Хайх зүйлээ бичнэ үү

10 мин

Бид хаагуур аялсан бэ: Шанхайд өнгөрүүлсэн өдрүүд


Ublife сайтын хамт олон өөрсдийн аялсан газрын сонин сайхнаас хуваалцахын зэрэгцээ аяллаас олж авсан туршлага, дурсамж, эргэцүүллээ "Бид хаагуур аялсан бэ" булангаар дамжуулан уншигчидтайгаа хуваалцахаар болсон билээ. Миний бие өнгөрсөн наймдугаар сард БНХАУ-ын Шанхай хот руу хийсэн аяллынхаа онцлох зүйлсийг хуваалцаж байна. 


Замд гарсан зорилго: 

Ерөнхийдөө ажил, аяллыг хослуулах зорилгоор маш шахуу хуваарьтайгаар зургуулаа Шанхайг зорьсон. Долоо хоногийн турш юу үзэх, хаагуур зочлох, ямар унаа ашиглах, хооллох зоогийн газраа хэрхэн сонгох гэх мэтчилэн анх удаа аяллаа өдөр өдрөөр нь маш нарийн төлөвлөсөн юм. Хэрэв ингэж төлөвлөөгүй байсан бол юу болох байсныг төсөөлөхөд ч бэрх. 

Очсон газрууд: 

Долоо хоногийн хугацаанд Шанхайн Байгалийн түүхийн музей, Шанхайн Урлагийн музей, Шанхайн Ботаник цэцэрлэгт хүрээлэн, Шанхайн хот төлөвлөлтийн үзэсгэлэнгийн танхим, Күнзийн сүм, Үй Юань цэцэрлэгт хүрээлэн, Шанхайн музей, Жинь Ан сүм, Завин аялал, Далайн аквариумаар зочилсон. 

Аяллын зардал: 

Нийт зардлаа тооцох аргагүй байв. Юутай ч 7 хоногийн хугацаанд үзвэр үйлчилгээ, хоол, унаа зэрэг зардалд нэг хүний 530,000 төгрөг зарцуулсан. (Нислэгийн тийз, зочид буудал, даатгал зэргийг оруулаагүй дүн)

Ямар унаагаар явбан бэ? 

Ирж очихдоо Улаанбаатараас-Бээжин-Шанхай гэсэн чиглэлээр ниссэн. Харин Шанхай хотод метро, автобусаар зорчсон. Автомашиныхаа зам дээр "амьдардаг" Улаанбаатарын оршин суугчийн хувьд Шанхайн нийтийн тээврийн хэрэгслээр зорчиж үзээд нулимс унагах дөхсөнийг нуух юун.   Ялангуяа Шанхайн метро хямд, ашиглахад ойлгомжтой, хурдан, тухтай, цэвэрхэн гээд давуу тал их. 

Shanghai public transportation card-ийг 20 юаниар худалдаж аваад 100 юаниар цэнэглэсэн нь 7 хоног зорчиход хангалттай хүрэлцсэн юм. Мөн үлдэгдэл мөнгөө буцааж авах эсвэл автобус, такси, усан онгоц, троллейбус гээд аль ч тээврийн хэрэгслээр зорчиход ашиглаж болно. Шанхай хот үндсэн 16 метроны шугамтай бөгөөд зорчих зайнаас хамаарч 2-4 юань төлдөг. Автобус нь ч мөн ойролцоо үнэтэй. 

Аяллын үеэр хамгийн их сонссон дуу:

Яг үнэнийг хэлэхэд, миний VPN ерөөсөө ажиллаагүй учраас татаж авсан хэдэн подкаст, жазз хөгжмийн плейлистээ сонсож л долоо хоногийг өнгөрөөсөн дөө. Гэхдээ орой зочид буудалдаа ирээд жазз сонсонгоо ном унших таатай байсан шүү. Иймэрхүү аяз төвлөрөхөд минь огтоос саад болдоггүй юм. 

Хамгийн их таалагдсан хоол:

Нанжиний гудамжинд байрлах хятад ресторан

Би өмнөд хөршийг зорих болгондоо монгол хоолоо учиргүй санасаар ирдэг, ирэнгүүтээ шууд л банштай цай, бууз, хуушуур, цуйвангаа олж иддэг хүмүүсийн нэг.   Ер нь аль болох элдэв үнэр, амтгүй, амтлагч багатай, махтай хоол сонгож, хажуугаар нь жимсээр "бөмбөгдсөөр" байгаад л ирдэг. Гэхдээ хятад хоол бүгд таалагддаггүй гэсэн үг биш л дээ. 

