Хайх зүйлээ бичнэ үү

6 мин

Бид юунд дурлаж байна вэ? №5


Ub.life-ийн редакцийн хамт олон энэ онд 7 хоног бүр бид юу үзэж, уншиж, сонсож, ямар шинэ кино, уран бүтээлч, “од” мэндэлсэн, амралт, чөлөөт цагаа хэрхэн өнгөрүүлсэн зэргээ өрөөндөө яриад зогсохгүй уншигч Тантай хуваалцахаар "Бид юунд дурлаж байна вэ?" буланг эхлүүлсэн билээ.

Уг булангаа энэ 7 хоногоос таслахгүй, тогтвортой нийтлэхээ амлаж дараах тэмдэглэлийг бэлтгэснээ хүргэж байна.

"Балдорж" ёслолын ажиллагаа

Б.Энхцэцэг, тоймч

Юунд дурлаж байна вэ гэвэл, би сэтгүүлчдэдээ гэж хэлэхийг хүсэж байна. Миний бие сэтгүүлзүйн салбарт хорь гаруй жил ажилласан учраас сэтгүүлчдээ хэнээс ч илүү мэдэлгүй яах вэ. Сэтгүүлчид бол амархан хүмүүс биш л дээ. Энгийн нүдээр харвал, төрийн төлөө оготно зантай бүр нэг хэнхэг, шазруун, адармаатай араншинтай улс байдаг юм аа. Цаг хугацаатай өрсөнө, илүү бодитой, илүү оновчтой мэдээлэх гэж бие биетэйгээ өрсөлдөнө. Нийгэмд болж байгаа үйл явдлын буруу, булхайг илчилдгээсээ ч илүү өөртөө хатуу, өөрсдөдөө хайр найргүй байж чаддаг. Харин энэ жил “Балдорж” сангийн шалгаруулалтаас ур чадварын шагналын эзнээр тодорсныхоо дараа би ямар хүмүүстэй хамт ажиллаж байгаагаа хачин тод ойлгов.
Ёслолын хөтлөгч овог, нэрийг маань дуудахаас өмнө урд талын эгнээнийхэн, хажуу хавирганы сэтгүүлч нөхдүүд “Чамайг сойсон шүү”, “Чи яг авна” гэлцээд унав. Тэд чинь миний “зэвүүн” өрсөлдөгч нар шүү дээ. “Тэгээд авахгүй бол би уйлах уу, дуулах уу. Энэ маань яана гэж бодох ч үгүй хүн хөөргөөд та нар яасан муухай юм” гэж би тэдэнд хэлж суулаа. Харин тайз руу алхаж байх хэдхэн хоромд үүссэн хүмүүсийн нүргээн надад сэтгүүлчид сэтгүүлчийнхээ хөдөлмөрийг ямар их хүндэлдэг, яасан их хайртай юм гэдгийг хэлж өгсөн. Би үүнд л дурлаж байна даа, энэ өдрүүдэд.

Нэвтрүүлэг

З.Энхмөнх, Арт директор

Netflix-ийн цуврал нэвтрүүлэг “Abstract”-ийн хоёрдугаар улирлын зургаан нэвтрүүлгийн эхний хоёр ангийг нь үзээд байна. Анхны цувралыг хоёр жил гаруйн өмнө үзээд бүтээлч салбарынхан хэрхэн ажилладаг, харилцагч нартайгаа яаж хамтардаг, дизайн хэмээх зүйлийг бид факт талаас ойлгохоос гадна эхний харалтаар шууд мэдрэх гэх мэт олон гайхмаар зүйлсийг олж мэдсэн. Хоёр дахь цуврал бүр ч алмайруулах нягууртай байна. Бүтээлч хүмүүс улам бүр шинжлэх ухаанч болж буй нь биширмээр.

Ном

Б.Саруул, сэтгүүлч

Ойрд намтар номуудыг шимтэн уншиж байна. Миний хувьд, бодит хүмүүсийн туулж өнгөрүүлсэн амьдрал, бүтээж босгосон зүйлс, алдаа, оноо нь ямар ч уран зөгнөлт зохиолоос илүү сонирхолтой, эргэцүүлж тунгаах зүйл ихтэй мэт санагддаг.

Хоёр жилийн өмнө "Living with SEAL" номыг анх уншиж АНУ-ын зэвсэгт хүчний агаарын, газрын тэнгисийн албанд үүрэг гүйцэтгэхээр бэлтгэгдсэн тусгай хүчний цэрэг Дэвид Гоггинсын талаар анх уншиж билээ. Санаанд багтамгүй, бүр солиотой гэж хэлж болохоор хүнд дасгал, сургуулилт хийдэг, асар их сэтгэлийн хаттай түүний тухай гүнзгий мэдэхээр өөрийнх нь бичсэн "Can't Hurt Me" номыг олж уншсан юм. Хүний төсөөллөөс давсан хүнд даалгаврыг гүйцэтгэж, сорилт, бэрхшээлийн шатаар өгсөж яваа түүний түүхийг уншаад аливаа зүйлийн хязгаар нь зөвхөн бидний төсөөллөөр л хязгаарлагддаг болох, хүн 100 хувь хичээж байна гэж бодохдоо нөөц боломжийнхоо ердөө 40 хувийг ашиглаж байдгийг ойлгосон билээ. Үүний дараа уншсан "Элон Маск: Tesla, SpaceX ба гайхамшигт ирээдүйг бүтээх нь" ном дээрх ойлголтыг улам бүр бататгасан гэхэд болно. Мөн хүн богино хугацаанд хэчнээн их зүйлийг бүтээж болдгийг, хэдэн зуун жилийн дараах ирээдүй гэж төсөөлж байсан бүхэн арав гаруй жилийн дотор бодит байдалд хувирсныг ойлгов. Харин эдгээр бүтээлийн араас амьдралын утга учир, үхлийн тухай эргэцүүлэхэд хүргэсэн "Becoming" номыг уншиж байна. Амьдралаас, гэр бүлээсээ, ажлаасаа, өөрөөсөө утга учрыг эрэлхийлсэн Мишель Обамагийн намтар энэ жил уншсан гайхалтай бүтээлүүдийг нэг байлаа.

