Хайх зүйлээ бичнэ үү

5 мин

Бид юунд дурлаж байна вэ? №6


Ub.life-ийн редакцийн хамт олон энэ онд 7 хоног бүр бид юу үзэж, уншиж, сонсож, ямар шинэ кино, уран бүтээлч, “од” мэндэлсэн, амралт, чөлөөт цагаа хэрхэн өнгөрүүлсэн, ямар шинэ содон зүйлс хийж туршсан, хаагуур аялахаар төлөвлөж байгаа зэргээ уншигч Тантай хуваалцахаар "Бид юунд дурлаж байна вэ?" буланг эхлүүлсэн билээ.

Энэ удаагийн дугаарт бид нээлтээ хийгээд удаагүй байгаа "Joker" кино, Монголын түүхэнд гарсан их нүүдэл, Хөнгөн атлетикийн ДАШТ, нийгмийн асуудлыг гэрэл зургийн бүтээлч ажлаар дамжуулан гаргаж эхэлж буй шинэ сэтгүүл болон бусад зүйлсэд дурлаж байгаагаа хуваалцаж байна. 

Түүх: У.Бямбаням, Ерөнхий редактор

Тайвань руу соёлын солилцооны хөтөлбөрөөр явж судалгаа хийх болсонтой холбогдуулан монголчуудын түүхэн нүүдлийн талаар судалж байгаа. Очоод судлах сэдэв нь 1945-1949 онд Тайвань руу нүүсэн өвөрмонголчуудын тухай. Тиймээс Монголын түүхэнд гарсан их нүүдлийн талаар, Тайваньд нүүж очсон монголчуудын тухай, тэрхүү нүүдэл орчин цагийн монгол хүнд өөрийгөө тодорхойлоход ямар хамааралтай байдаг талаар сонирхож байна. Бас Тайванийн музейнүүдэд хадгалагдаж байгаа Монголын Эзэнт Гүрэнтэй холбоотой дурсгалыг сонирхож байгаа. Сүүлд хөгжмийн зохиолч Л.Мөрдорж гуайн талаар нийтлэл бичихээр олон хүнтэй уулзсан. Маш сонирхолтой, тэмцэлтэй, хэцүү бэрх амьдрал дундаас тодорсон хүн юм билээ. Бид үндэстнийхээ сайн сайхан, суу алдартай хүмүүсийг мартаж буйг өөр дээрээ мэдэрсэн. Нийтлэл удахгүй гарна.

Кино: О.Анхзаяа, Сэтгүүлч

Өнгөрөгч баасан гарагт буюу 10 дугаар сарын 4-нд нээлтээ хийсэн "Joker" кинонд үнэн сэтгэлээсээ дурлаад байна. Анх хоног тоолон хүлээж байсан киногоо үзээд сууж байгаадаа итгэж өгөхгүй шоконд орсон байсан. Киноны турш сэтгэлд нэг зүйл тээглэж, намайг бага багаар үгүй хийж байсан ч хүн болгоны уйлж байсан яг тэр мөчид би өөрийгөө инээмсэглэчихсэн байгааг анзаарсан. Энэ кино намайг нурааж хаяад, эргүүлээд эвлүүлж байх шиг санагдсан. Энэ нийгмийг асар их зүхэхийн хажуугаар дотроос минь ийм бухимдал төрж байгаад баясах ч шиг. Хэрэв бид юу ч мэдэрдэггүй, яг л нөгөө Готам хотын хүйтэн хөндий хүмүүсийн нэг болчихсон байсан бол яана? "Бид бүгд алиалагч" гэх энэ үг дотор их гүн үлдсэн юм. Ер нь тэр киноноос Хоакин Фениксийн гайхалтай харц, хөдөлгөөн, зүгээр л нэг үсний үзүүр хүртэл сэтгэлд гүн үлдсэн. Би энэ тухай их урт зүйл бичиж байгаа ч фэйсбүүк дээрээ оройхон оруулах бодолтой сууж байна. Хүн болгоныг үзээсэй гэж хүсэж байна. Бас нэмж хэлэхэд, Жокерын бүжиг одоо миний хамгийн дуртай зүйлсийн нэг болсон. Зүгээр л байж болох хамгийн "bad-ass" зүйл байсан гэхэд буруудах зүйлгүй. Ажил дээрээ мини-постер авчраад наачихсан байгаа. Энэ Хэллоуны баяраар хэдий хүн болгон Жокер болно гэж бодож байгаа ч гэсэн би заавал, заавал тэр хүний бүтээсэн дүрд хувирмаар байна. Би нээлтээ хийгээд гурав ч хоноогүй байхад нь хоёр удаа үзчихсэн.