Хоолны тухайд хэдэн зүйл хэлэхэд, хотын аль хэсэгт байгаагаас хамаараад хоолны үнэ, орчин харилцан адилгүй. Бид Baidu браузерийн тусламжтайгаар өөрт ойр байрлах ресторануудын байршил, хоолны үнийг мэдэж авч байв. Хэрэв та хятад хоол идэхэд ямар нэгэн асуудалгүй бол сонголт харьцангуй өргөн, үнэ ч боломжийн байх болно. Жишээ нь, бид Нанжиний худалдааны гудамжинд байрлах хоолны газарт орж дээрх хоолыг захиалахад ойролцоогоор 400 юань төлсөн бөгөөд хоол нь ч надад их таалагдсан. 

Зочид буудлын ойролцоох япон рестораны меню

Харин Shake Shack, McDonald's зэрэг түргэн хоолны газарт зургаан хүн ганц ганц бургер авахад л 500 гаруй юань зарлагадаж байв. Түүнчлэн хотын төвийн ресторанд нэг таваг хоол хамгийн багадаа 70 юанийн үнэтэй байдаг. Эсрэгээрээ бидний байрласан зочид буудлын ойролцоох япон рестораны сэт хоол ийм үнэ байх жишээний.

Огт таалагдаагүй хоол:

Хотын төвийн ресторан

Огт таалагдаагүй хоол байгаагүй ээ. Харин олон хоног дараалж хятад идэхэд монгол хоолоо үгүйлдэг юм билээ. Ер нь хоолны таарамж Хятадын аль хэсэгт явж буйгаас ихээхэн шалтгаална. Хэдэн жилийн өмнө Хятадын өмнөд хэсгийн Кунмин хот руу аялахад "идэж болохоор" хоол олох үнэхээр хэцүү байсан. Бүс нутгаасаа хамаараад хоолны орц, амтлагч харилцан адилгүй юм шиг санагдсан. 

Бүтэлгүйтэл:

ЗурагТайлбар

Шанхайн музейг үзэхээр дугаарлаж буй хүмүүс

Алдарт Шанхайн Шинжлэх ухаан, технологийн музейг үзэхээр дугаарлаж буй хүмүүс. Хамгийн их үзэхийг хүсэж байсан музейгаа үзэж чадалгүй буцсан даа. 

Шанхай хотыг зорьсон хүмүүсийн заавал зорьдог газруудын нэг нь Шинжлэх ухаан, технологийн музей. Харин бид аяллын сүүлийн өдөр үзэхээр төлөвлөсөн нь хамгийн тохиромжгүй сонголт байв. Учир нь гадаадын иргэн тус музейн тасалбарыг онлайнаар захиалах боломжгүй, түүнчлэн онлайнаар захиалж буй Хятадын иргэн нэг л тасалбар авах эрхтэй байдгийг музейд очсон хойноо мэдсэн юм. Дугаарлаж зогслоо ч 14:00 цагаас өмнө орж амжихааргүй их хүнтэй байсан тул үзэж чадалгүй буцсан.   Хэрэв та Шинжлэх ухаан, технологийн музейг үзэхийг хүсвэл дээрх эрсдэлүүдийг тооцоолж, эрт очихыг зөвлөж байна. 

"Анх удаа" хийж үзсэн зүйл:

Шанхайн Байгалийн түүхийн музей

Музей үзэнгээ таван цаг алхана гэдэг тийм ч таатай зүйл биш. Харин би анх удаа таван цаг музей үзэж алхсан л юм даа. Гэхдээ ганцхан музейг нь тэр шүү дээ. Шанхай хотод нийт 38 музей байдаг бөгөөд бид аялах хугацаандаа гол гол таван музейг нь үзэж, нэг рүү орж чадалгүй үүднээс нь буцсан билээ. 

Музей бүр нь дахин давтагдашгүй чамин архитектур шийдэлтэй бөгөөд тус бүрийг нь 3-5 цаг үзэж сонирхохоор баялаг үзмэртэй байсан. Мөн музейн дотор чөлөөтэй зураг дарахыг зөвшөөрдөг нь таатай санагдсан. 

Үзвэр, үйлчилгээ:

Миний бие Шанхай хотоор аялах хугацаандаа танилцсан музей, сүм хийд, цэцэрлэгт хүрээлэнтэй холбоотой дэлгэрэнгүй нийтлэл өмнө нь хүргэсэн. Уншихыг хүсвэл ЭНД дараарай. (Олон сонирхолтой газрууд байгаа шүү)

Хамгийн их ашигласан апп:

Метроны апп, Baidu, Wechat, VPN аппликейшнүүдийг хамгийн ашигласан даа. 

