргэх ч яваандаа гарших болно. Мөн анх удаа Эрмитаж гэх гайхалтай музейд хөл тавьж, бүтэн өдөр хэсч үзсэн. Анх удаа онгоцоор ниссэн гэдгээ ч хэлэхээ мартчихсан байна. Хайрлан биширдэг хүнээ анх удаа дэргэдээс нь харж үзсэн. Анх удаа найзуудтайгаа жинхэнээсээ маргаж, сэтгэл тавгүйтэж үзсэн. Улаан талбай дээгүүр алхаж, Санкт-Петербургийн үзэсгэлэнт голоор завьтай зугаалсан. Мэдээж агуу зохиолчдын ордог байсан уушийн газраар зочлоод, "адис" хүртсэн. Ер нь л асар олон "анх удаа" тохиосон!

Виктор Цой сонсдог, шүтдэг хүмүүст ярихад таатай нэг зүйл байдаг нь энэ. Бид Арбатын гудамжинд очиж Цойн хананы өмнө дууг нь сонсоод сууцгааж билээ.

Үзвэр үйлчилгээ:

Вердигийн Риголетто, Чайковскийгийн квартет үзэн уйлж, "Ростелеком Кап" буюу уран гулгалтын аварга шалгаруулах тэмцээнээ үзээд бас л уйлж, өчнөөн сүм, музейгээр орсон доо. 


Бас тэнд байхдаа яаж зүгээр өнгөрөх вэ гээд "Lucidvox • Осенний концерт" үзсэн. "Powerhouse Moscow" буюу манайхаар "Republik" шиг газар очоод амьд хөгжмийн тоглолт үзсэн минь хамгийн сайхан дурсамжуудын нэг болж үлджээ. Тэндээс хэд хэдэн орос найзтай болж, Улаанбаатар хотынхоо тухай уртаас урт яриа өрнүүлсэн дээ. (Тасалбар нь 500 рубль, шар айраг нь харин 300 рубль байсан  

Хамгийн их ашигласан апп:

Та утсандаа заавал "MAPS.ME" аппликэйшн татаж аваарай. Үгүй бол төөрөх магадлал 99.9% шүү.  Аялалд гарахын өмнө Booking.com болон Airbnb татаж авах нь зайлшгүй. Parter.ru сайтаас та үзвэр үйлчилгээ, шоу тоглолтуудын тасалбарыг ямар нэгэн нэмэлт шимтгэлгүй худалдаж авна. Culture Trip аппликэйшн тэнд үзэж харж болох сонирхолтой юу л байна, бүгдийг нь санал болгох болно. Бас тэнд хүмүүс Фэйсбүүк тэр болгон ашигладаггүй. Хaрин VK ашигладаг болохоор тэрхүү сошиал медиа аппликэйшн дээр өөрийн профайлыг үүсгэж, хүмүүстэй танилцах бол VK-ээр холбогдож байгаарай. Бас мэдээж Google Translate. Та оффлайн хувилбарыг нь татаж аваарай. Тэнд хүмүүс орос хэлээрээ л ярина уу гэхээс англиар тэр болгон ярихгүй. Ялангуяа хамгийн их мэдэж байх ёстой үйлчилгээ, харилцаа холбооны байгууллагууд нь бүр ч мэдэхгүй. Үүнээс болж асуудал зөндөө үүссэн болохоор та орос хэлээр ярьдаг хүнтэй хамт явах юм уу, эсвэл орчуулга хийдэг програм ашиглаарай.

(Зах дээр худалдаа наймаа эрхэлдэг нэгэн орос эмэгтэйтэй танилцсан юм. Тэр намайг пухын дүрстэй цүнх үүрч явааг хараад Юзүрүгийн фэн гэж мэдэн, надтай өөрийн түүхээ хуваалцаж, бүр бэлэг хүртэл өгсөн гээч. Энэ бол тэр эмэгтэйн утсан дээр байсан зургуудын нэг.)