Спорт: Ж.Тэгшжаргал, Эрхлэгч

Хөнгөн атлетикийн ДАШТ Катарын Дохад болж өнгөрлөө. Эрэгтэйчүүдийн 4х100 метрийн уралдаанд япончууд хүрэл медаль хүртэхийг харах сайхан байсан. Багаараа бандуулж, улсынхаа нэр, далбааг дуудуулах эрхгүй ANA (Authorised neutral athletes) нэрийн дор цөөн хэдэн тамирчин оруулсан ОХУ хоёр алт, гурван мөнгө, нэг хүрэл медаль хүртсэн нь бахдам байв.


Мөн уран гулгалтын "Japan Open" тэмцээний үеэр шинэ гарч ирж буй Александра Трусова хэмээх охин зөвхөн эрчүүдийн хийдэг гэх дөрөв эргэлттэй үсрэлтийг дөрвөн удаа хийж, олимпийн наадмын алт авсан Алина Загитовагийн дээд оноог эвдсэн дуулианыг үзсэн. Нэйтан Чен, Шома Уно гэх одоо ид мандаж буй олимпийн медальт эрэгтэй тамирчид хүртэл түүнийг шагшин, магтаж байна билээ. А.Трусова Бээжингийн олимпод гялалзах нь тодорхой.

Сэтгүүл: З.Энхмөнх, Арт директор

Өнгөрсөн бямба гарагт www.gray-minds.mn сэтгүүлийн нээлтэд очиж вэбсайттай танилцлаа. Сэтгүүлийн үндсэн зорилго нь фэйшн, урлагаар дамжуулан нийгмийн асуудлуудыг хөндөх юмсанж. Сэтгүүлийн баг гэр хороолол, утаа, ЛГБТИК гэх мэт асуудлуудыг нийт 6 эдиториал (гэрэл зургийн бүтээлч ажил) ажлаар дамжуулан сүүлийн 4 сар гаруйн хугацаанд 4 зурагчинтай чадварлагаар ажилласан нь нэгэн шинэ хуудсыг эхлүүлж байна гэж харлаа. Gray Minds сэтгүүлийг шинэ залуу стилист Ж.Буянхишиг удирдаж ажиллаж байна.

FIBA3x3: Э.Намуун, Редактор

Бөх, бокс, буудлага зэрэг ганцаарчилсан спортын төрлөөр монголчууд дэлхийд нэрээ данслах боломжтой гэсэн хэвшмэл ойлголтыг FIBA 3x3 төрлөөр хүч үзэж буй манай улсын тамирчид "цөм" цохиод гарч ирлээ. Өнгөрсөн амралтын өдрүүдэд БНХАУ-ын Ланзао хотод болсон FIBA 3x3-ын U23 ангиллын ДАШТ, БНСУ-ын Жэжү хотод болсон Гранпри тэмцээнд оролцсон Монголын баг, тамирчид биднийг огшоож, сагсан бөмбөг сонирхогчдыг гайхшруулсан. Амралтын өдрүүдэд баг тамирчдынхаа сэтгэл огшоож, зүрх "дэлбэлэм" тоглолтуудыг үзэж тэднээр бахархаж, тэдэнд дурлаж өнгөрлөө. 

FIBA 3x3-ын U23 ангиллын ДАШТ-д оролцсон манай эрэгтэй багийнхан Литвийн багийн оноог сүүлчийн секундэд гүйцэж, нэмэлт цагт хоёр онооны шидэлт амжилттай хийж буулган авсан юм. 

Түүнчлэн Монголын эмэгтэй багийнхан Германы багийг нэмэлт цагт 2 онооны шидэлтийг амжилттай гоолдож, ялалт авсан нь гайхалтай байв. FIBA 3x3-ын U23 ангиллын ДАШТ-д манай улсын эрэгтэй баг 10, эмэгтэй баг 6-гаар шалгарч, түүхэн амжилт үзүүллээ. 

Мөн Жэжүгийн Гранприд оролцсон "Улаанбаатар ММС Энержи" баг тэргүүлж, ази тивийн баг анхны удаа гранпри тэмцээнд түрүүлсэн түүхийн шинэ хуудас нээсэн юм.

холбоотой мэдээ
1
2019.10.15
Бид юунд дурлаж байна вэ? №7
2
2019.09.30
Бид юунд дурлаж байна вэ? №5
3
2019.04.15
Бид энэ 7 хоногт юунд дурлаж байна вэ? №4
санал болгох
1
3 өдрийн өмнө
Миллениалуудын 63 хувь нь аялахын тулд ажил хийдэг
2
3 өдрийн өмнө
Судалгаа: Хүүхэд төрсөн эхний жилд хосууд 2500-аас дээш удаа маргалддаг
3
3 өдрийн өмнө
Кино үзээд 1000 долларын цалин авах боломжтой ажлын байр зарлагджээ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
0
0
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.