Хэрэв та хятад хэл мэдэхгүй бол очихоосоо өмнө англи хэлтэй метроны апп татаж авах хэрэгтэй. Харин хятадаар хайлт хийх хэмжээний хэлний мэдлэгтэй бол Baidu эсвэл метроны аппликейшнд одоо байгаа байршил болон очих газраа бичихэд л хэд дугаарын автобус, метронд суух, хэдэн буудал явах, буугаад хаашаа, хэдэн метр алхаж хүрэхийг нэг бүрчлэн гаргаад ирнэ. 

Миний туршлагаар бол iPhone утастай хүмүүс л VPN (үнэгүйг нь) ашиглах боломжтой байсан. Мэдээж байнга VPN орох боломжгүй бөгөөд VPN асаасан тохиолдолд интернетийн хурд эрс буурна. Харин Huawei, Xiaomi зэрэг хятад утаснуудад VPN ерөөсөө ажиллахгүй байв. Мөн интернетээс уншиж байхад MapsMe Хятадад ажиллана гэж байсан ч мөн л iPhone утас хэрэглэгчидтэй л тус аппликейшнийг ашиглах боломжтой байсан. Тиймээс газрын зургийн апп ашиглана гэж бодож байвал iPhone утастай байх эсвэл хятад апп ашиглана гэсэн бэлтгэлтэй байгаарай. 

Түүнчлэн урд хөршид гар утас, интернет, Wechat байхад бүх зүйл боломжтой, өдөр тутмын амьдрал нь бүхэлдээ дижитал технологид суурилдаг. Бүх төлбөр тооцоо, харилцаа холбоо, хэрэгцээт мэдээллийг Wechat-аар авдаг. Харин гадаадын иргэн Wechat-аар дамжуулж төлбөр тооцоо хийхийн тулд Хятадын аль нэг банканд данстай байх шаардлагатай. Дийлэнх үйлчилгээний газруудад гар утсаараа QR код уншуулаад л төлбөрөө төлчихнө. Зарим нь бүр бэлэн мөнгөөр тооцоо хийдэггүй юм билээ. 

Сануулах зүйл:

1. Хаа сайгүй урт дараалалтай

Шанхай бол Хятад төдийгүй дэлхийн хамгийн их хүн амын нягтшилтай, том хотуудын нэг. Тиймээс хаана ч очсон хүн ихтэй, дугаарлаж зогсох хэрэг гарна. Жишээ нь, биднийг онгоцноос буугаад такси барихаар гадагш гарахад хүмүүс аль хэдийн урт дараалал үүсгэсэн байв. Тэр бүү хэл онгоцны буудлын тусгай ажилтан уг дарааллыг зохицуулж байсан нь надад хачирхалтай санагдсан. 

Харин маргаашаас нь эхлээд үзвэр үйлчилгээний газар, ресторан, музей, тэр бүү хэл ариун цэврийн өрөөнд хүртэл дугаарлаж зогсохдоо энэ бол Хятадын соёлын "нэг хэсэг" бөгөөд үүнээс зайлсхийх аргагүй гэдгийг хүлээн зөвшөөрсөн дөө. Шанхайг зорьж буй хүмүүст аминчлан захихад музей, сүм хийд, үзвэр үйлчилгээ гэх мэт зочлох газруудынхаа тасалбарыг онлайнаар урьдчилан захиалбал цаг болоод мөнгөнд тун хэмнэлттэй шүү. Шанхайн музейд орох захиалгыг (ороход үнэгүй ч гэлээ) урьдчилж хийгээгүйгээс болж нэг цаг 30 минут дугаарлаж зогссон гашуун түүх надад бий.   

2. Дуу чимээний бохирдол 

Яг үнэнийг хэлэхэд, би зочид буудлын өрөөнөөс өөр нам гүм газрыг Шанхайгаас олоогүй.    Хаана ч очсон ч хүн ихтэй, түүнийг дагаж дуу чимээ тасардаггүй нь өөрийн эрхгүй ядраана. Мөн музей үзэхэд хүртэл зогсоогоороо дугаарлаж явсаар үзэж дуусгах нь элбэг. Аль ч музей нь 3-5 давхар, хэдэн мянгаар тоологдох үзмэртэй тул 3-4 цаг тасралтгүй алхах, зогсоогоороо явах шаардлагатай гэдгийг санаарай. 

3.  Хяналт, шалгалт 

Ерөөс хэдэн саяар тоологдох хүн амтай тул аюулгүй байдлаа хангах үүднээс метро, музей, сүм хийд гэх мэт олон хүн холхисон газар руу нэвтрэхийн тулд цүнх, үүргэвч зэргийг зайлшгүй скайнераар шалгуулдаг. Эхэндээ хяналт, шалгалт нь бага зэрэг төвөгтэй санагдаж байсан ч ганц хоёр хоноод дассан. Монгол шиг хаа дуртай газар руугаа шууд яваад орно гэсэн ойлголт энд бараг байхгүй.   