Сануулах зүйл:

Таксины жолоочдоос болгоомжил. Угаасаа энэ үгийг хүн болгон л сонссон байх. Танд хэлсэн үнэ нь тэр газар хүрэх нийт хөлс биш нэг хүнээс авах, эсвэл нэг км-ийн үнэ байж магадгүй шүү. Бас ачаанаас мөнгө нэхэх болно. Тиймээс сайн тохирч байгаад л сууж явдаг юм шүү. Ер нь л том хотод очсон бол метрогоор явах шиг амар зүйл үгүй. ОХУ-д очсон даруйдаа орос дугаар худалдаж ав. Найзуудаасаа төөрөхийг хүсэхгүй байгаа биз дээ? Бас маш хямд зардлаар байхыг хүсвэл хоолоо өөрөө хийж идсэн нь дээр. Орой 23.00 цагаас хойш архи дарс худалдахгүй гэдгийг тогтоож аваарай. Зарим нь бүр 22.00 цаг гэхэд ч зарахаа больж мэднэ. Бүх зүйлийг урьдчилаад онлайнаар захиалбал илүү хямд бас чирэгдэлгүй байх болно. 

Энэ аяллаас сурсан зүйл:

Яг энэ аяллаас хойш миний ийш тийш нисэх хүсэл асар их болсон юм. Би хэрхэн буудал, нислэг, үзвэр үйлчилгээгээ сонгох тал дээр асар их туршлагатай болж, интернетээс юу л бол юуг хайж олох чадварт суралцаж, газрын байршлыг бараг зөнгөөрөө мэддэг болсон юм. Бас хэтэрхий их ном аваад хэрэггүй ээ, ачаа чинь дүүрээд баларсан юм болно шүү гэдгийг өөртөө байнга хэлэх болсон. Өмсөнө гэж бодоод өчнөөн хувцас авсан ч үнэндээ хэдхэн хувцсыг л ээлжлэн өмсдөг гэдгээ ухаарсан. Найзуудтайгаа явах үедээ маргалдах зүйл их гарах ч тэр болгонд нөхөрлөл улам бат болдгийг мэдэрсэн. Хүнд, урт аялалд мэдээж урвайх, дургүйцэх зүйл их. Гэхдээ эцсийн эцэст энэ болгон гайхалтай дурсамж болон үлдсэн юм. Би паспорт, мөнгөө ариг гамтай хамгаалан явж, илүү зүйлд мөнгө үрэхгүй байхад маш сайн суралцсан билээ. 

Дараа дараагийн олон аяллын суурийг тавьж өгсөн хамгийн дурсамжтай аялал минь намайг мөрөөдлийнхөө төлөө зүтгэдэг байхад сургасан. Би дэлгэцээр л харж, санаа алдаж явсан тэр хүнийг дэргэдээс нь хараад зогсохгүй үг сольж үзсэн болохоор тэр үеэс хойш бүтэхгүй зүйл гэж үгүй юм байна хэмээн итгэсэн билээ. Гэр бүлийнхнийгээ маш их санаж, эргээд ирэхдээ их ч догдолсон. Үнэхээр аяллаас хүн асар ихийг сурч болдог бөгөөд та бүхэн ч бас мөрөөдлөө биелүүлэхийн төлөө ямар нэгэн алхам хийгээрэй.

(Юзүрү Ханю / Энэ хүний зургийг ямар ч зураг авах эрхгүй мөртлөө зохион байгуулагчдад зэмлүүлэн байж зөндөө авсан даа)

(Хятадын шүтэн бишрэгч охидтой танилцсан нь)

Миний дараагийн зогсоол: Тайланд! Өнгөрсөн дөрөвдүгээр сард би ээжийгээ дагуулаад Тайланд явсан юм. Та бүхэнтэйгээ тун удахгүй тэр аяллын тухай хуваалцах болно оо.

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
2024.03.12
Будапештын тэмдэглэл
2
2024.02.19
Lonely Planet: 2024 онд аялах шилдэг орноор Монгол улсыг нэгдүгээрт жагсаажээ
3
2024.01.18
Аялагчдын сонголт: 2024 онд аялах шилдэг 25 газрыг нэрлэжээ
санал болгох
1
7 цагийн өмнө
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу
2
Өчигдөр
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино
3
3 өдрийн өмнө
Салалтыг даван туулж буй хүн бүрийн сонсох ёстой 11 хатуу үнэн

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
0
2
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (1)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

amraa 2019.10.05 103.229.123.119

ymar goy bas une tsenetei niitlel ve burhan min yuzurug iim oiroos harah uneheer gaihaltai bsan bhdaa iim baga zardlaar iim ih ym uzej bolno gj yostoi bodoj bsangue <3 bi ch bas ger buleeree yvj uznee tanii niitleluudiig bas uguulleguudiig chin unshih uneheer durtai tsaashdiinh ni ajild zunduu ih amjilt husey love shuu <3 <3 <3

0 Хариулах