Тоглолт

О.Анхзаяа, сэтгүүлч

Өнгөрсөн ням гарагт буюу есдүгээр сарын 29-нд би "Аялал" гэх орчин үеийн бүжгийн тоглолтод очлоо. Миний үзэж байсан бүжгийн тоглолтуудаас нэг зүйлээрээ ихэд онцгой байсан нь гоцлон бүжиглэгч 4 залуус нь тэргэнцэртэй. Монголын Урлагийн Зөвлөлөөс зохион байгуулдаг “Соёл урлагийн залуу манлайлагч” хөтөлбөрийн хүрээнд нийт төгсөгчдийн дунд зарласан төслийн уралдааны үр дүнд гарч ирсэн шинэхэн бүтээлийг яг энэ хөтөлбөрт хамт суралцан төгссөн ангийн найзууд маань хамтран хийсэн учир их л бахархан үзэж суусансан. Надад хөгжим нь маш их таалагдсан. "Teardrop" гэх алдартай дуунаас авахуулаад "shazam"-даад хаймаар содон дуунууд ч байж байлаа. Тэргэнцэртэй хэрнээ нисэх мэт л бүжиглэж, өөрсдийгөө илэрхийлж байсан нь олон хүний сэтгэлийг хөдөлгөж, бид бүр босоод алга ташсан. Ийм тоглолтууд их болоосой, хүмүүс их үзээсэй гэж хүсэж байна. Урлагаар дамжиж бид хүмүүжин, нэгэнтэйгээ ойлголцож, хил хязгаараа тэлж, даван гарч чаддаг. Түүний нэг илрэл нь энэ тоглолт байсан болов уу. Заримдаа тэргэнцэртэй бүжигчнээ унагаачих вийдээ, бэртээх вий гэж айж сандрахгүй байснаа нуух аргагүй. Ямар их бэлтгэл, хичээл зүтгэлээр бий болсон нь тэр бүх эрсдэлтэй хөдөлгөөнүүдээс нь бэлхэн харагдсан.

График дизайн

Б.Билгүүн, Дизайнер

Хэвлэлийн график дизайнер хүний онцлог нь гудамжинд явж байхдаа аль хэдийнэ хэрэглэгчдэд хүрээд эхэлсэн рекламны самбар болон өөр олон мэргэжлийн ажлыг хараад ингэвэл арай дээр байж уу, ийм алдаа гаргачихаж дээ гэхчлэн өлөн нүдэлж явдаг болчихдог юм шиг санагддаг. Ялангуяа Монголд зохимжгүй өнгө хүчээр сүлсэн, тэнцвэргүй зохиомжтой, ядмаг санаагаар бүтсэн хаяг реклам, хэвлэмэл ажлууд их ажиглагддаг. Харин тэр дундаас өдөр бүр шинээр төрж буй сайхан ажлуудыг харах надад маш тааламжтай, дурламаар байдаг. Жишээ нь, өнөөдөр би “Монсудар” хэвлэлийн газрын “Жангар” редакциас гаргасан “Энэ бол Улаанбаатар” зурагт номыг худалдаж аваад иллюстрэшны шинэ өнгөөр төрхөөр тэр талын мэдрэмжээ хөглөх шиг л боллоо. Түүнээс өмнө Улаанбаатар пасспортын зураглал, хийц хүүхэд насандаа үзэж өссөн “Царцаа Намжил” үлгэрийн зураглалыг орчин үе рүү хөрвүүлж авчирсан нь үнэхээр creative, тасархай байсан. Бас “LGBT” төвөөс сүүлд гаргасан тараах материалын комик чимэглэл өвөрмөц зураглалтай, өнгөнөөс эхлээд харц булаам байсан санагдана. Ер нь олон газрууд дизайны өнгө төрх, санаан дээрээ чухалчилж ажилладаг болсонд хувьдаа маш их баяртай байгаа. Тиймдээ ч хийсэн ажил, бүтээл бүр нь дурлам байдаг болсон байх.


Хамгийн их уншилттай
1
2024.03.17
“Монгол түйрэн” маргааш ирнэ гэж БНСУ-д анхааруулав
2
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
3
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
холбоотой мэдээ
1
2022.06.15
Mobicom Edition: Бид юунд дурлаж байна вэ? (№35)
2
2021.12.07
Бид юунд дурлаж байна вэ? №34
3
2021.11.16
Хакүхо аварга хамгаалалтын албанд ажилласантай холбоотой 10 пост
санал болгох
1
2024.04.11
Сэтгэл зүйчид хандах цаг нь болжээ гэдгийг батлах 7 шинж тэмдэг
2
2024.04.10
Хүмүүсийн дахиж хэзээ ч үзэхгүй гэж ам тангараг өргөсөн 15 аймшгийн кино
3
2024.04.10
Таныг хувь тавилан гэж байдагт итгүүлэх 16 зурагт хайрын түүх

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
0
3
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.