4. Холбоотой байгаарай 

Олуулаа явж байгаа тохиолдолд төөрөх магадлал маш өндөр, эргээд биенээ олоход тун хэцүү гэдгийг санаарай. Бээжинд явж байхад ч надад ийм хэцүү санагдаж байгаагүй. Тиймээс түр ашиглах хятад дугаар авах эсвэл роуминг үйлчилгээ ашиглахыг зөвлөж байна. Гэхдээ надад дотоодын үүрэн телефоны дугаараар гадаадад холбоо барих, дата авах нь өртөг өндөртэй санагдсан. Тиймээс очсон хотоосоо түр ашиглах дугаар авсан нь хавьгүй оновчтой шийдэл юм. Интернетийн хувьд 1-4 цагийн дотор ашиглах эрхтэй 1-2GB дата нь ойролцоогоор 5-7 юанийн үнэтэй байсан санагдаж байна. Харин цагийн хязгаарлалтгүй 1GB датаг 27 юаниар худалдаж авсан.

Ихэнх үйлчилгээний газрууд үнэгүй WIFI-тай боловч хятад утасны дугаараа оруулж, интернетэд нэвтрэх боломжтой байдаг. Тиймээс нийтийн үнэгүй WIFI-гаар хоорондоо холбоо тогтооно гэж найдалтгүй. 

5. Онлайнаар урьдчилж захиал 

Дахин захья. Цаг болоод мөнгөө хэмнэе гэж бодож байвал үзэх газруудаа эртнээс төлөвлөж, онлайнаар захиалга өгөх нь хамгийн ухаалаг алхам. Жишээлбэл, киноны тасалбарыг кассан дээрээс худалдаж авах нь онлайнаар захиалснаас бараг хоёр дахин үнэтэй байдаг юм билээ. Бас музей үзэхээр төлөвлөж байгаа бол ихэнх музей нь даваа гарагт амардаг гэдгийг бодолцоорой.   

Энэ аяллаас сурсан зүйл:

Юун түрүүнд, "Нэг л өдөр үүргэвчээ үүрээд замд гарна даа" гэж боддог байсан дэврүүн бодол минь дарагдсан гэж хэлж болно. Очих гэж буй газрынхаа тухай урьдаар аль болох сайн судалж, төлөвлөгөөтэй аялах нь болзошгүй эрсдэл, бүтэлгүйтлээс хамгаалж, аяллыг илүү тав тухтай болгодгийг ойлгосон. 

Нөгөөтэйгүүр, Шанхайн тэр олон музейг үзэж явахдаа би Монголд бараг музей үздэггүй, үзье ч гэж боддоггүй байснаа ойлгож, гэмшиж байв. Бас хятад хүмүүс хүүхдийнхээ танин мэдэхүйн боловсролд маш их анхаарал хандуулдаг нь ажиглагдсан. Музейн хаалгаар орох бүрт, хүүхдээ дагуулсан ээж аав, ач зээгээ халамжилсан өвөө эмээ нар дүүрэн байх бөгөөд тэд өөрсдийн мэдэх хэмжээнд үзмэр бүрийг хичээнгүйлэн тайлбарлаж харагдана. Бид ядаж л энэ соёлыг нь төлөвшүүлэх хэрэгтэй гэж бодогдсон. 

Эцэст нь, чемодан дүүрэн хувцастай гараагүйдээ олзуурхсан. Наймдугаар сард очиход Шанхайн чийглэг, бүгчим цаг агаар үргэлжилсээр байсан тул цөөн хэдэн нимгэн хувцас авч явсан нь оновчтой сонголт байлаа. 

Хамгийн их уншилттай
1
2024.03.17
“Монгол түйрэн” маргааш ирнэ гэж БНСУ-д анхааруулав
2
2024.03.09
Миягино дэвжээг хаах шийдвэр гарчээ
3
2024.03.11
“Оскар”-ын түүхэн дэх 13 эвгүй явдал
холбоотой мэдээ
1
2024.01.25
Алисагийн тэмдэглэл: Хэн нэгний танд зориулан илгээж байсан хамгийн гоё дуу юу вэ?
2
2024.01.10
Технологийн салбарт ажиллахад хамгийн таатай газраар Юнител групп шалгарлаа
3
2023.12.15
Миллениалуудын ажлын орчин | Ээлтэй, хүртээмжтэй МУИС
санал болгох
1
1 цагийн өмнө
Зүгээр л тухла | М Харилцагчийн төвийн онцлох 4 зүйл
2
22 цагийн өмнө
Таны ордыг илэрхийлэх кинонууд: Melancholia, Suspiria, Bande à Part
3
23 цагийн өмнө
Өнөө цагийн сэтгэл татам жүжигчдийн нэг Сидней Свинигийн тухай 19 баримт

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
2
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.